З.Лувсангэндэн

Жавзандамба төвийн багш, Гэвш, доктор (Ph.D) 



-Таны илтгэлийн агуулга хийгээд энэхүү эрдэм шинжилгээний хурлын онцлог ач холбогдлын талаар та санал бодлоо хэлнэ үү? 
-Юуны өмнө “Бурхан багшийн зарлигийн цоморлиг Ганжуур эрдэнэ” эрдэм шинжилгээний хурлыг санаачилсан, дэмжсэн, амжилттай зохион байгуулсан Монголын Бурханы Шашинтны Төв, Гандантэгчэнлин хийдийн хамт олон, номын нөхдөдөө баяр хүргэе. 
Өчүүхэн судлаач намайг энэхүү хуралд урьсныг талархан хүлээн авч “Ганжуур судлалын тойм, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл хэлэлцүүлснээ доор сийрүүлье.

 

Оршил 

Тэртээ 2500 жилийн өмнө дэлхийн хүн төрөлхтний дунд түгэн дэлгэрч, эдүгээ 500 гаруй сая хүний итгэл бишрэлийг хадгалж буй Буддын шашин нь бичмэл бүтээлийн арвин гуу сан, их бага нийлсэн арван салбар ухаан, судалгаа шинжилгээний арга зүй, олон төрлийн сургалтын хөтөлбөр, сүм хийдийн үйл ажиллагаа, дэг ёс, уламжлал зэргээрээ Христ, Лал, Хиндү шашнаас эрс ялгардгаас гадна өнөөгийн хүн төрөлхтний 75-80 хувийн итгэл хүндлэлийг хүлээж буй Шинжлэх ухаан /Scince/-тай нийцэх байдал нь харьцангуй өндөр тул шинжлэх ухааны судлаач, эрдэмтдийн анхаарлыг маш ихээр татдаг билээ. 
Заримаас нь дурдвал, Буддын шашны бясалгалын аргууд нь стресс, түгшүүр, сэтгэлийн хямралтай холбоотой тархины сүлжээг амжилттай сэргээдэг, шинэчилдэг болохыг клиник туршилтууд баталж байгаа тул анагаахын сэтгэл судлалын шинжлэх ухаан үүнийг 100 хувь хүлээн зөвшөөрч байна. 


Мөн оюун ухааны мөн чанар нь уян хатан, үргэлж өөрчлөгдөн хөгжих, сайжрах боломжтой, өөрөөр хэлбэл  аль ч насны хүн бодол санаагаа цэгцэлж, төвлөрснөөр илүү төлөв төвшин, зөв хүн болж хөгжих боломжтой талаар 2500 жилийн турш сургасаар ирсэн Буддын онолын үр дүнг батлах зорилгоор Тархи судлалын эрдэмтэд бясалгаач лам нар, энгийн иргэдийг оролцуулан функциональ MRI (fMRI) болон EEG сканнерын тусламжтай судалгааны ажил олныг зохион байгуулсны үр дүнд тархины Default Mode Network буюу Тархины идэвхжилийн суурь горимын сүлжээг идэвхгүй болгож болдгийг нотолсон байна. Ийнхүү судалснаар Тархи судлалын шинжлэх ухаанд Neuroplasticity буюу Тархины уян хатан чанар гэсэн шинэ нэр томьёо орж иржээ. Тархины идэвхжилийн суурь горимын сүлжээ нь ургуулан бодож бодол тэнүүчлэх, би-д барих үзэлд автах, өнгөрсөн элдэв дурсамжаар тархи оюунаа тэжээх, ирээдүйг элдвээр төсөөлж санаа зовох, гадаад орчны талаар хоосон төсөөлөлд умбах, бусад хүний бодолд хэт анхаарах зэрэг үйлдлийг хариуцдаг тул үүнийг хэт мэдрэг, үргэлж идэвхтэй байлгаснаар хувь хүний оюун ухаан аз жаргалгүй, бусдаас дутуу байгаа мэт мэдрэмжийг өөртөө төрүүлж улмаар төвлөрвөл зохих үндсэн зорилгоо олохгүй, хөгжилгүй, бүтээмжгүй амьдрах үр дагавар үүсдэг болохыг ийнхүү нотолсон нь Тархи судлалын салбарт гарсан дэвшил юм. Үүний хүрээнд Буддын шашны онол, арга зүйг шинжлэх ухаанд нийцүүлэн, өнөө үеийн хүмүүсийн нийгэм-сэтгэл зүйн байдалд илүү дөхөм аргаар тархины үйл ажиллагааг нь төлөвшүүлж, хүнийг хөгжүүлэх “Mindfulness” хөтөлбөр үүсжээ.

