Д.ОТГОНБАЯР
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум энэ 2026 оны есдүгээр сарын 7, 8-нд Хөх хотод болж өнгөрлөө. Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү форумыг хоёр талын сэтгүүлчдийн байгууллага ээлжлэн зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ. Тухайн жилд анхаарал татаж байгаа нэг сэдвийн хүрээнд форумыг зохион байгуулсаар иржээ. 2025 оны форумын сэдэв хиймэл оюун ухааны эрин үе дэх сэтгүүл зүйн тулгамдсан асуудал байсан аж. Харин энэ жил “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” гэдэг сэдвийн хүрээнд болов. 16 дахь удаагийн форумд БНХАУ-ын 60 гаруй, Монгол Улсын 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
Форумын нээлтийн үеэр МСНЭ болон Бүх хятадын сэтгүүлчдийн байгууллага, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны олон улсын харилцааны газрын албаны хүмүүс хэлсэн үгэндээ хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын харилцаа хамтын ажиллагаа нь мэдээлэл солилцоо, мэргэжлийн туршлага хуваалцах хэлбэрээр үргэлжилж байгааг онцоллоо. Мөн “хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар бодит мэдээллийг хүргэх”, “харилцан ойлголцлыг дэмжих”, “хамтарсан сурвалжилга, контентын тоог нэмэгдүүлэх”, “харилцаа холбооны цар хүрээг өргөжүүлэх” гэсэн санааг хоёр талын албаны хүмүүс хэлсэн үгэндээ тэмдэглэв.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэл улс төр, худалдаа, боловсрол, соёл болон бусад салбарт өргөжсөөр байгааг тэмдэглээд "Хэвлэл мэдээлэл нь зөвхөн үйл явдлыг мэдээлэх хэрэгсэл биш. Энэ бол хүмүүсийг бие биеэ ойлгоход тусалдаг, харилцан итгэлцлийг бэхжүүлдэг, хамтын хөгжлийн боломжийг нээдэг гүүр" гэдгийг онцоллоо.
Хятадын Коммунист намын Дотоод Монголын Хорооны Байнгын хорооны гишүүн, Сурталчилгааны хэлтсийн дарга Бао Сяньхуа хоёр орны харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн. Тэрээр хэлэхдээ сэтгүүлчдийн байгууллагуудын хамтын ажиллагаа мэргэжлийн харилцан солилцоо, хүний нөөцийг хөгжүүлэх, техникийн туршлага солилцох замаар өргөжсөн гэв.
Хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл илтгэл тавьдаг нь форумыг зохион байгуулж ирсэн уламжлалт формат аж. Үндсэн илтгэлийг Монголын талаас мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээр гардаг “Мөнгү Шяоши Бао” сонины ахлах редактор Б.Мөнхтуул, Хятадын талаар Синхуа агентлагийн Өвөрмонгол дахь салбарын дарга Ү Шянь нар тавив. Үндсэн илтгэгч нар хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны түүхээс хуваалцаж, өнөөгийн хөгжлийн талаар мэдээлэл хүргэж, мөн цаашдын чиг хандлагын тухайд байр сууриа илэрхийллээ. Монголд хятад хэлээр хэвлэл гаргаж, мэдээлэл түгээж эхэлсэн нь 1929 онд “Ажилчны зам” нэртэйгээр гарч байсан сонин аж. Улмаар энэхүү хэвлэлийг 1964 оноос МОНЦАМЭ агентлаг монголын талаарх мэдээллийг олон хэлээр хэвлэн гаргах хүрээнд эрхлэн гаргаж иржээ. Тус хэвлэлийн ахлах редактор Б.Мөнхтуул “Мөнгү Шяоши Бао” сонин нь Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн, зөвхөн хятадын уншигчид төдийгүй хятад хэл соёлыг судалж, суралцаж буй хүмүүст чухал хэрэглэгдэхүүн болдог хэвлэл гэдгийг онцоллоо. Харин монгол хэлээр өмнөд хөршийн мэдээллийг хүргэхэд хятадын мэдээллийн Синхуа агентлагийн өвөрмонгол дахь товчоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг тус агентлагийн Өвөрмонгол дахь салбарын дарга Ү Шянь илтгэлдээ тэмдэглэв.
Форумын хэлэлцүүлэгт телевиз, сонин, радио, цахим сайт, орон нутгийн хэвлэл, сургалт судалгаа гэсэн чиглэлүүдээр хоёр талаас илтгэл тавьж хэлэлцүүлэв. Монголын талаас энэхүү хэлэлцүүлэгт Э.Дагиймаа /”Малчин” ТВ-ийн захирал/, И.Отгонжаргал /”Шинэ өсөлт” сэтгүүлийн эрхлэгч/, Н.Цэлмүүн /Ай медиа ФМ-ийн гүйцэтгэх захирал/, У.Уранцэцэг /Asu.mn сайтын эрхлэгч/, Д.Дэлгэрмаа /Дорнод аймгийн “Дөл” сонины эрхлэгч/, Б.Чинзориг /МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш/ нар илтгэж тавьж оролцов. Монголын талын илтгэгч нар бол өнгөрсөн зургаадугаар сард болсон МСНЭ-ийн их хурлаас тухайн салбараа төлөөлж сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд юм.
Хятадын талаас Дэн Шяоцы /”Глобал таймс” сонин/, Гэрэлт /Радио телевизийн хорооны монгол хэлний редакци/, Чэнь Инчонь /Хятадын Өдрийн сонин/, Ли Шяоюй /Хятадын мэдээллийн агентлаг/, Юн Шян /Өвөрмонголын Өдрийн сонины хороо/, Бөхбуян /Өвөрмонголын радио телевизийн хороо/ нар илтгэл тавьж, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцох болон хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцав.
Өмнө жилүүдэд болсон форумын хүрээнд хийж ирсэн нэг зүйл бол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга. Өвөрмонголын радио телевизийн дэд ерөнхий редактор Бөхчулуу хэлэхдээ, хамтарсан сурвалжилга хүрээгээ тэлж, монгол, хятад, орос гурван улсын сэтгүүлчдийн хил дамнасан сурвалжилга болж өргөжиж байгаа гэлээ. Үүний жишээ нь “Хил дамнасан тогоруун нүүдэл”-2 баримтат нэвтрүүлэг аж.
Форумын үеэр хэд хэдэн албаны арга хэмжээ болов. “Хятад, Монголын найрамдлын тухай шилдэг бүтээл”-ийн шагналыг гардууллаа. Мөн хоёр талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурав. Хил орчмын бүс нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл энд багтсан нь нэг онцлог байв.
Хоёр орны харилцаа, тэр дундаа соёлын хамтын ажиллагааны брэнд болсон арга хэмжээ болох Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг. Энэхүү уламжлал ёсоор дараагийн 17 дахь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Хэвлэл мэдээллийн форумд оролцогчид “Өвөрмонголын Өдрийн сонин”-ы хороо, Өвөрмонголын радио телевизийн хороо, Сычуаны телевиз радиогийн хороо гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зочлов.
“Өвөрмонголын Өдрийн сонин” нь өдгөө хятад, монгол хэлээр гардаг “Өдрийн сонин, "Умардын шинэ сонин", "Багачуудын сонин" гэсэн 4 сонин, "Тал нутгийн үүл", "Хүлэг" гэсэн хоёр апп, гурван сайт, хоёр сэтгүүл эрхлэн гаргадаг байна. Танилцуулгад дурдсанаар 25 салбар байгууллага, 874 ажилтантай гэнэ. Монголчуудын сайн мэдэх “Солонго” сэтгүүл эднийд харьяалагддаг. “Солонго” сэтгүүл нь монголоос гадна орос хэлээр гардаг болж хүрээгээ тэлсэн байна. Мөн зөвхөн сэтгүүл бус улсынхаа хэмжээний мэдээллийн агентлаг гэдэг статустай болсон байна.
Хятад улсад аливаа байгууллагад нийтлэг нэг зүйл бол өөрсдийн түүхийг харуулсан музейн хэсэг. “Өвөрмонголын өдрийн сонин” нь 1948 оны нэгдүгээр сарын 1-нээс монгол, хятад хэлээр анхны дугаараа гаргаж эхэлсэн хэвлэл. Түүхчилсэн танилцуулгаас үзвэл тус сонины толгойг Мао Зэдуны бичсэнээр 1950 оны тавдугаар сарын 15-наас хойш өнөөг хүртэл хэвээр хэрэглэсээр байна. Сонины музейн хэсэгт байгаа 1956 оны дугаарт кирилл үсгээр бичсэн “Үндэстний ажлын тухай” гэдэг гарчиг байх нь содон тусав. Тус сонины “Талын туяа” нэртэй утга зохиолын нүүр нь 1958 оноос эхэлжээ. Тайлбарлагчийн танилцуулснаар утга зохиолын энэ нүүр өнөөг хүртэл гарсаар байгаа төдийгүй тус сонины хамгийн олон уншигчтай хэсэгт багтдаг байна.
Өвөрмонголын радио телевизийн хороо нь телевиз, радио, цахим мэдээллийг нэгтгэсэн аппликейшнд суурилсан цогц мэдээлэл түгээх тогтолцоог бүрдүүлсэн байна. Зөвхөн радио нь гэхэд Хятадын дотоодын олон муж, өөртөө засах оронд, мөн Монгол Улс, ОХУ зэрэг хөрш улс, бүс нутагт нэвтрүүлгээ хүргэдэг байна. Хятад улсын технологийн хөгжлийн сүүлийн үеийн ололтыг хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж байгааг Өвөрмонголын радио телевизийн хороо, Өдрийн сонины хорооноос харж болохоор байна.
Сычуан муж, Чэндү хот нь хулсны баавгай Пандагийн уугуул нутаг гэдгээрээ ихээхэн алдартай. Үүнийг дагаад Сычуаны радио телевизийн хорооны “Пандаг ажиглахуй” /Panda Wandering/ гэдэг нэвтрүүлэг “брэнд” болжээ.
Сычуаний хиймэл дагуулын сувгаар 2023 оны зургаадугаар сарын 30-нд анх цацагдсан “Пандаг ажиглахуй” нэвтрүүлэг нь хятад, англи хэлээр үзэгчдэд хүрдэг, “Бэйбэй” нэртэй AI панда хөтлөгчтэй. Технологи болон бодит зураг авалтыг хослуулан бүтээдэ нэвтрүүлэг. Эндээс нэг нэвтрүүлгээр дамжуулан өөрийн соёлыг дэлхий дахинаа түгээж хамтран ажиллаж болохыг харж болохоор. Жишээ нь тус нэвтрүүлэг орос, англи, араб, египет, австрали зэрэг нийгмийн сүлжээний нөлөөлөгч нартай хамтран ажиллаж, тэднээр дамжуулан өөрсдийн соёл уламжлалаа сурталчилдаг байна.
Монгол-Хятадын мэдээллийн форумын хүрээнд Өвөрмонголын радио телевизийн хороо, Өдрийн сонины хороо, Сычуаны радио телевизийн хорооны алдартай нэвтрүүлгийн студитэй танилцсан нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын туршлага, технологийн шинэчлэлтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх нэгэн боломж боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7916)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn