Ц.МЯГМАРБАЯР

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар нар өнгөрөгч наймдугаар сарын 30-нас есдүгээр сарын 1-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг суманд хариуцлагагүй уул уурайгаас болж бэлчээргүй, усгүй болоод байгаа Нарт багийн малчид болоод гүнийн болон шүүрлийн ус ашиглалтын зөрчил үүсгэсэн зарим уул уурхай компанийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцсан. Энэ тухай энэ сарын 3-нд “Зууны мэдээ” сонинд “ Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт” нэртэй сурвалжилгын эхний хэсгийн уншигчдаа хүргэсэн. Өнөөдрийн дугаарт үргэлжлүүлэн хүргэж байна.

 

Хонгор руу ус татахыг Айраг сумын малчид эсэргүүцэж байна

 

Айраг сумын төвөөс 20 гаруй км зайд орших Цагаан дэлийн Нарт багийн III багт очиход “CM Kings”, “Lacwest” хэмээх компаниуд тус багаас 17 км-т байрлах Хонгор сум дахь Баяжуулах үйлдвэр рүүгээ усны шугам хоолой татаж буй газар шорооны ажил ид өрнөж байсан юм.

Учир нь Хонгор сум нь гүний усны нөөц бага тул ийнхүү Цагаан дэл буюу Айраг сумаас  ус татаж олборлосон жоншоо угаах зорилготой. Гэвч нутгийн иргэд, малчид үүнийг эрс эсэргүүцэж байсан юм. Малчид болон сумын удирдлагуудын яриагаар гүнийн ус зөөвөрлөхгүй  зөвхөн уурхайн шүүрлийн усыг шавхан зайлуулах зорилгоор хоолой тавих  газрын зөвшөөрөл олгосон ч одоогоор шугам хоолойн татаж буйг анзаарахад гурван гүний худгаас татахаар байна гэцгээж байсан юм. Тухайлбал, тус багийн иргэн М.Мөнхсаруул “ Гурван гүнийн худаг гаргасан. 20 тонны ёмкостой хэд хэдэн машинаар өдөр шөнөгүй зөөж тээвэрлэж байна. Гурван эх үүсвэрээс усны бүдүүн хоолойгоор 17 км татахаар байна.

Сумын засаг, захиргаанаас энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч тэднийг үл тоож байна. Үл тооно гэдэг Монгол төрийг уландаа гишгэж байна. Сумын хурлаас зөвхөн шүүрлийн ус зөөхөд гэж газрын зөвшөөрөл олгосон гэсэн. Гэвч газар дээрээ  гүнийн худгаас зөөвөрлөж байна. Биднийг компанийн эзэдтэй уулзах гээд очихоор монгол хэлтэй хүн нэг ч байдаггүй. Уг нь нөлөөллийн малчид бидэнд тайлбарлаж өгдөг монгол хэлтэй хүн байх ёстой гэдгийг гэрээндээ тусгамаар байна. Мөн биднээс ус ашиглах талаар санал авах хэрэгтэй” гэсэн юм.

 

Шүүрлийн ус дамжуулна гэж газрын зөвшөөрөл авсан ч гүний ус татаж байна гэв

 

Ус татах, шавхан зайлуулах хоолгойг суурилуулах газар шорооны ажил явагдахтай зэрэгцээд  барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт явагдаж байсан. Тэдний яриагаар барилга барих зөвшөөрөл нь гараагүй тухай ч хэлж байв.  Уг хоолойгоор уурхайн үйл ажиллагаа явагдах үед гарч буй шүүрлийн усыг шавхан зайлуулах, өөр газарт тээвэрлэн шилжүүлж, баяжуулах үйлдвэрлэлд ашиглах зорилготой. Энэ хоолойн газрын зөвшөөрлийг Айраг сумын ИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07/35 тоот тогтоолоор олгосон байна. Тодруулбал, Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөг батлах ИТХ-ын хурлаас “Шинээр тавих, өргөтгөх усны барилга, байгууламж ус дамжуулах хоолойн төлөвлөлтийн газрын байршил” зэргийг тогтоож өгчээ.

Говьд ус бол үйлдвэрлэлийн энгийн нэг түүхий эд биш. Хаанаас авах, хэдийг авах, тэр ус нөхөн сэлбэгдэх үү гэдгийг тогтоохоос өмнө шугам  хоолойгоо татаж эхэлсэн бол асуудал зөвхөн уурхайн бүтээн байгуулалт биш, говийн усны ирээдүйн тухай яриа болно. Сум орон нутагт газрын хураамжаас чамгүй мөнгө орж ирэх ч энэ нь сумандаа үлддэггүй. Мөн ус ашигласны төлбөр мөн л Уур амьсгалын өөрчлөлтийн санд ордог аж. Тэгэхээр шинэчлэгдэн батлагдах Усны тухай хуульд эдгээр төлбөрийг сум орон нутагт нь үлдээж өгөх, мөн тухайн усны зөвшөөрлийг иргэдийн санал, оролцоог үндэслэн олгож байх заалтыг тусгахын сумын Засаг дарга С.Ганбаатар ярьж байв. Харин Айраг сумын ИТХ-ын төлөөлөгч Бямбаахүү хэлэхдээ “Ус татах шугам хоолойны газрын зөвшөөрлийг сумын хурлаас  олгохгүй байх боломж байсан. Миний тухайд эдгээр компаниудад  газрын зөвшөөрөл  олгох тогтоолд гарын үсэг зураагүй” гэж ярьж байв. Үүнтэй ч сумын зарим , иргэд малчид санал нийлж байсан юм.

Айраг сумын ИТХ-ын дарга А.Жаргалбаяр “ Тухайн компанийн хүсэл гүний худаг гаргаж  байгаа нь харагдаж байна. Гэхдээ Усны дүгнэлт эцэслэн гараагүй байгаа бөгөөд тус компани угсарсан хоолойгоор ус татаж эхлээгүй байгаа болно. Гүний гурван цооногоос шугам холбохоор ухлагын ажил эхлүүлсэн байсныг өнгөрөгч наймдугаар сарын19-нд ажиллахдаа "Дүгнэлтээ гарсан хойно буюу усны эх үүсвэрээ тодорхой болсон хойно усан сан хүртэлх холболтын ажлыг үргэлжлүүл. Тэр болтол зогсоо" гэж аман байдлаар газар дээр нь үүрэг өгсөн боловч наймдугаар сарын 31-нд ажиллахад гүний цооногоос шугам холбох ажлыг гүйцэтгэсэн байсан. Сумын ИТХ-аар хэлэлцэн баталснаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сууна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах буюу дуудлага худалдаанаас эхлээд цаашид үүсэх төлбөр хураамжийн асуудлууд бүгд гүйцэтгэх засаглал хэрэгжүүлнэ. Засаг даргаас эсвэл газрын даамлаас холбогдох тоо баримт, мэдээллүүдийг асуух нь зүйтэй” гэв. Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар энэ тухай тайлбарлахдаа “Усны хоолой татах барилгын ажлын зөвшөөрөл нь бол байгаа юм. Одоо тэднийх ус ашиглах дүгнэлтээ гаргуулах дутуу. Дүгнэлт гараагүй байгаа. Дүгнэлт гараагүй байхад ус татах хоолойн шугам түрүүлж татах ёсгүй” гэсэн юм. Харин усны төлбөрийн талаар тайлбар өгөөгүй болно.

 

Усны дүгнэлтгүй ус татах шугам татсан нь Усны тухай хуулийг зөрчиж байна

“CM Kings”, Lacwest”  Дорноговийн Айраг суманд жонш олборлох уурхайн үйл ажиллагаа явуулдаг энэ хоёр  компани мөн усны дүгнэлтгүй бүтээн байгуулалт, усны хоолой татах шугамаа эхэлсэн нь Монгол Улсын Усны тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй.

Тус компани нь Монгол Улсын Дорноговь аймагт нэг уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, олборлолтыг хариуцдаг гэж толгой компани нь мэдээлжээ. 2024 оны долоодугаар сарын 4-ний компанийн албан мэдээллээр CM Kings FILLC-ийн нэр дээр MV-005692  ашиглалтын тусгай зөвшөөрөл 111.97 га,  Дорноговь аймаг Хонгор /Даланжаргалангийн бүс хүчинтэй хугацаа 2003.04.28–2033.04.28”гэж бүртгэгдсэн байна.

2025 оны жилийн тайланд ч “CM Kings” болон” Lacwest” хоёуланг нь Монгол дахь охин компани гэж бүртгэсэн байна. Хэдийгээр тус компани уул уурхайн эрхлэх зөвшөөрөлтэй ч Усны дүгнэлтгүйгээр усны шугам татаж эхэлсэн гэдэг нь тусдаа шалгах ёстой асуудал.

Баяжуулах үйлдвэр ус татах байгууламжаа барьж эхэлсэн. Энэ ус хаанаас гарах вэ. Газрын доорх ус ашиглах бол гидрогеологийн судалгаагаар тухайн эх үүсвэрийн нөөцийг тогтоосон уу. Ус ашиглуулах дүгнэлт гарсан уу. Ус ашиглах зөвшөөрөл нь хэдэн мянган, эсвэл хэдэн зуун мянган шоо метр ус авах эрх олгосон бэ. Өдөрт хэдийг, жилд хэдийг авах вэ зэрэг эдгээр асуулт зүгээр нэг бичиг цаасны асуудал биш гэдгийг талууд шаардаж байсан юм.

 

Айраг сумыг тойрсон баяжуулах 4-6 үйлдвэр ус ашиглаж байна

 

Говийн газрын доорх ус хэдэн жилийн дотор нөхөн сэлбэгдэхээсээ шалтгаалан уул уурхайн нэг үйлдвэрийн усны хэрэгцээ тухайн нутгийн усны балансад ямар дарамт учруулахыг тооцох ёстой. Тиймээс CM Kings–Lacwest-ийн хувьд ус авах эх үүсвэрийн нэр, байршил, гидрогеологийн судалгааны дүгнэлт, ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, зөвшөөрсөн усны хэмжээ хоногт хэдэн метр куб, жилд хэдэн метр куб, ус татах байгууламжийн зураг төсөл, шугамын чиглэл тодорхой болгох зайлшгүй шаардлага тавигдаж байна. Компанийн мэдээллээр Lacwest-ийн баяжуулах үйлдвэрийн ус татах байгууламжийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа тухай мэдээлэл бий. Тэгэхээр Говь-Сүмбэр аймгийн Чойрт байрладаг Умард говийн гүвээт–Халхын дунд талын сав газрын захиргаа энэ асуудлыг шалгаж тайлбар өгөх, анхааралдаа авах хэрэгтэйг орон нутагт ажилласан УИХ-ын гишүүд анхааруулж байсан юм.

Усны эх үүсвэр, худгийн байршил, ундарга, зориулалт, жилийн хэмжээ, тоолуур хүртэл Усны дүгнэлт, гэрээнд тусгадаг байна. Тиймээс “CM Kings FILLC”-д ус ашиглуулах дүгнэлт гаргасан эсэх,  “Lacwest FILLC”-д ус ашиглуулах дүгнэлт гаргасан эсэх, ус ашиглах зөвшөөрлийн дугаар, огноо,  усны эх үүсвэрийн байршил, гүний худгийн тоо, гүн, ундарга,   зөвшөөрөгдсөн усны хэмжээ, ус татах шугам хоолой барихтай холбоотой зөвшөөрөл,  гидрогеологийн судалгааны дүгнэлт одоогоор байхгүй ажлаа эхэлсэн нь Усны тухай хууль зөрчсөн гэж үзнэ хэмээн “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа ярьж байв.  Айраг сум төвд өнөөдөр 4-6 баяжуулах үйлдвэр байна. Энэ нь тус сумын усны нөөцийн асуудалд сөргөөр нөлөөлнө гэдгийг иргэний нийгмийнхэн онцолж байна. Цаашид БОУАӨЯ болон Усны сав газрын захиргаа энэ асуудалд анхааралдаа авч, зөрчил гаргасан хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг хүслээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn