АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг EducationUSA Mongolia нь АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид элсэн суралцах боломжийн талаар албан ёсны мэдээлэл, боловсролын зөвлөгөөг үнэн бодит үнэ төлбөргүй хүргэдэг байгууллага юм. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн баасан гаригт “Mini University Fair” арга хэмжээг нийслэл хот хийгээд хөдөө орон нутгийн багш, сурагч, эцэг эхчүүдэд нээлттэй зохион байгууллаа. Тодруулбал, АНУ-ын есөн их сургуулийн элсэлтийн албаны захирлуудыг урьж, тэдгээр сургуульд элсэх боломж, зөв алхмуудыг биечлэн авах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн EducationUSA Mongolia-гаас төгсөх ангийн сурагчид хийгээд завсар жил авсан хүүхдүүдэд зориулсан “Competitive College Club” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн бүртгэл есдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилж, 20 хүүхэд шалгаруулан авах ажээ. Энэ тухай болон АНУ-д суралцах давуу талын талаар EducationUSA Mongolia болон American Councils-ын боловсролын зөвлөх Ц.Анужингаас тодруулахад “АНУ-д 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль байдаг бөгөөд олон төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тухайлбал, АНУ-ын Засгийн газраас бүрэн санхүүжилттэй зохион байгуулагддаг ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX хөтөлбөр байна.

Ц.Анужин

Энэхүү сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын ахлах сургуульд суралцангаа Америк айлд амьдарч, соёл боловсролтой танилцах боломжтой юм. Энэ тэргүүтэй АНУ-д суралцах мэдээлэл хийгээд “Америкт суралцах таван алхам” сургалтыг Улаанбаатар хотын хийгээд 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад үнэ төлбөргүй орж байна” гэсэн юм. Мөн АНУ-д сурч байгаа болон төгсөгчдөө урьж, Америкт суралцсан түүхийг хуваалцсан подкаст хийхийн сацуу тус байгууллагыг зорин ирсэн сурагчийн сонирхол, сонгосон мэргэжил, нөхцөл байдалтай уялдуулан АНУ-д суралцах тэтгэлгүүдийн мэдээлэл зөвлөгөө хүргэсээр байна.

 

АНУ-д суралцах хүсэлтэй дөрвөн сурагчтайгаа энэхүү үйл ажиллагааг зорин ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа

Ж.Сэрдамба

Тэгвэл энэхүү арга хэмжээг хамгийн холоос зорин ирсэн хүмүүсийн нэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Ж.Сэрдамба байлаа. Тэрээр АНУ-д суралцах хүсэлтэй дөрвөн сурагчтайгаа энэхүү үйл ажиллагааг зорин ирж, зөвлөгөө мэдээлэл авч, цаашлаад үүнийгээ нутаг орондоо танилцуулах зорилготой иржээ. Энэ тухайгаа тэрээр “Хөдөө орон  нутгийн сурагчид гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэл сонирхол их байдаг TOEFL, IELTS зэрэг олон улсын шалгалтуудын оноогүй гэх учир дутагдал бий. Гэхдээ энэхүү арга хэмжээнээс өөр олон боломжуудыг мэдэж авлаа. Түүнчлэн манай Хатгал тосгон шиг аялал жуулчлал хөгжиж, жуулчид ихээр зорьдог бүс нутгийн хүүхдүүд англи хэлний ярианы чадвараа сайн хөгжүүлбэл аяллын хөтөч хийх, шинэ дурсамж бүтээх болон давуу талууд бий. Өмнө нь манай сургуулийн хоёр сурагч АНУ-ын ахлах сургуульд суралцаад ирсэн” гэв.

Найз нөхдөөрөө эсвэл аав ээжийгээ дагаад гэхчлэн 9-12 хүртэлх ангийн ерөнхий боловсролын сурагчдын цуваа тасрахгүй, заал дүүрсээр байсан тэр хэдхэн цагийн хугацаанд өөртөө итгэлтэйгээр санасан зорьсноо Америк багш нараас асууж байсан сурагчдын нэг бол Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Индра байв.

Г.Индра

Тэрээр “Би гадаадын их сургуульд мэргэжил эзэмших зорилготой тул энэхүү арга хэмжээг зорьж ирээд сонирхсон зүйлээ нээлттэй асуулаа. Тэр бүрд ойлгомжтой тодорхой хариулт өгч байгаад нь бас талархаж байна. Өдий хүртэл англи хэлний мэдлэгээрээ АНУ-ын их сургуулийн багш нартай бүрэн ярьж, ойлголцож буйдаа мөн баяртай байна. Би хими, биологийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар зорьж байгаа бөгөөд АНУ-д энэ чиглэлээр суралцах олон боломж байхын сацуу тэдгээрийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, туршлага хуримтлуулах нээлттэй арга замууд нь таалагдсан. Одоо надад дахиад гурван жилийн хугацаа байгаа тул багшийнхаа хэлснээр эртнээс бэлдэж, нэг ч гэсэн туршлага хуримтлуулахыг зорьж байна” гэсэн юм. Түүнчлэн гадаадад суралцахад биеэ даасан байдал, бусадтай нээлттэй харилцах чадвар зэрэг чухал гэж боддог тухайгаа хуваалцлаа.

Цаашлаад EducationUSA Mongolia-гаас аравдугаар сарын 23-ны өдөр 15-18 цагийн хооронд АНУ-ын 15 их сургуулийн элсэлтийн албаны захирлуудыг урьж, Улаанбаатар хотын төв номын санд нээлттэй мэдээлэл хүргэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 167 (7909)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn