П.АМГАЛАН
Яруу найрагч Б.Ууганбаяр 2016 онд "Хүн оддын бясалгал" нэртэй анхны шүлгийн номоо гаргаж байсан бол энэ удаа "Давс хийгээд усны тухай шүлгүүд" нэртэй хоёр дахь шүлгийн түүврээ уншигчдын хүртээл болгоод байна. Уг бүтээлийн тухай шүүмжийг уншигч танд хүргэе.
Сайн уу? Сайхан сэтгэлт уншигчид аа. Яруу найргийг уншмар аядаад л, хааяа нэг хараалын үг хэлчхээд, хайртай хотдоо сайхан л амьдарч байгаа биз дээ? Би ч хамгийн дуртай кафедаа/үнэндээ бол кафе ч биш/ сууж л байна. Хажуухан ширээнд хоёр бүсгүй сууснаас “Хүмүүс ч өөр болжээ” гэдэг нь чихэн дээр их л тод, их л жигтэй дуулдах юм. Уг нь Виржиниа Вүүлф гэж яруу найрагч, хэцүү төвөгтэй Викторианизм дуусаж, хачин жигтэй Модернизм эхэлснийг зарлан хэлсэн үг гэдэг л дээ. Манай энэ хоёр Вүүлфийн нэрийг дуулсан нь юу л бол. Гэхдээ л “Утопи сөнөтүгэй, Дистопи мандтугай” гээд зарлачхав уу…?
Гэснээс, яруу найрагч Батбаярын Ууганбаярын “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” түүвэрт нэг ийм шүлэг байна.
-Хувь тавилан гэж байдаг уу? гэж надаас эхнэр минь асуудаг
-Тийм үг байгаа болохоор байж л таараа гэж би хариулдаг
Эхнэр минь миний шүлгэнд дургүй
Би эхнэрийнхээ дуртай шүлгэнд дургүй Үл ойлголцол ахиад л эндээс эхэлдэг Хайрын тухай би яриагүй шүү. … гэснийг нь уншаад өөрийн мэдэлгүй агзасхийж, их цочлоо. Эхнэртээ “хачин” хайртай надад нэг л жигтэй. Угтаа бол хайрын л тухай шүлэг л дээ. Хамаг хэргийн учир бидэнд биш Ууганбаярт л байгаа хэрэг. Хуучиндаа “Хувь тавилангаараа холбогдсон хайр минь” байсан бол одоо, Эхнэр бас нөхөр гэдэг үгэнд би бөөлжис цутгамаар дургүй
Энд намайг зовоохоор ирсэн сахиусан тэнгэр
Энд намайг жаргаахаар ирсэн сахиусан тэнгэр
Энд зүгээр л миний дэргэд байхын тулд л ирсэн сахиусан тэнгэр
Эхнэр гэдэг үгийг орлож чадахгүй
Энд харин би хайрын тухай ярьсан шүү. /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 59./
л гэдэг болж. За, за ер нь л “Дистопи мандтугай!” л юм байна. Дистопи үзэл гэснээс сонгодог идеализмийн нэртэй төлөөлөгч Платоны «Бүгд Найрамдах Улс» зохиолын III дэвтэрт, “…өөрийн мэргэн ухааны хүчээр олон янзын дүрд хувирч, аливааг дуурайн дүрслэх билиг авьяастай нэгэн манай хотод хүрэлцэн ирээд, шүлэг бүтээлээ уншихыг хүсвэл бид яах бол? Бид түүнийг ариун нандин, гайхамшигт, сэтгэл булаам нэгэн мэтээр хүндэтгэл үзүүлэн мэхийгээд, залгуулан түүнд хандаж: “Манай хотод чам шиг хүн байдаггүй тэгээд ч ийм хүн байх нь тэнгэрлэг хууль, жам ёсонд нийцэхгүй” хэмээж, толгойд нь анхилуун үнэртэн түрхээд, ноосон хэлхээгээр титэмлэн, өөр хот руу үдэх болно. Харин өөрсдийн сайн сайхны төлөө бид илүү хатуу чанд нэгэн яруу найрагч, өгүүллэг туурвигчийг сонгон үлдээх юм. Тэрээр сайн хүний үг яриа, зан төрхийг дуурайн дүрсэлж, хэм хэмжээнд нийцүүлэн уран бүтээлээ туурвих учиртай.” /C.D.C. Reeve, Hackett Publishing, 2004/ гэсэн байна. Ер нь яруу найрагч хүн нийгэмтэйгээ таарч тохироод, “сайхан явах” гэдэг юу л бол. Агуу ромын яруу найрагч Овидийгээс эхлээд Сапфо, Шарль Бодлер, Уолт Уитман, Аллен Гинсберг, Поль Верлен, Оскар Уайлд, Эзра Паунд, Федерико Лорка, Иосиф Бродский гээд л алуулсан, буудуулсан, хоригдсон, цөлөгдсөн, уран бүтээлээ шатаалгасан гэх мэт. Уг шалтгаан нь ердөө л эрх чөлөөний тухай агуу ихийн төсөөлөл, бүр галзуурал гэмээр онцгой тэр совин. Ёстой л хүсэн мөрөөддөг “Утопи” ертөнцдөө амьдарсан ч яруу найрагчийн энэ эрх чөлөөний тухай солио галзуу бол арилахгүй л дээ. “Давс хийгээд усны тухай шүлгүүд” түүвэрт хэтийдсэн энэ эрх чөлөөний тухай үзэл “Нэргүй үдшүүд” гэх III бүлэгт нь илэрхий нэвтэрсэн байх юм.
Ядуу, хараат улсын ядуу, хараат иргэн би
Ямар нэгэн сайхан зүйл болохыг хүлээх завгүй
Ямар нэгэн муу зүйл болоход бөхийж болохгүй
Өрөвдөм тогтнолоо бодохоор сэтгэл тавгүй
Өрцөн дотор залуу нас минь л хүлээс гавгүй. гээд
***
"Ямар уудам юм бэ, монголын тал нутаг
Ямар уужуу юм бэ, монгол хүний сэтгэл..."
Мөлхсөн ч, элгээрээ хэвтсэн ч араа шүдээ зуусаар л байна
Мөрөөдлөө хулгайлуулсан ч хоолой дээр хутга тулгаагүй цагт
Үхэр шиг түмэнтэйгээ үйлээ үзсээр л байна. /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 101./
гэж бичсэнийг нь бодоход ямар нэгэн муу зүйл болно гэж итгэдэг, ямар нэгэн муу зүйл болоход би л эсэргүүцнэ гэсэн ойворгон бодолтой, “мугуйд” яруу найрагчийн зан төрх тодроод л ирж байна. За энэ ч яахав нэг их явцгүй л санагдаж байгаа биз дээ. Гэхдээ намайг дахин нэг удаа “цочоосон” явдал нь “Ууганбаярын Үхэл”-ийн тухай шүлгүүдийг уншихад тохиох шиг боллоо. Надад яруу найрагчийн амьдралд нүгэл буян гэж оршдоггүй шиг санагддаг юм. Таны юу боддогийг мэдэхгүй. Гэхдээ л тийм. Ер нь яруу найрагчид юу ч байхгүй гэвэл зөв биз. Бичсэнийхээ төлөө үзэн ядагдах эсвэл сайшаал магтаал хүртэх нь текстээр ертөнцийг бүтээж буйгийнх нь илрэл, ингэж тэгсээр яруу найрагчид үхэл нь л үлддэг шиг. Клуб 27 гэж мэднэ л биз дээ. Агуу уран бүтээлч 27 орчим насандаа хорвоог орхих тухай л юм. Түүнийг нь романтиклаж, нэмж хачирлаад “Суут авьяастнууд эрт хорвоог орхидог” гэсэн утга зохиолын “пропаганда” маягийн юм болгож түүгээр нь Б.Ууганбаяр шиг залуу уран бүтээлчид “хөглөгдөж” явдаг зүй тогтол болчихсон. Үүнийг унш даа.
Үхэх өдрөөс бусад өдрүүд Үнэндээ л уй гуниг.
Үхсэн өдрийн дараах өдрүүд Үүрдийн эрх чөлөө.
Үлэмж гоо сайхан гэдэг Үлэмж гоо сайхан гэдэг юу ч байж болно шүү дээ.
(Харж л чадаж байвал)
Өнгөрснөөс үлдсэн шарх сорви
Өнөөдөр биднийг бүтээж
Өнө эртийн хүслүүд сэрээж байна.
Өөр өөрсдийнхөөрөө л бид намрыг буддаг.
Тэнд ертөнцийн бүх л өнгө байдаг.
(Харж л чадаж байвал) Намар бол эрх чөлөө...
Төрсний дараах өдрүүд Үнэндээ л уй гуниг.
Төрөх өдрөөс өмнөх бүх өдрүүд
Бүх шөнүүд Зуурдын эрх чөлөө… /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 122./
Ууганбаярт ч тэр, үе үеийн залуу яруу найрагчдад ч тэр үхлийн тухай сэдэв хэзээд муу муухай байсангүй. Үхэл гэдгийг жам ёсны зүйл гэдгийг ухаарах, цаашлаад эрх чөлөөний тухай эрх сүр төгс ойлголттойгоо нэгэн ижил шугамаар зурж тэмдэглэх нь яруу найрагт байх л ёстой үзэгдэл аж. Цаашлаад,
"Юу юугүй төрөөд юу юугүй үхнэ дээ.
Ертөнцөд юуг ч өөрийн болгож чадахгүй дээ"
Юунд нь ийм утгагүй, бүгдийн мэддэг зүйлийг
Шүлэглэн байж бичдэг байна даа.
Хэрэг алга. Гэх буюу
Хэнд ч хэрэггүй бодол "үхэл" атал
Хэрэг болгож юунд нь бодож суудаг байна даа.
Юу юугүй төрсөн шигээ юу юугүй л үхнэ дээ.
Эгээ л эхийн хэвлийгээс унахдаа шунан байж сорсон
Эхний амьсгал таталт лугаа /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 114./
гэж бичихдээ буддын шашинд байнга л ярьж байдаг, “үхэх” “төрөх”-ийн тухай зүй тогтлыг ёстой л дистопи ч гэх юм уу, контемпорари ч гэх юм уу, онцгой содон яруу найрагчийн сэтгэлгээгээр илэрхийлжээ. “Хэнд ч хэрэггүй үхэл” -ийг “Эхийн хэвлээс унахдаа сорсон эхний амьсгал”-тай хоршуулан бичсэн нь, буй нэгний сэтгэлийг хөдөлгөөд амжих байлгүй дээ. Өөр нэгэн жишээ татъя.
Яг одооноос амьдарч эхэллээ гэж бодоход
Яг одооноос өөртөө үнэн оршиж эхэллээ гэж бодоход
Үхэл ирэхэд өөрөө л үхэх минь таатай.
Амьдарч чадаад үхэж чадсан нь бахтай.
Үнэн оршсон хором мөчүүдэд “нэг” үхэл минь үнэ цэнэтэй./Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 106./
Гэсэн байгаа нь яруу найрагчийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг нь зөвхөн өөрийнх нь “үхэл” л байдаг гэсэн миний бодлыг бүр ч баталж орхилоо. “Сонгодог бус”-ын эцсийн асуулт нь “амиа хорлох тухай” байдаг учир нэгэн утгаараа Ууганбаяр ч ёстой “абсурд” шүлэгч юм аа.
Алдар гавьяагүй яруу найрагчийн хэний ч үл мэдэх шүлгийн мөр шиг амьдрах хүсэл
Ай, ийм хүйтэн борооноор л оргилохыг нь яана… Б.У
Ийм сайхан шүлэг… Гэхдээ одоо яахав дээ…
“Давс хийгээд усны тухай шүлгүүд..” хэмээх “155” нүүр түүврийг тухайлан үзвэл гуниг ганцаардал, хайр, үзэн ядалт, эрх чөлөө, цаг хугацаа, тэр бүү хэл хүний амьдралын жам ёсны шүлгүүд ч зэрэгцэн орших аж. Энэ дундаас “Хайрын тухай” илэрхийлэл нь өөр бусдаасаа арай шинэлэг юм. Шинэлэг гэдэг нь:
"...Би чамайг санаад байна гэвэл
Би чамайг санаж байна аа л гэсэн үг
Биеэ хэмлэн байж энэ үгийг хэлэх нь
Бидний нисгэсэн гэрэлт мэдрэмжүүдийн илтэс
Бидний хүршгүй нууцат аглагт буйн шинж ээ..." 2018.08.11 /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 82./
Хэмээснийг нь хэлж байна л даа. Яруу найрагт хайрын тухай илэрхийлэмжүүд бишгүйдээ л нэг бий. Тэр дундаас ийм хачин “муухайн” дээр ер бусын “этгээд” янз маягийг сонгосон /”Би чамайг санаад байна гэвэл, Би чамайг санаж байна аа л гэсэн үг” гэдэг нь одоо ямар гээч илэрхийлэл вэ???/ нь арай өөр өнгө төрхийг бүрдүүлээд байгаа тал байна. Дахиад нэг шүлэг:
Өлсөж байна гэж чамдаа хэлэхгүй
Өрөөсөн оймсоо хаана байгааг асуухгүй
Өвдөж, шаналж, өрцөн дотроо даарч буйгаа мэдүүлэхгүй
Өөдөөс чинь эгц ширтээд үнэн бүхнээ ярихгүй... Өнөөдөр л анх танилцсан юм шиг ширтэхгүй Өчигдөрхөн дурласан юм шиг догдлохгүй…/Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 65./
Энд мөн л хайрын тухай эмзэг ялдам сэдвийг “Өлсөж байна гэж чамдаа хэлэхгүй”, “Өрөөсөн оймсоо хаана байгааг асуухгүй” гэхчилэнгээр илэрхийлсэн нь их жигтэй бөгөөд яруу найрагт хүлээн зөвшөөрмөөргүй, яруу бусын прагматик илрэл харагдах юм. “Прагматик” гэснээс үйлдлийн тухай энэхүү философи үзлийг философийн бие даасан чиглэл болоход нь гол үүргийг гүйцэтгэсэн Уильям Жеймс гэгч эрдэмтэн,
Жеймсийн үзлээр бол прагматизм нь нэгд метафизик маргааныг шийдэх арга; хоёрт үнэний утгыг илэрхийлдэг генетик онол юм. Прагматизм бол “зарчим, категори, урьдаас тооцсон хэрэгцээ шаардлага тэргүүтэн эхний зүйлийг үл харгалзан, үр жимс, үр дүн, баримт тэргүүтэн сүүлчийн зүйлсэд анхаардаг чиг хандлага мөн.”/Энхбаяр Ж. “Прагматизм ба Постмодернизм” УБ. 2018. 42./ гэсэн байдаг. Уянгын зохиолд бол хайр гэгч нь ноён Уильям Жеймсийн хэлснээр “үр жимс, үр дүн тэргүүтэн нь юм” гэж би сэтгэв. Хайрын тухай “хачин” муухай прагматик илрэл гэдэг нь, тэр өмнөх хэрэгцээ шаардлага буюу үзэн ядалт, энхрийлэл, хүсэмжит сэтгэл гээд л элдэв шалдав уянгын “хачирнууд”, эдгээрийг бүгд оргүй хоосон, огтоос хайр тийм “юм”-тай байгаагүй мэт “огиудас” хүрмээр мэдрэмжийг чулуудаж орхихыг л хэлээд байгаа юм л даа.
Энэ одоо ер нь хайрын шүлэг үү..? Эсвэл.. арай өөр “юм”-ны илэрхийлэмж үү..?
Сайх шүлгийг үргэлжлүүлбэл,
Өвлийн шөнөөр өвөртөө нааж халуун дотноор тэврэхгүй
Өтгөн ододтой зуны шөнөөр салхи болоод дэрвэхгүй.
Өнө удаан, өнө удаан чамаасаа би юу ч хүсэхгүй
Өвөр дээр минь эрхэлж шүлэг уншихыг хүлээхгүй
Өглөө бүхнийг инээмсэглэж угтахыг чинь
Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? гээд хөшгөө нээхийг чинь хүсэхгүй
Өрөө цайруулах шиг үйл бүхнийхээ үрийг Өнгө өнгийн өдрүүддээ би төлсөөр л явнам. /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 65./ хэмээн монгол уламжлалт шүлгийн хэмжээг хадгалсан, толгой холбох гэж ихэд хичээсэн, гэсэн хэрнээ шинэ үеийн чөлөөт хэлбэртэй хольж хутган нийцүүлсэн нь шүлгийн хэлбэрийг онцгой болгожээ гэж дүгнэмээр юм. Б.Ууганбаярын шүлэгт “хайр” ийм л өнгөгүй, “үлбэгэр”, хуял тачаал, хүсэл тэмүүлэл, галзуу дурлал ч байхгүй,
Арьсны минь завсарт хэн нэгэн эмэгтэйн хумс шигдэхэд
Амьдрал гэдэг өвдөлтөө хүртэл хуваалцахын нэр юм байна гэж боддог.
Амьдрал гэдэг санамсаргүй тохиолуудын гайхамшигт нийлбэр шиг санагддаг... 2022.06.15 /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 73./ гэсэн байх нь мөнөөх хуялын тухай уламжлалт дүрслэлээс нэлээдгүй онцгойрч үзэгдэх бөгөөд энэ тухай нэн шинэ үеийн философич Хан Бён Чолийн 2017 онд англи хэлнээ орчуулагдсан “Agony of eros” бүтээлд Орчин үеийн нийгэмд хайр дурлал улам бүр эерэгжиж, хэвшмэл, тав тухтай харилцаа болон хувирснаар хүсэл тэмүүлэл, өвдөлт, “өөр”-тэй учрах эрсдэл бүдгэрч, хайр нь өөрийгөө нөгөө хүнээр баталгаажуулах, таашаал ба хэрэглээний логикт захирагдах хандлагатай болж байна /Han. “Agony of eros” 2017. pp.19/ гэж авч үзсэн байгаа юм. “Эрос” нь эртний Грекийн Эросын домгоос уламжлагдсан эр эмийн хайрын тухай зааж байгааг танд сануулчихад илүүдэхгүй байх. За тэр ч яахав. “Арьсны минь завсарт хэн нэгэн эмэгтэйн хумс шигдэхэд” нь “Амьдрал гэдэг санамсаргүй тохиолуудын гайхамшигт нийлбэр” юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байж байдаг. Бас л их/гүн/ ухаан юм даа, “орчин үед” хүнтэй хурьцана гэдэг… Дахиад хоёр…, гурван жишээ,
Чи усан цэнхэр өнгөнд дуртай шиг
Би чамайг хайрладгаа хэлж мэдэхгүй…
…Чи яагаад хар өнгөнд бас дуртай шиг
Би чамайг бүтээсэн өөрөөсөө ховхорч чадахгүйгээ мэдэхгүй
Үймээнт зүүдсийн төгсгөлд эхлэл бүхэн нь мартагддаг шиг
Үнэндээ чамд "үнэн" гэж огтоос үгүй байсан ч (үнэн үүрд байсан ч)
Үнэнээсээ "хайртай" гэдгээ ч хэлж мэдэхгүй.
Зүрх байлаа ч хэлж зүрхлэхгүй… 2018.02.20 /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 80./ гэх буюу, өөр нэгэн шүлэгтээ,
*** “Чиний нүдээр үлгэр мэт моддыг ширтэхэд төрсөн шүлэг”
Ер бусын зураг шиг өдрүүд
Ертөнцөд үүгээр төгсөхгүй.
Чив чимээгүйхнээр хэрхэн амьсгалах тухай
Чийг хашилдсан моддын сүүдрээс асуу.
Орон гэр минь тэртээ алсад замхран оджээ.
Орчлонд түрхэн зуур даяанчлах ахуйд
Оромж болох дулаан сууц минь хаана байна вэ? 2017.04 /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 66./
***
Чиний дэргэд би үгүйд сарны сорви эдгэрэхгүй
Cap саpаараа сорви сорвиороо л байна.
Чиний дэргэд би үгүйд юу ч өөрчлөгдөхгүй дээ, хайрт минь
Чимээгүй голын чулууд хоршин хоршин дуулахгүй
Чимээ ихтэй оддын гялбаа хорсон хорсон уйлахгүй.
Надгүйгээр чи минь санаа алддаг шигээ л санаа алдана.
Инээдэг шигээ л инээж уйлдаг шигээ л уйлна.
Амьдардаг шигээ л амьдарна.
Надгүйгээр салхи дуусахгүй. Цаг зогсохгүй хайрт минь… /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 69./ гэх зэрэг хайрын шүлгүүдийг нь авч үзвэл чамгүй онцгой сэтгэлгээтэй, бас ч гэж яруу найргийн хэлбэрийн тоглолтыг сайтар сүлэн найруулдаг бололтой. Ууганбаярын хувьд “хайр” гэгч ойлголт нь “хорсол занал” хэмээхтэй ялгаагүй шиг. Амьдралын тухай шүлэглэсэн ч үхлийг заавал зүйдэг, аз жаргалын тухай өгүүлсэн ч гүн зовлонг үргэлжид дагуулдаг, үнэн бүхнийг илэрхийлэхдээ худлыг нь байнга дайдаг нь “тэрхүү” яруу найрагчийн шүлэглэх хэв маягийн нэгэн үзэгдэл ажээ. Юутай ч дээрх гурван жишээ бол Б.Ууганбаярын хайрын шүлгийн “оргил” нь юм.
“Давс хийгээд усны тухай шүлгүүд” түүвэрт нэгэн онцгой “хэлбэр үзэгдэл” байгаа нь “Чиний дэргэдэх зураглалууд”(кино шүлэг) гэх нэртэй шүлэг юм. Яруу найргийг олон янз хэлбэрээр илэрхийлж болно. Формалист онол ёсоор бол утгыг сааруулж, балархайшуулах явдал нь л яруу найргийг яруу найраг болгож байгаа зүйл гэж үздэг. Далайн гүн дэх эрдэнийн чулууг олж харахтай л адил зүйл гэсэн үг л дээ. “Сцен - 3”-ийг аваад үзье,
ДОТОР. ХАА НЭГТЭЭ - ҮҮРИЙН ГЭГЭЭ
Харанхуйд хэн нэгний санаа алдах сонсдоно. Эмэгтэйн жижигхэн гар лаа асаана. Хоосон шалаар дүүрэн асгарсан бүсгүйн үс Хором бүрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэсэн мэт Бүдэг болоод хүйтэн орон зайг бүлээцүүлнэ.
(Шилжилт. Толины өмнө бүсгүй урт үсээ дурсан сууна. )
“- Хэнийг хүлээж буйгаа санахаар оддын зүг харцаа сунга” Захгүй агаарт түүний эл бодол нь царцаад Замхарч амжаагүй тамхины утаанаас зүүгдэнэ. Өөрийгөө хайсан он жилүүдийн тайлал мэт Өмнө зүгийн тэнгэрээс “Өлзий сахиус” ягаан туяа цацруулна. (Мандаж буй нарны дүрс.) Төгсөв. /Ууганбаяр Б. “Давс хийгээд усны тухай шүлгүүд…” УБ. 2026. 63./ Энд тайзны заавар, шилжилт гэх мэт драматургийн элемент орсон скрипт бичиглэл хийсэн явдал нь эрхгүй сонирхол татаж байгаа юм. Үүнээс үндэслээд хэлбэр бол зөвхөн гоёл төдий биш, утгыг дүрсжүүлэн буулгах онцгой арга болдог нотолгоог гаргаж ч болмоор шиг. Үндсэндээ бол утга зохиолд шинэ хэлбэрийг эрэлхийлнэ гэдэг нь “луугар” яруу найрагчдын л бодох зүйл юм. Хүмүүс ч өөр болжээ… гэх бодолтой зэрэгцээд хажуу ширээнд суусан хоёр хүүхэн тас тас хийтэл инээж “уйтгарт” ертөнцөөс минь салгаад хаячихлаа. Их л хөөрхөн бүсгүйчүүл… Гэхдээ одоо яахав дээ… М.Чинхүсэл /МУБИС/