 

Нэг. Ганжуур судлалын өнөөгийн байдал        

Заримыг дээр дурдсанчлан, шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэд Буддын биет болон биет бус өвийн хэлбэр, агуулгыг тал бүрээс нь идэвхтэй судалж байгаагийн нэг нь олон улсын түвшинд “Kangyur study” буюу Ганжуур судлал хэмээн нэрлэгдсэн дэд салбар юм. 
Бурхан багшийн зарлигийн орчуулга буюу Ганжуур нь дорнын гүн ухааны хөлгөн судрын эмхэтгэл төдийгүй хүн төрөлхтний соёлын биет өв тул Нийгэм-Хүмүүнлэгийн шинжлэх ухааны маш чухал судлагдахуун байсаар ирсэн бөгөөд дараах салбар шинжлэх ухааны үүднээс Ганжуур эрдэнийг судалж байна. Үүнд: 
1. Шашин судлал, түүний дотор Буддын судлал: Ганжуур эрдэнийг бүрдүүлж буй судар, тарнийн бүтээлүүдийг агуулга талаас нь буюу Буддын их-бага арван ухааныг Гималайн нуруу болон Төв Азийн нийгмийн оюун санаа, ёс зүйн суурь үндэслэл талаас нь судалдаг.  
2. Хэл шинжлэл: Ганжуур эрдэнэ нь санскрит хэлнээс төвд хэл рүү орчуулсан 900 орчим зохиолоос бүрддэг тул үүнд суурилсан хэл шинжлэлийн олон талт судалгаа идэвхтэй хийгддэг.    
3. Археологи, хэвлэлийн түүх: Ганжуур эрдэнийн бичмэл бүтээлийн төрөл бүрийн олдвор илрүүлэх, тэдгээрийн насжилт, ашигласан материал болон уламжлалыг тогтоох, нөхөн сэргээж судалгааны эргэлтэд оруулах, нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар Ганжуур эрдэнийн болон Буддын судлалын агуулгыг баяжуулдаг.  
4. Соёл судлал, Дорно дахины судлал, Төвд судлал, Монгол судлал гэх мэт Нийгэм-Хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар ухааны хүрээнд мөн судлагддаг.  
5. Эх бичиг судлал, Урлаг судлал, Номын сан судлал болон бусад салбар ухааны үүднээс идэвхтэй судалсаар байна. 
Ганжуур судлалын үйл ажиллагаа нь газар зүйн хувьд зөвхөн Ази тив, дорнын ард түмнээр хязгаарлагдахгүй болж Европ, Америк, Австрали, Африк тивд буй их дээд сургууль, судалгааны байгууллага, буддын сүм хийдэд мөн төвлөрөх болжээ. Дэлхий дахинаа хэрэгжиж буй Ганжуур судлалын үйл ажиллагаа нь эхэндээ ихэвчлэн олон бараар бүтээгдсэн эх сурвалжуудыг цуглуулах, сэргээх, дэс дарааллыг зөв тогтоох, хооронд нь харьцуулах байдлаар хэрэгжсэний үр дүнд хэд хэдэн цахим болон цаасан мэдээллийн сан бий болжээ. Эдгээрийн заримыг дурдвал:     
-Австри улс, Венийн их сургууль дахь “The Tibetan Manuscript Project Vienna (TMPV)” төсөл, Цахим хаяг: https://tmpv.univie.ac.at/rkts-database  
Энэ төслийн хүрээнд Ганжуур, Данжуур хөлгөн судрын төвд эх сурвалжуудыг цахим хэлбэрт шилжүүлж мэдээллийн сан бүрдүүлжээ. Судалгааны үр дүнгээр эрдэмтэн Helmut Tauscher “Kanjur”, “Manuscripts en route” зэрэг хэд хэдэн нийтлэл бичжээ.  
-Энэтхэг улсын Уттар Прадеш муж, Сарнат Олон улсын Нимава институт дахь “The Kangyur Karchag төсөл”, Цахим хаяг: https://www.sinibridge.org/dharma-preservation/  Энэ төслийн үр дүнд Ганжуурын гарчиг бүхий 11 боть номыг 2025 онд танилцуулаад байна.
-Монгол Улсын Үндэсний номын санд буй эртний Тэмбэм гар бичмэл (дэлхийд цор ганц бүтээл бөгөөд бүрэн эхээрээ зөвхөн Үндэсний номын санд хадгалагдаж байгаа), Бээжин барын Ганжуурыг цахим хувилбарт шилжүүлэх төсөл хэрэгжжээ. Энэ төслийн хүрээнд бий болсон Ганжуурын цахим хувилбарыг АНУ-ын Нью Иорк-т хаягтай “Tsadra Foundation” хэмээх байгууллага худалдаалж байгаа тухай https://tsadra.org хуудаст нийтэлжээ. Уг байгууллагын цахим хуудаст “For the stunning price of $4,700 you can order 7 DVDs of the high quality digitized them spang ma edition held in the National Library of Mongolia. The Peking edition is 5 DVDs for $3,700.” гэж бичсэнийг орчуулбал “4700 ам.долларын гайхалтай үнээр та Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй Темпангма хэвлэлийг өндөр чанартай дижитал хэлбэрт шилжүүлсэн 7 ширхэг DVD-г захиалах боломжтой. Бээжингийн хэвлэл нь 5 DVD-г 3700 ам.доллараар захиалах боломжтой” гэсэн утгатай байна. Эх бичвэрийн зургийг доор хавсаргав. 


Ганжуур эрдэнийг цуглуулах, харьцуулах, цахим хэлбэрт шилжүүлэх дээрх төслүүдээс гадна тэдгээрийг дэлхийн олон хэл рүү орчуулах төсөл ч мөн хэрэгжиж байна. Тухайлбал,  84000 төсөл, Цахим хаяг: https://84000.co/  Энэ төслийн хүрээнд Ганжуур болон бусад судар, шастирыг дэлхийн олон хэл рүү орчуулах ажил өрнөж байгаа ба ойролцоогоор 230,000 хуудас бичмэл бүтээлийн эх сурвалж дээр ажиллаж байгаа ажээ. Энэ төслийн хамтран хэрэгжүүлэгчид нь Торонтогийн их сургууль, Калифорнийн их сургууль, Күнцэ сан, Күнцэ вишн төсөл, Кумаражива төсөл, BDRC төсөл, Ранжунг Еше институт, Австралийн Ситхартас интент төсөл зэрэг байгууллагууд, тэдгээрт харьяалагдах эрдэмтэд, лам нар байна. 
Мөн ХБНГУ-ын Хамбургийн их сургуульд Ганжуурын эх бичвэрүүдийг каталогижуулах, гарал үүслийг тогтоох чиглэлээр судалгаа хийж буй бол Японы Токио, Киотогийн их сургуулийн эрдэмтэд Ганжуур, Данжуурын харьцуулсан судалгааг Санскрит, Төвөд, Монгол хэл дээрх эрх сурвалжийн судалгаа хийдэг уламжлалтай. 
Дээр дурдсан мэдээлэл нь зөвхөн англи, төвд хэл дээрх эх сурвалжаас судалсан тул дэлхийн бусад хэл дээр Ганжуур судлалын тухай мэдээлэл, үр дүн байгаа нь гарцаагүй юм.

 

Хоёр. Ганжуур судлалын ирээдүйн чиг хандлага

Орчин үеийн техник технологийн хөгжил нь Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны салбарт гүнзгий хувьсгал өрнүүлж байна. Үүний нөлөөгөөр Ганжуур судлалын хөгжлийн чиг хандлага нь дараах байдалтай байж болох юм. Үүнд: 
1. Дижитал хүмүүнлэгийн ухаан- Их өгөгдлийн сан бүрдүүлэх.
Ганжуур судлалын ирээдүй цахимжуулалттай шууд холбоотой. Өмнө нь эрдэмтэд олон зуун боть судар дундаас нэг үг хайхын тулд олон сар, жил судалдаг байсан бол одоо Хиймэл оюун ухаан (AI) болон Оптик тэмдэгт таних (OCR) технологийн тусламжтайгаар эртний модон барын болон гар бичмэлүүдийг цахим бичвэрт шууд хөрвүүлэх боломж бүрджээ. Жишээ нь, дундад зууны монгол хэлний хамгийн том, амьд эх сурвалж болох Монгол Ганжуурт буй Чойжи-Одсэр зэрэг эрдэмтдийн орчуулга, Лигдэн хааны гүүш нарын хэрэглэсэн нэр томьёог цуглуулан их өгөгдлийн сан (Big data) бүрдүүлж, санскрит-төвөд-монгол нэр томьёоны цахим толь хөгжүүлж болох юм. 
2. Ганжуурын угийн бичиг болон түгэн дэлгэрсэн түүхэн цаг хугацааг шинэчлэн тогтоох. 
Ганжуурын олон зуун гар бичмэл, барын хувилбарууд цаг хугацааны явцад бие биеэсээ хэрхэн салбарласныг тогтоохын тулд математик загварчлал болон биологийн эволюцийн мод зурдаг алгоритм ашиглан "Ганжуурын угийн бичиг"-ийг гаргах, аль хувилбар нь анхны эхдээ хамгийн ойр байгааг нарийн тодорхойлох боломж бүрджээ.  
3. Ганжуурын агуулгад буй шашны бус мэдлэг, мэдээллийг олон нийтийн боловсролд нэгтгэх.
Ганжуур нь зөвхөн нарийн мэргэжлийн цөөн эрдэмтдийн ширээний ном байсан үе ард хоцорч олон нийтийн сонирхлыг татах үзэгдэл элбэгшиж байна. Тухайлбал, Солонгос, Вьетнам улс өөрсдийн Ганжуур судруудаа орчин үеийн ярианы хэл рүүгээ бүрэн орчуулсан тухай мэдээлэл байдаг. Энэ сайн туршлагыг монголчууд мөн хэрэгжүүлвээс Буддын их-бага арван ухааны мэдлэг боловсролтой болох бүрэн боломжтой юм. 

Гурав. Дүгнэлт

Ганжуур судлалын ирээдүйн чиг хандлага нь шашин судлалаас хальж, дата шинжлэх ухаан, хиймэл оюунд суурилсан нээлттэй ухаан болон хувирч байгаа ба Монгол Улс дэлхийн Ганжуур судлалын салбарт хоцрохгүйн тулд дараах алхмуудыг хийх шаардлагатай гэж үзэж байна.
1. Олон улсын Ганжуур судлалын төслүүдтэй хамтран ажиллах, монгол Ганжуурын онцлог шинж чанарыг олон улсын судалгааны эргэлтэд оруулах. 
2. Ганжуур судлалаар дагнан ажиллах судлаачдыг бэлтгэх, тэднийг санскрит, пали, хятад, төвөд, хуучин монгол хэл, бичигт сургах. 
3. Монголын номын сан, музейд буй ховор Ганжууруудыг олон улсын стандартаар өндөр нягтралтай дижитал хэлбэрт шилжүүлж нийтэд нээлттэй болгох, OCR технологи, Хиймэл оюун ухаан ашиглан өнөөгийн монгол хүний хэл, сэтгэхүйд тохирсон байдлаар таниулах. 
Монголчууд бол Ганжуур эрдэнийг эх хэл дээрээ орчуулсан анхны гурван үндэстэн буюу номт гурван орны нэг юм. Иймд бид хүн төрөлхтний цахим соёл иргэншилтэй уялдуулан хөгжүүлэх түүхэн үүргийг ч мөн хүлээж байна. Ганжуур бол зөвхөн өнгөрсөн түүхийн дурсгал биш, ирээдүйн соён гэгээрлийн асар том ундарга байж чадна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 141 (7883)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn