Монгол Улс болон БНХАУ-ын хүмүүнлэг, соёлын харилцааг бэхжүүлэх, ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хоёр орны найрсаг холбооны олон нийтийн суурийг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийг энэ сарын 22-25-нд зохион байгуулж байна.
Тус соёлын өдрүүдийг зохион байгуулж буй үндэслэл, ач холбогдол, ерөнхий хөтөлбөр, онцлох арга хэмжээний талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Ч.Энхтуяа, тус яамны Бодлого зохицуулалтын газрын шинжээч Д.Амарсанаа нарын албаны хүмүүс өчигдөр мэдээлэл өглөө.
Энэхүү ажил нь Монгол, Хятадын харилцааны чухал платформ, гүүр болон төлөвшөөд байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Жы онцолсон юм. Тэрээр “Энэ удаагийн соёлын өдрүүд нь Хятадын уламжлалт баяр болох тэргэл сарны баяртай давхцаж байна. Тэргэл сарны баяр нь гэр бүлээрээ элэг бүтэн, улс орон амар амгалан, ард түмэн тайван байж байгаль дэлхийгээ хүндэтгэн дээдэлж, арвин ургац хишигт талархан сайхан ирээдүйг ерөөж, хөрш орнуудтай найрсаг харилцаж, харилцан ойлголцох зэрэг утга агуулгатай билээ” хэмээсэн юм.
“Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор болох тус өдрүүдээр соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн солилцоо, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө, албаны түвшний уулзалт хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрлийн 23 үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулна

Соёлын өдрүүдийн нээлт энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар зочид буудалд болж, соёл, аялал жуулчлалын салбарын танилцуулга, экологийн бүтээн байгуулалтын тухай баримтат киноны үзүүлбэр, шилдэг дуу дүрсний бүтээлийн нээлт, богино хэмжээний кино, видеоны орчуулгын эрх, лиценз олгох ёслол, Хятадад суралцах сонирхолтой оюутнуудад зориулсан боловсролын үзэсгэлэн зэрэг зохиогдоно.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ӨМӨЗО-ны Хятадын уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон Өвөр Монгол Олон улсын Монгол эмнэлгээс 10 гаруй эмч, анагаахын мэргэжилтэн хүрэлцэн ирж, үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгнө. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын маршрутад Өвөр Монголд эрүүл мэндийн шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ авах Монгол Улсын иргэдийн тоо нэмэгдсэн бөгөөд 2025 онд Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлэгт 40 мянга гаруй хүн үйлчлүүлсэн байна. Иймд эдгээр өдрүүдэд Хятадын уламжлалт анагаах ухааны зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой ажээ.
Түүнчлэн Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулах бөгөөд бүсийг энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор зарласан ба 23 дахь улсын зэрэглэлийн чөлөөт худалдааны туршилтын бүсэд тооцогдож буй. Энэхүү танилцуулгын үеэр тус бүсийн бүтээн байгуулалтын явц, бодлого, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулах юм.
Мөн “Торгон эгшиг” монгол залуу дуучдын дөрөв дэх удаагийн уралдааны финалын шат болон шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 24-ний өдрийн 19:00 цагт HUN театрт зохион байгуулагдана. Цаашлаад, монгол хэл дээр орчуулсан "Юньнанийн шавж хорхойн тэмдэглэл", "Уламжлалт соёлоос шинжлэх ухааныг танин мэдэхүй", "Эртний барилга байгууламжийн нууцлаг технологи", "Ажиглах бодох Таамаглах Турших" гэсэн дөрвөн бүтээлийн нийт 30 анги шинжлэх ухааны танин мэдэхүйн богино хэмжээний видеог үзүүлнэ. Эдгээр бүтээлийн агуулга нь байгаль, амьд биетийн талаарх мэдлэг, эртний шинжлэх ухаан, технологийн инженерчлэл, физикийн шинжлэх ухааны зарчим, түүх, соёлын дурсгалт эд зүйлс зэрэг өргөн хүрээг хамрах бөгөөд сонирхолтой, хүртээмжтэй байдлаараа онцлог байж, шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тохиромжтой бүтээлүүд юм.
Энэ мэт олон сонирхолтой үйл ажиллагааг тус соёлын өдрүүдээр зохион байгуулна.
Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn