Намрын хуурайшилтын үе эхэлж, ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр, Хөвсгөлд хил дамнан орж ирсэн ойн түймэр нь зөвхөн ой мод, хээр талын асуудал бус хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд шууд заналхийлж байгааг дахин санууллаа. 

Нэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам. Эдгээр зүйлс өчүүхэн мэт харагдах ч цаана нь хэдэн зуун, хэдэн мянган га талбай, эд хөрөнгийг хамарсан түймрийн аюул нуугдаж байдаг.  

Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Дутуу унтраасан чүдэнз, тамхины иш, үнс нурам зэргээс гал алдах тохиолдол цөөнгүй. 

Өөрөөр хэлбэл, байгаль хуурайшиж, салхи ширүүсэх нь түймэр тархах нөхцөлийг бүрдүүлдэг ч түймрийн эхлэлийг хүний хариуцлагагүй үйлдэл өдөөх тохиолдол их байгаа юм.  

 

"Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна 

 

Онцгой байдлын байгууллагад энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 14-17-ны хооронд дөрвөн аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.   

Есдүгээр сарын 17-ны 10:30 цагийн байдлаар гурван удаагийн дуудлагын дагуу гал түймэр унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд есдүгээр сарын 8-ны 21:29 цагт хиймэл дагуулын мэдээллээр илэрсэн ойн түймэр есдүгээр сарын 15-ны 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт хил даван орж иржээ.

Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байна. 

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг “түймрийн аюултай үе” гэж үздэг. Энэ өдрүүдэд ой, хээрт гарч  буй хүн нэг бүрийн үйлдэл хамгаас чухал юм. Иймд ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл "Сэргийлье, Хамгаалъя-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Харин Дорнод, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 18-нд бүртгэгдсэн хээрийн түймрүүдийн тухайд Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Арц холбоо уул” гэдэг газарт 12:48 цагт БНХАУ-аас хил даван орж ирсэн хээрийн түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 19-ний 09:06 цагт бүрэн унтраасан байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллажээ.

Ой, хээрийн түймрийн улмаас нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгджээ 

Энэ бол зөвхөн сүүлийн өдрүүдийн дүр зураг. Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 14-ний байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 56 суманд нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Үүний 112 нь хээрийн, 32 нь ойн түймэр байна.

Гал түймрийн улмаас урьдчилсан байдлаар нэг иргэн амиа алдаж, хоёр иргэн түлэгдсэн бол 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин, техник, 131 бод, 1012 бог мал өртжээ.

Харин түймэрт өртсөн талбайн хэмжээ 966 мянга гаруй га-д хүрээд байна. Үүнээс 10.689 га нь ой, 955.413 га нь хээрийн талбай бөгөөд урьдчилсан байдлаар 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Эдгээр тоо бол зөвхөн бүртгэгдсэн хохирол. Түймэрт шатсан бэлчээр, ой мод, амьтан ургамлын аймаг, хөрс, экосистемд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр хэмжихэд илүү урт хугацаа шаардагдах биз ээ.

 

“Энэ жил хуурайшилт харьцангуй өндөр байна” 

 

Намрын энэ үеийг хуурайшилтын “эд” үе гэдэг. Түймрийн эрсдэл өндөр байна гэсэн үг.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргалын мэдээлснээр энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хуурайшилт харьцангуй өндөр байгаа аж. 

Өнгөрсөн долоо хоногт цаг агаар тогтуун, дулаахан байсан тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй бүс нутгуудад түймрийн эрсдэлийн зэрэглэл хамгийн дээд буюу нэн аюултай түвшинд хүрсэн байна. Одоогоор баруун аймгуудын нутгаас цаг агаар сэрүүсэж эхэлсэн ч Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дулаахан байгаа учраас эдгээр бүсэд гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байна.

 Бороо орлоо гээд хуурайшилт шууд багасна гэж ойлгож болохгүй. Арваннэгдүгээр сар хүртэл хуурайшилт ихтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Татсан тамхины иш, түүдэг галаа бүрэн унтраахад хэдхэн минут л хангалттай Түймрийн аюулыг бууруулахад иргэн бүрийн хичээл зүтгэл, анхаарал сэрэмж чухал.  Ой, хээрт зорчихдоо дараах энгийн дүрмийг мөрдөхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Үүнд, асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах. Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх.  Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах. Хог, өвс болон бусад зүйлсийг ил задгай шатаахгүй байх. Арц, хүж, зул зэрэг шашны зан үйлтэй холбоотой зүйлсийг асааж орхилгүй, бүрэн унтраах. Түймрийн аюултай үед хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа галын аюулгүй байдлыг чанд сахих.

Гал нэгэнт дэгдсэн хойно унтраахад хэдэн арван хүний хүч хөдөлмөр, тусгай техник, цаг хугацаа шаардагдана. Харин ширхэг тамхины ишийг унтраах, үнсээ зөв асгах, түүдэг галаа бүрэн унтрааж түймрийн аюулаас сэргийлэхэд хэдхэн минут л хангалттай.

Нэг хүний болгоомжгүй үйлдэл хэдэн мянган га талбайг хамарсан түймрийг өдөөж, хүний амь нас, мал ахуй, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй. Тиймээс энэ намар ой, хээрт гарахдаа гал түймрийн аюулаас сэргийлж, иргэн бүр хариуцлагатай байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn