Ц.МЯГМАРБАЯР

 

Монголын кино уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд үнэлэгдэж, худалдан авсан нь Монголын кино урлагийнхны хувьд олон улсын түвшинд гарсан онцлох үйл явдал болж байна. Монголын нэрт кино найруулагч асан О.Машбат, Ардын жүжигчин Н.Батцэцэг нарын хөвгүүд болох М.Бишрэл, М.Ивээл нар эцэг, эхийнхээ мэргэжлийн замналыг үргэлжлүүлэн кино урлагийн салбарт ажиллаж байна. Тэд хоёулаа АНУ-д кино урлагийн чиглэлээр мэргэшиж, уран бүтээлээ туурвиж буй юм.

Тэдний том хүү М.Бишрэл  зохиолч,  найруулагчаар ажиллаж, олон улсын кино урлагийн салбарт өөрийн байр суурийг бий болгожээ. Түүний хувьд энэ жил нэгэн томоохон амжилтын эзэн болсон нь бичсэн кино зохиол нь Холливуд худалдан авсан явдал юм. Гэрээний нөхцөлийн дагуу тухайн зохиолын нэр болон бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байгаа аж.

М.Бишрэл кино зохиолчийн хувьд өмнө нь ч олон улсын түвшинд өөрийгөө сорьж байжээ. Тэрээр дээд сургуулиа төгсөөд Мексикт зохион байгуулагдсан, дэлхийн 150 орны кино зохиолч оролцсон тэмцээнд бүтээлээрээ өрсөлдөж, шилдэг тавд шалгарсан байна.

Түүний уран бүтээлийн замнал зөвхөн зохиолоор хязгаарлагдахгүй. АНУ-д богино хэмжээний хэд хэдэн кино найруулж, бүтээлүүд нь кино наадмуудаас шагнал хүртжээ. Мөн уран сайхны кино, сурталчилгаа, баримтат кино, хөгжмийн клип, брэндийн контент зэрэг олон төрлийн бүтээл дээр найруулагчаар ажилласан байна.

 

М.Бишрэлийн Лос Анжелес дахь уран бүтээлийн замнал

 

М.Бишрэл 16 настайдаа боловсрол эзэмшихээр Монголоос АНУ-ыг зорьж, 2013 онд Чикагогийн их сургуулийг   төгссөн байна. Улмаар кино урлагийн төвүүдийн нэг болох Лос Анжелес хотод суурьшиж, мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Тэрээр 2011-2021 онд чөлөөт монтажийн найруулагчаар ажиллаж, «Architects of Denial» (2016), «Georgia» (2017), «Tides of Time» (2013), «Disillusion» (2012) зэрэг бүтээлд монтажийн ажил хийсэн байна.

Мөн «Intruder» (2012), «Tides of Time» (2013), «Georgia» (2017) зэрэг богино хэмжээний кино, хөгжмийн клип найруулжээ. «Burning Eve», «Dezafinado7» хамтлагийн хөгжмийн клипүүдэд ч найруулагчаар ажилласан байна.

2021-2024 онд Vinnovation компанид постпродакшны чиглэлээр ажиллаж, 2024 онд Playet платформд зориулсан гар утасны богино хэмжээний цувралын 138 ангийг монтажилжээ. Харин 2025 оны хоёрдугаар сараас “Think Global Media | Global Filmz”-д график монтажийн чиглэлээр ажиллаж байгаа аж. Зохиолч, найруулагчийн хувьд М.Бишрэлийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь «In the Land of Lost Angels» /2019/ юм. Тус киноны хэвлэлийн материалд түүнийг найруулагч, монтажийн найруулагчаар ажилласан тухай дурдсан байдаг.

Үүний дараа «Beloved» (2022) уран сайхны киноны зохиолыг бичсэн бөгөөд IMDb-д «Fish» (2024) нэртэй уран сайхны бүтээл нь мөн бүртгэгджээ.

М.Бишрэл, дүү жүжигчин М.Ивээл

Түүний дүү М.Ивээл мөн ахынхаа адил кино урлагийн мэргэжлээр ажиллаж байна. Тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээсний зэрэгцээ найруулга, монтажийн ажилд оролцож, уран бүтээлийн гараагаа АНУ-д үргэлжлүүлж байгаа юм.

Ийнхүү Монголын кино урлагийн нэрт гэр бүлийн дараагийн үе болох ах дүү М.Бишрэл, М.Ивээл нар олон улсын кино үйлдвэрлэлийн орчинд ажиллаж, өөрсдийн уран бүтээлээрээ Монголыг төлөөлж байна.

Харин М.Бишрэлийн хувьд монгол уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд худалдан авагдсан нь түүний олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн чанар олон улсын түвшинд үнэлэгдсэний нэг илрэл төдийгүй Монголын залуу кино уран бүтээлчдэд шинэ боломж байгааг харуулсан үйл явдал болж байна. Тэрээр орос, англи, испани, польш хэлтэй ажээ.

М.Бишрэлийн найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох  «In the Land of Lost Angels» -ийн талаар Кино ертөнц буланд энэ удаа онцолж байна.

 «In the Land of Lost Angels»: Монгол найруулагчийн Лос Анжелес дахь анхны алхам юм.

-2019 онд гарсан “In the Land of Lost Angels»  уран сайхны кино нь Лос Анжелесийн Ази, Номхон далайн кино наадам (LAAPFF)-ын хүрээнд үзэгчдийн хүртээл болж, Монгол гаралтай уран бүтээлчдийн АНУ дахь кино бүтээлийн нэгэн жишээ болсон байна.

Энэ киноны талаар судлаачид бичихдээ  хязгаарлагдмал төсөвтэй нөхцөлд найруулагчийн ашигласан дүрслэлийн шийдлийг хар цагаан зураглал, камерын ер бусын өнцөг, гэрэл сүүдрийн шийдлүүд нь бүтээлд нуар төрлийн киноны өнгө аясыг бий болгожээ хэмээн онцлон сайшаасан байна.

«In the Land of Lost Angels» киногоороо монгол гаралтай америкчуудын амьдралыг дэлгэцээр анх удаа харуулсан нь үзэгчдийн анхаарлыг их татжээ. Кинонд цагаачлагчдын  амьдралын хүнд нөхцөл, гэр бүлдээ туслахын тулд ямар сонголт хийхэд хүргэж байгааг үнэн бодит өнгө аястай харуулсан байдаг.

Ийнхүү М.Бишрэл анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоороо зөвхөн найруулагчийн хувьд өөрийгөө сорьсон төдийгүй Монгол гаралтай уран бүтээлчийн хувьд Америкийн кино урлагийн орчинд өөрийн өгүүлэх түүхийг бүтээх эхлэлийг тавьсан байна. Дараагийн дугаартаа түүний 2022 онд бичсэн «Beloved» кино зохиолоор IMDb-д «Fish»  нэртэй уран сайхны бүтээлийн талаар онцлох болно.

М.Бишрэл эхнэр Уянгын хамт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 194, 195 (7936, 7937)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn