Талын салхинд буудайн үнэр сэнгэнэж, комбайн тачигнан, тариа ачсан машинууд тоос татуулан давхина. Энэ бол бүтэн жилийн хөдөлмөр ургац болон бууж, шаргал талын өгөөж айл бүрийн ширээнд хүрэх Сэлэнгийн намар. Ургацын далай шаргалтсан, хөдөлмөрч түмний амьдрал буцалсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэе.

Байгаль гоо үзэсгэлэнгээ илүү тодотгосон намрын улиралд тариаланч олны ажил ид бужигнадаг. Намрын улирлын нэг тод өнгө нь ургацын их далай, тариаланчдын хөдөлмөр юм. Бид Цагааннуур сум руу хүлгийн жолоо залсан нь ч үүнтэй холбоотой. Гавьяат механикжуулагч, “Атар трейд” компанийн захирал Ө.Чимэддорж гэхэд нутгийнхан төдийгүй Монголын газар тариалангийн салбарынхан андахгүй. Тэрээр арван хэдэн наснаасаа газар тариалантай амьдралаа холбож, ард олныхоо хүнсний хэрэгцээг хангах их үйлсэд 48 жилийг зориулжээ.

 

Илгээлт авч Цагааннуурыг зорьсон нэг ангийн 34 хүүхдүүд

Ийнхүү бидний ярилцлага гавьяат механикжуулагч Ө.Чимэддоржийн өргөө цагаан гэрээс үргэлжиллээ.Тэрээр хоймор сайхан нутаг Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул. Аав, ээж нь насаараа мал малласан, удам дамжсан малчид. Эгэл жирийн малчин гэр бүлд төрж өссөн тэрээр багаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, аав, ээжээсээ хөдөлмөрч чанарыг өвлөжээ. Эцэг эхээсээ арвуулаа, өнөр өтгөн айлын ууган хүү. Өдгөө аав нь 90 насыг зооглож, үр хүүхэд, ач зээгээ тойруулан жарган сууна.

Ө.Чимэддоржийн газар тариалангийн салбартай холбогдсон түүх сонирхолтой. Тухайн үед улс орноо аж үйлдвэржүүлэх, газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажил ид өрнөж байв. Үүний хүрээнд үр шимтэй хөрстэй газруудад газар тариалангийн сангийн аж ахуй байгуулагдаж байсан үе.

1976 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Найрамдал” Сангийн аж ахуй байгуулагдаж, 1977 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхныхаа тариаг тарьж, гал голомтоо асаасан түүхтэй.

Яг энэ түүхэн цаг хугацаатай хувь тохиолоор таарч, жилийн дараа Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн Ө.Чимэддоржийн ангийн 34 хүүхэд, хоёр багшийн хамт илгээлт авч шинээр байгуулагдсан “Найрамдал” Сангийн аж ахуйд ирж, ажил амьдралынхаа гарааг эхэлжээ.

Тухайн үед ахмад тариаланч Найдангийн Санжаа илгээлтээр ирсэн залуучуудад анхны хөдөлмөрийн багаж болох хүрз гардуулж, “Сайн ажиллаарай” хэмээн ерөөл хайрласан гэдэг. Газар тариалан гэж төдийлөн мэдэхгүй залуус их хүсэл тэмүүлэл өвөртлөн ургацын далайд хөл тавьсан нь энэ.

Намрын ажил дуусмагц илгээлтээр ирсэн хүүхдүүдийг Зил 130 машинаар нутагт нь хүргэж өгөөд, хавар нь буцаан авчирдаг байв. Үр бүтээлтэй ажиллавал их, дээд сургуульд үргэлжлүүлэн сурах боломжтой байсан нь залуусын хөдөлмөрлөх хүсэлд ч нөлөөлжээ.

 

Сумын анхны  залуу аварга комбайнч

Ингээд тэр намраа 34-үүлээ хуучнаар ЗХУ одоогийн Беларуст суралцаж, 1979 онд трактор комбайнчаар төгсөөд сангийн аж ахуйдаа буцаж иржээ. Тухайн үед Атрын IX бригад байгуулагдаж, ангийнхаа хүүхдүүдтэй хамт нэг бригад болон ажилласан байна. Тэр үед арав гаран шинэ трактор,  хуучин гурван трактор хуваарилжээ. Ө.Чимэддорж болон түүний ханьд хуучин трактор оногдсон учраас засаж янзлаад  газар тариалангийн их ажилд шамдан ажиллаж эхэлсэн байна.

Ахмадуудаасаа суралцан, тариа хэрхэн тарьдаг гээд их хөдөлмөрийн зах зухаас суралцаж эхэлжээ. Ийнхүү нэг үеийн шижигнэсэн залуус гар, сэтгэл нийлэн ажиллаж, сангийн аж ахуйнхаа аваргууд болж байв. Ө.Чимэддорж ч нэг жилийн дотор гурван жилийн норм биелүүлж, 1981 онд сумын анхны залуу аварга комбайнчаар шалгарч, сангийн аж ахуйн түүхэнд нэрээ үлдээжээ.

Тэр үед хамгийн сайн ажилласан гурван хүнд ХААИС-д суралцах эрхийн бичиг олгосны нэг нь Ө.Чимэддорж. Хөдөө аж ахуйн инженер механикжуулагч мэргэжлээр зургаан жил эчнээгээр суралцаж, 1987 онд төгсжээ.

Ийнхүү  тариа будаа шигээ ажил амьдрал нь өрнөж 1979-1983 онд “Найрамдал” сангийн аж ахуйд трактор, комбайнчаар ажиллаж, 1983-1985 онд бригадын дарга, 1985-1991 онд ашиглалтын инженерээр ажилласан байна. 1991 оноос сангийн аж ахуй гурав хуваагдаж, хувьсгалт компани болж зохион байгуулалтад ороход “Сэлэнгэ-Найрамдал” компанийн гүйцэтгэх захирлаар 1998 он хүртэл ажиллажээ.

Энэ тухайгаа тэрээр “Аав, ээж маань намайг ажилд сургаж, хүн юм хийж, хөдөлмөрлөж байж амьдралаа авч явдаг гэдгийг багаас минь ойлгуулсан. Аав, ээжээсээ хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч  өссөндөө талархдаг. Арван жилийн ангийнхан маань ч их  хөдөлмөрч,  ажилсаг хүүхдүүд байсан. Ер нь манай Хөвсгөл аймгийн Галт сумынхан хөдөлмөрч, оюунлаг хүмүүс байдаг. Манай ангийнхан  энэ сайхан нутагт илгээлтээр ирж, ангиасаа ханьтайгаа учирсантай их баярладаг. Манай ангиас 9 гэр бүл төрсөн их ховор хувь тохиолтой.

Өөрийгөө би их азтай хүн гэж боддог. Тариаланч болсноороо би өнөөдөр сайн сайхан амьдарч явна. Хүн гэлтгүй амьтдын идэх хоол хүнсийг бэлтгэдэг буянтай ажил шүү дээ.

Мөн сайхан нутаг орны минь  буян заяа түшиж, хувь тавилангийн эрхээр  ангийнхантайгаа  үржил шимтэй сайхан нутагт ирж,  Атрын сангийн аж ахуйг  байгуулахад гар бие оролцож явсан нь сайхан байдаг. Цагааннуур  сумын ард түмэн бол ажилч хөдөлмөрч,  юмыг бүтээх чин хүсэлтэй  хүмүүс байдаг” гэлээ.

Түүний ажил, амьдралын замналд гэргий Ж.Одончимэгийнх нь оролцоог онцлон дурдах учиртай. Тэд хоёулаа илгээлтээр Цагааннуур суманд ирж, нэг салбарт ажиллан амьдралынхаа гарааг эхэлжээ. Тэдний хүү Ч.Сандаг-Очир МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсөж, өдгөө аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн компанидаа ажиллаж байна.

 

Улсын ургацын гурван удаагийн аварга “Атар трейд”-ийнхэн

Хамт олонтойгоо.

Ө.Чимэддорж гавьяатын ажил амьдралын дараагийн өрнүүн үе нь Монголын газар тариалангийн салбарын түүчээ болсон аж ахуйн нэгжийн нэг  болох “Атар трейд” компанийг үүсгэн байгуулсан он жилүүд. Тэрээр 1999 оны арван хоёрдугаар сард долоон хүнтэй, 60 га газар, хоёр трактортойгоор компаниа байгуулж, 2000 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Ийнхүү цөөн хүнтэй, багахан талбайгаас эхэлсэн “Атар трейд”-ийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, орчин үеийн технологиудыг нэвтрүүлэн Улсын ургацын гурван удаагийн аварга хамт олноор шалгарсан байдаг. Өдгөө 4000 гаруй га талбайд үр тариа тариалж, хөдөө орон нутагт 30 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгож, олон хүний амьдралын түшиг болж яваа нь “Атар трейд”-ийн нэг үнэ цэн юм.

 “Энэ хугацаанд хүнд бэрхшээлтэй, ололт амжилттай үе ч олон байсан. Манай компани энэ бүхнийг туулж л яваа хувийн хэвшлийн нэг. Улсын ургацын гурван удаагийн аварга, газар тариалангийн томоохон хувийн компани болсондоо баяртай байдаг. Олон жилийн хугацаанд сэтгэл зүрхээ зориулан, санаа нийлэн ажилласан хүмүүсийн ажлын үр дүн юм. Мөн сум орон нутаг, найз нөхөд, бусад компани, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг ч бий” хэмээн Ө.Чимэддорж ярив.

 

Бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр

Удам дамжсан тариаланчид.

Ө.Чимэддорж орон нутгийнхаа хөгжилд олон жил гар бие оролцож, Цагааннуур сумын бүтээн байгуулалт, нийгмийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулж иржээ. Тэрээр 1990 оноос хойш сумын ИТХ-ын есөн удаагийн сонгуулийн наймд нь сонгогдон ажилласан бол аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогджээ. Мөн сумынхаа намын хорооны даргаар 19 жил ажилласан байна.

Орон нутгийн олон нийтийн ажилд оролцохын зэрэгцээ хүүхдүүдийг спортоор хичээллүүлэхэд анхаарч ирсэн нь түүний хийсэн ажлын чухал хэсэг юм.Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Жаргалсайхантай хамтран хүүхдүүдийг бөхөөр хичээллүүлэх, бэлтгэл сургуулилалт хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарчээ. Үүний үр дүнд өсвөрийн улсын аваргад амжилт гаргахаас гадна олон улсын тэмцээн уралдаанд оролцох хэмжээнд хүрсэн байна.

Энэ нь  багш нарын хөдөлмөрөөс гадна тэднийг дэмжиж, спортод дурлах боломжийг нь бүрдүүлэхэд анхаарсан хүмүүстэй салшгүй холбоотой.Тэдний нэг нь Монгол түмний хүндэтгэн хайрладаг даян аварга Б.Орхонбаяр. Энэ жилийн улсын баяр наадамд түрүүлж, монгол түмнээ цэнгэлийн манлайд хөтлөн, нутаг ус, аавынхаа нэрийг төрийн зарлигт дуудуулан зогссон нь саяхан билээ. Энэ тухай тэрээр  “Би бөхөд их сонирхолтой. Багадаа бөх болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Цагааннуур сумынхаа бөхийн холбооны тэргүүнээр олон жил ажилласан. Засаг дарга Жаргалсайхан найзтайгаа хамтраад биеийн тамирын багш авчирч, бөхийн секц хичээллүүлж байсан. Улсын цолтой бөх төрүүлдэггүй юм аа гэхэд ,аймгийн цолтой бөхтэй болъё гэж бодсон хэрэг.

Мөн нутагтаа алдартай Боохой Данзан арслангийн суваргыг босгосон. Хүүхдүүд маань бөхөд дуртай болж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож эхэлсэнд баяртай байдаг.

Б.Орхонбаяр маань ч гэсэн бөхийн спортод дуртай хүүхэд байсан. Хамгийн гол нь амжилт хувь хүний хөдөлмөр зүтгэлээс шалтгаална. Бид сэтгэл санаагаар дэмжиж ажилласан. Өөрөө их хөдөлмөрч, зорилготой, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваад нь бахархдаг. Манай сумаас улсын даян аварга, хоёр аймгийн начин, арваад сумын заан төрсөн байна. Бөхийн спорт хөгжиж байгаа, цаашид ч ирээдүй байгаа гэж хардаг” гэлээ.

 

Төрийн зөв дэмжлэг газар тариалангийн салбарт чухал үүрэгтэй

 

Буудайн үнэртэй талд ургац хураалт үргэлжилж, тариаланчдын ажил ид өрнөж байлаа.Комбайнууд нааш цааш холхилдож, тариа ачсан машинууд тоос татуулан давхина. Ө.Чимэддорж ахтай тариан талбайгаар явж, ажлын явцыг сонирхонгоо өнөөдрийн газар тариалангийн талаар ярилцлаа.

-Газар тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийн бодлогыг та хэрхэн хардаг вэ. Энэ дэмжлэг салбарын үйлдвэрлэлд бодит үр өгөөжөө өгч чадаж байна уу?

-Ер нь газар тариалангийн ажил бол тодорхой хэмжээгээр төрийн дэмжлэггүйгээр явахад хүнд үйлдвэрлэл. Яагаад гэвэл,  урт хугацаанд  эргэж үйлдвэрлэл бий болж бүтээгдэхүүн гардаг учраас тэр хугацааны алдагдал гэж бий.  Манай улс цаг уурын нөхцөл байдлын хувьд эрс тэрс уур амьсгалтай. Тогтвортой ургац авахад баталгаа бага, ган гачиг, эрсдэл ихтэй. Тиймээс төр засгийн зөв дэмжлэг чухал.

Тариаланчдад бодитоор хүрч, зориулалтын дагуу зөв зарцуулагдаж, үр дүн нь гардаг, хяналттай дэмжлэг нь газар тариалангийн үйлдвэрлэл цаашид тогтвортой хөгжихөд нөлөөлнө гэж хардаг.

Өмнө нь “Атар”-ын аяны хүрээнд дэмжлэгүүд үзүүлж байсан нь үр дүнгээ өгсөн гэж боддог. Миний хувьд тухайн дэмжлэгээс тодорхой хэмжээнд банкны хөнгөлөлттэй зээл авч, техникээ шинэчлэх зэрэгт ашиглаж байсан. Гэхдээ авсан зээлээ хугацаа хэтрүүлэлгүй, гэрээнийхээ дагуу төлж, өөрийн боломж, эх үүсвэрт тохируулан үйлдвэрлэлээ явуулж ирсэн.

-Газар тариалангийн салбарт шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд  байна вэ?

-Сүүлийн жилүүдэд боловсон хүчний асуудал нэлээд тулгарч байна. Үүнийг төр засгийн зүгээс бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатай гэж хардаг.

Технологийн хувьд салбар шинэчлэгдэж, дэлхийн жишигт нийцсэн технологиуд нутагшиж байгаа. Техник, технологийн мэдээлэл хурдацтай хөгжиж байгаа энэ үед тухайн ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн хичээл зүтгэл, сэтгэл чухал. Сэтгэлтэй, тогтвортой ажиллах боловсон хүчин хэрэгтэй байна. Малчид үе дамжиж малаа маллаж байгаатай адилхан,  үе дамжсан тариаланчдыг бий болгох  зах зээлийн нийгмийн  эрэлт хэрэгцээ зайлшгүй  бий болчхоод  байна.

Тасралтгүй, үр дүнтэй ажиллаж байж энэ салбар хүндээ, улс орондоо өгөөжөө өгдөг. Харин өөрийн боломж, нөхцөлөөс давсан зүйлд хөрөнгө, хүч зарцуулж, бодит тооцоогүй ажиллавал эцэстээ ажиллаж байгаа хүмүүсээ ч зовоож, үр дүнгүй зардалд хүргэдэг.

Мал аж ахуй, газар тариалан бол Монголын эдийн засгийн суурь салбар. Тиймээс хүнсний асуудалд төрөөс онцгой анхаарах хэрэгтэй. Мөн газар тариалангийн бүс нутаг хуульд тусгаж, малын тоо толгойд ч анхаарах хэрэгтэй байна.

-Залуу үеийнхэнд ажил, хөдөлмөрийн талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн ажлыг голж болохгүй. Инженер болчхоод хүртэл Сангийн аж ахуйн жорлонг цэвэрлэдэг байсан. Юм болгоныг хийж үзэх хэрэгтэй.  Хүн ажиллаж, хөдөлмөрлөж тэр ажлын амтанд орж байж  эрүүл саруул байна, бас хөгжинө. Зорилготой, тууштай ажиллавал амжилт аандаа гарна” гэсэн юм.

Сэлэнгийн Зүүнбүрэн суманд ажиллаж байсан Нацагдорж баатар  “Тариаг эхлээд тархиндаа ургуулаад дараа  нь хөрсөнд тарьдаг”  гэсэн алдарт үг хэлсэн байдаг. Харин Ө.Чимэддорж гавьяатын хувьд тариа тарихад эхлээд  хүнээ бойжуулах нь чухал гэдгийг онцоллоо. Ийнхүү тэрээр  өргөн Сэлэнгийн газар тариалангийн хөгжилд өөрийнхөө ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээ зориулж явна. Тухайн цагтаа эмэгтэйчүүдийн хөгжил хөдөлгөөнд тодорхой хэмжээгээр санхүү, эдийн засгийн тус дэмжлэг үзүүлж байдагт нь олон эмэгтэйчүүд талархаж байдгийг аймгийн эмэгтэйчүүдийн ажлыг эрхэлж явсан Л.Оюунчимэг сэтгүүлч бахархан дурслаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn