Ч.БЯМБАА
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн хүрээнд “Их барилга-100 жил” баярын хурал өнгөрсөн баасан гарагт болж, үе үеийн барилгачид, бүтээн байгуулагчид чуулсан юм.
Барилгын салбар Барилгын салбар улс орны эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, үндэсний үйлдвэрлэл, хот, суурины хөгжил, нийгмийн дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ, ханган нийлүүлэлт, тээвэр логистик, худалдааг өргөжүүлэх бодит суурь болж ирсэн билээ.
“Архитектор нь шийдэлдээ, инженер нь тооцоондоо, барилгачин нь ажилдаа, төр бодлого, төлөвлөлтдөө эзний ёсоор хариуцлагатай хандах учиртай”

Хүндэтгэлийн хурлыг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Монгол оронд хот байгуулалт, орчин үеийн барилга, инженерийн дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн үндэс тавигдсанаас хойш нэгэн зууныг бид хамтдаа туулаад байна. Өнгөрсөн хугацаанд манай барилгачид нийслэл хот, аймаг, сумдын төв, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, цахилгаан станц, дулаан, ус хангамж, инженерийн шугам сүлжээ зэрэг Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон бүтээн байгуулалтуудыг цогцлоосон билээ. Иймд салбарынхаа хөгжлийн төлөө амьдралынхаа он жилүүд, мэдлэг чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулсан Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлье" хэмээн онцолсон юм.
Мөн орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үе үеийн бүтээн байгуулагчдад талархал илэрхийлсэн юм.

Тэрээр “Улсынхаа их бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн үе үеийн барилгачид, инженер, архитектор, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч нарт Ерөнхийлөгч төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, байгаль орчны тэнцвэр, эдийн засгийн өсөлт, ирээдүй хойч үеийн хэрэгцээг цогцоор нь харсан урт хугацааны бодлого хэрэгжүүлэх ёстой.
Дэлхий нийт ногоон, ухаалаг, гамшгийн эрсдэлд тэсвэртэй, хүртээмжтэй, хүн төвтэй байх бодлого барьж байгаа энэ үед хотын төвлөрлийг сааруулж, орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх, үр хүүхдээ сургах таатай боломжтой хот, суурин газрыг хөгжүүлэх нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх ёстой.
Архитектор нь шийдэлдээ, инженер нь тооцоо, судалгаандаа, барилгачин нь ажилдаа, үйлдвэрлэгч нь чанартаа, төр, засаг нь бодлого, төлөвлөлт, стандарт, хяналтдаа эзний ёсоор хариуцлагатай хандах учиртай. Үндэсний инженер, архитектор, мэргэжилтнүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мэдлэг, ур чадвар, бүтээлч санаачилгыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой” гэлээ.
Зөвхөн гадаадын технологи, бүтээгдэхүүн хэрэглэдэг бус, өөрсдийн мэдлэг, инновацыг нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний мэргэжилтнүүдийнхээ ур чадварт тулгуурласан бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх шаардлагатайг мөн онцоллоо. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, инженер, архитектор, үйлдвэрлэгчид, барилгачид нэгэн зорилгын дор хамтран зүтгэхийг уриаллаа.
“Сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй бүтээн байгуулалтын тоо 47 хувиар өсжээ”

Өдгөө барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Тус салбар ДНБ-ий 5-6 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын нийт хэмжээ сүүлийн 10 жилд 3.6 дахин нэмэгдэж, 11.7 их наяд төгрөгт хүрчээ.
Засгийн газраас Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон Орон сууцны санхүүжилтын төрөлжсөн банкны тухай, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа юм. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, барилгын зөвшөөрөл, зураг төсөл, магадлал, барилгын материал, ашиглалтад оруулах болон ашиглалтад үеийн мэдээллийг нэгдсэн цахим сүлжээгээр холбох ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Орчин цагт бүх зүйл цахим технологи руу шилжиж байна. Үүнтэй зэрэгцэн барилгын салбар ч гэсэн цахимд шилжиж байна. Нийт BIM буюу барилгын нэгдсэн цахим системтэй болж байна. Ингэснээр бид авлигал, хүнд суртал, давхардал хийдлийн асуудлыг шийдэх бүрэн боломжтой болж байна. Мөн барилгын компаниуд, ААН-үүд, орон сууц худалдан авч буй хүмүүст давхардал үүсгэлгүй, шуурхай үйлчлэх зорилтуудыг Засгийн газарт тавьж, хуулиудаа батлуулахаар ажиллаж байна” гэсэн юм.
Манай улс орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит ахиц гарч сүүлийн жилүүдэд ашиглалтад оруулж буй бүтээн байгуулалтын тоо, цар хүрээ өссөн байна. Тодруулбал, 2021 онд улсын хэмжээнд 17.5 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2025 онд энэ тоо 25.8 мянгад хүрч 47 хувиар өсжээ.
Орчин цагийн барилгын салбарын түүхт 100 жилийн хугацааны ололт амжилтын талаар ХББОС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа мэдээлэл хуваалцаж, нийт салбарын хамт олондоо баярын мэндчилгээ хүргэсэн юм.
Тэрээр “Бид өнөөдөр өнгөрсөн 100 жилийн түүхийг ярьж байна. Барилгын салбар гэхээр зөвхөн барилга байшин гэж ойлгохгүй. Энэ бол маш том эдийн засгийн хөдөлгүүр хүч. Барилгын салбарыг дагаад тээвэр, орон сууц, аялал жуулчлал, боловсрол гээд бүхий л салбар, Монгол Улсад бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ ажлыг бид өнөөдөр дүгнэн ярилцаж, бахархаж, 100 жилийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмад инженер, барилгачдын баярын өдөр тохиож байна. Ерөнхий сайдын санаачилгаар “Чөлөөлье” аяны хүрээнд нэлээд хэдэн хуулийн төслүүдийг өргөн бариад байна. Барилгын салбарт 10 гаруй жилийн хугацаанд ямар ч хуулийн төсөлд өөрчлөлт ороогүй явж байна. Тиймээс Монгол Улсын барилгын салбар олон улстай хөл нийлүүлэн алхахын тулд ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл, ая тухтай орчинд амьдрах технологи, хиймэл оюун ухаан гээд олон зүйл бий болгох ёстой. Ирээдүйн барилгын салбар бол хүн төвтэй байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.
Салбарынхаа хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн хоёр эрхэмд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ үеэр барилгын салбарын хөгжилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, бүтээн байгуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан хоёр эрхэмд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.
“Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Баатарын Жүгдэрийг боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийг бүтээн байгуулж, ашиглалтад оруулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, барилгын үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер техникийн ажилтан бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа.
Мөн орон нутгийн барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер техникийн ажилтан бэлтгэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга байгууламжийг бүтээн байгуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат барилгачин Мятавын Могойторт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэдэнд Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулсан байна.
Мөн баярын хурлын үеэр үе үеийн барилгын сайд нар салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан барилгачин, бүтээн байгуулагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 16 хүнийг, Алтан гадас одонгоор 25 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19 хүнийг тус тус шагналаа.
Түүхт 100 жилийн ойн барилдаанд Б.Гончигсүрэн начин түрүүллээ

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өргөн дэлгэр болж, өндөрлөлөө.
Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдаж, үзэгч түмнээ баясгалаа.
Түүхт 100 жилийн ойн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын начин Б. Гончигсүрэн найм даван түрүүлж, хоёр өрөө байраар шагнуулсан юм. Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын аварга О.Хангай долоо даван үзүүрлэж, 30 сая төгрөгийн бай, шагнал хүртлээ. Шагналыг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан гардуулав.
Харин хүчит бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын арслан Б. Бат-Өлзий, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монгол Улсын харцага Э.Даш нар шалгарч, тус бүр 15 сая төгрөгөөр шагнууллаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 167 (7909)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn