УДЭТ-ын бүтээл, зохиолч Б.Цогнэмэх, найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нарын “Тэнгэрийн хүү” жүжгээр ОХУ-ын Санкт-Петербургийн Александринскийн театр өнгөрсөн сард Олон улсын тоглолтоо нээсэн. Өмнө нь Унгарт болсон Олон улсын театрын фестивальд оролцсоны дараа ч, мөн энэ удаа ОХУ-ын хааны театрт хийсэн тоглолтын дараа ч урлагийн мэргэжилтнүүд “Монголын театр хэчнээн гүн гүнзгий, бат бөх уламжлалтай болохыг энэ жүжиг харууллаа” хэмээн онцолжээ. Түүнчлэн жүжгийн хөгжмийн үнэ цэнийг туульсын драмын жүжигт гол дүрийн нэгэн адил үүрэгтэй байлаа хэмээн үнэлсэн байв. Үндсэндээ “Тэнгэрийн хүү” жүжиг Монголын театр урлагийг дэлхийн театр урлагт хамгийн сүр жавхлантайгаар хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болж байна. Уг жүжгийн хөгжмийн зохиолч УГЗ Тогтохын Сэр-Одтой бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

-“Тэнгэрийн хүү” жүжиг олон улсын академик театруудын тайзнаа гялалзсан амжилт гаргаж, олон улсад маш өндөр үнэлэгдлээ. Хүннү гүрэн бол хүн төрөлхтний хөлгөн их түүхэнд Зүүн Ромыг сөгтгөж, Баруун Ромтой дипломат харилцаа тогтоож зэрэгцэн оршиж байсан Монголын гүрнүүдийн анхдагч нь. Хөгжмийн зохиолчийн хувьд энэ их туульст хандсан эхний туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Хөгжмийн зохиолчийн хувьд миний зорьж яваа чиглэл бол тайз, дэлгэцийн хөгжмийн бүтээл байгаа юм. “Тэнгэрийн хүү“ жүжгээс өмнө Лхасүрэн багш, Баатар найруулагч хоёртой “Садар эрийг номхотгосон нь“, С.Сугар багштай “Хярааны хонхорт“, Баатар найруулагчтай “Ээж ээ“ гэхчлэн хэд хэдэн жүжгийн хөгжим биччихсэн байсан л даа. Тайз, дэлгэцийн бүтээл дээр ажиллахад зөвхөн миний авьяас, мэдлэг боловсрол гэхээс илүүтэй оюутан цагаасаа хамтарч ажиллаж эхэлсэн алдартай мэргэжилтнүүд, алтан, мөнгөн үеийн тэргүүлэх уран бүтээлчдийн нөмөр нөөлөг их.

Хөгжмийн бүтээл хийх бол нэг ондоо хэрэг. Жишээ нь нэг симфонийн бүтээл ч юм уу, аливаа хөгжмийн зэмсэгт зориулсан концерт ч юм уу бичнэ гэдэг бол Сэр-Одоос ганцаарангаас нь шалтгаалж болох асуудал. Гэтэл бүхэл бүтэн багийн тоглолтоор тоглоно гэдэг ганцаарчилсан бүтээл хийгээд дадчихсан хүмүүст эхлээд нэлээн бэрх даваануудыг туулах шаардлагатай юм байна гэх мэдрэмж төрж болно. Өөрөө дангаараа судалгаа хийгээд явах төдийгүй, өөрийн гэсэн санаа, дүгнэлт, концепциудаа зохиогчдын багийнхаа түвшинд хэлэлцүүлж байж эцсийн загварчлал моделиуд гарч ирдэг.Тэргүүлэх уран бүтээлчдийн баг шүү дээ. Өөрөө дангаараа дураараа дургиад байж болдоггүй.

“Тэнгэрийн хүү” жүжгийн тухайд, манай Н.Наранбаатар найруулагч надад санал тавьсан. Н.Наранбаатар найруулагч, Д.Баярбаатар бид СУИС-ийн нэг төгсөлтийнхөн, Цогнэмэх ч яг нэг үе. Ингээд Цогнэмэх, Ганхуяг нартайгаа уулзаад, юмнуудаа ярьж тохироод л ажилдаа орцгоосон доо.

-Хөгжим нь драмын жүжгийг чимэглэх үүргээр бус хөгжим өөрөө жүжигт гол дүрийн үүрэгтэй байна гэж олон улсад онцолсон байна лээ?

