Хүмүүний хувь заяаг онож төрсөн бидний амьдралын зам өөр өөрийн жимээр урсан өнгөрч, цаг хугацааны урсгалд дахин давтагдашгүй түүхийг бүтээж байдаг. Яг одоо мэдэрч байгаа мэдрэмж, туулж буй бүхэн өнгөрсөнд үлдэж, амьдралын нэгэн хэсэг болон дурсагдана. Харин тэр бүхний дунд сэтгэлд хоногшсон мөч, хүний амьдралыг өөрчилсөн сонголт тодхон үлддэг юм шиг. Энэ бүхэн бидний өөрсдийн бүтээж буй амьдралын үнэ цэн билээ.

Ийм нэгэн өөрийн ертөнцийг бүтээж яваа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин, удам дамжсан харваач Х.Даваажаргалыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор урьж, ярилцлаа.

 

Удам дамжсан харваач охин

2026 оны үндэсний их баяр наадмын үеэр. 

Нэг харахад гүйж, үгүй бол цанаар гулгаж, бас сагсны талбайд найзуудтайгаа тоглож явдаг  хөдөлгөөнтэй жаахан охин бол  нийтлэлийн зочны маань хүүхэд насны дурсамжийг хөглөх сайхан үе.  Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээний тэргэний  мод боловсруулах үйлдвэр хэмээх газраас түүний бага насны дурсамж хөвөрнө.

Х.Даваажаргал 1968 онд төрсөн бөгөөд 11 хүүхэдтэй  өнөр өтгөн айлын дунд охин болон мэндэлжээ. Аав нь хүүхдүүдийнхээ зан чанар, сонирхол, авьяасыг нэг бүрчлэн ажиглаж, өөр өөрийнх нь замыг олоход чиглүүлдэг хүн байв. Хүүхдүүдээ багаас нь зөв хүмүүжилтэй өсгөхийн зэрэгцээ хэн нь юунд илүү сонирхолтой, ямар зүйлд авьяастайг анзаарч явсан нь хожим үр хүүхдүүдийнх нь амьдралын сонголтод ч нөлөөлсөн байна. Тиймдээ  түүний дунд охин Өнөөдөр Монголын сурын харвааны түүхэнд өөрийн нэрийг үлдээж яваа. Түүний амжилтын эхлэл чухамхүү гэр бүлийн тэр орчин, аавынхаа үлдээсэн өвтэй салшгүй холбоотой.

Х.Даваажаргал мэргэн анх  нум сум харваж байсан тухай дурсамжаа ийн ярьсан юм. Тэрээр “Аав ээж минь их ажилч хичээнгүй хүмүүс байсан. Ээж минь цагаан идээ боловсруулах, ногоо тарих гээд олон зүйлийг үлгэрлэн зааж сургадаг байв. Аав минь нэг их зүйл хэлээд байхгүй ч гэсэн үйлдлээрээ  хүүхдүүдээ  сурган хүмүүжүүлж амьдралын ухааныг бага багаар суулгадаг байсан. Аав ээжийнхээ зааж сургаснаар өнөөдрийн өөрийгөө бүтээгээд явж байна даа.

 Аавынхаа нум сум агсаж, харвахыг харж өссөн нь энэ спортод дуртай болоход нөлөөлсөн. Нэг өдөр аав маань “Миний хүүхдүүд дээл хувцсаа өмсөөд гараад ир. Зураг авхуулъя” гэж билээ. Гэрийн хойно бид нараар  30-40 метр  газар нум сум  харвуулав.  Би ч яах вэ зургаа даруулж байгаа гэж бодоод л.   Гэвч зураг даруулах биш аав маань бид нараар  нум сум харвуулах гэсэн ухаан нь тэр байсан.

Ингэж л би есдүгээр ангийн сурагч байхдаа  нэг сум тавьж үзэж байгаа юм. Өмнө нь аавыг харж өссөн ч нээх хорхойсдоггүй  байлаа.Тэр үеэс л сур харвахын сайхныг өөрөө мэдэрч, энэ спортод дуртай болсон доо.  Ингэж би 1985 онд сур харвах эхлэлээ тавьсан.Тэгээд 1989 онд бүсийн чуулга тэмцээнд аав ахтайгаа  хамт оролцож байсан нь сайхан дурсамж болж үлдсэн.  Гэвч анх тэмцээнд оролцохдоо хоёрхон өдөр сур харвахдаа шантарсан.Яагаад гэвэл,  сур харвана гэдэг  анхнаасаа олон сар бэлтгэл хийж хийх ёстой. Гэтэл би  шууд  орсон нь шантарсан байх л даа” гэв.

 

“Төрийн наадамдаа хоёр дахиа түрүүлэхдээ анхных мэт сайхан мэдрэмж авсан”

Ийнхүү хэсэг хугацаанд нум сум харвахгүй явсаар, 1995 оноос амьдралын эрхээр сурын харваанд эргэлт буцалтгүй оржээ. Өрх тусгаарлаж, хоёр хүүхэдтэй болсон ч гэр бүлийн хүчирхийлэлтэй нүүр тулж, хоёр хүүхдийнхээ хамт Улаанбаатарт ирсэн байна. Энэ үед аав нь бурхны орныг зорьжээ.

Тодорхой ажилгүй байх тэр үед ах нь  “Миний дүү дахиад сураа харваж эхлэх юм уу. Ааваас  өвлөж ирсэн ахынхаа нумаар харва. Энэ нум ахыг нь мастер цолонд хүргэж харваач болгосон” гэжээ. Ингээд  олон жилийн дараа ахтайгаа  хамт сурын талбайг зорьсон нь түүний их амжилтын эхлэл байв.

Ингээд  эхний жилээ буюу 1996 онд үндэсний их баяр наадамд цэц мэргэнээ сорин түрүүлж спортын мастер, улсын мэргэн болсон түүхэн амжилтын эзэн болсон байна. Энэ тухайгаа “Түрүүлсэн мэдрэмжийг тухай үед  би өөрөө аваагүй. Юугаа ч мэдэхгүй л зогсож байсан даа. Харин намайг дасгалжуулсан ах маань надаас илүү баярласан. Бусад харваачид маань ч  баярлаж байсан” гэлээ.

Ингээд  сур харваагаараа идэвхтэй хичээллэж,  түүнээс хойш улсын их баяр нааадамд хэдэн жил дараалан VI байрт орсон ч тэр шантралгүй бэлтгэлээ үргэлжлүүлсээр байв. Түүний хичээл зүтгэл, тууштай хөдөлмөр үр дүнгээ өгч, Монголын сур харвааны түүхэнд өөрийн нэрийг үлдээх амжилтын эхлэл тавигджээ. Х.Даваажаргал мэргэн 36 сумаас 35, 40 сумаас 39 онож, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн, 2001 онд улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн байна.

Түүнээс хойш амжилтын буухиа үргэлжилж, 2002 онд дахин түрүүлэн, 2003 онд гуравдугаар байрт оржээ. Харин 2004, 2005 онд улсын наадамд дараалан түрүүлж, сурын талбайд өөрийн ур чадвар, хичээл зүтгэлийнхээ үнэ цэнийг харуулсан байна.

Төрийн их баяр наадамдаа олон жил дараалан түрүүлсэн түүнээс хамгийн их баярласан цаг мөч нь хэдийд байсан тухай асуухад тэрээр “Хоёр дахь удаагаа төрийн наадамдаа оролцохдоо түрүүлнэ гэсэн зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа хийсэн. Тиймээс төрийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн тэр үе анх удаа түрүүлж байгаа мэт тийм гоё мэдрэмж байсан” хэмээв.

 

“Бусанд зохион байгуулсан Монголын үндэсний спортын парадад оролцоход маш их бахархал төрж байсан”

БНСУ-ын Бусан хотод зохион байгуулсан Монголын үндэсний спортын парадын үеэр улсын арслан Б.Бат-Өлзийн хамт.

Үндэсний сурын харваагаар олон тамирчин хичээллэж байгаа.  Бүгд л  улсынхаа баяр наадамд түрүүлэх зорилготой шүү дээ. Тиймээс Х.Даваажаргал мэргэн олон харваачийг наадамд түрүүлэхийн тулд хөшүүрэг дэмжлэг болох ёстой юм байна хэмээн шавь бэлтгэх ажилд оржээ.  Энэ тухайгаа “Өөрсдийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөх хэрэгтэй. Нэг удаа нум эвшээлгэж, сум тавиулахад л нум харвах хүсэлдээ хөтлөгдөөд хүрээд ирдэг. Тэр хүсэлд нь тулгуурлан зөв зааж өгвөл амжилтад хүрэх магадлал өндөр.

Манай  Монгол харвааны “ Чандмань клуб” энэ өвлөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлнэ.  Дасгалжуулагчид, нум сум урлаачид гээд олон хүний бүрэлдэхүүнтэй манай клуб зорин ирэх хүн бүхэнд нээлттэй” гэлээ.

Тэрээр өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэргийнхээ хүрээнд 2019-2022 онд Шведэд амьдрах хугацаандаа аймгийн мэргэн спортын мастер н.Ганчимэгтэй хамтран тэнд амьдарч байгаа сур харваагаар хичээллэх сонирхолтой монголчууддаа хэрхэн зөв харвах, нум сумаа хэрхэн сонгох зэрэгт зааж зөвлөж иржээ. Ийнхүү түүний хийсэн ажил бага ч гэсэн үр дүнд хүрч  холбоотой болсон байна.  Түүчээ болсон сур харваачид нь  Бельгид   энэ сарын 24-нд зохион байгуулагдах Европын аварга шалгаруулах тэмцээнд  цэц мэргэнээ сорихоор болжээ.

Мөн түүний сур харвааг суртчлан таниулсан томоохон ажлын нэг нь есдүгээр сарын 12-нд анх удаа БНСУ-ын Бусан хотод зохион байгуулсан Монголын үндэсний спорт, өв соёл, урлагийг дэлхийд таниулах зорилготой Монголын үндэсний спортын парадад оролцсон явдал юм. Энэ тухайгаа тэрээр “Үндэсний өв соёлоо тээж яваа харваачид, бөхчүүд, уяачдын холбоо, тэмээн поло, урлагийнхан гээд Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах үйл хэрэгт оролцож, олуулаа үндэсний хувцсаа өмсөөд БНСУ-ын Бусан хотын цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг даган омогшил дүүрэн алхахад, өөрсдөөрөө  маш их бахархсан.

Тэнд амьдарч байгаа монголчуудын хүлээж авч байгаа сэтгэгдэл маш сайхан байсан. Үндэсний хувцсаа өмсөөд парадад нэгдэж, 300-аад хүн жагслаа. Бусад орны хүмүүс ч биднийг сайхан хүлээж авч байсан. Тэр бүхнийг хараад өөрсдөөрөө бахархаж, сэтгэл ихэд хөдөлсөн. Монголынхоо өв соёлыг тээж яваа олон хүн нэг дор цугласан нь өөрөө их сайхан мэдрэмж байсан” гэв.

 

“Ааваасаа  өвлүүлсэн нумтай  ухаанаа уралдуулж 30 жил харважээ”

Дорнод аймгийн Баян-Уул сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний сурын харвааны дархан мэргэн Х.Даваажаргал гавъяат тамирчин цол хүртэв.

Х.Даваажаргал ааваасаа өвлөж ирсэн нумаараа төрийн наадамдаа  олон сайхан харваачтай цэц мэргэнээ сорьж  таван удаа түрүүлсэн сайхан хувь тохиолтой. Энэ тухайгаа “Би удам дамжсан харваач гэдгээрээ бахархдаг. Ааваасаа өвлүүлсэн нумтай  ухаанаа уралдуулж 30 жил харважээ. Миний хувьд маш  том өв.  Харвааны үед аавыгаа санаж, дурсана. Мөн харваачид маань миний өмнөөс нүдэнд нь нулимс цийлгэнэж байгаа нь харагддаг. “Аав нь амьд сэрүүн байсан бол харах байсан байх даа” гэж хэлэхэд нь дотроо өмөлзөж , нүдэнд нулимс хурж байгаа ч тэвчээд өнгөрдөг. Хүн бүрийн туулах ёстой амьдрал, хорвоогийн жам гэж бодож, тэвчээрийн туйлыг үзүүлэх зөв байх гэж боддог.

Хоёр охин минь нум сум харвахгүй л байна.  Ач  зээ нараас маань  удахгүй харваач  төрөх байх. Хүүхдүүд маань наадам болгоноор  үздэг юм. Хүүхдүүдээ үлгэрлэж хүмүүжүүлж  байгаа учраас надад бахархалтай санагддаг.  Ах дүү нарын хүүхдүүд олон харваж байгаа” гэлээ.

Спорт бүхэн өөрийн гэсэн онцлог, сайхан зам мөртэй байдаг. Харин Х.Даваажаргал мэргэний хувьд сурын харваа  амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болжээ. Тэрээр “Сур харваа бол маш сайхан спорт. Нум сум харвана гэдэг үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж байдаг. Үндэсний том өв соёлоо тээж яваа нь хамгийн том бахархал.

Сайхан өв соёлоо тээж, нэг хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлж  яваа олон сайхан найз нөхөдтэй болдог. Тиймдээ ч сурын талбай руугаа нум сумаа агсаад алхаж явах жаргалтай  байдаг.

1995 оноос өмнө сур харвадаг хүмүүс их цөөн байлаа. Би улсын наадамд түрүүлж байх үедээ  “Монгол хүн болж төрснийх хүмүүс монгол сурын үндэсний харваанд оролцож, харваж үзээсэй, харваачид маань улам олон болоосой”  гэж ярилцлага болгондоо хэлдэг байсан. Харин өнөөдөр харваачид маань  маш  олон болсонд их баярлаж явдаг. Нэг хүсэл минь биелж байна шүү дээ. Сур харваа  олон хүнийг өөртөө татаж байгаа нь энэ спортын үнэ цэнийг харуулж байгаагийн нэг жишээ гэж бодож байна.

Амьдрал намайг тэвчээртэй болгосон ч тэр тэвчээрийг улам илүү хурцалж байгаа зүйл нь сурын харваа. Сур харваа хүнийг их төлөвшүүлж,  тэсвэр тэвчээрийг олгоно. Мөн өв тэгш хүмүүжилтэй болгож, хүнтэй харилцах, хүнийг хүндлэх ухаанд сургадаг гэж боддог. Сур харвах мэдэгдэхүүнээ авсан бол яаж харвахаа ухаанаараа зохицуулах хэрэгтэй. Хатуу нум бариад хүчтэй сумаар харвахдаа гол нь биш” гэдгийг онцоллоо. Мөн Х.Даваажаргал мэргэн Дорнод аймгийн Баян-Уул сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртсэн билээ. Нутгийнхаа зон олны өмнө төрийн хүндтэй шагналыг хүртсэн тэр агшинд маш их бахархсан гэдгээ хуваалцсан юм.

Яах аргагүй сур харваа бол монгол түмний ондоошил, бахархлын нэгэн үнэт өв билээ. Халуун, хүйтнийг ажралгүй бэлтгэл сургуулилтаа хийж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа харваачид маань энэ өв соёлоо тээж, дараагийн үедээ өвлүүлэн үлдээх их бахархлыг нуруундаа үүрч яваа хүмүүс юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn