Г.Жаргалмаа 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дөрвөн хөлтэй анд” буландаа "Hilti Mongolia" байгууллагын борлуулалтын менежер, барилгын инженер Э.Өнөрбаярыг урьж, түүний гэр бүлийн хоёр өхөөрдөм  гишүүн  “Кэйки” муур болон  “Нархан” тотиных нь тухай ярилцлаа. Хоёр өөр төрөл зүйлийн амьтан хэрхэн бие биедээ дасаж, нэгэн дээвэр дор  эв найртай амьдарч буй сонирхолтой мөчүүдээс уншигчдадаа хүргэж байна.

 

-Тоть тэжээх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?
-Манай муур “Britishshort hair” үүлдрийнх. Энэ үүлдэр тайван, дөлгөөн, бие даасан зан араншинтай учраас сонгосон. Гэхдээ хэт  намбалаг тайван учраас  хүүхэдтэй төдийлөн тоглодоггүй. Тиймээс хөдөлгөөнтэй, сэргэлэн амьтан нэмэгдвэл гэрийн бүлийн уур амьсгалд  нөлөөлөх болов уу гэж бодоод тоть авсан. Гэхдээ энэ шийдвэрийг аз туршиж гаргаагүй. Муурныхаа  зан аашийг  мэддэг  учраас  хоорондоо зохицож чадна гэж бодсон.  Амьтан гэдэг тоглоом биш, хариуцлага шаардсан зүйл шүү дээ.


-Кейки, Нархан хоёр бие биедээ хэрхэн дассан бэ?
-Анх тотио авчраад шууд сул тавиагүй. Эхлээд торонд нь  байлгаж, мууртайгаа хэд хоног дасгасан. Нархан торон дотроо нисэж, харин муур маань хөдөлгөөн бүрийг нь төрөлхийн анчны зөнгөөр анхааралтай ажигладаг байлаа. Хэд хоногийн дараа бие биедээ дасаж эхэлсэн. Тэр үед нь тотио өдөрт хэд хэдэн удаа торноос  гаргаж, мууртайгаа ойр байлгасан.
Гол нь муурандаа "Энэ бол манай гэрийн нэг гишүүн" гэдгийг бага багаар ойлгуулахыг хичээсэн. Нэг өдөр тотио муурныхаа нуруун дээр тавьж үзэхэд огт тоогоогүй.  Тэр үед л  энэ хоёр маань нэг дээвэр дор  эв найртай хамт амьдарч  болох юм байна гэж  бодсон. Одоо ихэнхдээ хоёуланг сул байлгадаг ч  хэзээ ч хараа хяналтгүй орхидоггүй. Манай муур эзнийхээ үгийг сайн ойлгодог. “Энэ амьтанд хамаагүй хүрч болохгүй” гэж хэлдгийг ч ойлгодог  юм шиг санагддаг. Тоть маань ихэнхдээ хүний мөрөн дээр, эсвэл өндөр тавиур дээр байдаг.  Кейки долоон килограмм жинтэй, нэлээд залхуу талдаа учраас тотины байгаа газарт хүрч чаддаггүй. Гэхдээ амьтан гэдэг байгалийнхаа зөнгөөр аашлах үе байдаг учраас ямар ч үед болгоомжтой байх ёстой гэж боддог. 


-Сүүлийн үед Нархан  Кейкигээс эмээхээ больсон юм шиг харагддаг?
-Сүүлийн арав гаруй хоног ажиглахад тоть нисэж очиж муураа өддөг болсон. Яг юунаас болсныг хэлж мэдэхгүй ч тоть ихэнхдээ торондоо байдаг бол  муур байнга сул явдаг. Магадгүй тэрэнд бага  зэрэг дургүй байдаг  байх. Ер нь шувууны хувьд муур  бол бараг л бар гэсэн үг. Хүн барын хажууд байвал өөрөө очиж өдөхгүй шүү дээ. Гэтэл манай тоть эсрэгээрээ байнга муур руу очиод өдөөд байдаг. Нэг талаараа муурнаас айхаа больж,  дассан гэж ойлгож байгаа. Сүүлдээ би бүр муураа өрөвддөг болсон шүү.


-Муур, тоть хоёртоо тохируулан гэрийн орчноо хэрхэн тохижуулсан бэ?
-Тотьдоо зориулж хүүхдийн өрөөнд зориулалтын үүр суурилуулсан. Учир нь  тоть өглөө нар мандахтай зэрэг сэрдэг бол орой 21 цагийн үед унтдаг. Тиймээс хүү маань ч тотьтойгоо хамт эрт унтаж,  эрт босдог дадалтай болсон. Энэ  нь хүүхдэд ч гэсэн өдөр тутмын амьдралын зөв хэмнэлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө  үзүүлж байгаа гэж боддог. 


-Амьтан тэжээж эхэлснээр танай гэр бүлд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Би өөрөө багаасаа амьтантай ойр өссөн. Тавдугаар ангид байхад ээж маань ихэр бид хоёрт нохой авч өгч байсан юм. Нохойтойгоо арван хоёрдугаар анги төгстлөө хамт байсан. Тэр хугацаанд “Амьтан тэжээнэ гэдэг зөвхөн эрхлүүлэх биш, хайрлаж, халамжилж, хариуцлага хүлээхийг сургадаг юм байна” гэдгийг ойлгож байлаа. Тиймээс энэ хүмүүжлийг хүүдээ ч багаас нь суулгахыг хүссэн. Амьтан тэжээнэ гэдэг  өдөр бүр хоолыг нь бэлдэхээс эхлээд байнгын анхаарал арчилгаа шаарддаг. Би хүүдээ нэг л удаа "Энэ хоёр бие биенээ гэмтээж магадгүй шүү, анхаарч байгаарай" гэж хэлсэн. Түүнээс хойш муур, тоть хоёрыг ойртож байвал  өөрөө анзаараад  салгаж, холдуулдаг  болсон.  Хэн нэгэн сануулахгүй байсан ч хүү маань өөрөө анзаараад хариуцлага  ухамсарлаж байгаа нь хамгийн сайхан санагддаг. 
Мөн Кейки, Нархан хоёр маань  гэр бүлийн уур амьсгалд ч их өөрчлөлт авчирсан. Жирийн нэг ажлын өдөр ч гэсэн энэ хоёртой холбоотой хөгжилтэй, хөөрхөн зүйл гарч, бүгдээрээ инээлддэг. Тийм багахан мөчүүд л хүүхдийн сэтгэлд хамгийн тод дурсамж болж үлддэг гэж боддог.  Би ч гэсэн одоо хүртэл нохойтойгоо өнгөрүүлсэн дурсамжаа мартдаггүй. Тиймээс  хүү  маань ирээдүйд Кейки, Нархан хоёртой холбоотой нандин дурсамжтай үлдээсэй гэж хүсдэг. 


-Хоёр өөр төрлийн  амьтны хайрын хэлэмж ч бас ялгаатай байх. Яаж эрхэлдэг вэ?
-Тоть маань эхнэрийн хүзүү, энгэр дээр ирж суугаад нүдээ анин эрхэлдэг. Харин хүүгийн толгой дээр гараад яг л үүрээ засах гэж байгаа юм шиг тухалчихна. Муур маань бол  эсрэгээрээ. Өглөө босоход хөлийг хэсэгхэн шөргөөд, арав хүрэхгүй секунд эрхэлж, хоёр удаа илүүлээд л "За боллоо" гэсэн шиг яваад өгнө. Биеэ даасан амьтан болохоор эрхлэх нь хүртэл өөрийн гэсэн хэмжээтэй. Кейки, Нархан хоёр маань  гэр бүлийн гишүүн бүртэй өөр өөрийн гэсэн холбоо тогтоочихсон байдаг нь хамгийн өхөөрдөм санагддаг. 


-Танай муур, тотийг хараад энэ төрлийн амьтан хамт тэжээх сонирхолтой  хүмүүс нэлээд байх шиг.Тэдэнд хамгийн түрүүнд юу гэж зөвлөх вэ?
-Сүүлийн үед над руу "Муураа хаанаас авсан бэ", "Тоть хаана зардаг вэ” гэж хүмүүс их холбогддог болсон. Гэхдээ амьтан тэжээнэ гэдэг хөндлөнгөөс харагддаг шиг амар зүйл биш. Маш их хариуцлага, сэтгэл, цаг зав шаарддаг. Жишээ нь, тоть өглөө нар гарахаар шууд сэрээд дуугарч эхэлдэг. Мөн үүрэндээ бие засдаггүй учраас тогтмол гаргаж, анхаарал тавих хэрэгтэй. Харин муурны хувьд үс их унах, буйдан, тавилга маажих зэрэг асуудал өдөр бүр гарна. Энэ бүхнийг урьдчилан мэдэж, хүлээж авах сэтгэлтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс сошиалд дахь өхөөрдөм  зураг бичлэгийг үзээд амьтан тэжээхийг хүсдэг юм шиг. Тиймээс хариуцлагыг үүрэхэд бэлэн биш бол амьтан аваад хэрэггүй гэж боддог. Учир нь, амьтан гэдэг гэрийн чимэглэл эсвэл түр зуурын сонирхол биш. Зарим хүмүүс  сэтгэлийн хөдлөлөөр  амьтан тэжээж эхэлдэг ч дараа нь арчилгаа  хэцүү санагдахаараа бусдад өгөх, бүр  хаях тохиолдол байдаг. Тухайн амьтны хувь заяа хүний шийдвэрээс шууд хамаарч байна гэсэн үг шүү дээ.  Ээж маань “Амьтан тэжээж болно. Харин амьтны хувь заяаг өөрчилж болохгүй" гэж хүмүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэр бүлдээ авчирсан бол тэр амьтны амьдралын төгсгөл хүртэл эзэн нь байж,  хариуцлага үүрэх ёстой гэж боддог.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn