З.Цэцэг

ХДХВ-ийн хөтөлбөрийн санхүүжилтийг цаашид танах нь халдварын тархалтыг дахин сэдрээж, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд гарсан ахиц дэвшлийг үгүй хийж болзошгүй байна. Энэ тухай НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн (UNAIDS) тайланд үндэслэн ТАСС агентлаг мэдээлжээ.
Тус баримт бичигт "амлалт, үйл ажиллагаагаа шинэчлэн эрчимжүүлэхгүй бол дэлхий нийт дахин ХДХВ-ийн халдварын тархалтын шинэ давлагаатай нүүр тулах эрсдэлтэй" гэдгийг анхааруулжээ. Өнгөрсөн онд бага болон дунд орлоготой орнуудад ХДХВ-ийн эсрэг тэмцэхэд зориулсан олон улсын санхүүжилт 18 хувиар буюу 1.5 тэрбум гаруй ам.доллароор (8.8 тэрбум ам.доллароос 7.3 тэрбум ам.доллар болж) буурсан байна. Энэ нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд гарсан хамгийн их бууралт болжээ.
Түүнчлэн санхүүжилт буурсан нь ХДХВ-ийн урьдчилан сэргийлэлт, шинжилгээ, эмчилгээний хөтөлбөрүүдэд аль хэдийн сөргөөр нөлөөлөөд байна. Тухайлбал, Камерун, Нигери, Замби улсад ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ авч буй хүмүүсийн тоо 50 гаруй хувиар буурчээ. Үүний зэрэгцээ 21 улсад ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын тоо өссөөр байна.

zms.mn