М.АЛТАНТУЯА
“Манай хүүхэд бага ангийн сурагч. Бүх хичээлийн сурах бичиг хангалттай байдаг гэж хэлэхэд хэцүү. Зарим хичээлийн ном хүүхэд бүрд байдаг боловч зарим нь хүрэлцээгүйгээс хоёр хүүхэд нэг сурах бичиг хэрэглэх үе гардаг. Мөн хүүхэд гэрийн даалгавраа хийхдээ сурах бичгээ ашиглах шаардлагатай байдаг. Ном нь байхгүй үед номтой хүүхдээс зургийг нь авах болон цахим номоос хайх зэрэг арга хэрэглэдэг. Зарим номыг нь хувиараа худалдаж авах шаардлага ч гардаг. Нэг ном үнэ худалдаж авахад 20-30 мянган төгрөг. Сургуулиас хэзээ сурах бичиг ирэх талаар тодорхой мэдээлэл өгвөл эцэг эхчүүдэд илүү ойлгомжтой байх болов уу” гэх кейсүүд жил бүрийн намар давтагдаж, эцэг эхчүүд, сурагчид, багш нарын “Толгойны өвчин” болсон гэлтэй байдаг.
Хичээлийн шинэ жил эхлээд хэдийнэ хоёр дахь долоо хоногтойгоо золгож байна. Гэтэл хичээлийн гол хэрэглэгдэхүүн болсон сурах бичгийн хүрэлцээгүй байдал эцэг, эхчүүдийн дунд бухимдал дагуулж эхэлжээ. Сурах бичгийн хүрэлцээгүй байдлын улмаас сурагчид сугалаагаар, амьдралын бололцоо, сургуульд нэг айлаас хэдэн хүүхэд сурдаг зэрэг олон янзын байдлаар сурах бичигтэйгээ золгох нь бий. Тэгвэл энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээ, хангамж ямар байгаа талаар сурвалжиллаа.
“Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс түгээгдэж эхэлнэ”
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдын сургалтын үйл явцад нэлээд өөрчлөлтүүд гарсан.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр "Сурах бичиг аравдугаар сарын 1-нээс түгээгдэж эхэлнэ. Сурах бичиг нь хөтөлбөрөө дагаж гардаг зарчимтай. 2026 оны хоёрдугаар сард 1-5 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг Үндэсний зөвлөл болон мэргэжлийн зөвлөлүүд хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд нэгдүгээр ангийн хөтөлбөрийн агуулга, арга зүйд гарсан өөрчлөлтийг тусгасан сурах бичгүүд зохиогдож байна. Ажлын даалгаварт сурах бичгийн зургийн эзлэх хувь, агуулга, жишиг даалгаврыг нарийн зааж өгсөн. Өмнөх жилүүдэд сургуульд ороход 60–80 цагийн бэлтгэл хөтөлбөр хэрэгждэг байсан бөгөөд хүүхдүүд шууд зурлага, татлага зэрэг хичээлдээ ордог байсан. Харин энэ жил бэлтгэл хөтөлбөрийг эрс өөрчиллөө. Хичээлийн эхний дөрвөн долоо хоногт дараах үе шатаар хүүхдүүдийг бэлтгэж байна. Үүнд, эхний долоо хоногт сургуулийн орчинтойгоо танилцах, хоёр дахь долоо хоногт анги хамт олон гэдгийг ойлгох, өөрийн үүрэг оролцоог мэдрэх, гурав дахь долоо хоногт “Би сурагч боллоо” гэдгээ ухамсарлах, дөрөв дэх долоо хоногт “Би сурч чадна” гэсэн өөртөө итгэх итгэлийг олж авах, айдсаас ангижрах юм. Энэхүү сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр багш нарт зориулсан алхамчилсан удирдамж, зөвлөмжийг гарган ажиллаж байна. Ингэж хүүхдийг сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэсний дараа аравдугаар сараас эхлэн сурах итгэлтэй болсон сурагчдад зурлага, татлага болон бусад үндсэн хичээлийг оруулахаар зохицуулсан” гэв.
Шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэнэ
Энэ жил II-V ангийн хичээлийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй тул хуучин сурах бичгүүдээ хэрэглэх юм. Сурах бичгүүд хүүхдүүдийг 100 хувь хангах боломжтой нөөцтэй байгаа гэж БЕГ-ын дарга Х.Тамир мэдээлж байв. Харин VI-XII ангийн 71 хувийг түрээсийн сурах бичгээр хангах тооцоо байгаа. Үүн дээр шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэж, хүргэх ажил явагдаж байна. Ингэснээр сурах бичгийн 85 хувийг хангана. Харин үлдсэн 15 хувийг зах зээлд зарагдаж байгаа сурах бичгүүдээс компаниудын тогтоосон жишиг үнээр худалдан авах зохицуулалт хийж ажиллаж байгаа аж.
Гэвч сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр “Нэр бүхий сургуулиудад сурах бичгийг хүүхдүүдийн дунд сугалаа байдлаар хангаж байна” гэх асуудал яригдсан. Энэ талаар тодруулахад “Ийм асуудал байхгүй. Сурах бичгийг бүрэн хангахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа хэмээн Боловсролын яамны ЕББГ-ын дарга Л.Ганбат мэдээлэв. Ийм байдлаар сурах бичгийн хүрэлцээ, хангамж асуудал дагуулсаар байх уу.
“Бид гэрийн даалгавар хийхдээ номынхоо зургийг дараад ангийн групп чат руу явуулдаг”
Энэ жил сурах бичгийн хүрэлцээ ямар байх нь эцэг эхчүүдийн санааг зовоосон асуудал болж буйг тэд хэлж байна.
Иргэн Д.Ганзориг “Манай хүүхэд дунд ангид сурдаг. Хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, шаардлагатай хичээлийн хэрэгсэл болон ном сурах бичгээр хангахыг хичээдэг. Гэвч хичээлийн сурах бичгийн хүрэлцээ нь хангалтгүй байсаар олон жил болж байна. Намар бололхоор л асуудал дагуулдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн сурах бичигтэй байвал сайн. Өмнө нь бид хувиараа хүүхдэдээ сурах бичиг худалдаж авах шаардлага гарч байсан. Дутагдалтай сурах бичгүүдийг худалдаж авахад ойролцоогоор 80-100 мянган төгрөг зарцуулсан. Сургуулийн зүгээс сурах бичгийн хүрэлцээ болон хуваарилалтын талаар мэдээлэл өгч байсан. Зарим номын тоо хүрэлцэхгүй байгаа, шинэ сурах бичиг ирэхийг хүлээж байгаа гэх мэт мэдээлэл сонсдог. Сургуулийн зүгээс арга хэмжээ авч байгаа гэж боддог ч энэ асуудлыг системтэй шийдэх хэрэгтэй санагддаг” гэлээ.
Сурагч Н.Мөнхсаруул “Би нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн V ангид сурдаг. Манай ангид сурах бичгийг маргаашаас бүх хүүхдүүдэд тарааж өгнө гэж багш хэлсэн. Одоогоор анги дээрээ нэг сурах бичгийг хоёр хүүхэд дундаа ашиглаж байгаа. Сурах бичгээ гэр лүүгээ авч явдаггүй. Гэрийн даалгавраа номгүй болохоор хаанаас харж хийхээ мэдэхгүй байдаг. Заримдаа гэрийн даалгавраа дутуу хийх ч үе гардаг. Номоо гэр лүүгээ авч явж болохгүй болохоор хичээлээ хийхэд хүндрэлтэй байгаа. Сурах бичигтэй бол гэрийн даалгавраа илүү сайн хийх боломжтой гэж бодож байна. Энэ асуудлыг сургууль, багш нартаа хэлдэггүй” гэж байв.
Харин Нийслэлийн ерөнхий боловсролын VI сургуулийн 7Б ангийн сурагч Г.Рэнцэнханд "Одоогоор сурах бичгээ аваагүй байгаа. Манай ангийн зарим хүүхдүүд сурах бичээ хувиараа худалдаж авсан. Харин би улсаас түрээсийн сурах бичиг тарааж өгөхийг хүлээж байгаа. Өөрсдөө худалдаж авахад үнэ нь өндөр санагдсан. Бид гэрийн даалгавар хийхдээ номынхоо зургийг дараад ангийн групп чат руу явуулдаг болохоор гар утаснаасаа хараад гэрийн даалгавраа хийдэг. Би зарим үед цахим сурах бичиг medlee.nm -ээс хараад хичээлээ хийдэг. Гэхдээ гар утсаар удаан хугацаанд ном үзэхэд нүд ядрах, анхаарал сарних зэрэг хүндрэл гардаг. Тиймээс сурах бичгээ хэвлэмэл байдлаар аваад, хичээлээ хийх нь илүү амар гэж бодож байна” гэсэн юм.
Сурах бичгийн хүрэлцээгүй байдал нь сурагчдын хичээлийн идэвхийг бууруулах, хичээлээс “цалгардах”, анхаарал сарних зэрэг олон сөрөг шалтгааныг бий болгодог. Түүнчлэн хувиараа сурах бичиг худалдаж авах нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт ч олдог талаар ярьж байна. Иймд сурах бичгийн хангамжийн асуудлыг системтэйгээр шийдвэрлэх нь чухал гэдгийг жил бүрийн энэ асуудал харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7912)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn