“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа “Аз жаргал” номын орчуулагч С.Энхцэцэгийг урьж ярилцлаа.

 

-Таны бодлоор "Аз жаргал" гэж юу вэ. Аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?

-Сэтгэл ханамжтай, тэнүүн тайван байна гэдэг нь аз жаргалтай байна гэсэн үг биш юм билээ. Манай ээж юманд их санаа зовомтгой хүн. Ээжүүд бүгд л тийм байдаг болов уу. Тиймээс би жаахан байхаасаа “Аз жаргал гэдэг санаа амар, тайван амгалан байхыг л хэлдэг юм байна” гэж бодох болсон. Тэгсэн мөртөө сэтгэлийн зовуурьгүй амгалан байна гэдэг аз таарвал онц ховор үзэгдэл юм шиг санагдана. Яг үнэндээ өдөр тутамдаа ямар нэг зүйлд шаналахгүй, санаа сэтгэлийн түгшүүргүй амьдарна гэдэг байж болох зүйл мөн үү. Зовох, шаналах шалтгаан хар мянга биз дээ. Хүн бүр өөрийн туулж яваа замтай. Ингэхээр аз жаргал хийсвэр бус бодитоос бодит тул зовлонгоо яаж сайнаар гэтлэв  гэдэгт зангилаа нь орших байх. Тэгж гэтэлсэн хүнийг сайхан амьдарч, аз жаргалтай амьдралыг бүтээж байгаа хүн гэж хэлээд байгаа болов уу.

Би гэр бүлтэйгээ хамт байхдаа аз жаргалыг илүү ойроос мэдэрдэг. Гэр бүл зохиох насан дээрээ ирсэн болохоор тэр үү, ээж аавыгаа ямар их хичээсэн, ямар их хөдөлмөрлөсөн тухай ойрд их бодож байна.

-"Аз жаргал” номыг орчуулсан нь дээрх асуултын хариултад нөлөөлсөн үү?

-Тийм. “Сүүн сувд” хэвлэлийн газрын сэтгэл хөдлөлийн чадамж цувралын “Аз жаргал” гээд номын хамгийн эхний бүлэг нь ийм нэртэй. “Аз жаргалтай байна гэдэг нь сэтгэл ханамжтай байна гэсэн үг биш”. Ном бүтээл дээр ажиллана гэдэг нь ямагт хөгжинө гэсэн үг юм шиг санагддаг. Уг номд багтсан Харвард бизнес тоймын нийтлэлүүд хамгийн анхны бүтэн орчуулга маань байсан учраас орчуулагчийн хувьд ч үнэхээр хөгжсөн шүү.

Өмнө нь орчуулгын редактораар ажилласан бүтээлүүд байгаа ч “Аз жаргал” ном анхны бүтэн орчуулга маань болж байна. Сэдэв нь ерөөлтэй байгаа биз. Үнэндээ редактораас илүү орчуулагч өндөр цалин авдаг болохоор сайн орчуулагч болох хэрэгтэй болсон юм. Гэхдээ энэ бүх учрал тохиолд талархаж байгаа. Надад итгэж орчуулагчийн хөгжих гүүр болсон “Менежерийн номын сан”-д баярлалаа. Дараа нь орсон редакторын засваруудыг хараад редактор хүнийг улам биширлээ. Үнэндээ орчуулагч ч биш, зохиолч нь ч биш редактор хүн ном бүтээлийг амьдруулагч бурхан нь юм аа гэж бодогдож байна.

Номынхоо тухайд ярихад аз жаргалыг харах өнцөг үнэхээр өөрчлөгдсөн. Аз жаргал зөвхөн утга зохиолын философийнхны шийддэг сэдэв байхаа болиод, хүн төрөлхтөн аз жаргалаа шинжлэх ухаанчаар судлаад даруй 20 жил өнгөрчээ. Ажлын талбар дээр ч аз жаргалтай байх нь ямар чухал тухай, яаж аз жаргалын утга учраа олж, бүтээж, ялгаж салгах тухай шинжлэх ухаанчаар эргэцүүлэх боломж болно. Жаргах учраа нэг л олохгүй, стресс дунд амьдарч буй монголчуудын гар дээр “Аз жаргал” эх хэлээр маань, судалгаа дүгнэлттэйгээ ирж байгаа юм.

-Бид ажлын карьераа ахиулах үедээ эсвэл амьдралын төлөө ажил хийж байна гэх бодлоос үүдэн түүнээсээ таашаал, аз жаргал мэдрэхээ больсон байх нь олонтаа. Үүний хариултыг тус номоос авах боломжтой юу?

-Яг боломжтой. “Ажил, амьдралаа ялгаж салга” гэдэг үг танил байна уу. Хэрэв тийм бол ажлынхаа тухай, ер нь амьдралынхаа тухай юу ч мэдэхгүй хоцрогдсон ойлголттой байгаа гэсэн үг юм. Ар гэрт нь таагүй зүйл болсон хүн ажил дээрээ ирээд гүйцэтгэл сайтай, ур чадвараа бүрэн дайчлаад шуугиулаад байна гэж хэзээ ч байхгүй. Аз жаргал ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг тухай судалгааг уг бүтээлд дэлгэсэн байгаа. Үүгээр ч барахгүй тав дахь өдрийг хүлээдэг нийтлэг дүр зураг маань ажлаасаа нэгэнт сэтгэл хөндийрсөн бүтээмж муутай урагшгүй компанийн сонгодог жишээ болсон байгааг ч олж үзэх болно. Эдгээр нийтлэлүүдээс өөрсдийгөө олж харна, бас гарц гаргалгаа, зөв сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийн чадамжаа олж харах болов уу.

-Бид сэтгэл хөдлөлийн чадамж цувралыг яагаад унших хэрэгтэй вэ?

-Сэтгэл хөдлөлийн боловсролтой байна гэдэг нь адаглаад л хүүхэд өсгөхөд хамгийн хэрэгтэй чадамж юм шиг санагдсан. Эргэн тойронд маань том хүмүүс хүүхдүүдтэйгээ яаж буруу харьцаж байгааг харж болохоор. Би дөрвөн дүү өсгөлцсөн. Томчууд хүүхдүүдийг дутуу үнэлж, яаж үл ойлгож харьцдагийг, хүүхдүүд жаахан боловч яг үнэндээ ямар ухаантай хүмүүс байдгийг ойроос харж өссөн. Өөрт нь ямар сэтгэл хөдлөл төрж байгааг ялгаж нэрлэж ч мэдэхгүй байгаа олон том хүн хүүхэд өсгөж байгаа шүү дээ. Хэнийг ч буруутгамааргүй байна.

Гэхдээ өөрт ямар сэтгэл хөдлөл төрж байна, үүнийг яаж ойлгож шийдэх вэ, хүүхэд рүү шууд тэр чигээр нь гаргаад байж болох уу, ямар үг, дуу хоолойн өнгөөр бусдад, ялангуяа хүүхдэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх ёстой юм бэ гэдэг талаар бодох хэрэгтэй байх аа. Цаашлаад ажил хөдөлмөрт зайлшгүй хэрэгтэй. Бизнестээ, компанидаа ажил хэрэгч мэдлэг, чадварыг бүтээх гэж буй хүмүүсийн номын санд зориулагдсан цуврал юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn