…Есөн сард

Юм бүхэн тунгалаг

Нүүж буухад

Өвсний үнэр хурц

Ертөнцийн хүүхнүүд

Гэрийнхээ үүдэнд ганган

Юм бүхнээс

Есөн сар л үзэсгэлэн…хэмээн нэрт найрагч Данзангийн Нямсүрэнгийн бичсэн шиг есөн сар бүхнээс тунгалаг, бүхнээс үзэсгэлэнтэй. Модод шар торгон дээлээ өмсөж, дэлхий дэлгэр наран доор алтран туяарах намрын шаргал өдрүүдэд байгаль эх өгөөж баялгаа дэлгэдэг билээ. Энэ л наран цэлмэг, өвсний үнэр анхилсан намар цагтай хамт Монгол Улсын Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн дуу хоолой ургацын талбараас цуурайтаж байна. Хорвоо дэлхий есөн сард хамгийн үзэсгэлэнтэй байдаг шиг, эх орныхоо ургацын талбарт хөлсөө дуслуулан зүтгэх цэрэг эрс намрын энэ л өдрүүдийн хамгийн бахархам, хамгийн тод өнгө гэлтэй.

Энэ жил улсын хэмжээнд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгджээ. Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтойг албаныхан дүгнэж байна.

Энэ цаг үед тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн алба хаагч, сонсогч, оюутан залуучууд ургац хураалтын ажилд оролцож байгаа билээ. Тэдэн дундаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сант, Жавхлант, Орхон, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарынгол суманд газар тариалан эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтээр ажиллаж буй юм. Буу үүрдэг мөрөөрөө эх орныхоо хөрснөөс ургасан шим бүхнийг шуудайлан мөрлөсөн түрүүч, байлдагч нарын дунд 1300 гаруй километрийн алсаас ирсэн Ховдын хорооныхон, 900, 800 километр замыг туулаад ирсэн “Талын чоно”, “Их говийн гарнизон”-ыхон ч байна.

Намрын шаргал нарны дор цаг хугацаатай уралдан яваа хугацаат цэргийн алба хаагчдаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас эргэж тойрох, шалган туслах ажлыг есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд явууллаа. Энэ нь түрүүч, байлдагч нарын ажиллах орчин нөхцөлийг газар дээр нь үзэж, гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүргийн биелэлт болон ажил-амралтын цагийн хуваарьтай танилцах зорилготой байв. Шалгалтын явцад зарим тариалан эрхлэгчдэд сануулга, заримд нь сайшаал өгч байлаа. Учир нь зарим аж ахуйн нэгжүүд бүтэн жилийнх нь хөдөлмөр болсон ургац хураалтыг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчдаа зориулан сэндвичэн байшин барьж, хээр хөдөө гэлгүй орчин үеийн шаардлагад нийцсэн хувийн ариун цэврээ сахих өрөө тасалгааг цогцоор бэлтгэж, өрөө бүрт нь зурагт тавьж өгсөн нь дайчдаа эргэж яваа цэргийнхний талархлыг хүлээж байсан нь тэр ээ.

Бидний эхний очсон газар Төв аймгийн Борнуур сум. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энд ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хаагчдаа ахмад Н.Наранбаатар ахлан ирсэн байх бөгөөд залуус урам зориг дүүрэн, хүндрэлтэй асуудалгүй, үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явааг тэрээр илтгэнэ лээ. Харин тэднийг захиалагч тариалан эрхлэгч бүсгүй “Манайх цэргүүдийг ирэхээс өмнө Бангладешийн иргэдийг ажиллуулж үзлээ. Өглөө оройдоо даарч хөрөөд, байгаль цаг уурт дасаж өгөхгүй хэцүү л байлаа. Ашгүй цэргийнхэн ирж, ургац хураалтын ажил маань жигдэрлээ” хэмээн талархал илэрхийлсэн юм.