-Би түүхэн чиглэлээр хийгдэж байсан өмнөх үеийнхний туршлагуудаас, кино гэвэл Н.Жанцанноров багшийн “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг ч юм уу ийм бүтээлүүдийг харж үзэхээс гадна, туульсын хөгжим гэдэг талаас нь дэлхийн алдартай бүтээлүүд, ялангуяа дэлгэцийн бүтээлүүдийг нэлээн харсан юм. Жишээ нь, 1990-ээд оноос хойш, намайг БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байх үед туульсын хөгжмийн төрөл хөгжим сонсогчдын анхаарлыг асар ихээр татаж байлаа. Одоо ч туульсын хөгжим алдартай хэвээрээ л байна. Тухайн үед нэрд гарч байсан итали гаралтай Холливудын хөгжмийн зохиолч Энио Морикони ч юм уу, интертаймэнт талдаа мөртлөө туульсын хэлбэрийг орчин үеийн контемпорари урлагтай хослуулдгаараа алдартай, грек гаралтай хөгжмийн зохиолч Яниний бүтээлүүд ч юм уу, Холливудын алдартай хөгжмийн зохиолч “Титаник”, “Аватар”, “Чонон сүлд” зэрэг киноны хөгжмийг бичсэн Жеймс Хорнер, герман гаралтай Холливудын алдарт хөгжмийн зохиолч Ханс Циммэр зэрэг хүмүүсийн хөгжмүүдтэй танилцаж байсан. Хятадаас гэвэл, алдарт “Херо” киноны хөгжмийн зохиолч Тан Дун гэх мэтчилэн хүмүүсийн хөгжмүүдийг сонсоод нэг баримжаа авч байгаа юм.

Тэгвэл монголчууд бид чинь хэн билээ. Дэлхий нийтээрээ туульсын хөгжим дээр анхаарлаа хандуулаад байхад тэр туулийг нь үүтгэн бүтээлцсэн монголчууд бид энэ агуулгад яаж хандах ёстой вэ гэдэг асуудал надад их чухал байсан. Тиймээс “Тэнгэрийн хүү” жүжигт энэ зарчим, чиглэлээ барихыг зорьсон доо. Өнөөдөр бид туульстаа хэрхэн хандах ёстой юм, түүнийгээ хөгжмийн хэлээрээ яаж илэрхийлэх ёстой вэ гэдэгт хариулах ёстой болсон.

“Эрийн сайн хан харангуй” гэхчлэн бэсрэг туулиас авхуулаад “Гэсэр”, “Жангар” тэргүүт алдартай туульсын болоод туульчдын эх орон шүү дээ, бид. Энэ хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан ихээхэн үнэтэй хувь нэмэр болох туульсын төрөл зүйлийг өөрсдөө бүтээлцчихээд, тэр өв соёлоос маань өнөөдөр өөр айлууд аваад бүтээл хийхээр түүнийг гайхан биширч, хараад суух биш, харин өнөөгийн цаг үед уран сайхны өндөр түвшинд гаргаж ирэхэд бид дахиад ямар хувь нэмэр оруулж болох юм бол оо гэж бодож л чармайсан хэрэг. Миний гол концепц ерөөсөө л энэ.

-Хүннү гүрний хөгжмийн шинж төрхийг босгоход бидэнд хоосон төсөөллөөр босгохын зовлон огт байхгүй. Гэхдээ зохиомжийн гол зарчмаа та юунд үндэслэв?

-Эхлээд Хүн гүрний хөгжим ямар байсан бол гэж нэг бодож үзсэн. Хүн гүрний хөгжмийн тухайд ярина гэвэл судалгааны асуудал болчихно. Цаг хугацаа шаардана шүү дээ. Гэтэл жүжиг маань тавигдах болоод байдаг, Хүн гүрний хөгжим судлаад суугаад байж болдоггүй. Ингээд өмнө нь сонсож байсан тууль бүтээдэг хөгжмийн чиг хандлага, өнөөдөр манайд байгаа туульчид, өнөөдрийн уламжлалт туульчдынхаа урлаг дотор янз бүрийн асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодруулах боломж бидэнд байгаа юм байна гэж харж байгаа юм. Тиймээс миний хөгжим бол өнөөгийн хүний бүтээл, Хүн гүрнийг XXI зууны хүмүүс хөгжмөөс сонсвол яаж төсөөлж болох юм бол гэсэн асуултын хариултыг өгөхийг зорьсон юм. Түүнээс биш, Хүн гүрэнд ийм хөгжим байсан юм байна лээ, ингэж дуугарч байжээ гэж, түүнийг хийхийг зориогүй. Хүн гүрнийг миний хөгжмөөс XXI зууны монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ ер нь яаж сонсож болох юм бол гэсэн санаагаар хандсан л даа. Энэ санаа маань жүжгийн багийн бодол санаатай нийлсэн. Мэдээж шууд импровизаци маягаар(язгуур хөгжмийн зэмсгүүдээр аялгууг чимэглэх) зохиогоод явна гэхээс илүүтэй зохиол дотор байгаа бэлгэ тэмдгүүд, бэлгэдэлт сэтгэлгээ, зохиолын агуулгаас гарч ирж байгаа бүхий л үнэт зүйлсийн тухай гол хэлэх зарчим зангилааны асуудлууд гэхчлэн олон концепцыг гол концепцтойгоо нэгтгэх асуудал бол явж явж бас чухал шүү дээ.

-“Тэнгэрийн хүү” жүжгийн хөгжмөөс ердөө долоон минутын бичлэг YouTube дээр тавигдсанаас өөрөөр олон нийтэд түгээгүй юм байна лээ. Тэр долоон минутын хөгжмийг Удиртгал юм болов уу гэж ойлгосон. Түүнд манай бүүвэйн дуу сэдэв аялгуу маягаар орсноос үзэхэд Хүннү гүрэн хүн төрөлхтний төр улсын анхных болохыг, бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн эхийн ачийг эрхэмлэн дээдлэх үзлийг ч үзэгчдэд хүргэх үзэл санааны шугамаа болгон тодруулсан юм болов уу гэж бодсон. Энэ жүжигт яг бүүвэйн дуунд хандсан зорилгоо та хэрхэн тодорхойлсон бэ?

-Бүүвэйн дууг уртын дуучин оюутан хүүхдээр дуулуулсан юм. Бүүвэйн дуу гэдгийг би судлаачдын дүгнэсэнчлэн “бүү ай” гэсэн утгатай ч бас холбож бодож, хардаг. Судлаачдын гаргаж ирсэн дүгнэлт юм чинь бид бас харах ёстой шүү дээ. Нөгөө талаар, сайн анзаарвал, Модун хааныг ээж бүтээжээ гэж ойлгогдоно. Тэгэхээр, хүнийг эх хүн бүтээж байгаа юм. Чингис хааныг ч хүртэл Өүлүн эх бүтээсэн шүү дээ. Хэдийгээр эцгийн эрхт ёсон дэлхий нийтээр түгээмэл болсон ч гэлээ монголчууд бидний соёл уламжлалд маш нууцлагдмал байдалтайгаар эхийн зан үйл давамгайлсан, эхийн хайр халамж, эх хүнээс удамших уламжлал гэмээр ийм суурь давамгайлсан хүмүүжил, ёс суртахууны уламжлал байнга байдаг юм.

-Үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх эх хүний үүрэг их өндөр, эхийн сургаал эрхэм дээд байсаар ирсэн монгол соёлын уламжлал жүжигт хадгалагдаж байна уу?

-Тийм ээ. Ялангуяа эмээтэйгээ ойр өссөн хүүхдүүдийн хүмүүжил, аливаад хандах хандлага, сахилга бат, хариуцлага бол бусдаас их өөр байдаг. Хамгийн хатуу арга хэмжээг хүртэл эмэг тал, ээж тал л авдаг. Тэгэхээр хал нь гаднаа, хайр нь дотроо тэр мэдрэмж бол эх хүнээс ирдэг. Эхийн ийм мөн чанар миний энэ хөгжимд нэлээн хүчтэй туссан юм байна гэж би тухайн үедээ ухаарч байсан юм.

-Барууны философичид ч, жишээ нь Гегель бүтээлдээ хүн төрөлхтний анхны төрийн үүсэл Хүннү гүрнээс эхтэйг тэмдэглэсэн байдаг. Дэлхийн төр улсын анхных гэдэг түүхэн баримттай таны дээрх шийдэл холбогдож байна уу?

-Тэгж үзье гэвэл тэр нь их далд явах юм. Уртын дууны үүсэл гээд Хүн гүрний үеийн олон домог байдаг. Гэхдээ манай жүжигт бүүвэйн дууны хэв шинжээр төлөөлүүлээд уртын дуугаа бүтээчихнэ. Төлөөлж л орж байгаа гэсэн үг. Зохиосон хөгжим гэж би түрүүн хэлсэн. Тэгээд баатруудын сүр хүч, эрэмгий байдал энэ бүхэн бас хурц илэрхийлэгдэх ёстой юм байна гэж ойлгож, хурц ритм хэмнэлүүдийг авахдаа хуурын татлагын хэмнэлүүдийг үндсэнд нь боловсруулж гаргаад байгаа юм. Хөгжмийг боловсруулах, найралжуулга, бичлэг гээд нарийн чимхлүүр деталиудыг хийхэд манай “Анир” студи орж ажилласан л даа. “Анир” студийн продюсер, захирал УГЗ Бэгзсүрэнгийн Алтанхуягийн ажлууд, нэмэрлэсэн санаанууд чухал нөлөөтэй байлаа.

-Оркестровкыг бичихдээ та хэрхэн хандав. Өнөө цагт хөгжмийн том хэлбэрийн зохиолын зохиомжид манай үндэсний хөгжмийн баялаг уламжлал, язгуур хөгжмийн зэмсгүүдийн угсаатны зүйн онцлог, дуугаралт зэрэг нь оркестрыг баялаг, зохиолыг ер бусын сэтгэл татам дуурьсгах их өргөн боломжтой юм даа гэж бодогддог. Энэ тухайд таны байр суурь?

-Тэр удиртгал хөгжмөөс бусад нь голдуу цөөхүүл маягтай хөгжмүүд зонхилж байгаа. Гэхдээ нөгөө л сүр хүч, нөгөө л эхийн уярам сэтгэл гэдэг ч юм уу энэ бүхэн жүжгийн туршид алдагдахгүй. Ятга амьдаар тоглосон, мөн түүн дээр маш том шийдлийг манай хөөмийч, цуурч Санжаадорж гэж залуу хийсэн юм.

Цуураар хоёр гурван өнгө л гаргана шүү дээ. Гэтэл Санжаадорж маань бүр гол сэдэв аялгууг цуураар хөгжимдсөн байгаа юм. Ер нь анхдагч даа, үүгээрээ. Яг цуураар тэгж аялгуу хөгжмийг тоглоно гэдэг хэцүү. Үүнийг Санжаадорж хөгжимдсөн. Үүнийг чи заавал хөгжимдөнө гэж бичиж өгч болохгүй шүү дээ. Харин ингэж болох уу гэдгийг цуурчинтайгаа ярилцана. Ятга дээр ч гэсэн тэр олон даралттай ятгыг монгол хэв маягаар нь хөгжимдөх ёстой. Энэ чинь хятад ятга биш. Бас л манай Доньдсүрэн гэж шавь хөгжимдсөн. Уртын дуучин маань олонд танигдаагүй, Монгол Улсын консерваторын уртын дууны ангид сурдаг оюутан хүүхэд авч ирж дуулуулсан юм. Тэр дотор мөн эргэлддэг, бадар хундага гэж хөгжмийн зэмсэг бас хэрэглэсэн. Дангаараа симфони найрал хөгжим биш, виртуал хөгжим ч байгаа, оркестрын хөгжим ч байгаа, үндэсний хөгжим ч байгаа. Ийм гибрид, холимог маягийн оркестр юм. Угаасаа л энэ эпик буюу тууль хөгжим дэлхий даяараа гибрид зэмсгүүд дээр явж байгаа юм. Гол зорилго маань, XXI зууныхан бид энэ жүжгээс юу үзээд, хөгжмөөс нь юу сонсоод, Хүн гүрний тухай ямар ойлголттой гарах ёстой юм бэ гэсэн зарчим дээр л бид нэгдсэн хэрэг. Түүнээс биш Сэр-Од ганцаараа гайхалтай сайхан хөгжим бүтээх тухай асуудал огт биш юм.

Нэмээд хэлэхэд, зөвхөн хөгжим төдийгүй, бүжгийн хөдөлгөөнийг жүжигчид дээр тавьж байгаа юм. Баг масктай тэр үеийн цэргүүд байна. Модун хаан өөрөө тийм торгон цэргүүдийг бүтээсэн шүү дээ. Дараа нь Чингис хааны үед хэвтүүл болж хувирдаг. Модуны сум туссан газар болгонд торгон цэргийн сум тусдаг.Тийм жамтай. Модун хаан ийм л хатуу сахилга батыг бүтээсэн байгаа юм. Хэдэн арван мянган хүн нэг хүн шиг болно гээд бод доо. Тэгэхээр жүжгийн зохиогчдын баг бид тав зургаан хүн нэг хүн шиг болж сэтгэх нь жижиг асуудал болж байгаа биз.Тэгж л харж чадахгүй бол “Тэнгэрийн хүү” жүжиг бүтэхгүй байх байсан. Бидний өмнөө тавьсан зарчим бол энэ. Бүжгийн хөдөлгөөнийг манай гавьяат жүжигчин Алтангэрэлийн Даваахүү тавьсан.

Би юун дээр урамшдаг вэ гэхээр, хоёр жилийн өмнө Херо интертаймэнтийн “Монгол хаан” театр “Монгол хаан” жүжгийг Англид тавьсан, олон орнуудад тавьсан. Яахав ээ, хүмүүс хэл ам болоод л байсан. Хамгийн гол нь тэнд нэг урлаг бүтсэн юм . Нэг алхам хийж байна шүү дээ. Цоо шинэ өнгө төрхийг бүтээсэн. Өнөөдөр бид мэдэхгүй байж болох ч хэдэн арван жилийн дараа, зуун жилийн дараа бид нээрээ юу бүтээчихсэн байсан юм бэ гэдгээ мэдэх байх. Мэдэх ч ёстой. Бид л гэж ярина шүү дээ. Херо биш, монголчууд бид гэж ярина. “Тэнгэрийн хүү” жүжиг бол монголчууд бид юу бүтээсэн юм бэ, төрт улс, Хүн гүрнийг хэн, юу бүтээчихсэн юм, бүтэн хоёр мянган жилийн дараа түүнийхээ тухай яаж ойлгож, урлаг болгож юу бүтээв ээ гэдэг асуудал л үлдэнэ. Хэдэн хүний нэр бол асуудал биш юм.

-Италийн Ж.Вердийн “Аттила” гэж дэлхийн дуурийн театруудын урын сангийн бүтээлийг хүмүүс сайн мэдэх байх. Манай ДБЭТ 2023 онд концертын хэлбэрээр тавьсан . Гэхдээ монгол үзэгчдийн хувьд энэ нэлээн эмзэглэл төрүүлдэг дуурь л даа. Хүннү дээдсийн үнэн түүхийг гуйвуулж, Хүннү гүрнийг бүлэг дээрэмчид мэтээр, түүний агуу хаан Аттилаг бүлэг дээрэмчдийн толгойлогч гэж үзүүлсэн байдаг. Ер нь үнэнийг гуйвуулсан түүхийн худлын хор уршиг гэж байна. Үүнийг геополитикийн асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй. “Тэнгэрийн хүү” жүжгийг авч үзэхдээ бид олон улсын тайзнаа энэхүү түүхийн худлын мөсийг зүсэж, үнэнийг дэлгэн сануулснаар нь үнэлэх ёстой болов уу. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Тантай би юун дээр санал нэг байна вэ гэхээр, дэлхий нийт үүнийг үзээд сэтгэл догдолж хүлээж авах, бодлогоширч хүлээж авах, геополитикийн асуудал гэж ярьж байгаа чинь бол их чухал асуудал мөртлөө үүнээс өөр нэг айхтар юм байгаа.

-Тэр нь юу вэ?

-Энэ миний хувийн л бодол шүү. Дотроо төсөөлж хийсэн юм. Монголчууд бид хаантай байхдаа л хүчтэй байсан юм байна. Эндээс л таны ярьж байгаа геополитикийн асуудал яригдах болов уу. “Тэнгэрийн хүү” жүжиг Санкт-Петербургт эзэн хааны театрт тавигдаж байгаа биз. “Монгол хаан” театрын бүтээл Английн эзэн хааны театрт тавигдаж байгаа биз. Хаадын тухай асуудал бол хаадтай газар л шийдэгдэнэ.Түүнийг үзэж байгаа хүмүүс юуг бодож байж магадгүй вэ гэдэг санаа одоо надад бууж байгаа юм. Юу гэхээр, монголчууд буцаад хаантай болчихвол уу гэдэг подтекст гарч ирнэ. Хаангүй байхаараа тархай бутархай, эв нэгдэлгүй, эмх замбараагүй байгаад байгаа юм л даа. Энэ өөрөө маш сонирхолтой асуудал юм.

Би яагаад “Монгол хаан” жүжгийг дурдаад байна вэ гэвэл, “Тэнгэрийн хүү” жүжиг “Монгол хаан” жүжиг гарах анхны бэлтгэл байсан юм болов уу даа гэсэн санаа юм. “Монгол хаан” жүжгийг хүлээж авах сэтгэл зүйн суурийг уран бүтээлийн тал дээр “Тэнгэрийн хүү” жүжиг бүтээлцээд өгчихсөн юм уу даа гэж бодож байгаа юм. Тийм учраас өнөөдөр Оросын хааны театрт очоод тоглохоор үзэгчид хүлээж авах бэлтгэл, бас Херо интертайнмэнтийн ажил нь тэр сууриараа хэлчхээд явчихсан, одоо хүлээж авахад бэлэн гэсэн үг шүү дээ. Ер нь түүхээс харж байхад урлаг ингэж явж ирсэн байдаг.

-Манай энэ жүжиг дэлхий нийтийн өнөөгийн цаг үеийн шаардлагаар олон улсын тайзнаа гарчхав уу гэж бас харагдаад байгаа. Дэлхий дахины хурцадмал үйл явдлуудын өрнөл дээр Монголын их хаадын тухай, төр улсын сэдвээрх туульсын бүтээл олон нийтийн анхаарлыг татах нэлээн үндэслэлтэй шалтгаан байгаа нь сонирхолтой юм. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх, түүнд шууд болон дам байдлаар нөлөөлсөөр ирсэн Монголын соёл иргэншлийг өнөө цагт дахин үнэлэх, түүнээс дахин суралцах, үзэх харах шаардлага байх шиг?

-Тийм байж болох л доо.

-Тайз гэдэг үнэнийг тодруулж, баримтыг хуурмаг төсөөллөөс салгах, нийгмийн оюун санааг зөв чигт залах, үндэстнүүдийн ой санамжийг сэргээх зэрэг асуудлыг шийдвэрлэх хамгийн өргөн боломжит талбар. Энэ тал дээр таны бодол юу вэ?

-Мэдээж. Бид чинь монголчууд шүү дээ. Үүнийг хийхийн тулд л урлаг, ялангуяа Монголын урлаг байж, ухаан санаа, эх оронч үзэл нь энд л гарна. Нэг зүйл харин тухайн үед бодогдож байсан. Чингис хаан оргүйгээс төрөөгүй. Өөрөөр хэлбэл, Хүн гүрнээс Чингис хаан төрсөн. Хүн гүрний уламжлал дээр бүтэж байна шүү дээ. Эндээс юу нь сонин бэ гэхээр, бид эзэн Чингис хааныхаа тухай ярихын тулд 800 гаруй жилийн асуудал яриад байна шүү дээ. Гэтэл Чингис хаан маань Хүн гүрнийг үзэхийн тулд мянга гаруй жилийн өмнөхийг харах хэрэгтэй байсан болж таарч байгаа биз.

-Тийм, 1400 гаруй жилийн өмнөхийг харах хэрэгтэй болж байж уу дээ?

-Хамгийн хүчирхэгжсэн үеийг гэвэл багадаа мянган жилийн урдхыг харах хэрэгтэй байсан байна. Харсан ч байгаа юм. Чингис хаан маань мянган жилийн урдхаа харж байсан бол бид өнөөдөр найман зуун жил дотроо л төөрөлдөх гээд байна шүү дээ. Энэ их айхтар асуудал шүү.

-Таны хөгжмийг олон улсад нүүдэлчдийн өвөрмөц хөгжим гэж ерөнхийд нь бичсэн байгаа юм. Тэгэхдээ ятгын тоглох техник болох чавхдасыг няслах аргыг онцолсон байна лээ. Мөн олон хоолойн урлагийг хөгжимдөө амжилттай хэрэгжүүлсэн гэжээ?

-Цэрэг эрсийн дуу гэж байгаа юм. Үүнийг нарийн ярихаар онолын яриа болчих гээд байна. Олон хоолойн полифони маягийн, гэхдээ полифоний эхлэл болохоор гиперфоний зарчим гэж бий. Салбар хоолой гэж зохиомжийн онолтой холбоотой асуудал. Гэхдээ салбар хоолой нь Европынх шиг босоо биш, хэвтээ маягтайгаар задарч явдаг ийм зарчмыг гаргаж ирсэн, энэ манай уламжлалт хөгжмийн зохиомжийн онолын сэтгэлгээтэй л холбоотой юм. Түүнийг гадаадын улсууд шууд олж харна. Тэр нь тэдэнд сонин байгаа. Өөрийн үндэсний онцлогоос бүтсэн олон хоолой байна гэдгийг төвөггүй харна. Тэр чинь цуур энэ тэр дээр л харагдаж байгаа. Цуур нэг аялгуу хөгжимдөх мөртлөө дотроо маш олон юм яваад байгаа байхгүй юу.

Драмын жүжгийн хөгжим ер нь явдалтай л даа. Киноны хөгжим шиг, биччихээд тааруулаад продакшн хийгээд тавьж болдоггүй, яг л тухайн мөч, цаг үе дээр дуугарч явдаг. Тэр дуугаралт дотор жүжигчид орж тоглох ёстой. Хөгжим нь жүжигт тухайн мөчид үргэлжилдэг гэж болно. Киноны хөгжим шиг бодоод хийчихээр тайзан дээр хүмүүс жүжиглээд, тайзны хоёр талд хөгжим яваад байдаг юм. Салаад байдаг.

-Нэг шугам дээр байж чаддаггүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Нэг шугаман дээр байж чаддаггүй. Энэ бол надад мэдрэгдээд байгаа л асуудал шүү. Мөн нөгөө л алдартай мастеруудтай хамт ажиллаж байх явцад олж харсан, өмнө нь гаргаж байсан миний өөрийн алдаанууд гэсэн үг. Би өөрийнхөө алдаанаас л суралцсан хэрэг. Түүнээс биш өрөөл бусдыг шүүмжлээд явах биш, бүтээл хийхдээ өөрийнхөө өмнө нь хийж байсан алдаанаасаа л суралцаж явах нь чухал юм.

-Гол дүрийн жүжигчнийг бас их таашаажээ. Та түүний тухай яриач?

-Жүжиг маань жил гаруйн өмнө дахиж шинээр сэргээж тавигдсан. Тэгэхдээ “Алтан ураг” хамтлагийн Эрдэнэбат нэмж хэдэн номер бичсэн юм, хоёр гурван хөгжим байна уу даа. Хамгийн сүүлийн найр хийгээд бий биелдэг тэр хэсэг байх. Би шинэчилсэн тавилт дээр албан ёсоор уригдаж очиж үзсэн. Гайхалтай л гэж харж байсан. Би Шинэбаярыг лут жүжигчин юм байна гэж боддог. Миний ажилласан, зориулж дүрийг нь бичсэн жүжигчин бол Эрдэнэбилэг л дээ. Эрдэнэбилэг тоглох учраас Эрдэнэбилэгийн авирыг, түүний араншныг бас бодолцох ёстой байсан. Шинээд цаанаасаа суурь байдаг, дүрээ боловсруулах, өөрийнхөө байх ёстой тавцанг бүтээх тал дээр өвөрмөц хүн юм гэж надад буусан. Би драмын хүн биш л дээ, гэхдээ драмынхантай ч, киноныхонтой ч ойр, хамтарч бүтээл хийдэг учраас Шинээг өвөрмөц жүжигчин юм даа, Модун хааны дүрийг бас ингэж харж болох юм байна гэж харсан. Одоо эндээс бид нэг юмыг ярих ёстой. Ер нь ухаарах ёстой.

-Тэр нь юу вэ?

-Бүтээл. Бүтээл л хүнийг төрүүлж байгаа юм. Уран бүтээлчийг бүтээл төрүүлж байгаа юм. Хэдийгээр зохиолч өөрөө бүтээлээ бүтээж зохиож байгаа ч гэлээ тэр бүтээл нь уран бүтээлчээ төрүүлж байгаа юм. Сэр-Одод “Тэнгэрийн хүү”-г яаж сонсох вэ гэдэг асуултыг өгч байгаагаараа Сэр-Одыг дахин нэг төрүүлж байгаа юм. Хөгжим тал дээр. Найруулагч Наранбаатарыг, Цогнэмэхийг, Ганхуягийг, Даваахүүг дахиад шинээр төрүүлж байгаа юм. Дахиад бид өөртөө шинэ шинэ ертөнцийг нээж байгаа юм. Үүгээрээ бид дахин мэндэлж байгаа хэрэг. Яг үүнтэй адил Шинэбаярыг “Тэнгэрийн хүү” жүжиг дахиад л төрүүлж байна. Дахиад нэг өөр ертөнцийг нь, шинэ ертөнцийг нь нээж өгч байгаа юм. Эрдэнэбилэгийг ч мөн ялгаагүй. Асуулт, асуудал байж байж тэр бүтээл гарна шүү дээ.

-Та энэ бүтээлдээ уран сайхны өөр ямар ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?

-Түрүүн хэлсэн, туульсын хөгжмийг энэ шинэ цагт орчин үеийн театрын хэл рүү, ялангуяа драмын жүжгийн амьдралд, энэ харилцаанд оруулж ирэх гэж хичээсэн.

-Цуур хөгжмөөр бүтэн аялгуу тоглуулсан гэхээр нэн эртний язгууртай үндэсний хөгжмийн зэмсгийн үүрэг, байр суурийг өргөжүүлэх бас нэг шийдэл болжээ?

-Тийм, тэр бол тоглогчийн ур чадварын асуудал байгаа юм. Дээрээс нь, “Монгол хаан” жүжгийн урьдчилсан бэлтгэл “Тэнгэрийн хүү”-гээр тавигдсан гэж би түрүүн хэлсэн. Энэ юу вэ гэвэл, энэ шинэ урлаг биш юмаа. Энд урлагийг л бүтээж байгаа явдал юм. Урлаг бол өөрийн гэсэн давтагдашгүй хэлтэй байдаг. Тэр хэл байхгүй бол хэцүү. Гэхдээ тэр хэл их зөв, нэгдмэл цогцоороо бүтэж чадаж байж тэр урлаг болж дэлхий нийтээр явах боломжтой л гэсэн үг. Үүн дээр л бидний үндэсний эрх ашгаа эрхэмлэх тэр чанар явдаг. Бүр тодруулбал, Даваахүү яагаад түүн дээр бүжиг хийж байгаа юм гэвэл Цогнэмэхийн тэр гайхалтай гоё хүүрнэлүүд дээр жүжигчдийнхээ л моторыг нь ажиллуулж байгаа хэрэг. Монгол үг ойлгохгүй байсан ч гэсэн жүжгийг ойлгож байна гэдэг чинь мотор нь зөв ажиллаад эхлэхээр бусад элементүүд нь яг зөв компакт болж чадаж байвал хаанахын ч үзэгч ойлгочхож байгаа юм. Бүжиг, хөгжим, зураг тайз, найруулагчийн тавилт гээд энэ бүхэн дэлхий нийтийн ганцхан хэлтэй. Ганхуяг, Наранбаатар, Даваахүүгийн хэл дэлхий нийтийн л асуудал. Уг нь их боломжтой байгаа биз. Бид үүнийг л хийх гэж зорьсон юм.

-Бас археологийн олдворыг театрт оруулж ирснийг Орост хийсэн тоглолтын дараа онцолсон байна лээ. Хөгжмийн талаас нь та юу ярих бол?

-Миний хувьд, уртын дуунаас илүүтэй, уртын дуучнаар бүүвэй аялуулах, түүгээр эхийн тухай үзэл санааг тодруулж гаргах нь чухал байсан. Би боддог юм, монголчууд бидэн шиг ижийгээ хайрлах сэтгэл ховор байх. Энэ санаагаа уртын дуугаа бүтнээр нь дуулуулахаас илүү түүнийг бүүвэй болгож хувиргаж өгч байж зорилгоо биелүүлнэ гэж үзсэн. Ер нь хүн төрөлхтний хамгийн анх сонссон хөгжим, ялангуяа монгол хүмүүс хамгийн анх сонссон хөгжим нь эхийн бүүвэй гэдгийг илэрхийлэх гэсэн санаа явж байгаа юм. Энэ үнэнийг гэрчлэх баримт мөн үү.

-Гарцаагүй баримт мөн л дөө. Өнөө цагт бүх л улс түүхээ аль болох уртасгах гэж, сүр хүчтэй болгох гэж, соёл иргэншилт улс болох гэж янз бүрийн оролдлого их хийх болж. Гэтэл манайд тэр бүхэн бодитоороо байж л байна. Соёл иргэншилт улс гэдэг томьёоллоо өнөө цагт цоо шинээр авч үзэх болжээ. Үүнд тун цөөхөн улс орж байна. Та бүүвэйн дууны он цагийг ер нь хэрхэн баримжаалдаг вэ?

-Он цагийг нь би харин бодож байгаагүй. Хачин айхтар юм билээ дээ, манай монголчуудын түүх бол. Би саяхан Д.Болдбаатар багш Чингис хаан Чан чун бомбод бичсэн захидал, Чан чун бомбоос Чингис хаанд бичиж байсан захидлын орчуулгуудыг хийснийг олж үзлээ. Манай өвөг дээдсийн оюун санаа бол бүр сансар огторгуйн юм байна шүү дээ. Тэр үеийн манай хаад, ихэс дээдсийн оюун санаа бол тийм өндөр түвшинд байсан юм байна, тийм учраас дэлхийн соёлт хүн төрөлхтөн өнөөдөр тэр оюун санаагаа хайгаад яваад байгаа юм аа. Өнөөдөр бид ядарч буй мэт боловч бас ч тийм биш байна л даа. Англид ч очиж Колизейд тоглоод, эзэн хааны Санктад нь ч очиж тоглоод л, драм нь байна уу, Херо интертайнмэнт нь байна уу ер ялгаагүй, монголчууд очиж тоглоод байна. Үүний цаана нэг хүч байна. Энэ юу вэ гэхээр, монголчууд хаантай байсан үедээ хүчтэй байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэр хүчтэй байсан хаадынхаа тухай дуулсан юмыг л сонсоод, хараад байгаа биз дээ. Хөгжмийн зохиолчийн хувьд ,энэ ямар учиртай хөгжим бэ гэвэл, Монголын анхны төрт улсын эзэн хааны тухай, хааны л хөгжим юм. Монгол хааны л хөгжим. Хаант төрийн л хөгжим.

Н.Пагма

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn