М.ХҮСЛЭН

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дөрвөн хөлтэй анд” буландаа аварга том бие, сүрдэм төрхөөрөө цахим орчинд олны анхаарлыг татаж, дэлхий даяар танигдсан Халк нэртэй нохой болон эзэд болох Марлон, Лиза Греннан нарын түүхийг хүргэж байна.

Зарим тэжээвэр амьтан эзнийхээ өдөр тутмын амьдралын нэг хэсэг хэвээр үлддэг бол зарим нь цахим ертөнцийн хүчээр олон сая хүний танил болсон дүр болж чаддаг. Халк бол үүний нэгэн сонирхолтой жишээ. Түүний том бие, гэр бүлийн хүүхэдтэйгээ харилцдаг байдал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд оруулжээ.

 

18 сартай, 79 кг жинтэй  Халк

АНУ-ын Нью-Хэмпширт байрлах Dark Dynasty K9s байгууллагыг Марлон, Лиза Греннан нар ажиллуулдаг байв. Тус байгууллага нохой үржүүлэх, сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгаалалтын зориулалттай нохой сургадаг гэдгээрээ танигдсан юм. Греннанын гэр бүлийн өсгөж, сургаж байсан Халк нэртэй нохойн бичлэгүүдийг цахим орчинд байршуулснаар хүмүүсийн анхаарлыг татаж эхэлжээ. Халкын алдар нэрийн эхлэл эзэд нь өөрсдөө хийж, интернэтэд нийтэлсэн бичлэгүүд байсан юм.

  2015 оны эхээр Халкын асар том бие, жинг харуулсан бичлэг цахим орчинд маш хурдан тархсан байна. ABC News тухайн үед Халкыг 18 сартай, 175 фунт буюу ойролцоогоор 79 кг жинтэй гэж мэдээлжээ. Түүний тухай бичлэгийг тухайн үед долоон сая гаруй удаа үзсэн талаар мөн мэдээлсэн байна. Ингэж нэг гэр бүлийн тэжээвэр амьтны бичлэг богино хугацаанд олон сая хүний сонирхлыг татаж, улмаар томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд орсон юм. Халкын асар том хэмжээ хүмүүсийг гайхшируулж байсан ч түүнийг илүү өргөн хүрээнд танил болгосон зүйл нь гэр бүлийнхэнтэйгээ харилцдаг байдал байв. Марлон, Лиза Греннан нарын гурван настай хүү Жордан Халктай ойр дотно харилцаатай байжээ. Тэрээр нохойтой тоглож, хажууд нь унтаж, бүр нуруун дээр нь сууж байгаа дүрсүүд цахим орчинд тархсан юм.

ABC News Халкыг Жорданы “хамгийн сайн найз” хэмээн тодорхойлж сурвалжилга бэлтгэсэн байдаг. юм. Энэ дүр зураг Халкын цахим алдар нэрийг улам нэмэгдүүлсэн. Учир нь асар том биетэй, хамгаалалтын нохой хэмээн танилцуулж байсан амьтан гэр бүлийн бяцхан хүүхэдтэй тайван тоглож байгаа нь хүмүүсийн анхаарлыг татахуйц эерэг дүр төрхийг бий болгож байв. Марлон Греннан ч Халкыг гэр бүлийнхээ нэг хэсэг гэж үздэгээ ярьж байсан бөгөөд түүний зан ааш, сургалт, гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцааг онцолдог байжээ.

 

“Дэлхийн хамгийн том Питбуль”

Халкын нэр хүнд өсөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг “Дэлхийн хамгийн том питбуль” хэмээн нэрлэх болсон юм. Түүний 18 сартай байхдаа 175 фунт буюу 79 кг орчим жинтэй байсан нь тухайн үеийн хэвлэл мэдээллийн гол анхаарлын төв болж байв. ABC News түүнийг “Дэлхийн хамгийн том питбуль байж магадгүй” хэмээн мэдээлж байсан юм. Халкын нэр хүнд зөвхөн цахим орчинд хязгаарлагдсангүй. 2015 оны гуравдугаар сард тэрээр АНУ-ын үндэсний телевизийн Good Morning America нэвтрүүлгийн зочин болж, Нью-Йорк хотод очжээ. Нэвтрүүлгийн үеэр Халкыг Times Square-ээр дагуулан явсан бөгөөд түүний хажууд гурван настай Жордан ч байсан байна. Халкыг харсан хүмүүс түүнтэй зураг авхуулж, хүрч үзэхээр цугларчээ. Хүмүүсийн анхаарлыг татсан нь зөвхөн Халкын хэмжээ байгаагүй. Түүний хажууд бяцхан Жордан алхаж байсан нь өмнө нь цахим орчинд тархсан бичлэгүүдийг бодитоор харуулсан нэгэн дүр зураг болсон юм.

Халкын түүхийг зөвхөн аварга биетэй нохойн тухай түүх гэж ойлгоход учир дутагдалтай. Учир нь түүний алдар нэр Dark Dynasty K9s болон Греннанын гэр бүлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой байв. Марлон, Лиза Греннан нар хамгаалалтын зориулалттай нохой үржүүлж, сургадаг байсан бөгөөд Халкын нэр хүнд өсөхийн хэрээр тэдний ажил олон нийтэд илүү танигджээ. Греннан Халкын нэр хүндийг зөвхөн бизнесийн боломж гэж харахаас гадна питбуль төрлийн нохдын талаарх олон нийтийн ойлголтыг өөрчлөх боломж гэж үзэж байсан байна. Түүний байр суурь нь нохойн зан ааш зөвхөн үүлдрээс бус, эзэмшигчийн хариуцлага, сургалт, орчин нөхцөлөөс мөн хамаардаг гэсэн санаанд тулгуурлаж байв. Марлон Греннан Халкыг гэр бүлийнхээ нэг гишүүн, өөрийнхөө хамгийн сайн найз хэмээн тодорхойлж байсан бөгөөд зөв сургалт, хариуцлагатай эзэмшилтэй үед питбуль төрлийн нохой гэр бүлийн нөхөрсөг гишүүн байж чадна гэдгийг харуулахыг хүсэж байжээ.

 

500 мянган долларын санал

Халкын асар том хэмжээ, цахим алдар нэр нь түүнийг өндөр үнэлгээтэй нохой болгосон тухай мэдээлэл ч тухайн үед гарч байв. 2015 онд Марлон Греннан Халкийг худалдаж авахын тулд 500 мянган доллар хүртэл санал тавьж байсан гэж мэдээлсэн байна. Гэвч энэ нь Халкын тогтоогдсон үнэ биш бөгөөд түүнийг 500 мянган доллараар зарсан гэсэн үг огт биш юм. Греннан нохойгоо худалдах сонирхолгүй гэдгээ илэрхийлж байсан бөгөөд Халкыг гэр бүлийнхээ нэг хэсэг гэж үздэг байжээ.       

Халкын алдар нэр үүгээр дууссангүй. Тэрээр үр төлтэй болж, түүний гөлөгнүүд ч мөн олны анхаарлыг татжээ. 2015 онд Халк найман гөлөгний эцэг болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн байна. Тухайн үед гөлөгнүүдийн зураг цахим орчинд тарж, Халкын үр төл дахин олон нийтийн сонирхлыг татсан юм.

Халк 2015 онд дэлхий даяар танигдсаныхаа дараа ч Dark Dynasty K9s-ийн түүхийн нэг хэсэг хэвээр байжээ. Түүний тухай бичлэг, гэрэл зургууд олон жилийн турш цахим орчинд тархаж, Халкын үр төлүүд ч мөн олны танил болсон байна.

Халкын нас барсан тухай мэдээлэл 2025 оны дөрөвдүгээр сард гарчээ. Тухайн мэдээллүүдэд түүнийг ойролцоогоор 11 настай байсан бөгөөд эзэн Марлон Греннаны гар дээр унтаж байхдаа тайван нас барсан гэж дурдсан байна.

Халкын амьдралын энгийн өдрүүдээс эхлээд бэлтгэл сургуулилт хийж, тоглож наадан, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж буй бичлэгүүд цахим орчинд үлджээ. Түүнчлэн түүний үр төлүүд хэрхэн өсөж, томорч буй тухай мэдээлэл, зураг, бичлэгүүд ч олон нийтэд хүрсээр ирсэн байна.Халкын хамгийн их дурсагддаг дүр төрх нь магадгүй түүний аварга биеэс гадга, гэр бүлийнхээ бяцхан хүү Жорданы дэргэд тайван хэвтэж буй зураг, бичлэгүүд юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 154 (7896)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn