Ч.БЯМБАА

 

Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Тиймдээ ч монголчууд уламжлалт аргаар биеэ тэнхрүүлэх, шар тос, арвайн гурил, эм тан хэрэглэх, бариа засал хийлгэх зэргээр эрүүл мэнддээ анхаарч, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлал бидний амьдралын хэв маягт өнө эртнээс шингэжээ. Хэдий уламжлалт анагаах өнө эртний түүхтэй ч өнөөгийн Монгол Улсад хөгжлийнхөө шатанд явж буй. Тиймээс уламжлал анагаах ухааныг улам түгээн дэлгэрүүлэх, иргэдэд зөв мэдээ, мэдээлэл олгох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмнэлзүйн мэдлэгийг бататгаж, туршлага хуваалцах зорилгоор “Алтан тун-2026” уламжлалт анагаах ухааны фестивалийг энэ сарын 10-нд гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг “Тэжээхүйн ухаан” ТББ-аас анх санаачлан зохион байгуулсан бөгөөд жил ирэх тусам цар хүрээгээ тэлэн, зорин ирэх оролцогчдын тоо ч нэмэгджээ. 

 

“Энэ жил 35-40 байгууллага, эмч нар, иргэд гээд өргөн цар хүрээг хамарлаа”

“Алтан тун” фестиваль нь уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн, эмнэлэг, байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгчид нэг дор цуглаж, цогц мэдээллийг хүргэдгээрээ онцлог юм.

Арга хэмжээний зохион байгуулагч, “Сумади” эмнэлгийн уламжлалтын их эмч, клиникийн профессор Р.Цолмон “Алтан тун арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.  Анх 10 орчим байгууллага оролцож байсан бол энэ жил 35-40 байгууллага, эмч нар, иргэд гээд өргөн цар хүрээг хамарлаа. Төрөл бүрийн салбарууд үйл ажиллагаагаа танилцуулдаг, өргөн хүрээний гоё фестивалиудтай байдаг.  Үүний нэгэн адил уламжлалт анагаах ухаанаа иргэдэд илүү таниулж, хүмүүсийг уламжлалт эмчилгээгээр анагаах үйлсээ дэлгэрүүлэх талаар бодсоны үндсэн дээр “Алтан тун” уламжлалт анагаах ухааны фестивалийг “Тэжээхүйн ухаан” ТББ санаачлан зохион байгуулах болсон” гэв.   

 

“Арга хэмжээнд оролцож байгаа гол зорилго маань уламжлалтын эмч нартаа мэдээлэл хуваалцах юм”

Уламжлалт анагаах ухаан бол буддын таван их ухааны нэг гэдэг. Тиймээс уг арга хэмжээг Наробанчин гэгээнтэн дэмжин ажиллаж, өөрийн биеэр арга хэмжээнд ирж үйл ажиллагаатай танилцан, мэндчилгээ дэвшүүлсэн юм.  Түүнчлэн энэ удаагийн “Алтан тун” арга хэмжээгээр Мэдрэл, нурууны мэс заслын орчин үеийн чиг хандлага, Гар сарвууны мэдрэл дарагдлын хам шинжийг оношилж эмчлэх нь, Мэдрэлийн өвчний зүү эмчилгээний үр дүнгээс, Тархины харвалт ба уламжлалт анагаах ухаан зэрэг тал бүрийн мэдээллийг эмч нарт зориулсан лекцээр хүргэсэн юм. Харин үүний дараагаар Сэтгэлзүйн эрүүл мэнд, хүүхэд өсвөр насныхны идээ, ундаа, явдал мөр, зөв зохистой хооллолт, хүүхдийн тархи доргилт зэрэг иргэдэд зориулсан лекцийг хүргэсэн юм. 

Хаппи Веритас эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Ж.Амарсанаа “Алтан тун” арга хэмжээг Нароба институтэд зохион байгуулж байгаа нь олон талаараа их зохимжтой байна. Яагаад гэвэл уламжлалт анагаах ухаан бол буддын гүн ухаантай салшгүй холбоотой. Өнгөрсөн жил оролцоход их өргөн хүрээнд болж байсан. Мөн энэ жилийнх ч нэлээд өргөн хүрээг хамарч, дотоод зохион байгуулалт сайтай, таатай санагдаж байна. 

Өнгөрсөн жилийнхээ лекцээр хий, шар, бадганы онолыг гүнзгий тайлбарлаж, молекул биологийн талаас нь нэлээд ярьсан. Энэ удаад элгэний өвчнийг уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэхтэй холбоотой лекцийг эмч, мэргэжилтнүүддээ тайлбарлаж байна. Арга хэмжээнд оролцож байгаа гол зорилго маань уламжлалтын эмч нартаа мэдээлэл олгох, туршлага хуваалцах юм” гэлээ.

Дараагийн жилүүдэд илүү иргэд  рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг хийж, өргөн цар хүрээг хамарсан, хүртээмжтэй арга хэмжээг хийнэ гэдгээ зохион байгуулагчид онцоллоо.

 

“Биеэ ч үзүүлээд, хэрэгтэй мэдээллээ ч авах боломж олгосонд баяртай байна” 

 

“Алтан тун”-2026 арга хэмжээнд Уламжлалтын гурван эмийн үйлдвэр, хөдөө орон нутгаас сувиллууд, хувийн эмнэлгүүд зэрэг 30 орчим байгууллага оролцож, иргэдэд нээлттэй үйлчилгээ үзүүллээ. Мөн уламжлалтын 40 орчим эмч өглөө 09:00 цагаас оройн 17:00 цагийг дуустал үзлэг оношилгоогоо хийж, иргэд идэвхтэй үйлчлүүлсэн нь уламжлалт анагаах ухаан хүмүүст хэр нөлөөлж буйг харуулж байна.     

Эм зүйч С.Лхагвадорж “Энэ арга хэмжээнд хоёр жилдээ оролцож байна. АШУҮИС-ийн эрдэмтэн, судлаачдын хийсэн кальцийн бэлдмэлийг үйлдвэрлэдэг. Өнөөдрийн арга хэмжээн дээр ясны сийрэгжилтийн оношилгоог үнэ төлбөргүй хийж, иргэдэд үйлчилж байна. Өдрийн туршид 100 гаруй хүнд үйлчиллээ” гэсэн юм.

Арга хэмжээг зорин ирэх иргэд өдрийн турш үргэлжилж, өөрт хэрэгцээтэй мэдээлэл, эм тангаа авцгааж байлаа.

 Энэ үеэр иргэн Б.Түвшинтуяа “Ийм арга хэмжээ болно гэдэг мэдээллийг фэйсбүүкээс хараад ирсэн. Үнэхээр хүмүүст хэрэгтэй чухал, сонирхолтой, эрүүл мэндийн мэдээллүүдийг сонссондоо баяртай байна. Мөн уламжлалтын эмч нарын үзлэгт хамрагдаж, өөрт хэрэгтэй эм, тангаа авлаа. Тэр бүр эмнэлгээр яваад байж амждаггүй хүмүүст ийм гайхалтай эмчилгээ, үйлчилгээ үзүүлж,  хэрэгтэй мэдээллээ цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн зохион байгуулагчид, лекц уншиж, зөвлөгөө өгсөн эмч нартаа баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.

Багануур дүүргийн иргэн Д.Дэнсмаа “Арга хэмжээний талаар фэйсбүүкээс хараад Багануур дүүргээс зорьж ирж үзүүллээ. Би 65 настай, архаг суурь өвчин ихтэй хүн. Эмч нарын лекцээс эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар маш хэрэгтэй мэдээллүүдийг олж авсан. Мөн эмчийн үзлэгт хамрагдан, тангаа аваад явах гэж байна. Биеэ ч үзүүлээд, хэрэгтэй мэдээлэл ч сонсож авах боломж олгон, иргэдэд тустай арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 193 (7935)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn