Р.ОЮУН
УИХ-ын 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ажил олгогч, даатгуулагч, иргэдэд сурталчлан таниулах, нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор “Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга” сэдэвт сургалтыг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа.
Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1031 аж ахуйн нэгж, байгууллага, 15.7 мянган даатгуулагч албан журмаар, 5000 даатгуулагч сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж, энэ онд нийгмийн даатгалын санд 83 тэрбумын шимтгэлийн орлого төвлөрүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас 21 мянга гаруй даатгуулагч 200 гаруй тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг олгохоор ажиллаж байна.
Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг орон даяар нийгмийн даатгалын байцаагчид, ажил олгогчдод, даатгал төлөгчдөд, тэтгэвэр авагчиддаа зориулаад сургалт зохион байгуулж байна. Манай багийн хувьд Өмнөговь, Дундговь, Төв аймагт ажиллаж байна. Сургалт маань Төв аймгийн нийт ажил олгогч, даатгуулагч, иргэд, тэтгэвэр авагчдад зориулсан. Төв аймгийн хувьд 1000 гаруй ажил олгогч, 21 мянга орчим албан журмаар болон сайн дураар даатгуулагчдыг нийгмийн даатгалд хамруулж, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлж байна. Хуулийн хувьд ажил олгогч, даатгуулагчид, тэтгэвэр авагчдад чиглэсэн хэд хэдэн том өөрчлөлт орсон.
Ажил олгогчдын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь тодорхой хэмжээгээр буурлаа. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгалын шимтгэлийн хувь 0.1-0.2 хувиар буурсан хуулийн зохицуулалт ирэх оноос хэрэгжинэ. Мөн ажил олгогчдод шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний сарын дээд хэмжээ хязгаар гэж байдаггүй. Үүнийг үе шаттайгаар даатгуулагчдынхаа дээд хэмжээтэй адилхан болгоно. Зарим ААНБ-ын хувьд гарааны бизнес эрхэлж, шинээр үйл ажиллагаа явуулж байна. Гарааны бизнес эрхэлж буй ААНБ-ууддаа нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, хөнгөлөлтийг үзүүлж бизнес нь тогтвортой явах, ажлын байраа хадгалах энэ боломжийг олгох нөхцөлийг бүрдүүлж байна.
Даатгуулагчдын хувьд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй даатгуулагч иргэний гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд нийгмийн даатгал төлөхгүй байх. Мөн хэд хэдэн иргэний гэрээгээр давхар ажиллах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд зөвхөн нэг гэрээгээр тохирсон цалин хөлснөөсөө нийгмийн даатгал төлөх. Нийгмийн даатгалд анх удаа даатгуулж байгаа хүмүүс байж болно. Энэ хүмүүсийн хувьд тодорхой хэмжээнд шимтгэлийн чөлөөлөлтийг хоёр жилийн хугацаанд үзүүлэх гэсэн даатгуулагчид чиглэсэн өөрчлөлтүүд орсон.
Тэтгэвэр авагчдын хувьд тэтгэврийн шинэчлэл нэлээн хийж байна. Монгол Улс олон давхар тэтгэврийн тогтолцоотой болж байна. Өөрөөр хэлбэл, олон санхүүгийн эх үүсвэрээс тэтгэвэр авагчид маань тэтгэвэр авах боломж нь бүрдэж байгаа. Одоогийн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа түүнчлэн цэргийн тэтгэвэр авч буй ахмад настан буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн нийт тэтгэвэр авагчдаа суурь тэтгэврийг улсын төсвөөс олгохоор боллоо. Суурь тэтгэвэрт зарцуулах хөрөнгийг УИХ дээр хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголын хүрээнд авч хэлэлцэж байна.
196.3 тэрбум төгрөг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэх суурь тэтгэвэр олгоход шаардлагатай байгаа. Энэ төсөв батлагдсан тохиолдолд нийт Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй цэргийн тэтгэвэр авдаг ахмадууддаа суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Түүнчлэн оюутан суралцагсад, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт орсон. Өөрөөр хэлбэл, оюутнууд маань суралцах хугацаандаа ажил эрхэлж цалин авч байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх. Сургуулиа төгсөөд тодорхой хугацааны дараа шимтгэлээ нөхөн төлөх. Нөгөө талаас ахмад настны хувьд тэтгэвэр тогтоолгосон хэрнээ ажил эрхлээд явж байгаа бол 55, 60 наснаасаа хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй явах сонголтыг олгосон байгаа” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)