Б.НЯМСҮРЭН

 

Сэтгүүлчийн ажлыг хиймэл оюун орлох уу. Технологи алдаа гаргавал хэн хариуцлага хүлээх вэ. Хиймэл оюуны бүтээсэн мэдээллийг уншигчдад хэрхэн ил тод тэмдэглэх ёстой вэ. Өчигдөр болсон “Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2026”-ын үеэр эдгээр асуулт хэлэлцүүлгийн төвд байлаа.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг тус форум сэтгүүл зүйн ёс зүй, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн асуудлаар салбарынхны дуу хоолойг нэгтгэдэг. Энэ удаагийн форумыг Хэвлэл мэдээллийн зөвлөл, DW Akademie хамтран, Европын Холбооны дэмжлэгтэй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн санхүүжилтээр, ЮНЕСКО-гийн хамтын дэмжлэгтэй зохион байгуулав.

Millennium Hotel-ийн Event Hall-д болсон арга хэмжээнд сэтгүүлч, редактор, судлаач, оюутан, иргэний нийгэм, технологийн компани, хууль тогтоох байгууллага болон олон улсын байгууллагын 80 орчим төлөөлөл оролцлоо.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны хэрэгслүүд редакцын ажлын урсгал, сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд эрчимтэй нэвтэрч байна. Мэдээлэл боловсруулах, орчуулах, бичлэг тайлах, гарчиг болон агуулгын санаа боловсруулах зэрэг ажилд ашиглах боломж нэмэгдсэн ч тодорхой удирдамжгүй хэрэглээ нь олон нийтийг төөрөгдүүлэх, эх сурвалжийг бүдгэрүүлэх, зохиогчийн эрх болон хувийн мэдээллийг зөрчих, редакцын хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл дагуулж буй. Тиймээс энэ жилийн форум “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвийг онцолсон юм.

Форумыг нээж ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан болон тус газрын Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөтөлбөрийн туслах Сюэбинг Ши нар зүг хэлж хиймэл оюун, сэтгүүл зүйн ёс зүйн чиглэлээр ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон улсын туршлагыг танилцууллаа.

Тэдний илтгэлээс хиймэл оюун сэтгүүл зүйд шинэ боломж нээж байгаа ч итгэл даах сэтгүүл зүйн үндэс нь хүний редакцын хяналт, баримт нотолгоо, хариуцлага хэвээр үлдэх ёстой гэсэн санаа тодорч байв.

Нэгдүгээрт, хиймэл оюуны үүсгэсэн мэдээллийг заавал нягтлах шаардлагатай. Хиймэл оюуны гаргасан хариулт баримт нотолгоо, баталгаатай эх сурвалжийг орлохгүй. Хоёрдугаарт, хиймэл оюун ашигласан ч нийтлэлийн эцсийн шийдвэр, хариуцлага сэтгүүлч, редакторт үлдэнэ. Гуравдугаарт, уг технологийг монгол хэл, үндэсний онцлог, мэдээллийн орчинд тохируулан туршиж, редакц бүр ямар ажилд, ямар нөхцөлөөр ашиглахаа тодорхойлсон дотоод дүрэм, стандарттай болох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хиймэл оюун сэтгүүлчийн мэргэжлийн ажлыг дэмжиж болно. Харин редакцын хариуцлагыг орлож чадахгүй.

 

Технологи бидний өмнөөс ёс зүйн шийдвэр гаргахгүй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшил: Ёс зүйн хорооны шийдвэр ба хиймэл оюуны сорилт” илтгэлээрээ хиймэл оюун сэтгүүл зүйн алдааг илүү хурдан, өргөн хүрээнд түгээж, улам “дэвэргэх” эрсдэлтэйг онцоллоо. Технологи хэчнээн ухаалаг болсон ч сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй. Харин эх сурвалжаа нягтлах, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах, хүний эрх, хувийн мэдээллийг хамгаалах, редакцын хариуцлагыг хадгалах шаардлага улам нэмэгдэж байгааг тэрбээр хэлэв.

“Технологи өөрөө бидний өмнөөс ёс зүйн шийдвэр гаргахгүй. Харин мэргэжлийн ёс зүй, редакцын хариуцлага, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь технологийн өөрчлөлтийн үед сэтгүүл зүйн итгэлцлийг хамгаалах гол ‘бамбай’ байна” хэмээн Г.Гүнжидмаа онцолсон юм.

Тэрбээр редакцын шат дамжлага суларч, сэтгүүл зүйн агуулга улам товчхон болж зарим тохиолдолд постерын хэмжээнд хүрснийг мөн хөндөв. Өмнө нь хэд хэдэн нүүр дамнасан сонины ярилцлагатай холбоотой гомдол ирдэг байсан бол өнөөдөр постер хэлбэрээр түгээсэн агуулгад ч гомдол ирэх болжээ. Энэ өөрчлөлт нь богино агуулга хариуцлага багатай гэсэн үг биш бөгөөд хэдхэн өгүүлбэр, нэг гарчиг ч хүний эрх, нэр хүндэд нөлөөлж болохыг сануулж байна.

Сэтгүүл зүйн тогтолцоог бүрэн бүтнээр нь авч үлдэх нь ганц сэтгүүлч, нэг редакцын ажил биш. Редакцууд, мэргэжлийн холбоод, их, дээд сургуулиуд болон бусад оролцогч тал нийтлэг үнэт зүйл дээр нэгдэх шаардлагатай. Гэхдээ нэг агуулгатай, өрөөсгөл мэдээллийг олон сувгаар давтан түгээхийг нэгдэл гэж үзэх боломжгүй. Харин ёс зүй, мэргэжлийн хариуцлага, олон нийтийн эрх ашгийн төлөө нэгдэх нь салбарын дархлааг хамгаалах нэг хэлбэр гэдэг санаа хэлэлцүүлгийн үеэр хөндөгдлөө.

 

Алдаагаа залруулах соёл редакцын хариуцлагыг харуулна

 

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн багш, дэд профессор Д.Идэржаргал Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залруулгыг хэрхэн хийж байгааг судалсан ажлынхаа үр дүнг танилцуулав. Хэвлэл мэдээллийн байгууллага алдаа гаргаж болох ч түүнийгээ хэрхэн залруулж байгаа нь тухайн редакц уншигчдаа хэр хүндэтгэдэг, хариуцлагаа хэрхэн ухамсарладгийг харуулдаг.

Судалгаагаар редакцууд залруулгыг харилцан адилгүй хэлбэр, хэмжээтэй нийтэлдэг, зарим тохиолдолд анхны ташаа мэдээлэлтэйгээ дүйцэхүйц ач холбогдол өгдөггүй сул тал ажиглагджээ. Залруулгыг үлгэр жишээ хийдэг байгууллага байгаа ч ерөнхий дүр зургаар энэ ажил хангалтгүй байгаад анхаарах шаардлагатайг тэрбээр онцолсон юм.

Мөн МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор Б.Чинзориг “Мэдээллийн шинэ хэрэгслийн синтетик медиа буюу гүн худал контентийн судалгаа” сэдвээр хийсэн судалгаагаа танилцууллаа.

Хиймэл оюуны тусламжтайгаар дүрс, дуу хоолой, бичлэгийг бодит мэтээр зохиомжлон бүтээх боломж нэмэгдсэн нь мэдээллийн үнэн зөвийг тогтооход шинэ сорилт бий болгож байна. Ялангуяа бодит хүн хэлээгүй үгийг хэлсэн, хийгээгүй үйлдлийг хийсэн мэт харагдуулах гүн хуурамч агуулга нь олон нийтийг төөрөгдүүлэхээс гадна хүний нэр төр, хувийн мэдээлэл, хэвлэл мэдээлэлд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Ийм нөхцөлд сэтгүүлч зөвхөн мэдээллийн эх сурвалжийг шалгахаас гадна зураг, дуу, дүрсний гарал үүсэл, бүтсэн нөхцөл, өөрчлөлт орсон эсэхийг нягтлах шаардлагатай болж байна. Б.Чинзоригийн танилцуулсан судалгаа нь синтетик медиаг таних мэдлэг, технологийн шалгах хэрэгсэл болон редакцын хяналтыг хамтад нь хөгжүүлэх хэрэгцээг хөндсөн юм.

 

Оюутнуудын оролцоо форумд шинэ өнгө нэмэв

 

Форумын сонирхолтой хэсгийн нэг нь оюутны клубүүдийн танилцуулга байлаа. МУИС, МУБИС, Отгонтэнгэр их сургуулийн дэргэдэх мэдээллийн суурь боловсрол, баримт нягтлан шалгах чиглэлээр ажилладаг оюутны клубүүд үйл ажиллагаа, туршлагаа хуваалцав.

Оюутнууд цахим орчинд түгсэн мэдээллийг нягтлах, эх сурвалжийг шалгах, худал болон төөрөгдүүлсэн мэдээллийг танихад чиглэсэн ажлуудаа танилцуулсан нь форумын хүнд сэдвийг илүү ойр, амьд болгож өгсөн юм. Тэд хиймэл оюуныг зөвхөн шинэ технологи гэж харахгүйгээр мэдээллийн үнэн зөв, ил тод байдал, мэргэжлийн хариуцлагатай холбон ярьсан нь анхаарал татав. Энэ нь ёс зүйтэй сэтгүүл зүйн суурийг оюутны үеэс төлөвшүүлэхийн ач холбогдлыг харууллаа.

 

Сэтгүүлчид хиймэл оюунаас айх ёстой юу

 

“Хиймэл оюуны хэрэглээ: Боломж, сорилт, мэдээллийн суурь боловсрол” хэлэлцүүлгийн үеэр Eguur.mn, Business.mn зэрэг редакцын төлөөлөл хиймэл оюуныг өдөр тутмын ажилдаа ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэд хиймэл оюуныг сэтгүүлчийн ажлыг бүхэлд нь орлуулах хэрэгсэл бус, мэдээллийг ангилах, боловсруулах, санаа гаргах болон давтагддаг ажлыг хөнгөвчлөх туслах болгон ашиглаж байгаагаа хэлэв.

Business.mn-ийн редактор Даваадорж хиймэл оюуныг ажлын байраа алдах эрсдэл гэж харахаас илүү мэргэжлийн ажлыг хөнгөвчлөх боломж гэж үзэх нь зүйтэйг онцолсон. Гэхдээ “Сэтгүүлчийн ажлыг хиймэл оюун орлох уу”, “Мэргэжлээ алдах эрсдэл бий юү”, “Ямар ажлаа хиймэл оюунд даатгаж болох вэ” гэсэн болгоомжлол салбарынхны дунд байгааг хэлэлцүүлэг харуулсан юм.

Эдгээр асуултын хариулт хиймэл оюуныг ашиглах эсэхдээ бус, хэрхэн ашиглахдаа байна. Технологи судалгаа, боловсруулалтын зарим ажлыг хөнгөвчилж болох ч эх сурвалжтай харилцах, баримтыг баталгаажуулах, нөхцөл байдлыг ойлгох, олон нийтийн эрх ашгийг харгалзан ёс зүйн шийдвэр гаргах хүний үүргийг орлож чадахгүй.

 

Редакцуудад зориулсан жишиг зарчмыг танилцууллаа

 

Форумын үеэр “Редакцуудад зориулсан хиймэл оюуны хэрэглээний ёс зүйн жишиг зарчмууд”-ын төслийг танилцуулсан нь энэ удаагийн арга хэмжээний нэг гол үр дүн байв. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой нийтэд нээлттэй редакцын удирдамж одоогоор ховор байгаа тул уг баримт бичиг салбарын нийтлэг суурь чиглэл болох зорилготой.

Жишиг зарчимд хиймэл оюунаар боловсруулсан мэдээллийг хүний хяналтаар заавал нягтлах, редакцын эцсийн хариуцлагыг хадгалах, эх сурвалж болон хувийн мэдээллийг хамгаалах, зохиогчийн эрхийг хүндэтгэх, технологийн хэрэглээг шаардлагатай үед уншигчдад ил тод мэдээлэх зэрэг асуудлыг тусгажээ. Редакц бүр уг зарчмыг үйл ажиллагаа, хэрэгцээндээ нийцүүлэн ашиглах боломжтой бөгөөд форумын үеэр гарсан санал, зөвлөмжийг тусган цаашид боловсронгуй болгох юм.

Форумын хэлэлцүүлгээс харахад сэтгүүлчид хиймэл оюунаас айх эсэх нь гол асуудал биш, харин технологийн хурдыг дагахдаа мэргэжлийн хяналт, ёс зүй, редакцын хариуцлагаа алдахгүй байх нь салбарын өмнө тулгарсан хамгийн том сорилт болж байгааг онцолж байлаа. Нөгөө талаар хиймэл оюун редакцын сайн туслах байж чадах ч сэтгүүлчийн ажлыг бүрэн дүүрэн орлох боломжгүй, тэр дундаа ёс зүй талаас нь авч үзэхэд аливаа бүтээлийн ёс зүйн хариуцлага хүнд хамаарах хэвээр болно гэдгийг илүүтэй онцолсон форум байлаа.

Бүтэн өдөр хэлэлцсэн форумыг хааж МСНЭ-ийн ерөнхийлөгч Л.Нинжжамц өөрийн саналаа хуваалцаж үг хэлсэн. Тэрээр МСНЭ сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг хянан сахидаг сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтыг явуулдаг Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран нэг зорилгын төлөө, мэргэжлийн алдааг гаргахгүй байх, алдаа гарсан ч давтахгүй байх ёс зүйтэй мэргэжлийн орчныг бий болгоход хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мдэээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 176 (7918)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn