Б.Золбоо
Хөлбөмбөгийн ДАШТ-аас хойш олны хайр, хүндлэлийг хүлээгээд буй Норвегийн шигшээ багийн ахлагч Эрлинг Хааландын амжилтын түүхээс уншигч та бүхэнд хүргэж байна.
XXI зууны эхэн оны зун, манан бүрхсэн Английн Альбиони Лидс хотноо хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн шинэ од мэндэлсэн нь “Лидс Юнайтед” багийн ахлагч Альф-Инге бяцхан хүү байв. Бага ахуй цагаасаа ааваасаа үлгэр дуурайлал авч, хөлбөмбөгтэй ойр өссөн хүү хожмоо Норвегийн шигшээ багийг ахалж, дэлхийн аваргад өрсөлдөх хүндтэй үүргийг хүлээжээ. Тэр бол энэ цаг үеийн шилдэг тоглогчдын нэг, цахим ертөнцийн од, хөгжилтэй хэгжүүн зангаараа олны хайр, хүндлэлийг хүртээд буй Эрлинг Хааланд юм. Түүнийг гурван настай байхад аав нь Английн шигшээ багийн эсрэг тоглохдоо бэртэж, гучхан насандаа хөлбөмбөгийн замналдаа харамсалтайгаар цэг тавихаас аргагүйд хүрчээ. Ингээд Хааланд гэр бүлийн хамт Английг орхин, төрөлх нутаг Норвегийн зүг буцав. Удалгүй тэрээр мөрөөдлөө биелүүлэхээр аавынхаа гараас хөтлөн Брюне клубын хаалгаар анх орох мөчид хөлбөмбөгийн ертөнц шинэхэн “мэргэн бууч”-аа тосон авсан юм.
Таван настай бяцхан хүү талбайг шуугиулсан нь
Хааланд Брюнегийн талбайд гараад удаагүй байхдаа дасгалжуулагч Бернтсенийг гайхшируулсан юм. Түүний аав хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан бол, тэрээр довтолгооны бүсэд тоглох сонирхолтой байлаа. Дасгалжуулагч Бернтсен, “Би анх Хааландыг өөрөөсөө ах хүүхдүүдтэй заалны бэлтгэл хийж байхад нь олж харсан юм. Тэр довтлох бүртээ гоол оруулж, өмнө нь клубт тоглож байгаагүй гэхэд бусдаасаа онцгойрч байлаа” хэмээжээ. Улмаар Хааланд “U6” ангилалд тоглох болсноор хөлбөмбөгт улам дурласан байна. Тухайн үед тэр бусад хүүхдүүдээс насаар дүү, биеэр жижиг хэдий ч гоол оруулсаар байв. Ингээд авьяас нь тодорсон Хааланд 15 насандаа Норвегийн шигшээ Брюне клубын төлөө нийт 18 гоол оруулж, өндөр амжилт үзүүлжээ. “Лидс” клубт тоглож байсан шилдэг тоглогчдын нэг Гуннар Халле, “Би анх Хааландыг 15 настайд нь харж байлаа. Тухайн үед тэр жижиг, турьхан биетэй байсан учир биеэ хөгжүүлэх шаардлагатай байсан юм. Түүнийг нэг л өдөр дэлхийн супер од болно гэж төсөөлөхөд бэрх байлаа” гэжээ. Гэсэн ч Хааланд тогтмол бэлтгэл сургуулилт хийж, одоогоор 1.94 метрийн өндөртэй байна. Өндөр хэр нь хурдтай довтолгоо хийдэг түүн шиг довтлогч ховор билээ.
2016 оны тавдугаар сард Готе Ларсен Брюнегийн дасгалжуулагчийн албан тушаалаас халагдаж, Бернтсен түр дасгалжуулагчаар ажиллах болжээ. Тэрээр Хааландыг нэг л өдөр чадварлаг тоглогч болно гэдгийг мэдэж байсан учир шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглууллаа. Эхэндээ Хааландыг баруун жигүүрт тоглуулж байсан ч удалгүй төвийн довтлогчийн байрлалд сойжээ. Брюнед тоглож эхэлсэн улиралдаа тэр гоол оруулаагүй боловч Норвегийн домогт тоглогч Оле Гуннар Сульшерын дасгалжуулдаг Мольде клубт тоглохоор боллоо. 15 настайдаа насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн клубт тоглож эхэлсэн Хааландын авьяасыг бусад клубийн төлөөллүүд ажиглаж байв. Мольде клуб түүний хувьд хурдтай дасан зохицож, карьераа ахиулах тохиромжтой хөрс байлаа. “Үндэсний болон олон улсын лигүүд Хааландыг Норвегийн шигшээд тоглож эхэлсэн цагаас сонирхож эхэлсэн. Түүний хувьд ямар багт тоглох нь бус, харин сайн тоглолт үзүүлэх нь чухал байв. Мөн тэр юунаас ч айдаггүй. Өрсөлдөгчөө хүндэлдэг хэдий ч хэн байх нь түүнд чухал биш байлаа” хэмээн дасгалжуулагч Бернтсен хэлжээ.
Хааланд бол зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч
Хааланд багаасаа эргэн тойрныхоо хүмүүсээр шаардуулалгүй тогтмол бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Тиймдээ ч “Би мэргэжлийн хөлбөмбөгчин болно” хэмээн өөртөө итгэлтэй хэлдэг байжээ. Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэгч Хааланд Мольде клубт тоглосон анхны улиралдаа нийт дөрвөн гоол оруулав. Дараагаар нь хамгийн ширүүн өрсөлдөгчдийн нэг болох Бранн клубийн эсрэг тоглолтод дөрвөн гоол оруулж, багтаа ялалт авчирчээ. Чухам энэ үеэс хүмүүс түүний авьяасыг өндрөөр үнэлж, өсөх ирээдүйтэй, хөлбөмбөгийн шилдэг тоглогч болох нь гарцаагүй гэдэгт итгэлтэй болжээ.
2018 онд Хааланд Норвегийн дээд лигийн 25 тоглолтод 12 гоол оруулж, томоохон клубүүдийн анхаарлыг татав. Ингээд түүнд “Ред буллс Зальцбург” клуб санал тавьж, Австрийн Бундеслигийг зорьжээ. Мөн Хааландын эелдэг, хөгжилтэй занг дасгалжуулагч, тамирчид онцолж байв. Учир нь тэрээр багтаа эерэг уур амьсгал түгээж, талбайн гадна ч нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхдаг аж. Мөн бусад тоглогчид аяллаар явахдаа хөзөр тоглож байхад Хааланд ганцаараа хоолны дэглэм, бэлтгэл сургуулилтаа хэрхэн сайжруулах талаар шинжлэх ухааны нийтлэл уншин суудаг гэнэ. Авьяасаа тууштай хөдөлмөрөөр өнгөлж, аавынхаа залгамж халаа болж яваа Хааланд хөлбөмбөгийн ДАШТ-д 7 гоол оруулж, бүх цаг үеийн шилдэг гэгдэх Мессигийн ард бичигдээд байлаа. Норвегийн шигшээ баг дэлхийн таван удаагийн аварга Бразилыг ялж, шөвгийн 16-д шалгарч үлдэх мөчид Хааландын аав нулимс дуслуулан, хүүгээрээ бахархан суусан нь саяхан билээ. ДАШТ-ийн талбайд хэн болгон эх орноо төлөөлөн гарч, эсрэг багийн хаалганд гоол хийдэггүй гэдэг. Урт үс, өндөр бие, өвөрмөц төрх, хөгжилтэй зан хийгээд ур чадвараараа танигдсан Хааланд бол өнөө цаг үеийн шилдэг тоглогч юм. Ердөө дөрвөн жилийн дараа тэрээр ахин ДАШТ-ийн талбайд Норвегийг төлөөлөн гарч, гайхалтай тоглолтоороо үзэгчдийг баясгаж, аваргын цомыг өргөн зогсох нь дамжиггүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn