Монголчууд бидэнд, дунд сургууль, их сургуулийн төгсөлтийн он удаан жилийн дараах уулзалтад чухал ач холбогдол өгдөг уламжлал тогтсон гэхэд болно. Үе үеийн төгсөгчид тэр дундаа их сургуулиа төгсөөд бие, биеэ насан туршдаа марталгүй 50 жилийн дараа ч Сүхбаатарын талбайдаа цуглаж чаддаг алтан үеийнхний түүх, дурсамж үнэхээр бахархмаар нандин сэдэв юм.
Тэртээ 1976 онд арван жилээ төгссөн алдрай жаахан охид, хөвгүүд эдийн засагч гэсэн нэр хүндтэй мэргэжлийг сонгон МУИС-ийн нягтлан бодох бүртгэл, эдийн засагчийн факультетад элсэн орж байсан нь саяхан мэт.
Намрын налгар шар нар ээсэн наймдугаар сарын 20-ны энэ өдрийг тэд хоног тоолон хүлээсээр ийнхүү өнцөг булан бүрээс уулзалдаж буй нь энэ юм. 50 жилийн дараах уулзалтад О.Алтанцэцэг, Ч.Баатар, С,Цэвэгдорж, Н.Хүрэлчулуун, С.Ишнээ, Т.Дашбямбаа, Л.Буяннэмэх, Д.Оюун, Ц.Дуламсүрэн, Д.Наранцэцэг, П.Даваа, Ч.Цэцэгмаа нарын 12 төгсөгч иржээ. Түүхэн төгсөлтийн уулзалтыг зохион байгуулахад Т.Дашбямбаа, О.Алтанцэцэг нар голлох үүрэг гүйцэтгэжээ. Тэд анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, олон хүний танил цугларалтын гол цөм нь байсан юм. Тэд ангийнхаа 50 жилийн уулзалтын зохион байгуулах, тэдэнтэйгээ нэг бүрчлэн холбоо барьж,бүртгэх, цуглуулах ажлыг хийжээ.
Т.Дашбямбаа уулзалтын сэтгэгдлээ ярихдаа “Манай анги 36 уулаа төгсөж байлаа. Өнөөдрийн уулзалтад ирсэн хүмүүсээс зарим нь анхны уулзалтад ирж байгаа хүн ч байна, хэд, хэдэн уулзалтдаа ирсэн ч байна. Манай ангийнхан 10,20,30,40 жилийн уулзалтуудаа тэмдэглэж ирсэн. Харин сүүлийн 50 жилийн уулзалтад Ховд, Хөвсгөл аймгаасаа сэтгэл гарган зорьж ирсэн Ч.Баатар, С.Цэвэгдорж ах нарыгаа хараад үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Энэ хоёр маань манай ангид ажиллаж байгаад орж ирсэн ах нар. Урд шөнө сэтгэл догдлоод унтаж чадахгүй байлаа. Ховдын хязгаар нутгаас ирсэн ангийн анд Ч.Баатар ах маань биднийг зоригжуулж 50 жилийн ойгоо тэмдэглэ гэж ятгасан. Энэ их итгэл, сэтгэлийн ачаар бид өнөөдөр ингэж цугларч магнайгаа тэнийлгэтэл баярлаж байна. Баярласнаа энэ дашрамд илэрхийлмээр байна” гэв.
Харин Ховд аймгийн төр, захиргааны байгууллагад 1978-1998 он хүртэл мэргэжилтэн, Хууль зүйн хэлтсийн дарга, Статистикийн хэлтсийн дарга, Ерөнхий арбитрч, Шүүхийн байгууллага зэрэг олон газарт үр бүтээлтэй ажиллаж явсан Б.Баатар гуай дурсамжаа ярихдаа “Манай нутагт сайхан намар болж байна. Би энэ ангид тэртээ 50 жилийн өмнө ажиллаж байгаад орж ирж байлаа. Алдрай жаахан охид, хөвгүүдтэй мөр зэрэгцэн инээлдэн, шуугилдаж, оюутны ахуй цагийн он, жилүүдийг хамтдаа өнгөрүүлсэндээ туйлын баяртай байдаг. Энэ сайхан мөчөө дурсан санах зорилгоор 50 жилийн ойгоо тэмдэглэх санааг гаргаж өнөөдөр ийнхүү зохион байгуулсан ангийнхандаа баярлалаа. Энэ сайхан мэргэжлийн буянд олон газарт ажиллаж сайн ч хэлэгдэж явсан саарч хэлэгдэх явсан үе бий. Хүний амьдрал дардан байдаггүй. Жаргал зовлон ээлжлэн байдаг хорвоо. Дараагийн уулзалтад би байх эсэхээ мэдэхгүй байна. Тиймээс ч би зорьж эдэнтэйгээ уулзлаа, сайхан байна” гэсэн юм.
Түүнчлэн Сангийн яаманд 22 жил ажиллаж явсан Н.Хүрэлчулуун ярихдаа “ Ах нь их сургуулиа төгсөөд Эвлэлийн төв хороонд хуваарилагдаж Түдэв даргын цэрэг болж хоёр жил ажилласан. Улмаар 1978 онд Сангийн яам руу шилжсэн. Тэндээсээ Санхүүгийн техникумд ахлах нягтлан бодогчоор зургаан жил ажилласан. 1984 онд СНЗ-ийн тогтоолоор Сангийн яаманд Хянан байцаах газарт Татварын улсын байцаагчаар ажилласан. Улсад 37 жил ажилласан. Гадаад, дотоодод олон ч удаа санхүүгийн хяналт хийж явсан. Манай ангийн гурван хүү, арав гаруй охид ирлээ. Бид 70 насыг давсан ч тэнхлүүн эрч, хүч дүүрэн таягтай хүн харагдахгүй байгааг хараад сэтгэл өндөр байна ” гэлээ.
Түүнчлэн О.Алтанцэцэг ярихдаа “Манай ангийнхан бүгд төрийн дээд одон медаль Алтангадас болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байна. Миний тухайд гэхэд би 3-4 салбарт ажилласан байдаг. Таван газрын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. Д.Оюун маань насаараа Татварын ерөнхий газар болон үйлдвэр аж ахуйн газарт ажилласан. С.Цэвэгдорж ах маань Хөвсгөл аймгийн Ерөнхий санхүүчээр 32 жил, Ц.Дуламсүрэн Оёдлын үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч, С.Ишнээ Зүүн баянгийн ... дугаар ангид нябогоос ажлын гаргаагаа эхэлсэн бол хамгийн сүүлд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд ажиллаж байгаад гавьяаны амралтад гарцгаасан гээд бүгд нягтлан бодох бүртгэлийн Мэргэшсэн ня-бо, эдийн засагчид юм. Би ангийнхнаараа үргэлж бахархаж явдаг” гэсэн юм.
1970 оны эдийн засагч, ня-бо нар хөгжлийг тооны ухаанаар хөтөлнө гэсэн өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, нийгмийн сор болсон залуус байжээ
Хөвсгөл аймгийн ерөнхий санхүүчээр 32 жил ажиллаж явсан С.Цэвэгдорж ярихдаа “Эдийн засагч, санхүүч хүнийг тухайн үед "Улс орныг удирдах уураг тархи, төлөвлөгчид" гэж хардаг байсан. Тэд маш сахилга баттай, онолын хичээлдээ туйлын нухацтай ханддаг. Улсаас даалгасан таван жилийн төлөвлөгөөг яг, таг тооцож гаргах нь бидний ирээдүйн гол үүрэг байсан тул тоонд хариуцлагатай хандах хандлага өндөр байсан. Социализмын үед зах зээл гэж байгаагүй, бүх зүйлийг төрөөс нарийн төлөвлөдөг байв. Тиймээс эдийн засгийн оюутнууд өөрсдийгөө “Улсын төлөвлөгөөг биелүүлэгч" гэсэн өндөр хариуцлагатай сэтгэлгээтэй байдаг байлаа” гэсэн юм.
Тухайн үед эдийн засагч, нягтлан бодогч, төлөвлөгч гэдэг мэргэжил нийгэмд хамгийн нэр хүндтэй ажилд тооцогддог. Эдийн засгийн ангийн оюутнууд бусад ангийнхандаа "Хамгийн ухаалаг, сийрэг толгойтой" гэж үнэлэгддэг байсан тул өөртөө итгэлтэй, бахархах хандлага их байсан гэж тэд хуучилсан. Тэд ирээдүйд ямар нэгэн яам /Сангийн яам, Үнэ стандартын хороо гэх мэт) эсвэл том үйлдвэрийн ерөнхий эдийн засагч болно гэдгээ мэддэг байсан тул биеэ авч явах байдал нь хүртэл маш цэгцтэй, сэхээтнүүд байжээ.
Ажилд гологдохгүй байх "Практик" хандлага Социалист нийгэмд оюутнуудыг сургууль төгсөнгүүт улсаас шууд ажлын байранд хуваарилдаг байв. Ажилд очоод шууд тооцоо хөтөлж, үйлдвэрийн нормыг тогтоох шаардлага гардаг байсан тул оюутнууд практик дадлагад маш нухацтай ханддаг байжээ.Тэд соробашка /сампин/ болон тухайн үеийн механик тооны машинуудыг маш хурдан, алдаагүй ажиллуулж сурахыг эрмэлздэг байв.
"Хэрэв бид тооцоогоо буруу хийвэл улсын үйлдвэрт их хэмжээний хохирол учирна" гэсэн айдас, хариуцлага тэднийг хичээлдээ шамдах гол хөшүүрэг болдог байжээ. Товчхондоо, 1976 оны эдийн засгийн оюутнууд улс орныхоо хөгжлийг тооны ухаанаар хөтөлнө гэсэн өндөр үзэл суртал, хариуцлагатай, нийгмийн сор болсон залуус байсан гэж хуучилцгаасан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 173 (7915)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn