С.ОЮУН-ЭРДЭНЭ, М.АЛТАНТУЯА

 

Технологийн хурдацтай хөгжил, цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр номын сангийн үүрэг, үйлчилгээний хэлбэр ч мөн өөрчлөгдөж байна. Тэгвэл өнөөдөр номын сангууд ямар чиглэлд хөгжиж байна вэ. Монголын номын сангууд дэлхийн жишигт хүрэхийн тулд юуг анхаарах шаардлагатай вэ. Эдгээр асуудлыг хэлэлцэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын сан: Өнөөдөр, маргааш – V” форум энэ сарын 10, 11-ний өдрүүдэд МУИС-ийн байранд болж байна. Энэ жилийн форумыг МУИС-ийн Номын сан, Номын сан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Монголын номын сангуудын каталогийг олон улсын түвшинд нээлттэй болгох боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна.

 

“Нэг товч дараад Монгол эрдэмтний бүтээлийг гадаадын катологи дээр харах боломжийг нээхийг зорьж байгаа” 

Монголын номын сангийн каталогийг олон улсын түвшинд хүргэх боломжийн талаар МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа.

Тэрээр “МУИС-ийн номын сангаас тав дахь жилдээ энэхүү форумыг зохион байгуулж байна. Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулаад номын сангийн салбарын тулгамдаж буй асуудлыг гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага болон номын сангууд хэлэлцдэг. Энэхүү форум сүүлийн хоёр жилд олон улсын хэмжээний болон өргөжиж байна. Энэ жилийн форумын хувьд Монголын номын сангийн каталогийг дэлхийн түвшинд гаргах боломж гэсэн сэдвийн хүрээнд гадаад, дотоодын илтгэгч нар илтгэлээ тавьж байна. Өөрөөр хэлбэл, нэг товч дараад Монгол эрдэмтний бүтээсэн бүтээлийг гадаадын катологи дээр харах боломжийг нээнэ гэсэн үг” гэв.

Номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлууд багагүй байдаг. Тухайлбал, техник технологийн хувьд хөгжих, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх, хүний нөөцөө дижитал номын санчтай болгон хөгжүүлэх зэрэг асуудлууд байгааг форумд оролцогчид хэлж байна.

 Сүүлийн жилүүдэд МУИС-ийн номын сан олон улсын сургуулийн номын сангуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд номын санчдаа гадаад улсад туршлага солилцуулах ажлыг өргөн хүрээнд хийж байгаа аж. Одоогийн байдлаар “WorldCat” дэлхийн каталогийн нэгдсэн санд 100 гаруй улс орон нэгдсэн байна.

 

“Монгол судлалыг хөгжүүлэхэд маш чухал форум болж байна”

 

Форумын гол онцлог нь Монгол Улсын номын сангийн каталогийг олон улсын түвшинд хуваалцах боломжийг олгох явдал юм. Ач холбогдлын хувьд, Монгол Улсын бүх номын сангийн сан хөмрөгт байрлах Монголын түүх, ёс заншил, өв уламжлалтай холбоотой Монгол эрдэмтдийн бичсэн судалгааны бүтээлүүдийг дэлхийн хүн төрөлхтөн ашиглах боломж олгохыг зорьж байгаа аж.

Энэ талаар МУИС-ийн номын сангийн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа “Дэлхийн каталогийн системд нэгдэхийн тулд эхлээд олон улсын стандартыг хангах хэрэгтэй. Дараа нь олон улсын форматаар бичих, хүний нөөцөө бэлтгэх, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн катологич мэргэжилтэн хэрэгтэй юм. Монголчуудын хэл, соёл, түүхийг дэлхий нийтэд таниулан сурталчилж, Монгол судлалыг хөгжүүлэхэд маш чухал форум болж байна. Цаашлаад, Монгол Улсын номын сангийн каталогийг олон улсын түвшинд хүргэхэд мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дэмжихийн зэрэгцээ байгууллага болон төрөөс шаардлагатай санхүү, бодлогоор дэмжлэг үзүүлэх нь чухал. Эдгээр хүчин зүйлс цогцоороо бүрдсэнээр хөгжил шинэ шатанд гарч чадах юм” гэлээ.

 

“Харвард-Енчи номын сан Солонгос, Хятад, Япон зэрэг улсуудтай хамтарч ажилладаг”     

 

Тус форумын үеэр Харвардын их сургуулийн Харвард-Енчингийн номын сангийн номын санч Жидонг Яанг “Харвард-Енчин номын  сангийн товч түүх болон Монголын сан хөмрөгийг бүрдүүлж байгаа цуглуулгынхаа туршлагын тухай” илтгэл  тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ “Харвардын их сургуулийн номын сангийн үйлчилгээ нь технологийн дэвшилттэй холбогдуулан үйл ажиллагаагаа шинэ технологийг хөгжүүлэх болон хиймэл оюун ухаан ашиглах зэрэг чиглэлд хөгжиж байна.   Түүнчлэн, Харвардын номын сан бусад улс оронтой хамтардаг. Харвард-Енчи номын сангийн тухайд гэвэл Солонгос, Хятад, Япон гэх мэт зүүн өмнөд азийн улс орнуудтай хамтарч ажилладаг. Энэхүү форумд оролцсоноор мэдээлэл, туршлага хуримтлуулж авсан. Ирээдүйд хамтарч ажиллаад туршлага хуримтлуулж чадна гэж найдаж байна” гэлээ.

“Номын сан: Өнөөдөр, маргааш – V” форумын үеэр өрнөж буй хэлэлцүүлгээс харахад Монголын номын сангийн хөгжлийн дараагийн алхам нь олон улсын стандарт, цахим технологи, мэргэжлийн боловсон хүчний ур чадвар гэсэн хэд хэдэн чиглэлтэй холбоотой байна. Монголын номын сангуудын каталогийг олон улсын түвшинд нээлттэй болгох нь зөвхөн номын мэдээллийг гадаадын хэрэглэгчдэд хүргэх асуудал биш юм. Энэ нь Монгол Улсад бүтээгдсэн ном, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэлхийн мэдээллийн орчинд таниулах нэг боломж юм.

Мэдээллийг хэрхэн зөв зохион байгуулж, хадгалж, дэлхийн хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг нь ирээдүйн номын сангийн гол асуудал болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 171 (7913)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn