Ч.БЯМБАХАЖИД

 

Монголын электрон спортын холбоо (MESA) “S-tier” буюу дэлхийн дээд түвшний тэмцээн BLAST Premier-ийг Улаанбаатар хотод гурван жил дараалан зохион байгуулах эрх аваад байгаа юм. Энэ хүрээнд зохион байгуулах анхны тэмцээн 2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдрүүдэд болно. Тэгвэл өчигдөр “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээний зохион байгуулагчдын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Тус үйл ажиллагаанд BLAST, MESA болон Улаанбаатар хотын удирдлагууд оролцон хамтын ажиллагаагаа эхлүүлснээс гадна Монголын Электрон спортын холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин, Монголын Электрон спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал, The MongolZ-ийн үүсгэн байгуулагч Л.Түвшинбилэг, BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан  дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард нар илтгэл тавьсан юм.  

 

“Улаанбаатар хот И-спортын дараагийн төв ч болох боломжтой”

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн 1.250.000 ам.долларын шагналын сантайгаар дэлхийн шилдэг 16 багийн дунд зохион байгуулагдана.  

Тэмцээнд нийт 16 баг оролцох ба 11 баг дэлхийн VRS чансааны эрэмбээр уригдах бол үлдсэн таван эрхийг Ази тивийн сонгон шалгаруулалтаас хоёр, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүсүүдээс тус бүр нэг багийг шалгаруулан олгосноор тэмцээнд оролцох 16 баг бүрдэнэ.

1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлэхээр BLAST-ийн Зах зээл, хот хариуцсан  дэд ерөнхийлөгч Жеймс Вүүллард “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцохоор манай улсад ирээд байгаа юм.

Жеймс Вүүллардын хувьд Монгол Улсад ирсэн нь BLAST-ийн зүгээс тус тэмцээнд томоохон хэмжээний ач холбогдол өгч байгаагийн тод илрэл болж байна. Тэрээр “Монголын и-спортын тамирчид чадварлаг, хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтдаг учраас Улаанбаатар хотыг электрон спортын дараагийн төв ч болох боломжтой” хэмээсэн юм.   

Мөн тэрээр “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнийг зохион байгуулах хотоор Улаанбаатар хотыг сонгосон шалтгаан нь Монгол Улс дахь e-sport-ийн дэмжигчид, олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж байсан нь  юм. Мөн Монгол Улсын алдартай баг The MongolZ, аялал жуулчлал, соёлоос нь шалтгаалж тэмцээн зохион байгуулахаар сонгосон. E-sport бол аль хэдийнээ дэлхий дахинд гурван тэрбум үзэгчтэй спорт байгаа. Тиймээс цаашдаа хөгжүүлэх, олон фенүүдтэй болох, олон улсын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах юм” гэлээ.

BLAST нь 2016 онд Дани улсын Копенхаген хотод байгуулагдаж, электрон спорт, медиа үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том компаниудын нэг юм болсон. Мөн электрон тэмцээн зохион байгуулах өндөр түвшний шоу продакшн, үзэгч   сонирхогчдод зориулсан төрөл бүрийн интерактив контент, дижитал технологиороо салбартаа тэргүүлдэг байна. Мөн Valve, Epic Games, Ubisoft, KRAFTON зэрэг дэлхийн шилдэг тоглоом хөгжүүлэгчидтэй албан ёсоор түншлэн ажилладаг нь энэ салбар дахь тэдний нэр нөлөөг харуулах болов уу.

BLAST Premier Open тэмцээн нь жилд хоёр удаа зохион байгуулагддаг электрон спортын дээд түвшний тэмцээн юм. Ингэхдээ хоёр өөр улсад зохион явуулдаг ба Улаанбаатар хот жилийн эхний хагаст болдог тэмцээний гурван жилийн эрхийг авч буй нь энэ юм. BLAST нь 2024 оны арванхоёрдугаар сард 100 мянган ам.долларын шагналын сантай invitational “Dota 2” тэмцээн, 2025 оны тавдугаар  сард 150 мянган ам.долларын шагналын сантай Nomandic masters “Contor strike 2” тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай тул өмнөх тэмцээнүүдээс шагналын сан өндөр, илүү дээд түвшний тэмцээнийг ирэх онд манай улсад зохион байгуулах юм. 

 

“Энэ тэмцээнээр дамжуулан дараагийн шатанд гарахыг хүсэж байгаа”

А.Амаржаргал

Монголын электрон спортын холбоо MESA нь электрон спортыг хөгжлийн шинэ шатанд гаргаж, тогтвортой экосистем бүрдүүлэх зорилгоор 2003 онд байгуулагдсан НҮТББ юм. Энэхүү зорилгынхоо хүрээнд MLBB, Dota 2,  VALORANT, PUBG Mobile зэрэг тоглоомуудын тэмцээнүүд, CS2 төрлөөр    дэлхийн VRS оноотой “MESA Pro Series” тэмцээнийг улирал тутам дотооддоо зохион байгуулдаг. Мөн олон улсын багуудын дунд CS2 тоглоомын “MESA Nomadic Masters”, Dota 2 тоглоомын “MESA Invitation” тэмцээнүүдийг гурван удаа, нийт 450.000 ам.долларын шагналын сантайгаар эх орондоо зохион байгуулсан байна.

Монголын электрон спортын холбоо / MESA/ “S Tier” буюу дээд түвшний “Contor strike 2” төрлийн тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрхийг авахдаа ийм хэмжээний тэмцээн зохион байгуулах чадвартай гэдгээ хэд хэдэн удаа харуулсан билээ.

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын Электрон спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал “Бид тэмцээний зохион байгуулалтад гаднын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Монгол залуучууд гаднын мэргэжилтнүүдтэй гурван долоо хоногийн турш хамтарч ажиллаж, тэдэнтэй туршлага солилцох учраас бидэнд том хөрөнгө оруулалт болж үлдэнэ. И-спорт сонирхогч хүүхдүүдэд боломжийг бий болгохын тулд энэ тэмцээнийг монголдоо зохион байгуулахаар болсон. Бид “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнээр дамжуулан үндэсний бахархал болсон The MongolZ багийн дараагийн үеийг бэлтгэх, спортын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж, дараагийн шатанд гарахыг хүсэж байгаа” гэв. 

 

BLAST тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар манай улс Ази тивдээ гурав дахь “бар” улс болгож байгаа юм

Ц.Мөнхтүвшин 

Монголын Электрон спортын холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин “Спорт, соёл урлаг “хүн татдаг”. Энэ утгаараа тухайн улс орон, хотод хөрөнгө татах юм. Хөрөнгө даган хөгжил ирж, эдийн засаг тэлнэ. MESA-гийн хувьд BLAST тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар манай улс Ази тивдээ гурав дахь “бар” улс болгож байгаа юм. Өнгөрсөн туршлагаас харахад дунд зэргийн тэмцээнд 300-500 фанат байдаг. Энэ нь төрлийн тэмцээнүүд тогтмол явснаар олон улс орноос хандалт, бизнес, спортын фанатын тэлэлт бий болно. Залуусын хөгжил, зурагтаар хардаг байсан зүйлс монголд ирлээ. Энэ сайхан боломжийг дэмжиж, дараагийн үеийнхэндээ “улаан хивс” дэвсэх боломжийг нээцгээе. Миний хувьд 2020 оноос хойш холбоогоо дахин идэвхжүүлснээс хойш олон төвөгтэй асуудал тулгарсан. Бидэнд төр засгийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг” гэсэн юм.  

Бид “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээнээр дамжуулан Монгол Улсаа дэлхийд сурталчлах том боломж нээгдэж буйг зохион байгуулагчид хэлж байлаа.

Дэлхийн шилдэг Counter-Strike багууд Монголд ирж, тэмцээн олон улсын хэмжээнд шууд дамжуулагдана. BLAST нь өөрөө Монголын CS-ийн фэнүүдийг дэлхийн хамгийн идэвхтэй, үнэнч үзэгчдийн нэг гэж онцолсон.

Цаашлаад манай улсын аялал жуулчлалд нэмэртэй. Гадаадын баг, тоглогч, дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч, контент бүтээгчид Монголд тэмцээнийг үзэхээр хүрэлцэн ирнэ. Тэдний байр, хоол, тээвэр, аялал, худалдаа зэрэгт зарцуулах мөнгө нь зочид буудал, ресторан, такси, аялал жуулчлалын компаниуд болон жижиг бизнесүүдэд орлого бий болгох юм.

Ялангуяа тэмцээнийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах нь нэг өдрийн арга хэмжээнээс илүү эдийн засгийн үр нөлөөтэй байх боломжтой.

Мөн дэлхийн дээд түвшний тэмцээнийг Монголд зохион байгуулснаар дотоодын зохион байгуулагчид олон улсын хэмжээний тайз, техникийн ажиллагаа, шууд дамжуулалт, үзэгчийн үйлчилгээ, тэмцээний менежмент зэрэгт туршлага хуримтлуулна. Өөрөөр хэлбэл, нэг тэмцээнийг зохион байгуулаад зогсохгүй, Монголд олон улсын хэмжээний e-sports арга хэмжээ зохион байгуулах мэдлэг, хүний нөөц, дэд бүтэц үлдэх боломжтой.

Монголын Counter-Strike-ийн нэр хүнд сүүлийн жилүүдэд эрс өссөн. Тухайлбал, The MongolZ 2025 оны BLAST.tv Austin Major-ийн финалд хүрсэн нь Монголын CS-ийн фэнүүдийн анхаарлыг дэлхий дахинаа татсан том үйл явдал болсон. Тиймээс BLAST-ийг Улаанбаатарт зохион байгуулах  шийдвэр нь Монголын өсөн нэмэгдэж буй e-sports зах зээл, фэнүүдийн сонирхолтой шууд холбоотой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 166 (7908)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn