Ц.МЯГМАРБАЯР

 

Хүний эрх, нийтийн эрх ашиг, байгаль орчны шударга ёсны төлөө 50 гаруй жил тууштай тэмцэж, үнэт зүйл, итгэл, үнэмшил дүүрэн 70 насны босго алхаж яваа Хүний эрхийн хамгаалагч, бахархалт эмэгтэй бол Дорноговь  аймгийн Айраг сумын “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа юм. Тэрээр хань М.Алтангэрэлтэйгээ  хашаандаа сайхан амьдрах ухааныг залуу үеийнхэндээ үлгэрлэн хол, ойрын зочид гийчдийг амтат ногоо, халуун цай, хоолоороо дайлан угтан авч, үдэн гаргаж суудаг буян түгээгч юм.

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог”-ийн энэ удаагийн зочноор Лодойсамбуугийн Лхавгааг урьж ярилцлаа.

 

Түүхэн шилжилтийн үеийн шүүгчийн охин Л.Лхагваа

 

1939 он бол Халхын голын дайн, их хэлмэгдүүлэлтийн эхэн, улс төр халуухан байсан үе юм. Тухайн үеийн Дотоод явдлын яамны /ДЯЯ/ дагалдан сайд залуухан хүү Д.Лодойсамбуу нэг удаа яамныхаа шөнийн жижүүрээр хоножээ. 26 настай залуу хүү нойр нь хүрээд боломгүй болохоор нь ширээгээ зэрэгцүүлэн унтжээ. Хүн хоолойгоо засах чимээгээр цочоод сэртэл өмнө нь  Х.Чойбалсан удирдагч зогсож байсан аж.

Тэрхэн зуурт, тэрээр “ За би ч өнгөрсөн, дайны цагийн хуулиар буудуулах болж...” гэж бодоод босож, номхон зогстол Х.Чойбалсан түүний толгойг нь илээд “Хэн гэдэг билээ” гэж асуужээ. "Лодойсамбуу" гэж нэрээ хэлтэл “За Лодойсамбуу дахиж унтаж болохгүй шүү" гээд жигтэйхэн өхөөрджээ.

Жижигхэн биетэй шавилхан залуу хүүг хараад, тэрээр хайрласан байх. Түүнээс биш дайны  хуулиар бол хатуу шийтгүүлэх  байсан гэдэг. Тэр үед Х.Чойбалсанг муу хүн гэж ярьцгаадаг байсан. Гэвч тэр муу хүн байгаагүй.  Түүнд хүнийг хайрлах, энэрэх, сэтгэл байдаг гэдгийг аав минь биеэрээ мэдэрч байсан юм билээ хэмээн манай дугаарын зочин Л.Лхагваа гуай бид хоёрын яриа, түүний аавын дурсамжаар эхэлсэн юм. Түүний аав Дарьсүрэнгийн Лодойсамбуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул. 1939-1963 он бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн эгзэгтэй бөгөөд сонирхолтой үеүдийн нэг байсан юм. Тэрээр хуучин цагийн зан заншлын шүүхээс татгалзаж, орчин цагийн Зөвлөлт загварын шүүх систем рүү шилжих шилжилтийг гардан хийлцсэн. Д. Лодойсамбуу гуайн удирдаж байсан "Таван аймгийн шүүх" гэдэг нь тухайн үеийн засаг захиргааны бүтэцтэй холбоотой. БНМАУ-ын үед бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймгийг дундаа шүүхтэй байлгах эсвэл дагнасан бүсийн шүүхүүд ажиллаж байв. 24 жилийн турш ийм том хэмжээний бүс нутгийн шүүхийг удирдаж, тогтвортой ажилласан нь түүнийг асар өндөр нэр хүндтэй, зарчимч, "Жинхэнэ шалгарсан" хуульч байсныг гэрчилдэг. Тэрээр Хорлоогийн Чойбалсан болон Юмжаагийн Цэдэнбал нарын хоёр өөр удирдагчийн үед Өмнөговь, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Улаанбаатар хотын прокурор, шүүхийн даргаар ажиллаж байжээ.

Өмнөговь аймгийн  Мандал-Овоо  сумын Онги голд тоглож өссөн залуухан бүсгүй Д.Сэмбээрааштай гэр бүл болжээ. Тэдний хоёулынх нь хувьд хоёр дахь амьдрал нь  байсан гэдэг. Д.Лодойсамбуу хожим нутгаа бараадаж 1960 онд Дорноговь аймгийн Нүүдлийн шүүхийн даргаар ирснээс хойш ажиллаж, амьдарсаар гавьяандаа гарч улмаар төрлөх Айраг сумандаа 72 нас хүртлээ амьдарчээ. Лхагваа гуай цааш ярихдаа “Би өнөөдөр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж мэргэжлийг нь өвлөж шүүгч болоогүй ч өдгөө иргэдийнхээ, хүний эрх, нийтийн эрх ашиг, байгаль орчны шударга үнэний төлөө өдий хүртэл тууштай тэмцэж явааг аав минь тэнгэрээс хараад бахархдаг болов уу гэж боддог. Би тэр хэцүү нийгмийн хайчин дунд аав минь өөрийгөө золин байж шинэ үетэй золгуулсан ач гавьяа, эр зоригоор өөрийгөө үеийн үед хурцалж явдаг” гэж хуучилсан. Түүнийг аав нь шүүгч болгохоор ЗХУ-д сургуульд явуулахаар болж байсан ч  төрсөн ах нь гэнэт зуурдаар нас барсанд гашуудаж, охин хүүхэд шүүгч болно гэдэг хатуудсан хэрэг гээд болиулсан гэдэг.

 

Амьдрал хатуу  эхэлсэн ч аз жаргал дэргэд нь байжээ

 

Түүхэн цаг үеийн ээдрээтэй гэр бүлд 1956 онд хүсэж байсан охин нь мэндэлсэнд хос хоёр хэмжээлшгүй их баярлаж байсан гэдэг. Түүний аавын тал удамдаа хөвгүүд олонтой, охид цөөтэй айл байжээ. Л.Лхагваа хоёр ах, хоёр эрэгтэй дүүтэй айлын ганц охин. Айлын ганц охин болоод тэр үү 18 нас хүртлээ аав, ээж, ах, дүү, авга, нагац нарынхаа дунд  бөмбөрч өссөн гэдэг. Тэрээр 10 дугаар ангиа дүүргэж Санхүү эдийн засгийн техникумд элсэж нягтлан бодогч мэргэжил эзэмшин төгсжээ. Тэр Бор-Өндөрийн Айраг уулын үйлдвэрт цалин, хөлсний нягтлангаар ажлын гараагаа эхлүүлжээ. Анхны хайртайгаа арван жилийн сурагч  байхдаа учирч үерхэж нөхөрлөн явсаар хоёр хүүтэй болсон гэдэг. Анхны хайрын эзэн, нөхөр болох залуугаа  цэргийн гурван жилийн хугацаат албыг дуусгаад ирэхэд том хүү нь долоо, бага хүү нь таван настай байлаа. Гэвч тэд "Одоо л хамт сайхан амьдарна" гэж байтал гэнэт нөхөр нь авто машины ослоор нас баржээ. Өнчин хоцорсон хоёр нялх үрээ тэврэн үймэрч байхад аав, ээж, ах дүү нь хамт байсан тулдаа л тэрхүү гунигт өдөр хоног, сар жилүүдийг өнгөрөөсөн хэмээн тэрээр ярьж байв. Гэхдээ "амьдрал хатуу эхэлсэн ч аз жаргал минь дэргэд байсан юм билээ" хэмээн цааш ярихдаа “Ээж минь хар залуугаараа хоёр өнчин хүүхэдтэй үлдсэн охиндоо их л санаа зовж, сайн хүнтэй суулгах тухай аавтай минь ярилцдаг байсан юм билээ.  Аав минь 1982 онд өөд болохынхоо өмнө ээжид захихдаа “Охиноо битгий хүчээр хэн нэгэнтэй суулгаарай. Зүгээр л хүлээж байгаарай. Аяндаа хайрлах, ханилах, заяаны хүн нь өөрөө ирнэ шүү” хэмээн захисан юм гэсэн. Нээрээ л аав маань мэдэж байсан ч юм шиг манай хамар хашаанд одоогийн хань болох Алтангэрэлийнх байдаг байв. Цэргээс халагдаж ирсэн, ганц бие залуу. Би ч хоёр хүүхэдтэй болоод тэр үү хүнтэй суух тухай боддоггүй байлаа. Тэгээд ч  өдөр, шөнөгүй ажилтай, гэрийн бараа харах нь ховор. Хүүхдүүд гэртээ тоглоод л үлдэнэ. М.Алтангэрэл маань  Дундговь аймгийн Дэрэн сумынх, айлын ганц хүү. Уг нь 20 насаар ах нэг ахтай байсан ч айлд өргүүлсэн юм билээ. Хожим ах нь нас барахад хоёр хүүхдийг нь миний хань л аавынх нь ороор аав болж өсгөлцсөн. Цэргээс халагдаж ирээд Айргийн 40 дүгээр баазад тээврийн жолоочоор ажиллаж байв.  Намайг байхгүйд хүүхдүүдийг минь харж хандана. Ингэснээр бид хоёр 1985 онд нэг гэртээ орсон. Ёстой нөгөө аз жаргал гэдэг дэндүү ойрхон байж, дэргэд чинь байж гэдэг үнэн юм билээ. Манайх одоо зургаан хүүхэдтэй. Гурван хүү, гурван охинтой. Хоёр томыгоо Алтангэрэл маань өсгөсөн. Ёстой буянтай, ачтай, миний заяаны ханьдаа. Бид хоёр одоо 41 жил ханилж байна. Айлын ганц, эрх дураараа өссөн намайг ёстой байгаагаар минь хүлээн зөвшөөрч, хайрласан даа” гэлээ.

Хүүхдүүд нь бүгд Улаанбаатарт ажиллаж амьдардаг. Хоёр том хүү маань уурхайд ажилладаг. Том охин Татварын албанд 15 жил ажилласан. Одоо хувиараа бизнес хийж байна. Дунд охин Зайсангийн нэг хувийн сургуульд нягтлан. Бага хүү нь 37-той. Япон Монголын эмнэлэгт Зүрх, судасны мэс заслын  эмч. III эмнэлгийн  Зүрх судасны тасгийн Монгол Улсын гавьяат  эмч Даваацэрэнгийн отгон шавь. Бага охин нь Голомт банкны төвд менежмент, хүний нөөцийн мэргэжилтэн. Одоо арав орчим ач, зээтэй. Том ач нар нь  20 хүрч байгаа гэв.

 

Орос соёлд суралцсанаар хүний эрхийн мэдрэмж дээшилсэн нь

Айраг дахь Бор-Өндөрийн уурхайн санхүүгийн хамт олонтой.

Айргийн уулын үйлдвэрийг Монгол талаас Гунгаадорж үүсгэн байгуулсан бол Батбаяр дарга хөл дээр нь босгосон хүн. Дараа нь Ёндон дарга залгамжлан авч явсан. 1974 онд  “Монголросцветмет”/МРЦМ /хуучнаар Монгол-Оросын хамтарсан нэгдэл/-ийн харьяа Бор-Өндөрийн Уулын үйлдвэр болж өргөжжээ. Энэ бүх дарга нартаа хамтарч ажиллаж байсан аж. Л.Лхагваа үйлдвэрийнхээ Үйлдвэрчний хороон даргын ажлыг хавсарч хийнэ. Угийн л хүний төлөө, ажилчдынхаа төлөө дуугардаг түүнд удирдлагууд нь хариуцлагатай, ажлаа сайн мэддэг гэдгээр үйлдвэртээ л байлгасаар байсан гэсэн. Тус үйлдвэрт Лхагваагийн  төрсөн ах, дүү нар нь бүгд  экскаваторчин, өрөмдөгч, жолоочоор ажиллаж  байжээ. Үйлдвэр нь 300 орчим ажилтантай. Түүний ар талд дахь 1000 гаруй хүний  ажил амьдралыг үйлдвэр тэтгэнэ. Конторын албан хаагчдын  тал нь Орос, тал нь Монгол. Айраг сумын дулааны болон бусад бүх л зардлыг  үйлдвэр хариуцдаг. Оросуудтай 30 жил ажиллаж, амьдарч, найзалж нөхөрлөсөн болоод тэр үү үйлдвэр төдийгүй манай сумынхан бүгд  Орос соёлд суралцсан. Урлагийн үзлэг болж монгол, оросгүй бүгд оролцоно. Түүнчлэн орос дэлгүүрээр албан хаагчид тусгай үнэмлэхээр ордог бол ажилчид дугаарлаж үйлчлүүлнэ. Орос хүнсний бүтэгдэхүүн, хувцас, эдлэл маш чанартай. Одоо ч манайд заримаас нь бий. Их гоё чамин зүйлийг бид өмсөж, зүүж эдэлж хэрэглэдэг байсан. Тэр үед манай сум  3500 орчим  хүн амтай. Бор-Өндөрийн уурхайд цалин хөлс болон орон сууц хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж эхэлснээр уул уурхай, байгаль орчны талаарх мэдлэг , мэдээлэл нь зузаарч, хариуцлагатай уурхай улс орондоо ямар их эдийн засгийн үр ашиг өгөөд зогсохгүй олон мянган залуучуудыг ажлын байраар хангаж байсныг мэдрэхийн зэрэгцээ тэдний эрх ашиг, хүний эрх нэгдүгээрт байх ёстой гэдгийг хатуу ухаарсан гэдэг.

2006 онд Айргийн Уулын үйлдвэр татан буугдаж Бор өндөрийн уулын үйлдвэр нэртэйгээр ажиллажээ.  Үйлдвэрийн 280 орчим ажилтан цомхотголд  орж 65 хүн үлдсэний нэг нь Л.Лхагваа байжээ. Ингээд үйлдвэртээ 37 жил ажиллаж 2013 онд тэтгэвэртээ суусан ч тэр ажилчдын төлөө  Үйлдвэрчний хорооны даргын ажлыг хавсран хийсээр байжээ. Тэр үеийн оросууд хүн чанартай маш зарчимтай,найрсаг, тусархаг,  монголчуудад уул уурхай болон ахуй, аж амьдрал талаас маш их зүйлийг зааж сургасан. Заримдаа оросуудыг муу хэлэхээр бид дотроо бол өмөөрч байдаг гэж тэрээр ярьсан юм. Үнэндээ тэр үед Монгол Улсын гадаад экспорт, худалдаанаас олох орлогыг манай МРЦМ-ийн жоншны хэдэн уурхайнууд хийж байсан цаг. Манай аймгийн жоншны үйлдвэрүүд Цайрт, Хонгор, Буржгар, Бор толгой, Хөх дэл, Бай ус гэсэн зургаан газарт уурхайн олборлолт явуулдаг байсан.

 

Хүний төлөө гэсэн сэтгэлээр “Эх орон хамтын хүч” ТББ-аа байгуулжээ

Л.Лхагваа хань М.Алтангэрэлийн хамт. 2016 он. 

Түүний нөхөр М.Алтангэрэл гуай хөнгөн, шингэн ажилсаг нэгэн. Бид хоёрыг ярих зуурт гал дээр өглөөний цай, хоол бэлтгэнэ. Арааны шүлс асгарам шинэ сортын улаан лооль, шүүслэг зөөлөн өргөст хэмх хэрчиж, биднийг ирэх сургаар хийсэн орос маягийн ногоотой приошки, борш  шөлний үнэр хамар цоргино. Хүн угтаж авах, дайлах нь эдний гэр бүлийн соёл, хүлээсэн үүрэг аятай. Эднийд ирэхэд орос айлд ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Энэ зуурт Л.Лхагваа эгч бид хоёрын яриа цааш үргэлжилсэн юм.

 2009 оны үед зах, зээлийн нийгмийн шилжилтэд  ажилгүй болсон олон залуучуудыг жоотуу бариад уул руугаа гарахаас өөр сонголтгүй болгосон. Хятад эзэнтэй компаниуд, монгол нинжа нарын хооронд зөрчилдөөн болж байсан эвгүй цаг үе байлаа. Хүн амины хэрэг гарсан. Гар аргаар жонш ухаж байсан монгол залууг хятад компанийн эзэн машинаараа дайрсан. Монгол орон даяр дуулиан болж  олон янзын хөдөлгөөнүүд энд, тэндгүй байгуулагдлаа. Тал, талаас ирсэн 1000 мянга орчим  залуучууд яахаас ч буцахгүй нөхцөлд байв. Энэ үеэс  манай суманд гар аргаар жонш олборлох нинжа нарын арми бий болсон юм. Эндээс л хөдөлгөөн байгуулах бол дэмийн юм байна харин ТББ байгуулах нь зөв юм гэж бодогдсон. Тэднийг нэгтгэх хууль, дүрэм, стандарт шаардлагад нийцүүлэн ажиллуулах хүн зайлшгүй хэрэгтэй байсан тул санаа нэгт нөхөд маань  “Эх орон хамтын хүч” ТББ-ыг байгуулж тэргүүнээр нь миний ч саналыг асуулгүйгээр тэргүүнээр  сонгосон байсан. Миний тухайд зөвлөх байдлаар ажиллах хүсэлтэй байсан. Улсын үйлдвэрт ажилладаг хүн давхар олон нийтийн байгууллага удирдаж болохгүй байх гэж дотроо эмээсээр, даргад хэлэхэд үндсэн ажлаа цалгардуулахгүй байж чадвал давхар хийж болно гэж хэлснээр зориг шулуудсан. Ингэснээр манай ТББ нийгэмд үйлчилдэг, иргэдийн эрх ашиг, хүний эрхийн чиглэлээр ажиллах зорилгоо тодорхойлсон. Тэр үед төр, тэр олон мянган нинжануудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж техник, технологиор хангахад хэцүү байсан. Ингээд замбараагүй, хяналтгүй бичил уурхайчдыг нэгтгэх Швейцарын хөгжлийн агентлаг болох Олон улсын байгууллагатай хамтарч тогтвортой  Тогтвортой бичил уурхайн  төслийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нинжа нарыг бичил уурхайчин гэсэн статус руу шилжүүлсэн. Ажлын байрыг нь тодорхой болгож, хяналтгүй олборлолтыг зогсоож, цэгцэлсэн. 1000 орчим нинжа нарыг сургалтад хамруулж бичил уурхайчин гэсэн сайхан хамт олныг бий  болгосон ч төр өөрөө байхгүй болгосон. Уг нь төр, өөрсдөдөө  ажлын байр бий болгож, эмх цэгц, нэгдсэн зохион байгуулалтад орч чадсан  тэр их ажиллах хүчийг уул уурхайн нэг салбар болгож хөгжүүлж, дэмжсэн бол өнөөдөр манай нутаг, хятад уурхайнуудад бүслэгдэж нутаг орноо хөндүүлж, бэлчээргүй, усгүй болохгүй л байх байсан. Монголын баялаг орон нутагтаа үлдэж иргэд нь өөрсдөө тэгш, хүртээмжтэйгээр ашиглах байсан боломжоо алдсанд харамсдаг. Цаашид Хятад хүнд уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож хэрхэвч болохгүй хэмээн тэрээр яриагаа түр завсарлаж өглөөний цайгаа ууцгаахаар ширээнд тухалсан юм.

 

Олонтой, орлоготой хамар хашааны хоёр

Аав,ээжээс өвлөсөн  хамар хашааны хоёр ханилснаар хашаагаа нийлүүлэн 1988 оноос эхлэн цэлгэр том талбайдаа нарийн ногоо тарьж эхэлсэн анхны өрх бол энэ сумандаа эднийх. Оросуудаас  ногоо тарих, хашаандаа сайхан амьдрах ухааныг сурчээ. Анх орос найзаараа заалган 12 метрийн урттай гурван метрийн өндөртэй жижиг хүлэмж барьж байжээ. Хүлэмжийнхээ үүдэнд төмс, лууван тарьдаг  жижиг талбайтай. Одоо эднийх том жижиг нийлсэн дөрвөн том хүлэмжтэй. 17 төрлийн нарийн ногоо тарьдаг. Нарийн ногоо тухайлбал чинжүү тариад хэрхэн хоолондоо хольж идэхээ мэдэхгүй орос найзаараа заалгаж байсан гэв. Аймаг, сумын үзэсгэлэн худалдаанд байнга оролцож хашаандаа  сайхан амьдарч болдгийг харуулж буй үлгэр жишээ гэр бүл. Эднийх хоёр өрөө орон сууцтай  байсан ч тэрийгээ зарж одоо энэ амьдарч байгаа байшингаа томруулж засжээ. Өөрсдийн худгаа гаргаж ногооноо усална. Өглөө эрт босоод хүлэмж рүүгээ орж ногоонуудаа арчлах, услах гээд ажил нь эхэлнэ. Ирсэн гийчиндээ ногооныхоо дээжээс өгөхөөр жинлэж, нямбайлан ууталж савлана. Энэ жил ногоогоо жаахан орой тарьсан ч ургацаа эрт өгсөн гэнэ. Өнгө өнгийн цэцэг, навч алгалсан, гоньд, хөмүүл үнэртсэн тансаг  хашааг хараад хэн хүнгүй л хурдаа сааруулж зогтусна. Залуучууд хашаандаа танайх шиг сайхан амьдармаар байна, ногоо таримаар байна хэмээн хүүхдүүдээ дагуулан ирж туршлага судалдаг гэсэн.Тэд хашаандаа яг л орон сууцанд амьдарч байгаа юм шиг амьдардаг. Сумынхан нь энэ хоёрыг андахгүй. Хэрэв хэн нэгэн нь ганцаараа явж байвал гайхдаг гэсэн. Та хоёр минь хамтаараа л явж байгаарай гэж сумынхан нь захидаг гэсэн. Аав, ээжийнх нь энерги шингэсэн энэ хашаанаасаа тэд хаашаа  ч нүүгээгүй. Энгийн хэр нь энергийн дээдийг түгээж амьдрах шиг сайхан амьдрал гэж үгүй. Энэ насанд минь өөрөө хүрээд ирсэн ханьдаа би үргэлж баярлаж, улам ихээр хайрладаг даа. Залуу байхад омголон, ааштай, хоол цай хийхдээ муу, дандаа олон нийтийн ажил гээд гэрийн бараа харахдаа ховор эзэгтэй байсан. Гэтэл нэг удаа би өвдөж эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд л би хүний хань гэж ямар агуу юм бэ гэдгийг ойлгосон. Намайг халамжилж, хооллож, асарч энэрсэн. Тэр үед л би “ за би ч гэсэн ханиа ингэж хайрлаж, халамжлах ёстой юм байна гэдгээ ухаарсан даа”. Одоо би өөрөө цайгаа чанаж, хоолоо хийнэ. Гэр орноо янзална. Манайд зочид ирэх үед л нөхөр минь надад тусалдаг. Гадаах ажлаа хоёулаа хамт хийнэ. Хаа ч явсан цуг. Сайхан аав ээж, өвөг дээдсийн буянд бид хоёр харамсах зүйлгүй сайхан амьдарч явна гэж ярьсаар бидний яриа өндөрлөсөн юм. Л.Лхагваа 2020,2023 онуудад Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчин сумын төвийн салхин дээр жоншны баяжуулах үйлдвэр байгуулан ажиллаж байсан “Янтай-Уул” ХХК-ын хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэн, хариуцлагатай уул уурхай, хүний эрхийн төлөө 11 жилийн турш ажиллаж тэмцсэний үр дүнд зогсоож  чадсан ачтан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 167 (7909)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn