З.ЦЭЦЭГ
Хятад улс АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд хоёр аварга хулсны баавгай илгээсэн бөгөөд тэд АНУ-д арван жилийн турш байрлах төлөвтэй байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
"Пинпин, Фушуан хэмээх хоёр аварга хулсны баавгай Чэнду Шуанлю олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай нислэгээр Атланта хотын амьтны хүрээлэн рүү хөдөллөө" гэж тус мэдээнд дурджээ.
Мөн уг нийтлэлд панданууд АНУ-д арван жилийн турш байх болно гэдгийг дурджээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Хятадаас явахаас нь өмнө пандануудад зориулсан үдэн гаргах ёслол болжээ.
Пүрэв гарагт Хятадын дарга Ши Жиньпин төрийн айлчлал хийхээр АНУ-д хүрэлцэн ирэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагчийг онгоцны шатны доод хэсэгт биечлэн угтан авчээ. Айлчлалын үеэр Хятадын дарга АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд хоёр панда ирэх тухай мэдэгдсэн байна.
Аварга хулсны баавгай бол БНХАУ-ын бэлгэдлүүдийн нэг юм. "Хулсны баавгайн дипломат ажиллагаа" нь хар цагаан өнгөтэй энэхүү баавгайг тус улсын албан бус бэлгэдэл болгон хувиргахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Хятад улс бусад улс орнуудтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх зорилгоор хулсны баавгайг бэлэглэх эсвэл түрээсээр олгох энэхүү арга хэмжээг 1950-иад оны дунд үеэс хэрэгжүүлж эхэлсэн байна. 1957-1982 оны хооронд Хятад улс есөн улсад нийт 23 хулсны баавгайг бэлэглэжээ. Харин 1994 оноос хойш тус улс шинжлэх ухааны хамтарсан судалгааны хүрээнд хулсны баавгайг бусад улсад түрээсээр олгох болсон бөгөөд уг амьтад болон тэдний төл Хятад улсын өмч хэвээр үлддэг байна.
Эх сурвалж: zms.mn