Сүүлийн үед гарч буй романууд дотроос Ц.Түмэнбаярын “Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн роман уншигчид, судлаачдын сонирхлыг нэлээд татаж байгаа билээ. Иймд олон үг нуршихгүйгээр түүний энэ романы тухай сошиалд бичсэн сэтгэгдлүүдийн уншигч танаа толилуулъя.

Хэрээд Жамсрангийн Урангуа is with Түмэнбаяр Цэрэнтулга.

29 April at 09:05 ·

“МӨНХ ТЭНГЭРИЙН ХӨХ ИЛД” — ТҮҮХИЙН ШАРХ, БАХАРХЛЫН ДУРСАМЖ

Цэрэнтулгын Түмэнбаярын шинэхэн бүтээл

“Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн роман уншигчдын гарт хүрээд удаагүй байгаа билээ.

Энэ бол зүгээр нэг түүхэн роман биш,

харин Монголын төрийн хувь заяа ганхаж байсан

Их Юань улсын төгсгөлийн эмзэг мөчийг уран зохиолын хэлээр амилуулсан бүтээл юм.

Романд гарч буй

Хөхтөмөр жанжин бол

зөвхөн нэгэн баатар бус,

харин доройтож буй их гүрний сүүлчийн тулгуур, төрийн хил хязгаар, нэр төрийг хамгаалан тэмцэгчийн бэлгэдэл болон дүрслэгджээ.

Түүхч хүний нүдээр харахад

энэ роман нэгэн чухал асуултыг тавьж байна:

-Яагаад Их Юань улс доройтов?

- Хүчирхэг улс гүрэн яагаад дотоодоосоо нурдаг вэ?

Эдгээр асуулт нь зөвхөн өнгөрсөн үеийнх биш, харин өнөөдрийн бидэнд ч хамаарах түүхийн давтагдашгүй сургамж билээ.

Уншигч танд хандаж…

Түүхийг мэдэх гэдэг

он цагийн дараалал цээжлэх бус,

харин төр мөхөх, босохын учрыг таних ухаан юм.

“Мөнх тэнгэрийн хөх илд” романыг уншаарай!

Эндээс та зөвхөн нэгэн жанжны хувь заяаг биш, харин гүрэн яагаад доройтож, хэн түүнийг сүүлчийн хүчээр хамгаалж байсныг ойлгоно.

Хөхтөмөрийн илд бол төмөр биш —

харин төрийн хариуцлага,

үндэстний оршихуйн бэлгэдэл юм.

Нэг роман уншаад

зөвхөн түүхийг мэдээд зогсохгүй,

өөрсдийгөө илүү гүн ойлгоно.

Тиймээс уншаарай

өнгөрснийг биш, өнөөдрийг ойлгохын тулд.

Доктор, профессор түүхч Жамсрангийн Урангуа.


Урианхан Б.ГАЛААРИД /доктор/

ТҮҮХИЙН ТООСНООС АМИЛСАН МОНГОЛ БААТАР,

ТӨРИЙН ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОЛЬСОН ҮНЭНЧ СЭТГЭЛ

Сайн ном уншихаар түүний тухай бодлоо бусадтай түргэхэн хуваалцмаар болдог. Зохиолч Цэрэнтулгын Түмэнбаярын саяхан хэвлүүлсэн “Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн роман тийм бүтээлийн нэг юм. Ц.Түмэнбаяр бээр зохиолчийн хувьд аль эрт элдүүр нь ханасан нэгэн гэдгийг манай уншигчид сайн мэднэ. Харин архивын материалд түшиглэхийн ач холбогдлыг нэлээд эртнээс ойлгосон судлаач гэдгийг нь тэр болгон хүн мэдэхгүй байж магадгүй. Сонин хэвлэлийн газарт олон жил ажилласан туршлага нь түүнд баримтын үнэ цэнийг ойлгоход нөлөөлсөн нь мэдээж. Энэ мэт олон давуу талтай учраас түүний зохиолууд түүхэн үнэнийг уран сайхны хэлээр өгүүлэх талдаа цагийн шалгуур давахаар бүтээл болдог онцлогтой. “Мөнх тэнгэрийн хөх илд” роман ч энэхүү итгэлийг хөсөрдүүлсэнгүй.

Түүхэн тодорхой цаг үед амьдарч асан хүчтэй хувь хүний амьдралын замнал нь тухайн цагт оршин байсан төрт улсын түүхийн тод хуудас болж, зарим тохиолдолд тэр үеийнхээ ерөнхий төлөв, дүр зургийг төлөөлөн илэрхийлж чаддаг. Хөхтөмөр жанжин бол монгол нэр авсан хятад хүн гэж нангиадын түүхийн сурвалжуудад бичсэний улмаас хятад хүн гэж ойлгогдож байгаад археологийн шинэ судалгаагаар угсаа гарвал нь тодорсон түүхт монгол хүн юм. Их Юань гүрний төр мөхөж, Тогоонтөмөр хаан уугуул нутагтаа ирж нас барсны дараа түүний хүү Аюушридар Умард Юанийн хаан суудалд сууж ахуйд Мин улс 15 түмэн цэргээ Хархорумыг эзэлсүгэй хэмээн илгээхэд Хэрлэн, Туул голын орчимд тосон байлдаж бут цохин монгол төрийн голомтоо хамгаалж чадсан гол гавьяатан нь чухамхүү Хөхтөмөр жанжин учраас нангиад сурвалжид “Төр улсыг ганцаар түшигч Ван Баобао” хэмээн тэмдэглэсэн аж. Эцэг хүү хоёр хааны эрх мэдлийн төлөөх тэмцлийн хайчин гал, ордны хуйвалдаан, хар хор дунд гагцхүү монгол төрийн төлөө гэсэн байр суурийг хатуу баримталж, түүндээ насан туршид үнэнч байсан Хөхтөмөр жанжны тухай роман бүтээхдээ зохиолч Ц.Түмэнбаяр өнөө цагийн түүхэн романуудад элбэг ажиглагдаж буй уншигчийн сэтгэл зүй, сонирхлыг өдөөх үүднээс хэт уран сайханжуулан бодит үнэнийг танигдахааргүй өөрчлөн домогжуулдаг дутагдлаас ангид байж, түүхэн үнэний голыг барьж, хүмүүний сэтгэлийг хөндөхүйц уран сайхнаар баяжуулан бичихийн жишээг харуулж чадсанд нь талархаж байна.

Ингэж чадсанд зохиогч бээр бүтээлийнхээ редакторын багийг нүдтэй сонгож, түүхийн зөвлөх редактор (Түүхийн ухааны доктор Д.Идэр), уран сайхны редактор (зохиолч О.Содномпил), редактор (Зохиолч О.Элбэгтөгс) нарыг урьж ажиллуулсан нь нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ л зохиолчийн өөрийн судалгаа, түүхэн баримтад хүндэтгэлтэй хандах соёл энд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Түүх бол хамаагүй оролдож болохгүй чухал сэдэв, түүхэн сэдэвт уран бүтээл туурвих нь гол гол үйл явдлын амин сүнсийг алдагдуулж болохгүй хариуцлагатай үйл. Тэр тусмаа монголчуудын хүчирхэг явсан үеийн түүхийг булаалдагсад олширсон, санаатай санамсаргүйгээр худал ташаа мэдээлэл түгээхэд ямар ч хяналт байхгүй, уншигчид маань үнэн худлыг ялгах чадвар дорой болсон энэ цаг үед бүр ч хариуцлагатай үйл юм.

Аливаа үндэстний түүх бол тухайн ард түмний өнгөрсөн бүх цаг үеийн ой санамж. Үнэн бодит түүх л өвөг дээдсийнх нь алдаа оноо, амжилт ололт, мандал буурлын учир шалтгааныг эндүүрэлгүйгээр өгүүлж, түүхийн юунаас нь сургамж авах ёстойг зааж чиглүүлдэг. Түүхийн түмэн үйл явдлын сайн саарыг саруул ухаанаар ялгаж салган дүгнэж, авах гээхийн ухаанаар хандах нь үндэстний оршихуйн насыг уртасгах мөнхийн жор юм. Өвөг дээдсийн минь цус нулимсаараа, амь биеэрээ төлсөн алдааг өнөөдрийн бид шүүх ёсгүй, харин сургамж авч алдааг нь давтахгүйг хичээх ёстой. Үүний тулд Түүхч мэргэжил оршдог, мэргэжлийн түүхчид академик түвшний судалгаа хийж түүхэн үнэнийг тодолдог, нотолдог. Өмнө үеийн түүхлээчдийн бүтээлийг дараа үеийнхэн нь нарийвчилж, шинээр олдсон эх сурвалж, нотолгоонд тулгуурлан шинэчлэн баяжуулдаг. Үүнд түүх сонирхон судалдаг мэргэжлийн бус судлаачдын хувь нэмэр ч чамгүй дэм болдог. Тэр болгоныг олон түмэнд сонирхолтой хэлбэрээр хүргэж танин мэдүүлэхэд урлаг, уран зохиолын салбарынхан чухал үүрэгтэй. Түүхчдийн нотолж баталсан түүхэн үнэнийг гол шугамаас хазайлгүй уран сайхны аргаар илэрхийлсэн ном зохиол, тайз дэлгэцийн бүтээл, уран зураг, уран баримал зэрэг нь тухайн үндэстний ой санамжийг сэрээж, бахархлыг төрүүлж, бас эмгэнэлт алдааг нь давтахаас зайлсхийхэд чухал үүрэгтэй.

Цэрэнтулгын Түмэнбаярын шинэхэн бүтээл “Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн роман нь их гүрнийг байгуулах хувь цөөхөн ард түмэнд олддог, ховорхон олддог тэрхүү боломжийг эрх мэдэл, эд баялаг, зүйл бүрийн муу тачаалаа хангахын төлөө сүнсээ худалдагсад хэрхэн хумхын тоос болгодог, монгол төрдөө үнэнч, шударга эх оронч хүмүүс хэрхэн ордны хуйвалдааны золиос болдог, товчхондоо монголчуудын онож хэлсэнчлэн “Тос дотроосоо өтдөг” гунигт түүхийг уран сайхнаар өгүүлсэн, эрхэм түүхч Ж.Урангуагийн бичсэнчлэн “Зөвхөн өнгөрсөн үеийнх биш, харин өнөөдрийн бидэнд ч хамаарах түүхийн давтагдашгүй сургамж... Зөвхөн нэг жанжны хувь заяа биш, харин гүрэн яагаад доройтож, хэн түүнийг сүүлчийн хүчээр хамгаалж байсныг...” ойлгуулах чансаатай сайн бүтээл болжээ.

Хүмүүсийн ном унших арга, хэрэгцээ янз бүр. Түүнээсээ хамаарч аливаа бүтээлийг өөр өөрөөр дүгнэдэг. Миний хувьд “Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн романыг уншихдаа бичлэгийн ур чадвар, түүхэн баримтуудыг ашигласан байдал, уран сайхны шийдэл, уламжлалт монгол мэдлэгийг хэрхэн тусгасан, романы үндсэн үзэл санаа, танин мэдүүлэх ач холбогдол гэсэн хэд хэдэн зүйлийг зэрэгцүүлэн анхаарахыг хичээн шинжиж, бас сонжиж уншаад сэтгэл хангалуун үлдлээ. “Бэхийг сайн сургаалд хэдий чинээ их үрнэ, хүний цус төдий чинээ бага урсана”, “Зарим үед нүүргүй олзноос нүдтэй гарз дээр байдаг”, “Эмийн сайнд бардаж өвчин бүү хураа, эрийн сайнд бардаж өс бүү тарь”, “Ухаарч ойлгохгүй бол зовж ойлгодог юм”, “Тагнайныхаа цусыг амталчхаад ангийн мах идэв гэж баярлах вий”, “Магтаалд мангуурсан толгой шүүмжлэхэд эмзэглэж, үнэн үгэнд гомдож хонзогнох энүүхэнд”, “Эрх мэдлийн төлөөх тэмцэл бол эмэгчнээ булаацалдсан арслан барс, азарган чонынх мэт уралцаан байдаг”, “Төрийн бодлого алдагдаж, гажуудал завхрал хөллөхөд циркийн үзүүлбэрт алдаа гарахад алиалагч гарч ирдэгтэй адил зүйл болдог”, “Эцгийн зам мурийхад үрийн заяа хазайдаг” зэрэг ухаарч эргэцүүлбээс зохих онч үгс ч арвинтай аж.

Товчхондоо зохиолч Ц.Түмэнбаярын “Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн роман Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо мандан бадарч, гундан буурч явсан магад түүхийг мэдье гэсэн хүн бүрийн уншвал зохих бүтээлийн нэг мөнөөс мөн байна.

2026.05.01.


Ochirpurev Ganbaatar

30 March ·

Очирпүрэвийн Ганбаатар

УНШИГЧИЙН ОЛЗУУРХАЛ

Олон сайхан түүхэн сэдэвтэй уран зохиолын ном гарч байгааг үгүйсгэх аргагүй ээ. Тэр бүрийд хүрч, хүрэлцэж авч унших боломж олдохгүй юм даа. Гэхдээ зарим залуу зохиолчдын түүхэн гэж өөрсдөө тодотгосон номыг гарчиглахад амьдралынхаа эх үүсвэр болгох гэж яарч адгасных ч юм уу, ямартаа ч судалж гавьсан зүйлгүй, дутуу дулимаг санагддаг. Ийм түүхэн нэртэй зохиолыг уншиж суухад гэнэт орчин үеийн үг хэллэг ороод ирнэ. Эсвэл энэ цагийн ахуй амьдрал үзэгдээд явчихна. Унших хорхойг үгүй хийж, түүхээр аялах хүслийг минь дорхноо л алга болгочихно. Эдгээр романыг уншиж байхаар түүхийн эх сурвалжийг нь сөхөөд үзчихсэн нь хавьгүй амар байдаг юм. Харин ийм амт шимтгүй түүхт хүний тухай роман бичдэг залууст ширээний нь ном болохоор нэгэн сайхан бүтээл сар шинийн өмнөхөн мэндэлжээ. Номыг уншаад надад бодогдсон нь энэ. Уран зохиолч хүний чадвар, сэтгэлгээ, төрөлх авьяас, дээрээс нь хөдөлмөрч, бүтээлч чанарыг би анзаарахгүй өнгөрүүлсэнгүй ээ.

Эдүгээчилнэ гэдэг нь ахуйг, он тооллыг, хэл яриаг өөрийн амьдран буй цаг үеэр орлуулахыг л хэлээд байгаа юм. Тийм алдаа энэхүү романд огтоос үзэгдсэнгүй. Түүхт хүний тухай түүхэн романы ялангуяа хэл яриа эдүгээчлэгдвэл наад зах нь тухайн цагийн ёс суртахуунтай нь харшилдан зөрчилдөнө шүү дээ. Өөрөөр хэлбэл баахан чимэг зүүлт зүүсэн хоосон дүр босоод ирнэ. Ийм алдаа олон давтагдаад эхэлбэл уншигч бид яаж тухайн түүхийн үед нь очиж, түүхт хүнтэй нь хамт аялан амьдарч, сургамжийг хүртэх билээ. Тиймээс түүхэн романыг бичихэд нөр их судалгаа, маш нарийн чимхлүүр ажиглалт, уран бүтээлч сэтгэхүйг шаарддаг буй заа. Уран зохиолч Түмэнбаяр эгч энэ бүхний ард гарчээ. Аргагүй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичдэгийн давуу тал ч үүнд нөлөөлсөн буй. Романд өгүүлж буй цаг үеэс ондоочилсон, эсрэгцсэн зүйл алга. Ялангуяа дэлхийг эзэгнэн байсан тэр агуу төрийн бүтэц зохион байгуулалтыг ч онцгой анзаарч бичигдсэн зохиол санагдлаа.

Он цагийнх нь болсон үйл явдлын дэс дараалал алдалгүй цэгцтэй гаргаж чадсанаар тухайн ном яах аргагүй түүхэн роман юм. Үйл явдлыг нь хөөж уншдаг хүмүүст ч зохиолын аль үйл явдал нь түүхэнд үлдсэн баримт вэ, аль нь уран сайхнаар баяжуулсан бэ гэдгийг ялгах аргагүй бичигдсэн агаад түүхийн баримттай тулгахаас нааш мэдэхээргүй түүхийн баримтыг зохиолдоо яг компьютерт программ суулгах адил нягт шигтгэжээ. Түүхэн романыг хэрхэн бичих гарын авлага болжээ гэж би товчхондоо дүгнэсэн дээ. Алдаа оноотой нь гаргажээ, дүр бүрийг. За тэгээд их гүрний төрийн мөхөх шалтгааныг томруулдаг шилээр нүдэндээ үзэж буй адил тов тодорхой гаргасан нь яг өнөөдрийн Монголын төрд үүсээд байгаа өнөөх л хар муужгайнуудын гүйдэл, төрийн түшмэдийн авлигал хээл хахууль, албан тушаалын төлөөх арсалдаан, садар самуун завхайрал, урвалт шарвалт бүгдийг харж болохоор байна.

Дэлхийг эзэгнэсэн Юань гүрний төр нэг муу тариачин эрийн удирдсан бослогод ялагдаж оршин байсан газар нутгаасаа гутамшигтайгаар хөөгдөж гарсан шалтгааныг маш тодорхой үйл явдлаар ой тойнд буутал онгорхой зай үлдээлгүй, он цагийн дарааллаар нь цэгцтэй, эрэмбэтэй, эвлүүлэн найруулж бичсэн үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Монголын түүхэнд олон мянган агуу жанжид баатрууд төрсөн. Тэдний зөвхөн ганц нь Хөхтөмөр. Гэвч түүхэнд ахин төрөөгүй, хэзээ ч давтагдах үүрэг гүйцэтгээгүй цор ганц жанжин болохыг уншиж дууссаны дараа гүнзгий шүүрс алдалттайгаар эргэцүүлж, номын сүүлчийн хуудсыг бахархалтайгаар хаалаа. Багахан тайлбар хэлэхэд энэ жанжин яахаараа бусдаас өөр, 65 дайнд орж нэг ч ялагдаагүй Сүбээдэй баатраас ч ялгаатай вэ. Үүнийг зөвхөн түүхээс л олж мэдэж болно. Гэтэл энэ жанжны түүхийг Юань гүрэнг мөхөөж гарч ирсэн Мин улсын хятад түүхчид албаар үгүйсгэж, бүдгэрүүлсэнд хамаг учир байгаа юм. Эндээс л утасны үзүүр хөвөрч, энэ агуу жанжныг монгол хүн байсан агаад Монголын түүхэнд ямархан үл балрах агуу үйл хэрэг бүтээснийг бичих хүсэл Түмэнбаяр зохиолчийн сэтгэлийг гижигдэн, “хорхойг гозгонуулсан”-аас л “аазгайтсан” их хүслээр бичигджээ гэж бодогдохоор сайхан бүтээл болжээ.

Босгосон цамхаг өндөр тусмаа нуралт аймшигтай байх нь гарцаагүй. Тэгвэл Хубилайн үүсгэсэн Юань гүрэн дэлхийд өвөг эцэг Чингисээс ч том газар нутагт эдийн засгийн асар хүчирхэг улс байгуулсныг бид мэднэ. Энэ их гүрэн нурахад Хөхтөмөр байж таарчээ. Тэгэхлээр тэр ямар хүнд ачааг үүрч, ямархан зовлон бэрхшээлийн дундуур мөхөн доройтсон Юань гүрний сүүлчийн хааныг хамгаалан, умарт зүгт одон, тэндээс шинэ сэргэг үүссэн хүчирхэг Мин улсын дайралтыг сөрөн зогсож, Эзэн Чингисийн эх нутгийг хамгаалан бат цайз болж чадсан бэ. Энд л түүний агуу сүр хүч, алдар нэр оршино. Түүхэн бичигт “1372 онд Мин улсын хаан Жү Юаньжан 15 түмэн их цэргийг гурван зам хувааж, Хархорумыг довтлуулав. Хөхтөмөр жанжны удирдсан цэрэг Мин улсын зүүн болон дунд замын их цэргийг Хэрлэн болон Туул голын орчимд угтан байлдаж бут ниргэж, Монголын төр улсын тусгаар тогтнол, гал голомтыг сахин хамгаалж чаджээ” хэмээн тэмдэглэжээ. Мин улсын хаан Жү Юаньжан “Хөхтөмөр жанжин надад ирсэн бол би Хубилайн эзэнт гүрний дайны улсад ноёрхлоо тогтоож, өвөг дээдсийнхээ хүслийг биелүүлэх байлаа” хэмээн шүүрс алдан бичиж үлдээжээ. Энэ агуу жанжныг түүх судлаач, сэтгүүлч, Нацагдоржийн шагналт зохиолч Түмэнбаяр эгч л сийрүүлж чадах байсныг ёсоор болгосон нь уншигч миний олз юм. Тэр үеийг томруулдаг шилээр харж байгаа мэт уншлаа. Баярлалаа Түмээ эгч ээ.


Jargaa Jargal

26 April at 15:54

Жаргалсүрэн

“МӨНХ ТЭНГЭРИЙН ХӨХ ИЛД”-ЭЭС ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ИХ ЮАНЬ УЛСЫН МӨХЛИЙН ҮЕИЙН ЖИЖГЭРСЭН ХУВИЛБАРЫГ ХАРЛАА

Цэл залуугийн найз Ц.Түмэнбаярын “Мөнх тэнгэрийн хөх илд” түүхэн романыг уншаад Монгол улсын баялаг, баатарлаг түүхийг ингэж гоё өрнүүн сэтгэлд хүртэл бичсэн найзаараа бахархлаа. Их Юань улсын сүүлийн Тогоонтөмөр хааны үеийн улс төрийн тэмцэл, зөрчил, үйл явдал, их түшмэл, шадар жанжид, түүхэн зүтгэлтэн Хөхтөмөр жанжны тухай тэр үед очсон мэт дотор нь оров доо.

За тэр Юань улсад хүчин зүтгэж байсан нангиад түшмэл, жанждын зөөлөн хүчний бодлого бүрэн утгаараа одоо ч үргэлжилсээр гэж бодоход нуруугаар хүйт оргих шиг!!!

Монгол минь өнөө цагт Их Юань улсын мөхлийн үеийн жижгэрсэн хувилбар мэт санагдлаа.

Энэ үеийн түүхэнд холбогдох газар ус, хот, тосгодын нэр, он тооллыг ийм нарийн тод томруун гаргана гэдэг айхтар нарийн судалгаа, түүхэн үеийг нарийвчлан бичнэ гэдэг яахын аргагүй уран чадвар, авьяас юм байна.

Миний хувьд энэ цаг үеийн түүхийг Түүхийн төв архивд ажиллаж байсны хувьд бадаг бүдэг л мэддэг байв даа. Мэдлэг нэлээн тэллээ шүү. .Олон хүн уншаасай гэж ерөөе!


Oyun Davaakhuu

posted to

Түмэнбаяр Цэрэнтулга

20 April ·

Даваахүүгийн Оюун /түүхч, архивч/

Зохиол бичнэ, зохиол төрнө гэдэг яг хүн төрөхтэй адил гэж үздэг. Ялангуяа түүхийн сэдэвтэй том хэмжээний роман бичнэ гэдэг зохиолч бүрийн барьж аваад хийгээд байдаг амар ажил бишээ. Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, яруу найрагч Цэрэнтулгын Түмэнбаярын шинэхэн гарч, хэдий нь олны хүртээл болоод байгаа “МӨНХ ТЭНГЭРИЙН ХӨХ ИЛД” түүхэн романыг шимтэн шимтэн уншлаа. Үнэхээр гайхалтай, биширмээр.

ХIV зууны Их Юань гүрний сүүл үеийн түүхэн зүтгэлтэн, нэрт жанжин Хөхтөмөрийн тухай бичсэн түүхэн роман үнэхээр сонирхолтой сайхан роман болжээ. Ц.Түмэнбаярын энэхүү түүхэн роман миний уншсан түүхэн сэдэвт романууд дотроос В.Яны “Чингис хаан”, “Бат хаан”, “Сүүлчийн тэнгис рүү” гэсэн гурвалсан романы дараа орно гэж хэлнэ.

Бидний мэдэхгүй, үзээгүй, хараагүй, сонсоогүй түүхэн цаг хугацаанд уншигчдаа аваачиж оруулна гэдэг зохиолч хүнээс маш их мэдлэг чадвар, ур ухаан, олон жилийн нөр их судалгааг шаардахаас гадна өөр олон зүйл дээр тулгуурлаж байж бүтдэг юм байна гэдгийг зохиолыг уншиж үзээд мэдэрлээ.

Романд гарч байгаа түүхэн үйл явдлууд, санаа, концепц нь түүхэн цаг хугацаатайгаа яг таарч байгаа нь үнэхээр гайхалтай, маш ихийг уншиж, судалж байж бүтээсэн гэдэг нь харагдаж байна.

Зохиолч Ц.Түмэнбаяртаа уран бүтээлийн улам их амжилтыг хүсэн ерөөе!