Непалын Манан дүүргийн Нар-Пху бүсэд орших 7126 метр өндөр Химлунг-Химал уулын үндсэн баазад есдүгээр сарын 27-ны ням гарагийн өглөө цасан нуранги болжээ. Нурангид өртөж сураггүй болсон хүмүүсийн талаар олон улсын хэвлэлүүдэд эхлээд 6, дараа нь 10 гэж мэдээлжээ. Харин есдүгээр сарын 28-ны өглөөний орон нутгийн хэвлэлүүдийн мэдээгээр 14 хүн сураггүй болсон гэсэн байна.
Непалын экспедиц зохион байгуулагчдын холбооны мэдээлснээр сураггүй болсон хүмүүсийн хоёр нь Imagine Nepal, найм нь Himalayan Holidays Nepal компанийнх гэжээ. Сураггүй болсон хүмүүс бүгд Непалын иргэд бөгөөд шерпа, гал тогооны болон бусад туслах ажилтнууд байсан аж. Арабын Нэгдсэн Эмират улсаас аравдугаар сарын 1-нд ирэх уулчдын аяллын бэлтгэлийг хийж байжээ.
CNN-ийн мэдээд “Гадаадын уулчид ирээгүй тул тэдний дунд гадаадын иргэн байхгүй бололтой” гэсэн байна.
Экспедицийн зохион байгуулагч Мингма Гялже шерпийн хэлснээр өнгөрсөн долоо хоногт цаг агаарын сэрэмжлүүлэг гарсны дараа олс татах баг уулын энгэрээс буусан ч зарим хүн үлдсэн байна. Himalayan Holidays-ийн менежер Барун Бхандари энэ нутагт ийм цасан нуранги анх удаа болж байна гэсэн байна.
Цаг агаар муу байгаа тул нисдэг тэрэг уулын оройд хүрч чадахгүй байгаа, мөн уг уулан дээр нисдэг тэргээр хүрэхэд нэмэлт зөвшөөрөл шаардлагатай зэрэг нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Непалын Аялал жуулчлалын газар нөхцөл байдлыг хянаж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: zms.mn