П.АМГАЛАН

“3ууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номныхоо тухай” буланд МЗЭ-ийн гишүүн, СТА, зохиолч, яруу найрагч Хишигнямын Дуламсүрэнг урьж,  “Сэтгэлийн хязгаар” романы тухай ярилцлаа.

 

“02:00 цаг өнгөрч байхад үүргэвчээ үүрээд Москва- Санкт-Петербургий галт тэргэнд суучихсан”

-Зохиолын санаа анх 2004 онд төрсөн юм. Тэр үед “Монголын мэдээ” сонинд сэтгүүлчээр ажилладаг байлаа. Тэр үед Хүүхдийн урлан бүтээх төвийн багш, уран барималч Цымжидмаа эгчээс ярилцлага авч таарсан. Тэрбээр хуучинаар Ленинград хотын урлагийн их сургуульд суралцаж уран баримлын анги төгссөн тухайгаа ярьсан юм. Анх Эрмитаж үзээд өнөөдөр гэгээн Занабазарын урласан алтан бурхдыг үзэж, дэлхийд гайхагдсан ийм сор бүтээлүүдийг төрүүлэх сэн гэж хөглөгдөж байсан талаараа ярьсан нь сэтгэлд тод үлдсэн. “Хэзээ нэг өдөр уран барималч эмэгтэйн тухай нэг сайхан зохиол бичнэ дээ” гэж бодож явсаар 2018 онд Москва хотын М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж байхдаа зохиолоо эхлүүлсэн юм. “Сэтгэлийн хязгаар” роман ингэж л бичигдэж эхэлсэн түүхтэй. 
Анх “Сэтгэлийн цэнхэр хязгаар” гэдэг нэртэй байсан. Тэртээ арав гаруй жилийн өмнө ярьж байсан Цымжидмаа эгчийнхээ дурсамжийг төсөөлөн нэг шөнө 02:00 цаг өнгөрч байхад үүрэгчээ үүрээд Ярославын вогзал дээрээс Москва- Санкт-Петербург гэсэн галт тэргэнд суучихсан. Эрмитаж үзэх гэж яваа нь тэр. Миний хувьд зоригтой бас зоримог шийдвэр байлаа. Тэгээд л нөгөө ярьж байсан алтан бурхдыг харж ямар гайхалтай бүтээлүүдийг болохыг нь мэдэрч нүд сэтгэлээ баясгаж, дэлхий алдартай уран барималчдын бүтээлийг үзэж онгодоо хөглөсөн нь тэр. Тэр дороо нэг давхарт хүлээлгийн сандал дээр суугаад “масbook”-ээ нээж зохиолоо бичиж эхэллээ. Гол дүрийнхээ бүсгүйг “сүүжин ээмэгт Ксения” гэж нэрлээд л Эрмитаж дотор зургаа зурж буйгаар төсөөлөн тэнд хайр сэтгэлтэй залуутай нь учруулан романтик эхлэлийг тэр дор нь буулгасан юм. Тэндээ хайртай залуутайгаа уулзан танилцаж байгаагаар зохиолоо эхлүүлэв. Тэгээд Москвад буцаж ирээд оюутны байрандаа үргэлжлэлийг нь бичсэн дээ. Хайртай залууг нь Соронз гэж нэрлээд Москва хотын хилийн цэргийн командын дээд сургууль буюу Бабушкинд сурч байгаа дөрвөн курсант нөхдийн амьдралыг харуулсан нэлээн өргөн утга агуулгатай бүтээл болгох зорилготой бага багаар урагшлуулсаар байлаа. Хайртай залууд нь яагаад хилийн цэргийн дээд сургуулийн сонсогч нөхрийг сонгосон бэ гэхээр тэр үед манай оюутны байранд Бежик гэж Тува хүн найзтайгаа уулзах гэж ирдэг байв. Тэр хүн бидэнд 1960-1990 оны курсантуудын амьдралыг нүдэнд харагдтал ярьж өгдөг байсан болохоор бичихэд илүү ойр байсан юм. 

 

“Хилчдийн хил рүүгээ цаг үргэлж тэмүүлж байдаг сэтгэлийн нууцыг олоорой, тэгвэл чи сайн зохиол бичиж чадна”

-Гэхдээ, би нэг зүйлийг буруу тооцоолсон байсан. Тэр нь хилчний амьдралыг бичих гэж байгаа хүн хил хязгаар, хилийн застав отряд, хилийн баганан дээрээ очиж үзээгүй байж зохиолоо бичих ямар ч боломжгүй гэдгийг. Мөн алдартай уран барималч байна уу, ардын багш байна уу, эмч, жүжигчин хэн ч байсан хилчин залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон, гэр бүл болох гэж байгаа бүсгүй хүн хил хязгаар руу хайртай хүнээ дагаад явдаг гэдгийг мэдэхгүйгээр зохиолоо эхлүүлсэн байсан. 


Тэгээд л зохиол маань намайг алс хязгаар хилийн застав, отряд руу, хилчдийн амьдрал руу хөтөлсөн дөө. Зуны амралтаараа монголдоо ирээд тухайн үед Хилийн цэргийн командлагч байсан Ц.Сэргэлэн генералтай орж уулзсан юм. “Би нэг ийм зохиол эхлүүлсэн. Тэгээд хилийн застав отрядад очиж нүдээр үзэж зохиолын судалгааны ажил хийх гэсэн юм” гэхэд намайг дэмжиж хамгийн анх Улаан уулын отрядад очих томилолт бичиж өгч байлаа. Командлагч  нэг зүйлийг надад захисан. Тэр нь “Залуухан бүсгүй, хилчдийн талаар ямар ч ойлголтгүй тэгээд роман бичнэ гээд явж байдаг зоригтой юм. Би чамайг нэг зүйлийг үргэлж санаж яваасай гэж хүсэж байна. Эцэг эхээ хайрлах хайр, энхрий дотно нэгнээ хайрлах хайраас эх орноо хайрлах хайр тэс өөр. Хилчдийн  хил рүүгээ цаг үргэлж тэмүүлж байдаг сэтгэлийн нууцыг олоорой, тэгвэл чи сайн зохиол бичиж чадна аа” гэж захисан.


Зохиолынхоо үйл явдлыг бичих бүртээ командлагчийн захисан үгийг санадаг байв. “Сэтгэлийн хязгаар” романд хилийн цэргийн командын дээд сургууль төгсөөд эх орныхоо хязгаар бүхэн рүү үүрэг даалгавар аваад “Өндрөө аван нисэж буй” хилчин офицеруудын тухай өгүүлдэг. Тэдний ажил амьдрал, хүсэл мөрөөдөл хүрч болох оргил бүхнийг төсөөлөн адал явдал, учир зангилаагаар ургуулан бичсэн. Тэргүүн дэвтэр буюу “Сэтгэлийн цэнхэр хязгаар” романаа бичиж дуусгахдаа дараагийн дэвтрийг бичнэ гэж төсөөлж ч байгаагүй ээ. Тийм ч учраас гол дүр болох Соронзыг хил зөрчигчийн араас явж байгаад амь үрэгдэж байгаагаар зохиолоо дуусгасан юм. Нэг л их уншигчдаа уйлуулж уярааж, юм бодогдуулж зохиолоо төгсгөлөө гэж бодсон хэрэг. Гэтэл үгүй байсан. Ном хэвлэгдсэний дараа олон арван уншигчдаас сэтгэгдэл ирж байв. Тэдний ихэнх нь “Та яагаад Соронзыг үхүүлчих вэ.  Соронз эх орны нэрийн өмнөөс гадагшаа тагнуулд явж, Ксения бие давхар хүн танихгүй газар мэдэхгүй оронд хайрынхаа төлөө ирээд тэд өчнөөн зовлон бэрхшээлийг туулсан. Одоо нэг жаргах нь дээ гэж бодож байтал та гол дүрээ үгүй хийчихлээ” гэсэн харамсал, шүүмжүүд ирсээр байв. Уншигчид Соронзод үнэхээр хайртай байсан.  

 

“Сэтгэлийн хязгаараас үргэлжилсэн гурван хязгаар” романаа бичихийн тулд эх орныхоо дархан хилийг нар зөв тойрсон

-Тэгээд хоёрдугаар дэвтэр буюу “Санахын хязгаар” романаа 2022 онд бичих хэрэгтэй юм байна  гэж мэдрээд эхлүүлсэн. Уншигчдаас гадна хилчдэд бүтээл маань таалагдсан учраас хүлээлттэй байв. Ном гараад нэлээдгүй олон анги заставаар уулзалт хийчихсэн дараагийн дэвтрээ бичих туршлагатай ч болсон байлаа. Дэд дэвтэр Соронз, Сайнцог гэдэг нэрээр гадагшаа тагнуулд яваад хорин жилийн дараа эх орондоо ирж байгаагаар эхэлдэг.  Уншигчдын амь үргэдсэн гэж бодож байсан хилчин тагнуулч эргэж ирсэнд бүгд баяртай байв. Түүнийг эсэн мэнд дараагийн дэвтэрт гаргаж ирэхийн тулд маш үнэмшилтэй хувилбарыг бодож олох хэрэгтэй болсон. Азаар тухайн дүрийн залуу тагнуулч байсан нь хувь тохироо бүрдсэн гэж хэлж болно. 
     Харин дараа нь гуравдугаар дэвтрээ ёстой жинхэнэ хилчдийнхээ хүсэлтээр бичсэн. 2026 оны тавдугаа сард “Зүрхний хязгаар” нэртэйгээр гуравдугаар дэвтрээ бичиж дуусгасан бөгөөд одоо уншигчдын гарт хэдийн очсон. “Сэтгэлийн хязгаар” -аас эхлэлтэй “Гурван хязгаар” романаа бичихийн тулд эх орныхоо дархан хилийг нар зөв бараг бүтэн тойрсон байдаг юм. Баян-Өлгийд одоогоор очиж амжаагүй байгаа. Харин бусад аймаг сум, отряд, хилийн гуч гаруй заставт хилчидтэйгээ уулзан, уран бүтээлийн яриа өрнүүлж зохиолын судалгаа хийсэн. “Гурван хязгаар” роман маань гэгээн мөртэй, дэндүү сайхан учрал ерөөлийг надад авчирч, олон арван гайхалтай хүмүүстэй танилцуулж, өнгөрсөн найман жилийн хугацаанд зохиолын нэлээдгүй хэсэг нь биеллээ олсон байдаг. Энэ бүхэн хачирхалтай санагддаг ч үнэхээр л зохиолчийн хувь тавилан гэж байдаг. Сайхан хувь тавилантай бүтээл дээ. 2025 онд “Хязгаар” нэртэй, гурван ангит бүрэн хэмжээний кино болохоор төсөл нь бичигдэж, найруулагчаа хүртэл сонгоод эхний зураг авалт нь  зургаан сард эхлэхээр төлөвлөгдөж байсан ч тодорхой шалтгааны улмаас түр зогссон. Цаашид дэлгэцийн бүтээл болж мөнхөд үлдэнэ гэдэгт зохиолчийн хувьд итгэлтэй байдаг. Мөн дөрөвдүгээр дэвтрээ “ Хүслийн хязгаар” нэртэйгээр бичээрэй гэсэн хүсэлтүүд ч ирсээр байгаа. Гэхдээ дараагийн дэвтэр гарах эсэхийг цаг хугацаа л харуулах байх даа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 143 (7885)