Ц.БАЯР

Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын дарга болон холбогдох албан тушаалтан мөн 51 олон улсын байгууллага, Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна. Чуулга уулзалтаар хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн түгээх, нутгийн захиргааны байгууллагуудын дуу хоолой, оролцоог UNCCD-ийн үйл явцтай илүү нягт холбох, цаашид хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институцын болон санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм.


Чуулга уулзалтыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож байна.
Монголчууд “Эвт шаазгай буга барина” гэдэг. Энэ утгаараа цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ган гачигт тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хот, орон нутгийн манлайлал зайлшгүй шаардлагатай. 


"Хотын дарга нарын форум" нь COP17 хурлын шийдвэрт хотуудын тулгамдсан асуудлуудаас тусгуулж, тодорхой хөрөнгө оруулалт татах зорилготой” гэлээ. 
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл өнөө ч хадгалагдан байгаа Монгол оронд дэлхийн улс орнуудын адил газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал сорилт, бэрхшээлийг дагуулж байна. 
Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдэх шар шороон шуурга зэрэг нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагдахгүй учир дэлхийн улс орнууд тэр дундаа хотууд харилцан туршлага хуваалцах замаар үр дүн гаргахад анхаарах нь чухал байна” гэлээ. 
СОР17 хурлын үеэр зохион байгуулагдаж буй тус форумаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байна.