Тэдэнтэй залгаа Жаргалант суманд нь харин Зэвсэгт хүчний 5-6 нэгтгэл, ангийнхан 10 гаруй бүлгээр ажиллаж байна. Завгүй гүйж яваа ч тэд ургацын талбайгаас нь “Намар, цэрэг” гэдэг сайхан шүлэг төрөхөд бэлэн болж буйг дуулгах. Ахлах байлдагч Б.Наранбат намрын ажилд нөхөдтэйгөө хамт гарч, тэндээс авч байгаа мэдрэмжээрээ хэд хэдэн шүлэг тэрлэж, орой бүр ил галын дэргэд гитарын эгшиг аялгуу дор уншиж байгаа гэнэ. Эрхэм ахлах байлдагч маань намар, цэрэг хоёр төгс хоршиж байгааг илэрхийлсэн яруу тансаг шүлгээ удахгүй сурвалжлагч танд бичгээр хүргэнэ гэсэн амлалттай үлдэв.

Сурвалжлагын зам цааш Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутгийг чиглэлээ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон түшиг ургац” компанийн тариалангийн талбайд Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тодорхой тооны офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид тодорхой гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байхтай таарав. Тэд найман төрлийн ургац хурааж байгаагаас голлох ногоо нь монгол саримс. Эх орныхоо газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж байгаа манай залуусын сэтгэгдэл өндөр, цовоо сэргэлэн бөгөөд ажилдаа гаршиж, түүртэхгүй байгаа нь үйлдэл бүрээс нь тодхон харагдана.Энд саатан зогсоход эрхгүй нэгэн дүр зураг зүрх сэтгэлд амилах нь алдарт “Мартагдашгүй намар” уран сайхны кино билээ. Тэртээх жилүүдэд Сэлэнгэ аймгийн Орхон сумын энэ л дэлгэр уудам, шаргал талбайд тус киноны зураг авалт өрнөж, залуу насны эрч хүч, хөдөлмөрийн амтыг дэлгэцнээ мөнхөлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр кино хальснаас хальж, яг л тэр дүр зураг амьдрал дээр бодитоор өрнөж байна.

Эгнээ зурайх ногооны уудам талбайд ханцуй шамлан зүтгэх цэрэг эрс, ажил амьдралын амтыг мэдэрч буй залуусын хөгжүүн дуу хуур, урам зориг нь Орхон сумын талбайг орчин цагийн амьд “Мартагдашгүй намар” болгон хувиргажээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Бaянгол, Сант, Жавхлант сумууд болон Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарынгол сумын алтан шаргал талбайд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн дайчид маань цаг нартай уралданхан байна.

Тариалан эрхлэгчид ч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өндөр зохион байгуулалт, хөдөлмөрч чанарыг шагшин магтаж, ургацыг нь анхны цаснаас урьдан хурааж өгч байгаад баярлаж талархсанаа илэрхийлсээр байв.

За тэгээд, ургацын талбай өөрөө зөвхөн хөдөлмөрийн талбар биш ажээ. Энэ их ажлын дунд, хээр хөдөөгийн байрлалд хугацаат цэргийн алба хаагчид бие биеэ илүүтэй таньж, нөхөрлөлөө улам бүр бэхжүүлж байгаагаа хамгийн эхэнд хуучилж байв. Нэгэн жагсаалд мөр зэрэгцэж, нэгэн тогооноос хооллож яваа залуус хөдөлмөрийн талбарт хамтдаа хөлсөө дуслуулахдаа жинхэнэ эр хүний бат бөх, насан тусын нөхөрлөлийг гагнаж чадсан байна. Намрын шаргал талбар тэдний хувьд залуу насны дурсамж, бие биедээ итгэх итгэлийг хөглөсөн амьдралын том сургууль болж үлджээ гэмээр.

Үндсэндээ ургац хураалтын энэхүү хүнд, хариуцлагатай ажил Зэвсэгт хүчний алба хаагчдын нуруун дээр яваа гэдгийг бид дахин онцлох учиртай. Хэзээнээсээ л намрын ажил, өвөлжилтийн бэлтгэл, улс орны бүтээн байгуулалт, гамшиг осол, зуд турхан, үерийн аюул тохиолдоход “Мэдлээ, гүйцэтгэе” гээд морддог тэд энэ удаа ч уламжлал ёсоороо намрын шаргал нарны дор ургацын талбайд ажиллаж байгаа нь энэ билээ.  Эх орныхоо хөрснөөс ургасан хүнсний ногооны арвин ургацыг дайчин залуус маань ийнхүү гардан хурааж, ард түмнийхээ өвлийн хүнс, амьдралын баталгааг хангах хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг цаг хугацаатай уралдан нуруундаа үүрч явна.

Ахмад Д.БОЛОРМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn