Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК), Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) хамтран МҮЭХ-ны ажилтан, гишүүдэд зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2026 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар хүний эрхийн суурь ойлголт, хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх эрх, хүний эрх хамгаалагчийн эрх, ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургалт зохион байгуулах арга зүй, практик ур чадварыг эзэмшүүлж байна.
Нээлтийн үеэр ХЭҮК-ын дарга, хууль зүйн доктор, профессор Д.Сүнжид хэлсэн үгэндээ үйлдвэрчний эвлэлийн ажилтан, гишүүд нь иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүний эрхийн хамгаалагчид болохыг онцолж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, энэхүү мэдлэгийг бусдад түгээн дэлгэрүүлэхэд сургагч багш бэлтгэх сургалтын ач холбогдлыг тэмдэглэлээ.

Энэ удаагийн сургалт нь МҮЭХ болон түүний гишүүн байгууллагын сонгуульт ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, сургагч багшаар бэлтгэн, цаашид тэднээр дамжуулан гишүүн байгууллагын ажилтан, албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох зорилготой.
Ингэснээр үйлдвэрчний эвлэлийн байгууллагын түвшинд хүний эрхийн мэдлэгийг тогтмол түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөрлөх эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Хүний эрхийн сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалтад ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, референт, О.Тодбулаг, референт Б.Батцоож, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Ц.Рэнцэндулам, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Э.Батжаргал, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг нар сургагч багшаар ажиллаж байна.
ХЭҮК нь иргэдийн хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр 2007 онд “Санамж бичиг” байгуулснаас хойш МҮЭХ-той хамтран ажиллаж ирсэн юм.
Дашрамд дурдахад 2018 оноос хойш “Хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрхийн тухай үндсэн ойлголт”, “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүн, идэвхтэн, сонгуультан хүний эрхийг хамгаалагч болох нь”, “Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвээр 13 удаагийн, нийт 30.5 цагийн сургалт зохион байгуулж, 837 үйлдвэрчний эвлэлийн гишүүн, сонгуульт ажилтан, салбар хорооны гишүүнийг хамруулжээ. Мөн 2018 онд Баян-Өлгий, Увс, Хэнтий аймагт “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгуулж, нийт 185 оролцогчийг хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр чадавхжуулсан байна.