Ц.МЯГМАРБАЯР
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Найрамдалтай барилга, орон сууцны салбарын хяналт, хууль эрх зүйн шинэчлэл, царцсан төсөл, орон сууцны залилан, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон барилгын чанар, аюулгүй байдлын асуудлаар ярилцлаа.
- Энэ онд улсын хэмжээнд хэчнээн барилга, орон сууц баригдаж байна. Үүнээс хэд нь ашиглалтад орох, хэд нь он дамжин үргэлжлэх төлөвтэй байна. Мөн барилгын салбарт ямар төрлийн зөрчил түгээмэл байна вэ?
- Сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлтэй 5000 орчим барилга, орон сууцны төсөл байна. Гэхдээ зөвшөөрөл авсан бүх барилга төлөвлөсөн хугацаандаа эхэлж, үргэлжилж байгаа гэсэн үг биш. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлаас шалтгаалан барилгын ажлаа эхлүүлээгүй болон хугацаа нь удааширсан объект нэлээд байна. Барилга байгууламжид хийж буй хяналт шалгалтын дүнгээс харахад хот төлөвлөлттэй холбоотой зөрчил нийтлэг байна. Үүнээс гадна барилгын техникийн шаардлага, зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.Түүнчлэн барилга байгууламжийн зөрчил, дутагдал болон орон сууц захиалагч иргэд хохирсон асуудлыг цогцоор нь шалгаж тогтоох шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор долоодугаар сард хяналт шалгалтын ажлын хэсэг ажилласан.Тус шалгалтаар 44 аж ахуйн нэгжийн 54 төсөл, арга хэмжээг татан төвлөрүүлж, нөхцөл байдалд нь дүн шинжилгээ хийсэн. Үүнээс 22 төсөл, арга хэмжээ удаашралтай, 24 нь зогссон, тав нь огт хэрэгжээгүй байсан. Эдгээр төслийн хувьд дахин нарийвчилсан шалгалт хийж, техникийн нөхцөлгүй, газрын маргаантай, төсөв санхүүжилтийн шалтгаанаар зогссон, эсвэл хууль, шүүхийн байгууллагад маргаантай байгаа эсэхийг тус бүрээр нь тогтоосон. Шалгалтын дүнг нэгтгэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Үүний дараа асуудлыг УИХ-д танилцуулж, холбогдох тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгсөн.Үүний дагуу хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, яам тус бүрд дэд ажлын хэсгүүд ажиллаж байна. Одоогоор сүүлд нэмэгдсэнтэй нийлээд 84 төсөл, арга хэмжээг шалгах ажил үргэлжилж байна. Анхны шалгалтаар орон сууцны залилан болон бусад шалтгаанаар 3000 орчим иргэн хохирсон гэсэн мэдээлэл гарсан. Харин нэмэлт шалгалтын явцад хохирогч иргэдийн тоо өсөж байна. Энэ асуудлыг зөвхөн хяналт шалгалтаар тогтоохоос гадна цаашид дахин ийм нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тиймээс барилга байгууламжийг давхардуулан худалдах, нэг объектыг олон иргэнд захиалуулах эрсдэлийг бууруулах зорилгоор бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллаж байна.Хууль зүй, дотоод хэргийн яам болон бүртгэл, мэдээллийн байгууллагатай хамтран барилга байгууламжийг захиалгад оруулахдаа бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал бүртгэдэг байх түр журмыг боловсруулж байна.Цаашид энэ тогтолцоог хот төлөвлөлтийн мэдээллийн сан болон барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл явцтай уялдуулах шаардлагатай. Ингэснээр нэг барилга байгууламжийг давхардуулан худалдах, зөвшөөрөлгүй болон эрх зүйн маргаантай төсөлд иргэд хөрөнгө оруулах зэрэг эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Одоогоор түр журмын төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч байгаа бөгөөд цаашид УИХ-д өргөн барихад бэлэн болгохоор ажиллаж байна.
-Зарим гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа гэж байсан. Ямар хуулиудад өөрчлөлт оруулах вэ. Эдгээр өөрчлөлтөөр өнөөгийн тулгамдсан асуудлыг хэрхэн зохицуулах хүлээлт байна вэ?
- Цаашид Барилгын тухай хуульд барилга, байгууламжийн бүтээцийн тодорхой хувь нь баригдсан тохиолдолд иргэдээс хөрөнгө татан төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгохоор ажиллаж байна. Энэ зохицуулалтыг Засгийн газар болон УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцны төрөлжсөн банкны тухай хуулийн төсөлд тусгасан. Мөн эдгээр хуулийн төсөлд барилга байгууламжийг шинээр угсрахтай холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж байгаа. Тухайлбал, барилгын бүтээцийн гүйцэтгэл 30 хувьд хүрсэн бол урьдчилгааны 30 хувийг, 60 хувьд хүрсэн бол 60 хувийг татан төвлөрүүлэх байдлаар зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс орон сууцны захиалгын төлбөрийг барилгын ажлын явцтай уялдуулан үе шаттайгаар татан төвлөрүүлнэ гэсэн үг. Ингэснээр барилгын төсөл санхүүжилтээс шалтгаалан удаашрах, гацах эрсдэлийг бууруулж, барилгын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Хяналт шалгалтаар олон барилгын төслийг олон нийтэд нээлттэй болгож, хэрэгжилтийн явцыг нь эрэмбэлэн гаргаж байгаа нь орон сууцны залилангийн асуудлыг хумих эхлэл болж байна. Мөн цаашид барилгын компаниудын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг сайжруулж, иргэдийн итгэлийг алдсан, хууль зөрчсөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, шаардлагатай тохиолдолд хар жагсаалтад оруулах арга хэмжээ авна. Ер нь бүх барилга, байгууламжийн талаарх түүхчилсэн мэдээлэл, лавлагааг нээлттэй болгох шаардлагатай. Ингэснээр иргэд тухайн барилга, орон сууцанд захиалга өгөхдөө “найдвартай юу” гэж эргэлзэх шаардлагагүй болно. Мэдээллийн сангаас тухайн компани өмнө нь ямар төсөл хэрэгжүүлсэн, ямар чанартай барилга, байгууламж барьж ашиглалтад оруулсан, ямар туршлагатай зэрэг мэдээллийг нээлттэй авах боломжтой болох юм. Өнөөдөр иргэд мэдээлэл дутмаг, хууль эрх зүйн мэдлэг хангалтгүйгээс шууд гэрээ байгуулах тохиолдол байна. Үүнээс шалтгаалж залилангийн асуудал үүссэн. Нөгөө талаас, зарим барилгын төсөл бичиг баримтын асуудлаас болж гацдаг. Мөн инженерийн шугам сүлжээ татах шаардлагатай боловч техникийн болон газар зохион байгуулалтын нөхцөлөөс шалтгаалан татах боломжгүй болох тохиолдол бий. Тухайлбал, газар нь маргаантай, шугам сүлжээний трасс татах боломжгүй, газар доорх байгууламж болон дэд бүтцийн асуудал үүсэн зэргээс барилгын ажил зогсдог. Эдгээр асуудлыг ангилж, эрэмбэлээд Нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт албан бичгээр хүргүүлсэн. Одоо нийслэл болон яамдын ажлын хэсгүүдийн ажлыг дэмжиж, шаардлагатай зохицуулалтыг хийх ажил үлдэж байна. Энэ бол олон жил үргэлжилсэн асуудал. Арав гаруй жил шүүхээр явж байгаа боловч хэрэгжээгүй, шийдэгдээгүй төсөл ч байна. Улмаар зарим тохиолдолд энэ нь залилангийн шинжтэй асуудал болж хувирсан. Тухайлбал, ямар ч барилга барих газаргүй атлаа иргэдээс хувьцаа хэлбэрээр хөрөнгө татаж, залилсан тохиолдол бий. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр санхүүгийн бүтээгдэхүүн, хувьцааны хэлбэрээр хөрөнгө татах нэрийдлээр залилан үйлдэх арга хэлбэр нь ч нарийссан байна. Хэдийгээр энэ нь зөвхөн манай салбарын асуудал биш боловч иргэдэд нэгдсэн бодлогоор зөв ойлголт өгөх, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай.Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд гурван томоохон хуулийн өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, Барилгын тухай хууль арав гаруй жил дорвитой өөрчлөгдөөгүй. Одоо тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болсон. Мөн намрын чуулганаар Хот төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ хот төлөвлөлтийн алдаатай хэсгүүдийг засах зэрэг асуудлыг тусгана. Дээрх асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
-Залилангийн хэргүүдийн талаар нэрлэх боломжтой юу. Мөн энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Одоо ямар шатанд явж байна вэ?
-Одоогоор ихэнх залилангийн хэргийг хууль, шүүхийн байгууллага хянан шалгаж байгаа учраас хэргээр нь нэрлэх боломжгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ч энэ асуудалд анхаарал хандуулж байна. Саяхан орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болсон. Ерөнхий сайдын захирамж, шийдвэрийн дагуу байгуулагдсан энэ томоохон Ажлын хэсгийн үндсэн зорилго хэд хэдэн чиглэлтэй. Нэгдүгээрт, царцсан барилгуудыг царцаанаас гаргаж, барилгын ажлыг үргэлжлүүлэх, хоёрдугаарт, хууль, хяналтын байгууллагуудтай хамтран буруутай этгээдийг тогтоох, мөн орон сууц захиалагчдын оруулсан хөрөнгө хаашаа, юунд зарцуулагдсаныг тогтоох, гуравдугаарт, цаашид орон сууц захиалагчдыг хууль эрх зүйн орчны хүрээнд эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг бий болгох зорилготой. Ажлын хэсгээс ямар дорвитой шийдвэр гарах талаар хохирсон иргэд тодорхой хэмжээнд хүлээлттэй байгаа.
- Сүүлийн үед баригдаж байгаа барилга, орон сууц техникийн шаардлага болон бусад хууль, дүрэм, нормд нийцэж байгаа эсэхэд тавих хяналт сул байгаагаас чанаргүй барилга баригдаж байна гэсэн шүүмжлэл гардаг. Яамнаас барилгын чанар, аюулгүй байдалд хяналтыг хэрхэн тавьж байна вэ?
-Өмнө нь барилгын салбарын хяналт тавих эрх бүхий байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байсан. Тус байгууллага 2023 онд татан буугдсанаар барилгын техникийн ерөнхий хяналтын чиг үүрэг яаманд шилжиж, аймаг, орон нутагт холбогдох чиг үүргүүд нь салбарын болон геодези, зураг зүйн байгууллагуудтай уялдсан. Нийслэлийн хувьд барилгын хяналт нь Нийслэлийн Засаг даргын харьяанд хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан орон тоогоор улсын хэмжээнд 71 барилгын улсын байцаагч ажиллаж байна. Үүнээс 28 нь нийслэлд, 33 нь аймаг, орон нутагт ажиллаж байна. Харин барилгын техникийн хяналтын чиглэлээр ажиллаж байгаа улсын байцаагчийн тоо 10 орчим байна. Мөн өнөөдрийн байдлаар Орхон, Баянхонгор, Сэлэнгэ аймагт барилгын техникийн улсын байцаагчгүй байна. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн хувьд дутагдалтай нөхцөл байдал бий. Нөгөө талаас зөвхөн нийслэлд гэхэд 8000 орчим барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Жилд 1400 гаруй барилга, байгууламж шинээр баригдаж байна. Энэ бүх объектод 10 орчим улсын байцаагч хяналт тавих нөхцөлтэй байна. Гэсэн хэдий ч бид хуулиар тогтоосон хугацаа, журмын дагуу техникийн хяналт, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. Тухайлбал, 2025 оны байдлаар иргэдээс 5000 гаруй өргөдөл, гомдол ирсэн. Эдгээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг мөн л байгаа цөөн тооны улсын байцаагчид гүйцэтгэж байна. Аймаг, орон нутагт улсын байцаагчийн хүрэлцээ мөн асуудалтай. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас төлөвлөгөөт хяналт шалгалтыг зарим улсын байцаагчгүй аймагт зохион байгуулж байгаа. Тухайлбал, Орхон аймагт өнгөрсөн оны аравдугаар сард төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд барилгын ажил эрхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьсан болон бусад хууль зөрчсөн нийт 19 зөрчил илэрсэн.Энэ асуудлаар Орхон аймгийн Прокурорын газартай хамтран яаралтай арга хэмжээ зохион байгуулж 12 байгууллагад торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар хүргүүлж, цаашид холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг үүрэг болгосон.Энэ жилийн хувьд ч Засгийн газрын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна. Ер нь сүүлийн үед зөвшөөрөлгүй барилга, байгууламж барих явдал нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнд олон шалтгаан бий. Хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний асуудал, төрийн байгууллагаас олгож буй олон талт зөвшөөрлүүд нь хоорондоо бүрэн уялдаагүйгээс барилгын ажил эхэлсний дараа эрх зүйн болон техникийн асуудал үүсэж, барилга зогсох, удаашрах тохиолдол гарч байна.Үүнтэй холбоотойгоор Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар холбогдох өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. Мөн барилга, байгууламжид зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар энэ оны долоодугаар сард Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийг цаашид хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлаар манай яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарсан Ажлын хэсэг ажиллаж байна. Тус Ажлын хэсэг асуудлыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахын зэрэгцээ холбогдох байгууллагуудаас санал авах ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn