А.ЭНХ-УЧРАЛ

 

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байна.  Аваргын  төлөө  Монгол,  Хятад,  Өмнөд Солонос,  Япон, Тайвань,  Макао, Хонгконгийн шилдэг багууд өрсөлдөж буй. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа БНСУ-ын шигшээ багийн тамирчин Kyeong Min-тай тэмцээний үеэр ярилцсанаа хүргэе.

 

-Монгол Улсад тавтай морилно уу. Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Монголд анх удаа ирж байна. Онгоцноос буугаад хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол цэлмэг хөх тэнгэр байлаа. Хотын өнгө төрх ч их  таалагдсан.

-Тэмцээний  өмнөх сэтгэл зүй ямар байсан б?

-Биднийг бүгд л найрсгаар угтаж авч байгаа нь тэмцээний өмнөх сэтгэл санаанд сайнаар нөлөөлсөн. Тэмцээн эхлэхийн өмнө  бүгдээрээ   маш их догдолж байсан. Сүүлийн хэдэн сарын турш зөвхөн энэ тэмцээнд зориулж өдөр бүр  бэлтгэл хийж, өөрсдийгөө сайжруулахын төлөө  хичээсэн. Тиймээс тэр бүх хөдөлмөрөө талбай дээр харуулах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Манай багийн уур амьсгал маш эерэг,  бие биедээ итгэж,  үргэлж дэмждэг.

-Энэ тэмцээнд зориулж юун дээр хамгийн их анхаарч бэлтгэлээ хийсэн бэ?

-Багийн зохион байгуулалт, хамгаалалт, довтолгооны хурд дээр түлхүү ажилласан. Олон улсын тэмцээнд жижиг алдаа хүртэл тоглолтын хувь заяаг шийддэг. Тиймээс бид суурь техникээ сайжруулахад маш их цаг зарцуулсан. Үүнээс гадна сэтгэл зүйн бэлтгэл ч маш чухал байсан.

-Мэдээж медалийн тавцанд зогсох том зорилготой ирсэн байх?

-Тийм ээ. Мэдээж медаль авахыг хүсэж байна. Гэхдээ зөвхөн медалийн тухай бодохоос илүү тоглолт бүрд өөрсдийн хамгийн сайн тоглолтыг  үзүүлэхийг зорьж байгаа. Хэрэв бид бэлтгэл дээр хийдэг зүйлээ талбай дээр бүрэн хэрэгжүүлж чадвал сайн тоглолт үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр аль багийг нэрлэх вэ?

-Япон, Хятад бол  хүчтэй багууд. Гэхдээ Тайвань, Монгол болон бусад улсын шигшээ багууд ч сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц гаргаж байгаа. Тиймээс ямар ч багийг дутуу үнэлэх боломжгүй.

Хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэг багийг онцлохыг хүсэхгүй байна. Бид бүх багийг адилхан хүндэтгэдэг. Олон улсын тэмцээнд урьдчилан таамаглахад хэцүү үр дүн олон гардаг. Тиймээс өрсөлдөгчөөсөө илүү өөрсдийн тоглолтод төвлөрөх нь хамгийн зөв гэж боддог.

-Монголын шигшээ багийн тоглолтын онцлог гэвэл?

-Тийм ээ. Бичлэгүүдийг нь үзэж, тоглолтын хэв маягийг нь судалсан. Залуу, эрч хүчтэй тоглогчидтой баг юм билээ. Мөн эх орондоо  тоглож байгаа нь  маш том давуу тал. Тиймээс Монголын багтай хийх тоглолт амаргүй, өрсөлдөөнтэй болох байх.

-Тэмцээний заал, орчин ямар сэтгэгдэл  төрүүлж  байна вэ?

-Заалын орчин, гэрэлтүүлэг гээд  бүх зохион байгуулалт өндөр түвшинд санагдсан. Тэмцээний зохион байгуулагчид маш найрсаг хандаж байгаа нь бидэнд зөвхөн тоглолтдоо төвлөрөх боломж олгож байгаа.

-Монголд  байх хугацаандаа юу үзэж сонирхохыг хүсэж байна вэ?

-Монголын үндэсний хоол амсаж үзэхийг хүсэж байна.  Мөн хоттой танилцаж, боломж гарвал хөдөө очиж, Монголын үзэсгэлэнт байгаль,  ахуй, уламжлалт соёлтой танилцахыг хүсэж байгаа.

-Ярилцлагын төгсгөлд хөгжөөн дэмжигчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Биднийг үргэлж дэмждэг Солонгосын хөгжөөн дэмжигчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн биднийг халуун дотноор угтан авсан Монголын хөгжөөн дэмжигчдэдээ  талархаж байна. Энэ тэмцээнд  олон сонирхолтой тоглолтыг үзүүлэхийн төлөө хичээнэ. Бид талбай дээрх хором бүрд бүх хүчээ зориулна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 146 (7888)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn