З.ЦЭЦЭГ
Зурхай нь санхүүгийн ямар нэгэн баталгаа амладаггүй ч сэтгэл зүйн онцлог хэв шинжүүдийг тодорхойлоход тун чиг сайн үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, бид эрсдэлд хэрхэн ханддаг, бодолгүйгээр худалдан авалт хийх хандлагатай эсэх, мөн тогтвортой байдал эсвэл эрх чөлөөний аль нь бидний хувьд илүү чухал болохыг харуулдаг. Мөнгөтэй холбоотой хандлагын тусгал гэдэг үүднээс авч үзвэл энэ нь тун сонирхолтой дүр зургийг бий болгодог. Гал, шороо, хий, усан махбодын алинд нь сууснаас хамаараад зурхайн орд тус бүрийн санхүүгийн дадал зуршлын онцлогийг eva.ru-гийн нийтлэлд дэлгэрэнгүй тайлбарласныг орчуулан уншигчдадаа сонирхуулж байна.
Гал махбодтой ордныхон: Эрч хүч, эрсдэл ба шуурхай шийдвэр

Хонины орд:
Хонины ордны хувьд мөнгө бол үйлдэл хийх эх үүсвэр юм. Тэд ямар нэгэн санааг амархан хүлээж, "амжилтад хүрэхийн тулд" мөн адил амархан мөнгө зарцуулдаг. Хадгаламжийн стратеги нь ихэвчлэн тэвчээргүй байдлаас болж бурууддаг. Шууд үр дүнд хүрэх хүсэл эрмэлзэл.
Зөвлөгөө: "24 цагийн дүрэм"-ийг дагаж мөрдөөрэй - томоохон худалдан авалт хийхээсээ өмнө бүтэн өдөр хүлээгээрэй. Тусдаа "санааны сан" нээгээд орлогынхоо 10-15%-ийг үүнд шилжүүлээрэй. Энэ нь түргэн зангаа хязгаарлаж, туршилт хийх төсөв гаргах болно.

Арслангийн орд:
Энэ ордныхон бусдад сэтгэгдэл төрүүлэх дуртай байдаг тул тэдний зарцуулалт нь тодорхой түвшний чанарыг илэрхийлж, сэтгэл хөдлөл төрүүлэхүйц байх нь чухал байдаг. Тэдний хувьд мөнгө бол зүгээр нэг хэрэглээний хэрэгсэл бус, харин өөрийн байр суурь, зиндааг илтгэх арга хэрэгсэл юм.
Зөвлөгөө: "Нэр хүнд, зиндааг илтгэх зардал"-ын тусгай төсөв буюу сэтгэлд таашаал өгөх, бусдад сэтгэгдэл төрүүлэхүйц зүйлсэд зориулах тогтмол дүнтэй мөнгийг тусад нь гаргаж байгаарай. Харин үлдсэн хэсгийг нь урт хугацааны зорилгодоо чиглүүлэх хэрэгтэй. "Сард нэг удаа үнэтэй зүйл худалдаж авах" дүрэм нь танд таашаал болон санхүүгийн тогтвортой байдлын хоорондох тэнцвэрийг хадгалахад тусална.

Нумын орд:
Нум ордныхон мөнгөнд хандахдаа тайван, чөлөөтэй ханддаг. Тэдний хувьд мөнгө ирэх, явах нь энгийн үзэгдэл бөгөөд үүнийг эмгэнэлт явдал гэж үздэггүй. Тэд аялах, шинэ зүйл сурах, шинэ туршлага хуримтлуулах дуртай тул эрх чөлөөгөө эрхэмлэхийн тулд хуримтлалаа ч зориулахаас буцдаггүй.
Зөвлөгөө: Хуримтлалаа автоматжуулаарай. Цалин буусан даруйд тусдаа данс руу мөнгө автоматаар шилждэг тохиргоо хийгээрэй. Харин шинэ туршлага, зугаа цэнгэлд зарцуулах мөнгөө тодорхой хязгаартай, урьдчилж цэнэглэдэг картанд байршуулж хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр та төлөвлөөгүй зүйл хийх эрх чөлөөгөө хадгалахын зэрэгцээ хэт их зардал гаргахаас сэргийлж чадна.
Шороон махбодтой ордныхон: Бодит байдал, хяналт, урт хугацааны төлөвлөгөө

Үхрийн орд:
Үхрийн ордныхон тав тух, тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Тэдний хувьд мөнгө нь аюулгүй байдлын баталгаа болдог тул хөрөнгөө хадгалахыг илүүд үзэж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийдэг.
Зөвлөмж: Хөрөнгө оруулалтын багцдаа өсөлтийг дэмжих зорилгоор "өндөр эрсдэлтэй" хэсгийг (5–10%) нэмж оруулаарай. Энэ нь танд зөвхөн тав тухтай, дассан орчиндоо гацаж үлдэхээс сэргийлж, зах зээл дэх боломжуудыг ашиглах боломжийг олгоно.

Охины орд:
Охин ордныхонд нөхцөл байдлыг хяналтдаа байлгах нь чухал байдаг тул тэд нарийн ширийн зүйлс, төсөв, жагсаалт зэрэгт дуртай. Гэнэтийн зардал гарахаас болгоомжилж, тэд заримдаа хэт гамнах хандлагатай байдаг.
Зөвлөгөө: "Сэтгэл амар байхсан" буюу 3–6 сарын зардлыг нөхөх хэмжээний нөөц хөрөнгө бүрдүүлээрэй. Ийм нөөцтэй болсноор та жижиг сажиг зардлын талаар санаа зовохоо больж, өөрийгөө бага зэрэг эрхлүүлснээсээ болж гэмших мэдрэмжээс ангижрах боломжтой болно.

Матарын орд:
Матар ордныхон стратегийн сэтгэлгээтэй байдаг. Тэд урт хугацааны төлөвлөгөө гаргаж, томоохон зорилгынхоо төлөө хөрөнгө хуримтлуулахад бэлэн байдаг. Тэдний сул тал бол бүх зүйлийг төгс хийх гэсэн эрмэлзэл болон ажлаа "төгс мөч" иртэл хойшлуулах хандлага юм.
Зөвлөгөө: "Хангалттай сайн" байх зарчмыг баримтал. Төгс нөхцөл бүрдэхийг хүлээх хэрэггүй. Төлөвлөгөө чинь 70–80%-тай бэлэн болсон үед л хөрөнгө оруулалт хийх эсвэл төслөө эхлүүлээрэй. Тууштай байдал нь төгс байдлаас илүү чухал юм.
Хий махбодтой ордууд: Уян хатан байдал, дүн шинжилгээ хийх чадвар болон хамтын шийдвэр

Ихрийн орд:
Энэ ордныхон олон төрлийн зүйлийг сонирхдог бөгөөд санаа бодлоо амархан өөрчилдөг онцлогтой. Санхүүгийн тал дээр энэ нь зорилгоо байнга өөрчлөх, шинэ сонирхолдоо хөтлөгдөн бодолгүйгээр мөнгө үрэх зэргээр илэрдэг.
Зөвлөмж: "Санааны дэвтэр" хөтөлж, аливаа худалдан авалт хийхдээ "хүсэл, хэрэгцээ, урт хугацааны ач холбогдол" гэсэн шалгуураар үнэлж үзээрэй. Төсвөө гурван ангилалд хувааж, нэг ангилал нь бусдыгаа дарах буюу бүх мөнгийг эзлэхийг бүү зөвшөөр.

Жинлүүрийн орд:
Жинлүүрийн ордныхон тэнцвэртэй байдлыг эрхэмлэдэг бөгөөд санхүүгийн шийдвэр гаргахдаа ихэвчлэн хамтрагч эсвэл ойр дотны хүмүүсийнхээ санаа бодлыг харгалзан үздэг. Тэд ялангуяа хамтын зардлын асуудал дээр "үгүй" гэж хэлэхэд хүндрэлтэй байдаг.
Зөвлөмж: Санхүүгийн хувьд өөрийн хил хязгаарыг урьдчилан тогтоож аваарай. Өөрөөр хэлбэл, хамтын хэрэгцээнд зориулан ямар хэмжээний мөнгийг бусадтай зөвлөлдөлгүйгээр зарцуулах боломжтой, харин ямар тохиолдолд заавал зөвлөлдөх шаардлагатайг шийдэж тогтоох хэрэгтэй. Ингэснээр гэмших мэдрэмжийг бууруулж, маргаан үүсэх эрсдэлийг багасгахад тустай байх болно.

Хумхын орд:
Хумхын ордныхон ердийн бус арга барилыг илүүд үздэг бөгөөд төлөвлөлтийн уламжлалт дүрмүүдийг үл тоомсорлож магадгүй юм. Тэд шинэлэг хөрөнгө оруулалт, олон нийтийн санхүүжилт, криптовалют гээд хэвшмэл жишгээс давсан бүх зүйлийг сонирхдог.
Зөвлөмж: Хөрөнгө оруулалтын багцынхаа 70–80 хувийг эрсдэл багатай, найдвартай хэрэгслүүдэд байршуулж, үлдсэн 20–30 хувийг шинэ зүйл туршиж үзэхэд ашиглаарай. Ингэснээр та тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ шинэлэг зүйл эрэлхийлэх хүслээ ч биелүүлэх боломжтой болно.
Усан махбодтой орд: Сэтгэл хөдлөл, аюулгүй байдал, зөн совингийн шийдвэр

Мэлхийн орд:
Мэлхийн ордныхон мөнгийг гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангах хэрэгсэл гэж үздэг. Тэд "хэцүү цагт хэрэг болох" нөөц бүрдүүлэхийг эрмэлздэг бөгөөд томоохон худалдан авалт хийх нь зүйтэй байсан ч шийдвэр гаргахаасаа өмнө удаан эргэлзэж магадгүй юм.
Зөвлөгөө: Хуримтлалаа хоёр хэсэгт хуваагаарай. Үүнд: "аюулгүйн нөөц" (гэнэтийн нөхцөл байдалд зориулсан) болон "боломжийн сан" (ашигтай худалдан авалт, хөрөнгө оруулалтад зориулсан) багтана. Ингэснээр та айдас түгшүүрээ даван туулж, мөнгөө илүү үр дүнтэй, идэвхтэй ашиглах боломжтой болно.

Хилэнцийн орд:
Хилэнцүүд санхүүг эрх мэдэл, хяналтын эх үүсвэр гэж үздэг. Тэд зоримог шийдвэр гаргаж, гүнзгий дүн шинжилгээ хийх чадвартай хэдий ч их ашиг олохын тулд эрсдэлд орох хандлагатай байж болно.
Зөвлөгөө: Аливаа томоохон хөрөнгө оруулалт эсвэл хэлэлцээр хийхийн өмнө "стресс тест" буюу нөхцөл байдал хамгийн муугаар эргэвэл яах вэ гэдгийг төсөөлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаарай. Энэ нь сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй шийдвэр гаргахаас сэргийлж, илүү нухацтай шийдвэр гаргахад тусална.

Загасны орд:
Загас ордныхон санхүүгийн шийдвэрээ ихэвчлэн зөн совиндоо тулгуурлан гаргадаг бөгөөд бусдын төлөө өөрийн эрх ашгийг золиослох хандлагатай байдаг. Тэдний сул тал бол өөрийн хөдөлмөрийг дутуу үнэлэх, мөн сэтгэл хөдлөлөөр хөтлөгдөн, гэнэтийн шийдвэрээр мөнгө үрэх явдал юм.
Зөвлөгөө: Нэг сарын турш бүх зардлаа хянаж бүртгээд, дараа нь "сэтгэл хөдлөлөөр" хийсэн зарцуулалт хаашаа чиглэснийг дүн шинжилгээ хийж үзээрэй. Бодолгүйгээр хийх худалдан авалтад хязгаар тогтоож, "эхлээд өөртөө төлөх" зарчмыг баримтлаарай. Өөр бусад зардал гаргахаасаа өмнө орлогынхоо тодорхой хэсгийг тусад нь нөөцөлж байгаарай.
Жич. Энэхүү бичвэр нь ягштал дагаж мөрдөх зааварчилгаа биш юм. Зурхайн тайлбарууд нь мөнгөө удирдах бодит чадварыг бус, харин сэтгэл зүйн нийтлэг хандлагыг тусгадаг. Тогтмол хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх, өр төлбөрөө удирдах зэрэг санхүүгийн мэдлэгийн түгээмэл зарчмууд нь бүх ордныхонд адилхан хамаарна. Энэ утгаараа зурхай нь өөрийн зуршлыг илүү сайн ойлгох, санхүүгийн тогтвортой байдалд хүрэх тав тухтай замыг олоход туслах хэрэгсэл болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 155 (7897)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn