Ч.БЯМБАА
Жил бүр бид нийтийн тээврийн хүртээмжгүй байдал болон бусад асуудлуудтай нүүр тулдаг. Манай улсад нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээ, хөдөлгөөний зохион байгуулалт хангалтгүй хэсэгт автобус энгийн автомашинтай адил түгжрэлд ордог. Ингэснээр цагийн хуваарь алдагдаж, нэг автобус хоорондын зай ихсэх, дараагийн автобусанд хүн хэт олшрох, багтахгүй байх зэрэг олон асуудал үүсдэг. Тэгвэл энэ удаагийн "Бид & Тэд" булангаараа нийтийн тээврийн зохицуулалт, хүртээмж манайд болон бусад улс оронд ямар байдаг талаар бэлтгэн хүргэж байна.
Монгол Улс: Шинэчлэлүүдийг хийсэн ч нийтийн тээврийн хүртээмжгүй байдал дээрдээгүй байна

Монгол Улсын нийтийн тээврийн зохицуулалт нь төрөөс чиглэл, тариф, үйлчилгээний шаардлагыг тогтоож, нийслэл болон орон нутгийн түвшинд маршрутыг зохион байгуулж, хувийн болон төрийн өмчит тээвэрлэгчдээр үйлчилгээг гүйцэтгүүлэх хэлбэртэй байна. Ялангуяа Улаанбаатарын хувьд нийтийн тээврийн бодлогыг Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар хариуцаж, маршрут, цагийн хуваарь, буудал, парк шинэчлэл, хөдөлгөөний зохицуулалт зэрэгт оролцдог.
2021–2024 онд нийтийн тээврийн 1020 автобусыг шинэчилсэн. Нийтийн тээврийн төлбөрийг зөвхөн уламжлалт картаар авах бус банкны бүх төрлийн картыг уншуулах, мөн UBcard аппликейшн ашиглан төлбөр төлөх, карт цэнэглэх боломжийг нэвтрүүлсэн. Мөн 2024 онд гэр хорооллын шинэ замуудтай уялдуулан дунд оврын автобусны долоон чиглэл шинээр нэмсэн. Мөн зуслангийн болон шөнийн чиглэлүүдийг нэмсэн байна. 2025 оны байдлаар Улаанбаатарт 139 чиглэл өдөр тутам ажиллаж, нийт маршрутын урт 3734 км, 1282 автобусны зогсоол ашиглагдаж байжээ.
Дээрх шинэчлэлүүдийг сүүлийн жилүүдэд хийж байгаа ч нийтийн тээврийн хүртээмжгүй байдал олон нийтийг бухимдуулсан хэвээр байна. Тухайлбал, нэг зам дээр олон маршрут давхцаж, харин зарим гэр хороолол, захын бүсэд автобусны хүртээмж харьцангуй бага байх асуудал гардаг. Автобус шинэчлэгдсэн ч буудлын сүүдрэвч, суудал, гэрэлтүүлэг, мэдээллийн самбар, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин зэрэг нь бүх газарт ижил түвшинд хүрээгүй. Хуульд хүртэл автобусны буудлын мэдээллийг хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх шаардлага тавьсан байдаг. Автобус байгаа ч зорчигчид гэрээсээ зогсоол хүртэл хол алхах, автобус хүлээх хугацаа урт байх, дамжин суухад тохиромжгүй байх зэрэг асуудалтай байвал нийтийн тээврийн хүртээмж муу хэвээр байна. Тиймээс маршрутын сүлжээг хүн амын нягтаршил, сургууль, эмнэлэг, ажлын байр, гэр хороолол болон шинэ суурьшлын бүстэй уялдуулах шаардлагатай юм.
БНСУ: Нэг системд уялдсан хүртээмжтэй үйлчилгээтэй

БНСУ-ын нийтийн тээврийн тогтолцоо нь автобус, метро зэрэг тээврийн хэрэгслийн тоо олшруулаад зогсохгүй тэдгээрийн уялдаа холбоог сайжруулж, иргэдэд нэг цогц үйлчилгээ болгон хүргэхэд чиглэдгээрээ онцлог юм. Тус улс нийтийн тээврийг хотын хөгжлийн чухал дэд бүтэц гэж үзэж, төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, хот төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлдэг. БНСУ-ын “Нийтийн тээврийг хөгжүүлэх, ашиглалтыг дэмжих тухай хууль”-д нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх, бүс нутаг хоорондын тээврийг хөгжүүлэх, дамжин суултыг хялбарчлах, алслагдсан бүсийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг тусгасан байдаг.
Үүний нэг тод жишээ нь Сөүлийн нийтийн тээврийн систем юм. Хотын автобуснуудыг үүрэг, чиглэлээр нь ангилж, төв болон захын бүсийг холбох үндсэн чиглэлээс эхлээд метроны буудал болон орон сууцны хорооллыг холбох богино чиглэл, нийслэлийн бүс хооронд зорчих хурдавчилсан автобус хүртэл тус тусын үүрэгтэйгээр зохион байгуулжээ. Ингэснээр автобус, метро нь хоорондоо өрсөлдөх бус, нэг нэгнээ нөхөж ажилладаг байна. Мөн шөнийн цагаар нийтийн тээврийн үйлчилгээг үргэлжлүүлэх тусгай чиглэлүүд ажилладаг.
Харин иргэдийн хувьд хамгийн мэдэгдэхүйц давуу тал нь дамжин суух болон төлбөрийн нэгдсэн тогтолцоо юм. Зорчигчийн хувьд автобус, метро нь тусдаа байгууллагын үйлчилгээ мэт боловч төлбөр, маршрут, мэдээллийн түвшинд нэг системийн хэсэг болж ажилладаг. Сөүлийн албан ёсны мэдээллээр дамжин суух хөнгөлөлт тодорхой хугацааны хүрээнд үйлчилж, нэг аяллын үеэр хэд хэдэн удаа тээврийн хэрэгсэл солих боломжтой.
Мөн Солонгосын нийтийн тээврийн үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийн тэрэгтэй зорчигч зэрэгт зориулсан хүртээмж сайтай. Ялангуяа нөхцөлийг тээврийн хэрэгслээс гадна буудал, метроны станц, явган зам, дамжин суух хэсэгтэй нь хамтад нь авч үздэг байна.
Эндээс харвал БНСУ-ын нийтийн тээврийн хөгжлийн гол онцлог нь “олон автобус, метро” гэхээсээ илүү “нэг систем” бий болгосон нь давуу тал болж байна. Төрөөс бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хотын захиргаа тээврийн сүлжээ, чиглэл, төлбөр, мэдээллийг уялдуулж, харин тээврийн хэрэгсэл бүр өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ нийтийн тээврийг зөвхөн зорчигчийг нэг газраас нөгөөд хүргэх үйлчилгээ бус, иргэн хаана амьдарч байгаагаас үл хамааран зорчих боломжтой байх, хөгжлийн бэрхшээлтэй хүн саадгүй зорчих, өөр өөр тээврийн хэрэгслээр дамжин зорчиход хүндрэлгүй байх, мэдээллээ урьдчилан авах боломжтой байх гэсэн өргөн хүрээний хүртээмжийн асуудалтай холбон хөгжүүлж байна.
Япон: Нарийн зохицуулалт, хүртээмжид суурилсан систем

Японд нийтийн тээвэр нь хотын амьдралын салшгүй хэсэг бөгөөд ялангуяа Токио зэрэг томоохон хотод төмөр зам, метро, автобус зэрэг олон төрлийн тээврийн хэрэгсэл хоорондоо уялдан ажилладаг байна. Тээврийн сүлжээ нь зөвхөн хотын төвийг хамрах бус, захын дүүргүүдийг төмөр замын станц болон автобусны чиглэлтэй холбох зарчмаар хөгжсөн байдаг. Үүний зэрэгцээ төвлөрсөн хотуудад төмөр замын сүлжээний ачааллыг бууруулах, зорчигчдыг өөр өөр чиглэлд хуваарилах, нийтийн тээврийг хот төлөвлөлттэй уялдуулах бодлого хэрэгждэг.
Японы нийтийн тээврийн нэг чухал онцлог нь цагийн хуваарь болон үйлчилгээг нарийн зохицуулдаг явдал юм.
Мөн нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг Япон улс хууль, стандартын түвшинд зохицуулсан байдаг байна. MLIT нь нийтийн тээврийн буудал, тээврийн хэрэгсэл болон үйлчилгээний хүртээмжид мөрдөх заавар, стандартыг гаргаж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг олон төрлийн хэрэглэгч нийтийн тээврийг ашиглах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог. Эдгээр стандарт нь зөвхөн барилга байгууламжид бус, тээврийн хэрэгсэл, мэдээлэл, үйлчилгээний зохион байгуулалт зэрэгт хамаардаг. Мөн стандартыг нийгмийн хэрэгцээ, технологийн хөгжлөөс шалтгаалан шинэчилж байна.
Тухайлбал, Токио хотын метроны системд станцын газрын түвшнээс тасалбарын хэсэг, улмаар тавцан хүртэл лифтээр холбогдсон хүртээмжтэй маршрут, налуу зам, тэргэнцэрт зориулсан байгууламж, хүртээмжтэй ариун цэврийн өрөө, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чиглүүлэх зам, Брайль мэдээлэл зэрэг олон төрлийн шийдэл ашигладаг байна. Токио Метро станц бүрийн хүртээмжийн байгууламжийг тусад нь шалгах боломжтой мэдээллийн системтэй.
Мөн Японы системийн нэг онцлог нь төрийн зохицуулалт болон хувийн тээврийн операторууд зэрэгцэн оршдог явдал. Тээврийн үйлчилгээнд зөвхөн төр бүхэлд нь оролцох бус, олон төрлийн оператор ажилладаг ч тэдний үйл ажиллагааг хууль, стандарт, хот болон бүс нутгийн нийтийн тээврийн төлөвлөгөөгөөр зохицуулдаг. Сүүлийн жилүүдэд хүн ам цөөрч буй бүс нутгуудад нийтийн тээврийг тогтвортой хадгалах асуудлыг ч төрийн бодлогын түвшинд авч үзэж, орон нутгийн захиргаа, тээврийн байгууллага болон бусад талууд хамтран төлөвлөгөө боловсруулахыг дэмжиж байна.
Казахстан: Цахимжилт, хүртээмжийг нэмэгдүүлж буй хотын систем

Казахстаны нийтийн тээврийн салбар нь улсын хэмжээнд хууль, дүрэм журмаар зохицуулагддаг бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ, ялангуяа хотын автобусны чиглэл, тариф, үйлчилгээний зохион байгуулалтад орон нутгийн захиргаа чухал үүрэгтэй аж. Казахстаны “Тээврийн тухай” хууль нь хүн амын тээврийн хэрэгцээг хангах, нийгмийн ач холбогдолтой зорчигч тээврийг хөгжүүлэх, төрийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсийг тогтоодог.
Казахстаны нийтийн тээврийн системийн сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн нэг нь цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн нь юм. Казахстаны Тээврийн яамны мэдээллээр цахим тасалбарын системийг бүх бүс нутагт нэвтрүүлсэн бөгөөд бүгд найрамдах улсын ач холбогдол бүхий хотууд болон мужийн төвүүдэд цахим төлбөр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн төлбөрийг зөвхөн бэлэн мөнгөөр төлөхөөс татгалзаж, тээврийн карт, QR код, банкны карт, гар утас болон NFC зэрэг цахим хэлбэрүүдийг ашиглах боломжийг өргөжүүлжээ.
Харин хүртээмжийн хувьд нийтийн тээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суулгах, буулгах төхөөрөмжөөр тоноглогдсон байх шаардлагатай бөгөөд хотын болон бүс нутгийн ач холбогдол бүхий шинэ автобусыг хөдөлгөөн хязгаарлагдмал иргэдэд тохирсон байдлаар үйлдвэрлэгдсэн байхыг журамд заасан байна.
Мөн 2026 оны шинэчилсэн барилгын зохицуулалтад нийтийн тээврийн саадгүй, аюулгүй хөдөлгөөнд зориулсан тусгай эгнээ, явган зорчигчийн зам, гарцыг хөдөлгөөн хязгаарлагдмал иргэдэд зориулсан саадгүй орчны шаардлагатай уялдуулах талаар тусгасан байна. Энэ нь нийтийн тээврийн хүртээмжийг зөвхөн автобусны доторх нөхцөлөөр бус, автобусны зам, явган хүний орчин, хотын дэд бүтэцтэй хамтад нь авч үзэх чиглэл рүү явж байгааг харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 179 (7921)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn