С.БАТТУЛГА

 

Хүний амьдралд үргэлж баяр хөөр, инээд цалгиж байдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдал, гэнэтийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж аюулт нөхцөл байдалтай нүүр тулах мөч бидэнд хэзээ ч тохиож болно. Чухам энэ л эгзэгтэй үед эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй зүтгэдэг алба бол Онцгой байдлын аврах анги юм.

Орчин үеийн техник хэрэгсэл хөгжиж, аврагчдыг үүрэг гүйцэтгэхэд дөхөм болж байгаа билээ. Гэвч ямар ч дэвшилтэт технологиор орлуулашгүй, аврах ажиллагааны хамгийн үнэнч хамтрагч  бол яах аргагүй аврагч ноход байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дөрвөн хөлтэй анд” буландаа Нийслэлийн аврах ангийн аврагч, нохой хөтлөгч, дэд ахлагч Б.Батням болон түүний үнэнч хамтрагч “Бади” нэртэй аврагч нохойг онцолж байна.

 

Харцаараа л бие биетэйгээ ойлголцдог

Б.Батням мал хариулж, байгаль дэлхийтэйгээ ойр өсөж хүмүүжсэн жирийн нэгэн малчны хүү. 2022 онд цэргийн алба хааж ирсэн даруйдаа ОБЕГ-д ажилд оржээ.

Тэр үед “нохой хөтлөгч” гэх мэргэжлийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан түүнийг албанд нь нэгэн гунигтай харц угтан авсан. Багаас нь сургасан эзэн нь өөр албанд шилжээд явчихсан, түүнтэй бэлтгэл хийж, тоглож наадах хүнгүйгээс сэтгэлээр унан гуниглаж хэвтэж буй нь энэ аж.

Амьтанд хайртай залуу түүнийг зүгээр хараад өнгөрч чадсангүй. Ангийн захирагчдаа "Би энэ нохойны эзэн болмоор байна. Намайг сургалтад хамруулж өгөөч" хэмээн хүсэлт гаргаснаар тэдний нөхөрлөлийн түүх эхэлжээ. Бэлтгэгдсэн нохойг өөртөө дасгаж, шинээр эзэн нь болно гэдэг шинэхэн аврагчийн хувьд амаргүй даваа байв. Гэвч гурван сарын хамтарсан эрчимтэй сургалт,  анхаарал халамжийн хүчинд зургаан сарын дараа тэд бие биедээ бүрэн уусаж чаджээ. Одоо бол тэд харцаараа л бие биентэйгээ ойлголцдог сайн хамтрагчид болсон байна.Тэрээр "Бадитай учирснаас хойш амьдралд минь гайхалтай өөрчлөлтүүд гарсан.  Дэлгүүр хэсэхдээ өөртөө биш, нохойндоо тоглоом, амттан хардаг болсон нь яг л аав нь болсон мэт санагддаг. Дан ганц би нохойгоо ойлгодог юм биш, Бади намайг сэтгэлээр унасан үед андахгүй мэдэрч, ирээд аргаддаг" гэлээ.

 

Тэд таван хүний эрдэнэт амийг аварчээ

Зуны аагим халуунд Туул голын эрэг дагуу завьт эргүүл хийхээс эхлээд, өвлийн хүйтэнд Богд ууланд зүг чигээ алдсан иргэдийг хайх тэдний ажил шөнө, өдрийг үл харгалзан үргэлжилнэ. Тэд хамтдаа 19 удаагийн томоохон дуудлагад ажиллаж, таван хүний эрдэнэт амийг авран хамгаалжээ. Тэдний анхны дуудлага зуслангийн бүсээс иржээ. Нохойгоо хараахан албан ёсоор хүлээж аваагүй байсан Б.Батням урт оосрынхоо үзүүрт чирэгдэж, дагаж гүйсээр аврах ажиллагааг дуусгаж байсан  хөгжилтэй дурсамж тэдэнд бий. Гэвч аврагчийн ажил дандаа баяр хөөрөөр дүүрэн байдаггүй. Тэдний сэтгэлд хамгийн тод бөгөөд хүнд үлдсэн дурсамж бол 2025 оны наймдугаар сарын 31-ний шөнө голын хажууд тоглож байгаад алга болсон долоон настай хүүгийн дуудлага байлаа.Үүр хаяармагц эрлийг эхлүүлж, гэрээс нь ердөө 200-хан метрийн зайтай голын орчмоос бяцхан хүүгийн цогцсыг олоход үнэхээр эмзэглэсэн гэдгээ Б.Батням хэлж байлаа.  Тэрээр мэргэжлийнхээ талаар "Хүний амь насыг авраад, ар гэрийнхнээс нь “Баярлалаа” гэдэг ганцхан үгийг сонсох байдаг" гэлээ.

Аврагч ноход биеийн онцлогоос шалтгаалж хамгийн багадаа таваас зургаан жил албанд зүтгээд тэтгэвэрт гардаг. Бади саяхан болсон сургалтын үзлэгт хамрагдахад дахиад хоёр жил ажиллах боломжтой гэсэн үнэлгээ авчээ.

Харин түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх тэр мөчид баяртайгаар гэрлүүгээ авч явах болно гэж өөртөө итгэлтэйгээр Б.Батням хэлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 110 (7852)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn