Алтайн ховордсон аргаль хонины хил дамнасан популяцийн гуравны нэг нь өмнө нь таамаглаж байсанчлан зуны улиралд Монгол руу нүүдэллэлгүй, ОХУ-ын нутаг дэвсгэрт үлдэж байгааг зуны тооллогын дүн харууллаа. Энэ тухай "Сийлхэмийн" (Сайлюгемийн) үндэсний паркийн хэвлэлийн албаны мэдээг Оросын хэвлэлүүд иш татан уламжлав.


Өмнө нь зуны халуун улиралд аргалийн ихэнх сүрэг Оросын талаас хил даван Монголын сэрүүн өндөрлөг рүү нүүдэллэдэг гэж үздэг байсан ч шинэ судалгаа үүнийг үгүйсгэж байна.
Аргаль хамгаалах төслийн удирдагч, тус паркийн дэд захирал Денис Гуляев хэлэхдээ "Зуны тооллогоор аргалийн үндсэн популяци Сийлхэмийн үндэсний паркийн хил орчмын бүс нутагт зусдаг болохыг анх удаа албан ёсоор тогтоолоо. Энэ нь байгаль хамгаалагчдын хувьд шинэ сорилтыг бий болгож байна. Аргаль угалзыг үр дүнтэй хамгаалахын тулд зөвхөн манай паркийн ажилтнууд төдийгүй тус бүс нутгийн байгаль орчны байгууллагууд болон орон нутгийн оршин суугчдын хамтын оролцоог цогцоор нь хангах шаардлагатай" хэмээн онцолсон байна.


Энэ зуны тооллогоор Алтайн нурууны тус бүсэд аргалийн нийт тоо толгой 2,452-т хүрсэн байна. Мөн Алтайн бүгд найрамдах улсын нутагт 384 хурга тоологдсон нь 2025 оны намрын тооллогын дүнгээс /306 толгой байсан давсан өсөлт юм. Хэдийгээр сүргийн хүйсийн бүтэц тогтвортой байгаа ч хамгийн хөдөлгөөнтэй бөгөөд эмзэг бүлэг болох залуу угалз цөөн байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Уг хээрийн судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Экологи болон Байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр, "Зүүн Өмнөд Алтайд аргаль аврах" төслийн хүрээнд зохион байгуулжээ. Судалгааны баг ес хоногийн хугацаанд Сийлхэмийн нурууны дагуу 400 гаруй километр замыг туулан ажилласан байна.


Эрдэмтдийн тэмдэглэснээр олж авсан эдгээр шинэ өгөгдөл нь тус бүс нутгийн байгаль хамгаалал, экологийн боловсролын стратегийг шинэчлэн тогтоох үндэс суурь болох аж. Аргаль угалзад нүүрлэж буй гол аюул нь урьдын адил эрэгчин амьтны асар том эвэрт шунасан хулгайн ан, бэлчээрийн доройтол, уул уурхай болон уур амьсгалын өөрчлөлт хэвээр байна. Иймд эрдэмтэд цаашид Монгол Улстай хийх олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь нэн чухал гэж үзэж байна.
Улаан номонд орсон Алтайн аргаль нь ОХУ-ын нутаг дэвсгэрт зөвхөн Монголтой хиллэдэг Тува болон Алтайн бүгд найрамдах улсын нутагт л үлдэж хоцроод байгаа бөгөөд тус улсад аргаль агнахыг хуулиар хатуу хориглодог байна. 
Тодруулга: Хил дамнасан популяци (англиар transboundary population) гэдэг нь хоёр буюу түүнээс дээш улсын хилийг дамнан, аль алиных нь нутаг дэвсгэрт чөлөөтэй шилжин нүүдэллэж амьдардаг нэг ижил төрөл зүйлийн амьтдын бүлгийг хэлдэг. 


Эх сурвалж: zms.mn