Францын LVMH группийн Loro Piana брэндийг хариуцан удирддаг Фредерик Арно Монгол руу ниссэн тухай өөрийн сошиал хуудастаа зураг оруулсан нь хэвлэлийнхний анхаарлыг татсан. Түүний Монголд ирж байгаа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-той холбоотой гэж манай хэвлэлүүд мэдээлжээ.
COP17-гийн хүрээнд Loro Piana, LVMH групп болон Sustainable Fibre Alliance (SFA) хамтран тусгай дагалдах хуралдаан (Side Event) зохион байгуулахаар албан ёсны хөтөлбөрт тусгагдсан байна. Тодруулбал, арга хэмжээний талаар хөтөлбөрт "Resilient Threads: How to strengthen cashmere supply chains through public-private partnership and the operationalisation of One Health" гэж бичсэн байна. Энэ нь наймдугаар сарын 24-ний даваа гарагт, 13:00–14:30 цагийн хооронд COP17-ын хурлын талбарын MET-06 танхимд болох аж.
Хэлэлцэх гол сэдвүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дэлхийн тансаг зэрэглэлийн хамгийн том групп болох LVMH болон Засгийн газар, олон улсын байгууллагууд хамтран Монголын ноолуурын салбарын тогтвортой байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх шийдлүүдийг танилцуулна гэсэн байна. Мөн ноолуур нийлүүлэх ажилд хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь авч үзэж байгаа шинэ чиг хандлагын тухай мөн энд яригдана. Түүнчлэн сүүлийн жилүүдэд малчдад хүндээр тусаж буй зуд зэрэг байгаль цаг уурын эрсдэлийг бууруулах, Сүхбаатар аймгийн таван суманд хэрэгжиж буй “Resilient Threads” төслийн явц, биологийн олон янз байдлыг хамгаалж буй бодит туршлагаа олон улсын төлөөлөгчдөд танилцуулна гэсэн байна.
Эх сурвалж: zms.mn