Ц.БАЯР
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиeрдэн Монголын малчдын амьдралыг газар дээр нь үзэж танилцсан. Энэ тухай түүнээс тодруулсан юм.
- Монгол орон танд ямар санагдав. Хөдөө нутаг, малчидтай газар дээр нь танилцаж явахад танд ямар сэтгэгдэл төрж байв?
- Монгол Улсад ирж ажиллаж эхэлснээс хойш төв, өмнөд болон баруун бүсийн хэд хэдэн аймгаар аялах завшаан тохиосонд баяртай байна. Мөн зарим тусгай хамгаалалттай газар нутагтай ч танилцсан. Монгол Улс үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй өргөн уудам газар нутагтай нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Энэхүү байгалийн үзэсгэлэн, үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлэх асар их боломжтой улс юм.
Үүний зэрэгцээ би тулгамдаж буй асуудлуудыг ч олж харсан. Миний очсон бараг бүх нутагт газрын доройтол ажиглагдсан. Цөлжилт бодитоор явагдаж, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь ажиглагдсан. Бид бодит байдлыг үнэнээр нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна. Малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн байна. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Малчид өөрсдөө ч энэ талаар ярьж байгаа нь анхаарал татаж буй.
Тиймээс би боломжийнхоо хэрээр малчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонсохыг хичээдэг. Мөн сум, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал зөвлөгөөг авдаг.
Бид нүүдлийн мал аж ахуйн уламжлал, өв соёлыг хадгалан хамгаалахын зэрэгцээ малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх шийдлүүдийг бий болгох хэрэгтэй. Малчид цөөн тооны малтай байсан ч хангалттай орлого олох, малын гаралтай бүтээгдэхүүнээ орон нутагтаа боловсруулж, нэмүү өртөг шингээх замаар илүү өндөр орлоготой болох боломжийг бүрдүүлэх шаардлагатай.