М.ХҮСЛЭН

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн  “Дөрвөн хөлтэй анд” буландаа ялалтанд тэмүүлж Эквадор улсыг зорихдоо хамгийн сайн найзаа олсон тамирчин Микаель Линднорд болон түүний  үнэнч нөхөр Артур нохойн түүхийг хуваалцаж байна.

 

Артур эзэнтэйгээ танилцсан нь

2014 оны аравдугаар сарын сүүлчээр Эквадорт болсон “Adventure race world championship” тэмцээнд оролцсон Микаель Линднорд хэмээх адал явдалд дурлагч тамирчин 19 жил тамирчны замналаа хөөж, өөрт байгаа бүх зүйл, цаг хугацаагаа ялалтын төлөө зориулжээ. Тэрээр Шведийн багаа ахалж оролцсон бөгөөд, ялалтын цом өргөх магадлал маш өндөр хэмээн бодож байсан тухайгаа хожим ярьсан байдаг.Тэд маш өндөр хүлээлтэйгээр уралдаанаа эхэлсэн боловч тэмцээн тэдний  бодсон шиг амар байсангүй. Учир нь  уралдаан эхлээд ердөө 2-3 цаг  өнгөрөхөд  тэд  зүг чигийн алдаа гаргаж эхэлжээ. Үүний улмаас бага зэрэг хугацаа алдсан ч  шавар шавхай, бартаа болсон замаар дугуйгаа унаж, зарим газар нь түрж явсаар Амазоны бүс рүү орж ирэв. Энэ үед  уралдааны дөрөв дэх өдөр хэдийн эхэлж  байсан бөгөөд тэд маш бага унтаж замаа туулсан учир их ядарцгаасан байлаа. Ингэж явсаар нэгэн тосгонд ирж, Шведээс авчирсан тусгай хоол болох бөөрөнхий махнуудаа гаргаж идэхээр болов.

Микаель бөөрөнхий махаа идэж байхад түүнээс 2-3 метрийн зайд нэгэн нохой  ширтээд зогсож байх нь тэр. Энэ үед Микаель “Над руу битгий ойртоорой” гэж бодсон тухайгаа мөн л  дараа нь ярьсан байдаг. Учир нь тэр уралдааны яг дунд явж байсан бөгөөд шархдаж, цус алдсан нохойг хараад ямар нэгэн өвчтэй байж магадгүй гэж сэрдэж байснаа нуугаагүй юм. Ийнхүү бодол болох хугацаанд нохой тэндээс явсангүй. Түүнийг харж өрөвдөхдөө өөрийн идэж байсан бөөрөнхий махнаас жаахан хэсгийг авч түүнд өгчээ. Энэ нь ердөө 10 секунд орчим хугацаа байсан хэдий ч хожим нь түүний хамгийн сайн найзтайгаа учирах эхлэл болсон юм.

Дараа нь багийнхан эд зүйлсээ хурааж замдаа гарцгаалаа. Тэднээс 9-10 минутын зайд өөр нэг Шведийн баг явж байсан бөгөөд тэднийг гүйцэхийн тулд Микаелийн багийнхан тосгоноос гармагцаа л гүйж эхэлжээ. Гэгээ тасарч эхлэхэд Микаелийн багийнхан хэдийнээ өмнөх багаа гүйцсэн байлаа. Тэд гэрэлнүүдээ зоож, араас нь өөр баг ирж байгаа эсэхийг ажиглахад ямар ч  баг байсангүй, харин тэднээс зайдуухан нэгэн  нохой л тэднийг ширтэн зогсож байв.

 

Артур нохой болон Микаель Линднордын нөхөрлөл

Микаелийн баг аялалаа үргэлжлүүлж, хүнд хэцүү бартаа, ой модыг туулан явах зуур Артур нохой тэднийг дагасаар байлаа. Уралдааны хамгийн хэцүү хэсэг болох ширэнгэн ойн гүн шавар шавхай дундуур явах үе ирж Микаель нохой руу харахад яг л “Би явна”  гэж байгаа юм шиг ширтэж байсан гэжээ. Тэр үеээс эхлэн нохой Артур хэмээх нэртэй болсон юм. Артур бараг л багийн тав дахь гишүүн болсон байлаа. Гэвч харамсалтай нь багийн нэг гишүүн их хэмжээгээр шингэн алдаж, багагүй хугацаа алджээ. Багийнхан аялалаа үргэлжүүлэхээр завиа усанд оруулж, сэлүүрдэж эхлэх гэж байтал сайн дурын ажилтнууд нохойг авч явж болохгүй гэж заавар өгсөн тул тэд Артурыг эрэг дээр үлдээхээс өөр аргагүй болсон байна. Тэд завиа сэлүүрдэн эргээс 20-50 метрийн зайд очсны дараа хаа нэгтэйгээс ус цалгих чимээ сонсогдож, эргэж харвал Артур завь даган сэлж байхыг харжээ. Микаель түүнийг харсан даруйдаа завиа зогсоон Артурыг дээш нь гаргаж авав. Энэ нь Микаель Артурт үнэхээр туслахын тулд өөрөө санаачилж гаргасан анхны шийдвэр байсан юм. Артур  жижиг нохой байгаагүй тул завин дээр тийм ч амаргүй байлаа. Дээр нь ус руу байн байн үсэрч буцааж завин дээр гаргаж байсан тул ахиад багагүй цаг  ч алдаж эхэлжээ. Ингэж явсаар завь нэгэн тосгоны дэргэдүүр өнгөрөхөд Артур үсрэн бууж тосгон руу ороод алга болов. Микаель энэ л түүний очих ёстой газар байж хэмээн бодож цааш сэлүүрдэж байтал хэсэг хугацааны дараа Артур дахин тэдэн дээр ирж завин дээр гарч ирлээ. Тэд аяллын сүүлийн хэдэн цагийг ингэж өнгөрөөсний эцэст үлдсэн замыг явган туулснаар барианд оров. Гэхдээ үнэн хэрэгтээ жинхэнэ аялал яг эндээс эхэлсэн юм.

 

 Артур нохойн гэртээ харих зам

Багийнхны эхний төлөвлөгөө бол Артурыг анх олсон газарт нь буцаах байлаа. Гэхдээ тэр маш их өлсөж, ядарч туйлдсан байсан учраас Микаель түүнийг буцаахыг хүссэнгүй. Энэ үед өөр нэг багийн гишүүн тэдэнд нохойг үрчилж авах хэрэгтэй гэж зөвлөснөөр Микаель Швед болон Эквадорын холбогдох хөдөө аж ахуй, мал эмнэлгийн байгууллагуудтай холбогджээ. Ингээд тэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхийн тулд дөрвөн өдрийг зарцуулав.Артурыг үрчлэхэд шаардлагатай бүх зүйл маш их ажиллагаа шаарджээ. Микаель урд нь хэзээ ч тийм их ядарч байгаагүй гэдгээ ярьсан байдаг. Учир нь  зургаан өдөр уралдаж, дараа нь дахин дөрвөн өдрийн турш Артурын бичиг баримтуудыг цуглуулж, түүнийг Швед рүү авч ирэх бүх материалыг бэлджээ. Эцэст нь багийнхан Швед рүү буцах онгоцонд бүртгүүлэхээс ердөө  20 минутын өмнө хамгийн сүүлчийн шаардлагатай бичиг баримтаа авч чадав. Ингээд тэд Артур нохойн хамтаар Швед рүү ниссэн байна.

Онгоц Стокгольмд газардахад маш олон хэвлэл мэдээллийнхэн тосож байлаа. Яг энэ үед Микаель болон түүний багийнхан юу болж байгааг ч ойлгохгүй байсан гэжээ.  Мэдээж тэд Артурыг тодорхой хугацаанд хорио цээрт байлгах шаардлагатай болсон ба түүнд бүрэн хэмжээний эмнэлгийн тусламж, эмчилгээ хийлгэжээ. Артурын нурууны гэмтлийг эдгээхэд бараг гурван сар зарцуулж, амны хөндийн мэс засал хийж, хорио цээрийн хугацаа дууссны дараа эцэст нь Шведийн хойд хэсэгт орших гэртээ очсон байна.

Микаель энэ үед маш их сандарч байсан бөгөөд өмнө нь нохой тэжээж байгаагүй учраас чадна гэдэгтэй ч итгэлгүй байсан аж. Харин Артур гэрт ирсэн эхний шөнөдөө тэдний засаж өгсөн орон  дээр тухтай гэгч нь шөнөжин бат бөх унтжээ. Яг  л тэр өмнө энэ  газарт үргэлж амьдарч байсан мэт хэмээн Микаель хожим нь дурссан байдаг. Артур болон Микаелийн гэр бүлийн хооронд маш хүчтэй холбоо үүссэн бөгөөд гэр бүлийн нэг гишүүн нь болсон юм.

 

Түүний түүх үргэлжилсээр

 

Артур тэдний гэр бүлд ирсэн цагаасаа маш олон адал явдлыг хамтдаа туулжээ. Артур нохой Микаелийн гэр бүлийн  хамт зургаан жилийг өнгөрүүлсний эцэст хорт хавдрын улмаас 2020 оны арван хоёрдугаар сард нас барсан ч түүний эзэн болох Микаель Линднордийн 2016 онд түүний түүхээр бичсэн номноос “Arthur the king” хэмээх кино бүтэж, 2024 онд үзэгчдийн хүртээл болсон юм.

Үүнээс гадна Артурын түүхийн хамгийн чухал үргэлжлэлүүдийн нэг болох Arthur foundation буюу “Артур сан”-г байгуулжээ. Микаель Линднорд болон түүний баг Артурыг Швед рүү авчирсны дараа Артур санг байгуулсан  байна. Микаель энэ санг байгуулах болсон талаараа  “ Дэлхий дээр Артур шиг олон ноход бий. Тэдэнд шинэ гэр, шинэ гэр бүл хэрэгтэй байж магадгүй” гэжээ. Артур сангийн албан ёсны хаягаар зочилход бүх зүйл бөөрөнхий махнаас эхэлсэн гэсэн бичиг харагдах бөгөөд үнэхээр л тэр 10 секундын үйлдэл Микаель болон Артур хоёрын гайхалтай түүхийн эхлэл болсон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 149 (7891)