Ч.БЯМБАХАЖИД
Өнөөдөр цахим орчинд хуурамч хаяг, нэрээ нууцалсан хэрэглэгчээс хүний нэр төрд хууль бусаар халдах явдал “газар авах” болсон. Энэ нь олон нийтийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөөд байна. Мөн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж илэрхийлсэн иргэдийн эсрэг төрийн байгууллага албан тушаалтан гомдол гаргах, зарим тохиолдолд зөрчил, эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, хорих тохиолдолууд ч гарч байна. Энэ нөхцөл байдал нь иргэдийн дунд эргэлзээ, айдас төрүүлж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хумих нөхцөл байдлыг үүсгэж байна гэж ХЭҮК-оос үзжээ. Иймд ХЭҮК-оос үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой асуудалд Засгийн газар манлайлан ажиллах ёстой”
2025 оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл худал мэдээлэл тараах замаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэх нийт 362 гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Харин өмнөх онуудад бүртгэгдсэн нийт 859 гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгож хаасан байна. Мөн хүний нэр төрд халдсан хэрэгт холбогдсон талууд нь тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Бусдын нэр төр алдар хүндэд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл бэлтгэж, цахим болон бусад хэлбэрээр санаатай түгээсэн хууль бус үйлдлээс иргэдээ хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар манлайлал гарган ажиллаж, тодорхой үр дүн гаргах шаардлагатай байна. Дээр дурдсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохдоо нэгд, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хүндэтгэх. Хоёрт, төрийн байгууллага албан тушаалтны талаарх хууль ёсны шүүмжлэл, олон нийтийн хяналт, баримтад суурилсан болон хараат бус сэтгүүлзүйг хязгаарлах, айлгах сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахгүй байх. Гуравт, улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн албан тушаал эрхэлж, олон нийтийн үйл хэрэгт оролцож байгаагийн хувьд тэдний үйл ажиллагаа, шийдвэр, байр суурьд нээлттэй байхыг хүлээн зөвшөөрч, иргэний эсрэг гомдол гаргах боломж нөхцөлийг хязгаарлах зохицуулалтыг олон улсын туршлагад нийцүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэх. Дөрөвт, Улстөрч, төрийн өндөр албан тушаалтны шийдвэрт шууд хамааралтай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үйлдэлд илэрхий хамтран оролцсоноос бусад тохиолдолд тэдний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, хувийн нууцад өргөн хүрээнд халдаж, гүтгэхгүй байх зарчмуудыг тусгах шаардлагатай байна” гэв.
Философич С.Молор-Эрдэнэтэй холбоотой асуудалд ХЭҮК-оос холбогдох ажиллагааг хийжээ
Энэ үеэр Философич С.Молор-Эрдэнийн хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариуллаа.
ХЭҮК-оос Философич С.Молор-Эрдэнэтэй холбоотой асуудал гарсан даруйд мэдээллийн мөрөөр бүртгэж, холбогдох ажиллагааг хийжээ. Ингэхдээ өөртэй нь биечлэн уулзаж, биеийн эрүүл мэнд, хоригдож буй нөхцөл байдалтай холбоотойгоор үзлэг шалгалт хийсэн гэв.
Үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэнтэй холбоотойгоор баривчлагдан хоригдсон, өөр эрхийн хязгаарлалтад орж байгаа эсэх асуудал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тодруулахаар Нийслэлийн прокурорын газраас тодорхой лавлагаануудыг авчээ. Үүнд, хуульд тодорхой заасан үндэслэл байгаа учраас прокурорын саналыг үндэслэн шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар мэдээллийг ирүүлсэн байгаа гэж ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээлэв.
Баян-Өлгий аймагтай холбоотой 17 гомдол иржээ
Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар ХЭҮК-т иргэдээс гомдол, мэдээлэл иржээ.
Тодруулбал, 15 иргэнээс нийт 17 гомдол, мэдээлэл ирсэн байна. Гомдлууд нь Урианхай, Тува болон Казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөнджээ.
Комисс холбогдох гомдол, мэдээллийн дагуу хуулийн хүрээнд шалгалт хийж, шаардлагатай асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймагт хүний эрхийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn