Р.Оюун

“НӨАТ төлөгчдийн эрх ашгийг хамгаалах Тэгш шинэчлэл 13.10” холбооноос НӨАТ-ын хууль монопол компаниудад давуу боломж олгож байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус холбоо одоо үйлчилж байгаа НӨАТ-ын хуулийн 13.10-ын гажуудлыг засаж залруулж өөрчлөх зорилготой байгуулагдсан. Зорилгодоо хүрээд татан буугдана гэв.

Тэрээр цааш нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.17-д Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн. Гэтэл энэ хуулийн заалт Номин, И-март, Миний дэлгүүр, Оргил, Кэрифүр дэлгүүрт үйлчилдэг. Харин бусад хүнсний дэлгүүрт 13.10 заалт үйлчилдэг. НӨАТ-аас мах, сүү, гурил, хүнсний ногоог чөлөөлнө гэдэг нь иргэдэд хямд үнээр өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэх зорилготой батлагдсан. Гэтэл энэ хууль нь том монопол компаниудыг дэмжсэн хөшүүрэг болж иргэд дурын дэлгүүрээс НӨАТ-гүй үнээр дээрх бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүй байгаа нь иргэн бүрийн эрх зөрчигдөж байгаа үйлдэл юм.

Хоёрдугаарт, жижиг бизнес эрхлэгчдийн шударга өрсөлдөх боломжийг үгүй хийж байна. НӨАТ-ын тухай хуулийн 13.10 дахь хэсгийг хүчингүй болгуулах эсвэл тэгш бус байдлыг арилгах өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлан өргөн барих ажлын хэсэг ажиллаад эхэлсэн. Хуулийн төсөл боловсруулахад хуульч, судалгааны багийн ажлын хөлс, судалгаа, асуулга, дата нэгтгэлд 40 гаруй сая төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Энэ зардлыг бизнес эрхлэгчид өөрсдөө босгож, асуудлаа шийдвэрлүүлэх хүртлээ ажиллана. Тиймээс бизнес эрхлэгч та бүхэн үйл хэргийг дэмжин оролцоотой байхыг уриалж байна гэлээ.

 Эх сурвалж www.zms.mn