Монгол бичиг, төвд хэлээр бичигдсэн уламжлалт анагаах ухааны судар, номд тэмдэглэгдсэн ургамлын талаарх мэдээллийг судлан, монгол хэлээр хөрвүүлж хүмүүст хүргэж буй олноо “ургамлаар эмчлэгч Тосон багш” хэмээн нэрлэгдсэн багш Д.Тосонг  “Зууны мэдээ” сонин “Хэв маяг, хэмнэл” буландаа урьж ярилцав.

-Та ургамлаар эмчлэх тухай ойлголтыг эхлээд тайлбарлаж ярина уу?

-Ургамал судлал, ургамал судлаач гэдэг өөрөө их өргөн ойлголт. Би төвд хэл болон монгол бичгийн багш хүн. Харин ургамлын тухай ном, сударт монгол бичгээр болон төвд хэлээр бичигдсэн мэдээллийг монгол хэл рүү хөрвүүлж, хүмүүст хүргэж байгаа юм. Жишээлбэл, “жасран гамбуузин” гэдэг ургамал байлаа гэхэд ямар ач холбогдолтойг нь хүн бүр мэдэхгүй. Тэгвэл би судраас хайж, ямар өвчинд хэрэглэдэг талаар нь олж тогтоохыг хичээдэг. Тухайлбал, элэгний циррозын эхэн үеийн хатуурлыг зогсоох үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байж болно. Мөн “цамбагарав” гэдэг нь мөөг бөгөөд элэгний циррозын үед хэрэглэдэг гэж сударт бичсэн байдаг. Зарим хүмүүс намайг ургамал судлаач гэж ойлгодог. Би бол ургамал судлаач биш. Харин эртний судар, номд байгаа мэдээллийг судалж, орчин үеийн хүмүүст ойлгомжтой хэлбэрээр хүргэхийг зорьдог.

 -Монголчуудын дунд ямар өвчлөл түгээмэл байна гэж та ажигладаг вэ?

-Монголчуудын дунд төрөл бүрийн хавдар нэлээд түгээмэл. Тэгэхээр хавдрын үед ямар ургамлыг хэрэглэж болох талаар судар, номд бичигдсэн зүйлсийг судалдаг. Тухайлбал, “донро сэдвэ”, “саадаг нога”, “газар парма” гэх мэт ургамлын нэр таардаг. “Саадаг нога” гэдэг нь бусад ургамлын ургах хугацаа дууссан үед шинээр ургадаг, хаврын яргуйтай төстэй ургамал гэж сударт тэмдэглэсэн байдаг. Түүнийг шинээр нь түүж хатаагаад шилэн саванд хийж, монгол архиар дарж хэдэн сар хэрэглэвэл хавдрын хэмжээ багасах, идэвхжил нь зогсох тохиолдол байдаг гэж сударт тэмдэглэсэн байдаг.

 -Та өөрөө хэрхэн ургамалтай холбогдож эхэлсэн бэ?

-Би эртний сударт ургамлаар анагаах талаар бичсэн байдагт их сонирхолтой байсан. Тэгээд өөрөө элэгний цирроз өвчнөөр өвчилсөн. Тэр үед “цамбагарав”-ыг элэгний циррозын үед хэрэглэдэг гэж бичсэнийг олж харсан. Дараа нь орчин үеийн ном зохиолоос харж, байгалиас таньж, хайж олоод өөрөө хэрэглэсэн. Тэгээд биеийн байдал маань сайжирсан.Үүнийгээ л олон түмэнтэй хуваалцах зорилгоор хүмүүст хүргэж эхэлсэн.

-Ургамлыг хэрхэн таньж мэддэг вэ? Эдгээр эмийн ургамал байгальд хэр элбэг байдаг бол?

-Би байгаль, ой, уул, тайгаар 20 жил явсан. Номоо бариад ургамалтайгаа тулгаж үздэг. Байж болох ургамлаа олж, таньж баталгаажуулахыг хичээдэг.

-Та ямар ном, судрыг голлон ашигладаг вэ?

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Очиртойн гэж хүний хэд хэдэн судар надад өвлөгдөж ирсэн. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Олдох, Найдан гэж хүмүүсийн судруудыг судалж, хайж олж авсан.Эдгээр сударт байгаа мэдээллийг амьдрал, байгальтай холбон судалж, хүмүүсийн ойлгох хэлээр хөрвүүлж байгаа нь миний хувьд онцлог зүйл болсон.

-Та анх ургамлаа олон нийтэд хэрхэн таниулсан бэ. Анхны хэрэглэгчдийнхээ үр дүнгээс хуваалцаач?

-Одоогоос таван жилийн өмнө анх “үрэвт марав” гэдэг ургамлыг судар болон байгалиас олж, өөрөө хэрэглэж үзсэн. Тэгээд бөөр өвдөхөө больсон.Үүний дараа ийм ургамал байдаг талаар хүмүүст хэлж, заримд нь өгч эхэлсэн. Тэгсэн хүмүүс хоёр, гурван сарын дараа “бөөр зүгээр боллоо”, “энэ ургамлаа дахин олж өгөөч” гэх мэтээр хандаж эхэлсэн. Ингээд цахим орчинд энэ ургамлыг сонирхох, хайх, хэрэглэх хүсэлтэй хүмүүсийн эрэлт бий болсон.

 -Тэгэхээр бөөрний дутагдалтай хүнд ямар ургамал хэрэгтэй вэ?

-“Цээнэ” хэмээх ургамал бий. Энэ ургамлыг эрт дээр үеэс монголчууд бөөрний өвчлөлд хэрэглэж ирсэн юм билээ. Нэгээс хоёр сар хэрэглээд шинжилгээ өгөхөд үр дүн нь шууд гарна.Цээнийг ихэвчлэн бүсэлхийнээс доош эрхтний өвчлөлд хэрэглэдэг. Ургамал их сонин. Газрын доор байгаа ургамал нь хүний бүсэлхийнээс доош хэсэгт, дунд хэсэгт ургаж байгаа нь элэг, цөс зэрэг эрхтэнд, газрын дээр ургаж байгаа ургамал нь хүний толгойн орой хэсэгт очиж нөлөөлдөг байх жишээтэй. Тэр битгий хэл тухайн жилд ямар эмийн ургамал элбэг ургаж байгаагаар тэр жилд ямар өвчлөл илүү гарахыг тодорхойлж болно.

-Тэгвэл энэ 2026 онд ямар өвчлөл илүү дэгдэх бол?

-Энэ жил “хөх дэгд” хаа сайгүй ургасан байсан. Тэгэхээр ханиад, томуу асар их гарна гэж үзэж болно. Байгаль, дэлхий өөрөө тэр чигтээ холбоотой, экологийн зүй тогтолтой гэж би ойлгодог.

 -Зарим жил шар цэцэг их ургасан байдаг. Энэ нь ямар өвчлөлтэй холбоотой вэ?

-Ходоод, гэдэсний халдварт өвчлөл их байх шинжийг илэрхийлдэг. Зарим жил цагаан цэцэг их ургасан байдаг. Энэ нь ямар нэгэн халдварт өвчин гарч болзошгүйг илтгэх дохио гэж үздэг. Ер нь эмийн ургамлыг зөв таньж, зөв хэрэглэж чадвал асар их үр дүнтэй.

-Одоо таныг дагаж, ургамлын эмчилгээ хэрэглэж байгаа хэчнээн хүн байна вэ?

-Хэрэглэгчийн тоо 200-300 мянгад хүрсэн байх. Намайг дэмждэг хүмүүсийн тоо 180 орчим мянга болсон байх.

-Ургамлыг хэрхэн түүж, бэлтгэж байна вэ?

-Яг сударт бичсэнээр нь түүж авч, хадгалж, хамгаалж байна. Одоо мэхээрийн ургах цаг. Мэхээр нь нойр булчирхайн өвчлөлд хэрэглэдэг. Мэхээрийг хулгана түүж, нүхэндээ хадгалдаг. Тэрийг хулганаас авахдаа нүхэнд нь /оронд нь/ арвай, буудай хийж авдаг. Ер нь бүх зүйл нарийн цаг хугацаатай.

 -Монголчууд тан эмчилгээг нэлээд хэрэглэдэг. Тангаар эмчлэх, ургамлаар эмчлэх хоёрын ялгаа юу вэ?

-Тан бол шал өөр эмчилгээ. “Тан”, “түн” гэсэн хоёр гадаад үгнээс гаралтай. Харин ургамал гэдэг нь Монголын байгальд ургаж байгаа ургамлыг хэлж байгаа юм.

 -Эдгээр ургамал хаана илүү их ургадаг вэ?

-Ихэнх ургамал Хөвсгөл аймагт ургадаг. Газар тариалангийн бүсэд ургаж байгаа ургамлын амт, чанар муу, анагаах чадал нь сул байдаг. Харин Хөвсгөлийн ургамал хүч, чадал сайтай. Хавар хамгийн түрүүнд хуанлин гэдэг ургамал гарч ирнэ. Дараа нь яргуй, тияан гэх мэтээр ургамлууд дарааллаараа ургадаг. Монгол оронд 6000 нэр төрлийн ургамал бий. Үүнээс 3000 орчим нь одоогоор судлагдаж байгаагаас экологийн үнэлгээгээр үнэлж, 2800 орчим ургамлын нэр төрлийг судалж, тодорхой болгосон байдаг. Би 20 жилийн хугацаанд 120 орчим төрлийн ургамлыг маш сайн таньж сурсан. Өөрийн тоймлож гаргаснаар 280 орчим төрлийн ургамлыг эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно гэж үзэж байгаа.

 -Таны сайн таньдаг 120 төрлийн ургамлын ач холбогдлыг тус бүр нарийвчлан судалсан гэсэн үг үү?

-Монгол оронд 300 орчим зүйл, төрлийн ургамал судлагдаж байгаа. Үүнээс 120 орчим төрлийг би хаанаас нь ч харсан танина. Энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Хүний тулгуур эрхтнийг ерөнхийд нь хөл гэдэг. Харин сударт эрэгтэй хүний тулгуур эрхтэнд түрүү булчирхай, бөөр, давсаг, ууц нуруу, эмэгтэй хүнийхэд сав, бөөр, давсаг, ууц нурууг хамааруулан үздэг.

Эдгээр эрхтэнд сайн нөлөөтэй ургамал болон бусад эмчилгээг зөв хэрэглэвэл тулгуур эрхтэнд сайнаар нөлөөлдөг гэж үздэг.

-Та “Тосон багшийн ургамал” номоо гаргасан байсан шүү дээ. Ном нь хаагуур зарагдаж байна вэ ?

- Тиймээ .Хангай нутагт ургадаг 120 зүйл ургамлыг өнгөт зураг, байгаль дээрээс хэрхэн таних болон ач тусыг дэлгэрэнгүй танилцуулсан номоо гаргаж хэрэглэгчдээ хүргээд байна.  Эмийн ургамал, амьтны эдийг хэрхэн яаж хэрэглэх тухай жор зөвлөмжийг хуудас бүрд шигтгэсэн.Мөн өөрийнхөө хорт хавдар, элэгний хатуурал, ходоодны шархаа ургамлаар хэрхэн эмчилж эдгээсэн түүхийг багтаасан. Ургамлыг хуулийн хүрээнд хэрхэн бэлтгэх, яаж зөв авч хатааж хэрэглэх мэргэжлийн зөвлөмж агуулсан. "Мир", "Аз хур", "Интер"  номын дэлгүүрээс  “Алтжин” бөмбөгөрийн урд замын урд байрлах "Тосон багшийн ургамал" дэлгүүр болон үнэгүй хүргэлт, орон нутгийн унаанд тавиулах  зэргээр худалдан авах боломжтой.

 -Сүүлийн үед элэгний хатуурал, элэгний хавдар элбэг байна. Мөн архи, хар тамхины донтолтыг эмчлэх ургамал байдаг уу?

-Дуршил бууруулах, элэгний хатуурлыг арилгах зэрэгт хэрэглэдэг ургамлын талаар сударт бичсэн байдаг. Эдгээр ургамлыг судалж байна.Тухайлбал, элэгний хатууралтай хүн “цамбагарав” буюу цай ургамлыг хэрэглэнэ, вирусын идэвхжил өндөртэй үед хунчир хэрэглэнэ гэх мэтээр сударт тэмдэглэсэн байдаг.Ер нь эцэст нь хэлэхэд эмийг замбараагүй хэрэглэх хэрэггүй. Аль болох бага хэмжээгээр, зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Эмийг хэт их хэрэглэснээр хүмүүс олон янзын өвчинд нэрвэгдэх эхлэл болж байна. Мөөгөнцөртэй болох, эмийн хамааралд орох, дасалтай болох зэрэг асуудал гардаг. Тиймээс эмийн эмчилгээний завсарт ургамлыг зохистой хэмжээгээр хэрэглэж, хөл нүцгэн байгальд алхаж, хоолны дэглэмээ баримтлах хэрэгтэй гэж би зөвлөдөг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 190 (7932)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn