Ч.БЯМБАА
“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хулганууд буюу цахим картны луйвар” гэх нийтлэл нийтлэгдэж байжээ. Тус нийтлэлд одоо газар аваад буй цахим залилангийн талаар сонирхолтойгоор мэдээлсэн бөгөөд тухайн үед цахим залилан гэх зүйл “шинэ төрлийн гэмт хэрэг байжээ. Түүнчлэн хилийн чанадаас цахимаар луйвар залилан үйлдэж эхэлсэн энэ төрлийн гэмт хэргийг өнөөдөр монголчууд үйлдэж байна.
“Соном өвгөний хулганууд буюу цахим картны луйвар” нийтлэлд “Хүргэн хүү”-гийн Соном өвгөний үе өнгөрч, монголчууд хэдэн бор төгрөгөө банкинд хадгалуулдаг баатар болтол нөгөө муу хулгана чинь бүр төрөл арилжаад амилчихаж. Хадгалуулсан хэдийг маань хилийн цаанаас сорчихдог сүлжээ бий болоод дээр, доргүй сандаргаж байна. Бэлэн мөнгөтэй явбал бусдад суйлуулж, дээрэмдүүлээд горьгүй. Мэддэг, мэддэггүй ч хамаагүй арилжааны банкинд хадгалуулчихаад карттай болчихсон нь хамаагүй дээр. Картаараа хоол хүнс, бараа таваар худалдаж аваад, татвар үйлчилгээг ч хаа газраас хийдэг болчихсон.
Хаа холын баруун аймаг руу ээж, аавдаа хэдэн төгрөг явуулах гэж банкинд дугаарлах шаардлагагүй. Интернэтээр хэдэн тоо, нууц үг оруулаад бүх зүйл ок. Арилжааны банкны эдгээр үйлчилгээ цаг зав, мөнгө төгрөг хэмнээд их тааламжтай байсансан. Гэтэл саяхнаас харилцагчдын хадгалуулсан мөнгийг хаанаас ч хамаагүй хулгайлдаг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Бүртгэлийн дугаар нэмэгдсээр, хохирогч нь бүр 480-д хүрээд байгаа аж. Тэдний нийт хохирол нь 120 гаруй сая төгрөг гэнэ. Энэ хэрэгт БНХАУ-ын хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Батхүү ярив. Сэжигтнүүд хилийн чанадаас хуурамч карт ашиглан Монгол Улсын арилжааны банкнуудын харилцагчийн дансыг ухаж, төнхсөн бололтой. Шинэ төрлийн энэ гэмт хэргийн үндсэн шалтгааныг хуулийнхан харилцагчийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байна” гэжээ.
Тухайн үед дээрх нийтлэлд дурдсанчлан “харилцагчдын хадгалуулсан мөнгийг хаанаас ч хамаагүй хулгайлдаг гэмт хэрэг шинээр Монгол Улсад бүртгэгдэж эхэлж байсан нь өнөөгийн “газар авсан” цахим гэмт хэргийн эхлэл байж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 173 (7915)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn