Б.Золбоо
“Инээд” гэвэл танд юу төсөөлөгдөж байна вэ? Баяр баясал эсхүл шоолсон, ёожилсон өнгө аяс толгойд тань бууж мэднэ. Гэтэл инээд дан ганц баяртай, хөөртэй утгыг илэрхийлэх бус нийгэм, эрх мэдлийн асуудлыг эсэргүүцэн шүүмжилж болдог гэдгийг хэн ч төсөөлөхгүй биз ээ. Эл санааг хамгийн тод илэрхийлсэн зохиолчдын нэг бол Милан Кундера. Амьдарч буй эрин үеийнхээ, тэр дундаа улс төрийн бусармаг байдлыг өнгөн талаас нь хараад хэн бүхэн гоочлон хэлж чадна. Харин үүнийг хэрхэн уран зохиолын бүтээлээр дамжуулан сонирхолтой бас ёжтой илэрхийлэх вэ? Уран зохиолын бүтээлд “дүр” хамгаас чухал билээ. Дүрээр дамжуулж зохиолч илэрхийлэх гэсэн санаагаа буулгах төдийгүй “дүр” гэдэг бол зохиолыг хөдөлгөгч амин сүнс. Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн тухай ном” бүтээлд мэдээж бүхэлдээ улс төрийг илт шүүмжилсэн өнгө аяс ажиглагдахгүй. Ердөө л өдөр тутамд бидний туулдаг зүйлс, тээж явдаг гомдол, санаашрал, зовнил зэргийн цаана улс төр, нийгэм гээд бүхий л зүйл багтдаг болохыг Кундера илчилсэн юм. Иймээс түүнийг хамгийн “Ёжтой нэгэн” гэж тодорхойлох байна.
Кафкатай нэг нутгийн хүү Кундера
Европын эх газрын сэрүүн уур амьсгал, манан бүрхсэн Чехословакт суут зохиолч Франц Кафка, Милан Кундера нар мэндэлжээ. Кафка Праг хотод амьдарч, бүтээлээ туурвиж байсан агаад нийгэм, цаг үеийнхээ хүнд суртал, ойлгомжгүй байдлыг шүүмжилсэн өнгө аяс бүтээлд нь бий. Харин Брно хотод Милан Кундера мэндэлжээ. 1938 онд Кундераг дөнгөж есөн настай байх үед Герман Чехословакийг эзлэн авч, улмаар дайны машин үйлдвэрлэлийн төв болгожээ. Ийнхүү Кундера өсвөр насаа нацистын эзлэн түрэмгийлэл дор өнгөрөөж, 1948 онд коммунист намд элсжээ. Гэсэн хэдий ч 1950 онд намаас хөөгдөж, 1956 онд дахин элссэн боловч 1970 онд дахин хөөгдсөн байна. Улмаар Кундерагийн амьдрал тогтворгүй болсон бөгөөд яг л романы дүрүүд шигээ ажил хийх, утга учиртай амьдрах боломж гэнэт тохиож, гэнэт алга болсоор байв.
Миний зохиолуудын ихэнх нь Францад мэндэлсэн
Кундерагийн хувьд “Чехословак” тийм ч таатай байсангүй. Түүнийг төрөхөөс 11 жилийн өмнө энэ нэршил үүссэн агаад хангалттай боловсорч амжаагүй мэт санагддаг байжээ. Хачин юм шүү. Кундерагийн зохиолын орчин ихэнх нь төрөлх нутаг Чехословакт нь өрнөдөг. Гэвч “Чехословак” гэж огтхон ч дурддаггүй. Үүний оронд тэрбээр “Бохемиа” гэх нэрийг ашиглахийг илүүд үздэг байсан бөгөөд энэ нь дурсамж бүтээх орон зай гэх утгыг илэрхийлэх юм. Ийнхүү Кундера 1975 онд Франц руу цагаачилсан аж.
“Миний романууд сэтгэл зүйн шинжтэй биш”
Милан Кундерагийн бичлэгийн арга барил ихэд өвөрмөц билээ. Тэрбээр “Роман бичихүй” хэмээх долоон эсээнээс бүрдсэн ном бичсэн. “Үе үеийн бүхий л романууд “би” хэмээх бодгалийн нууцлаг чанарыг хөндсөөр ирсэн. Дүрийн оршихуйг бүтээн туурвиж байх явцад "Би хэн бэ?”, “Өөрийгөө хэрхэн таних вэ?" гэх асуулттай аяндаа тулгардаг. Энэ бол тухайн зохиолын үндсэн суурь асуултуудын нэг юм” хэмээн Кундера хэлсэн байдаг. Түүний зохиолуудыг “сэтгэлзүйн” хэмээн тодорхойлох нь түгээмэл хэдий ч угтаа дүрийг хэрхэн урлаж, “Би” гэх нэгэн зүйлийг хэрхэн бүрэлдүүлж буй нь түүний бичлэгийн арга барил юм.
“Эрх мэдлийн өөдөөс сөрөн тэмцэнэ гэдэг чинь угтаа бол юуг ч марталгүй санаж явахын нэр юм шүү дээ”
Кундерагийн “Инээд хийгээд мартахуйн тухай ном” нь нийт долоон бүлгээс бүрдэх агаад бүлэг тус бүр өөр өөр түүхийг өгүүлнэ. Номын эхний бүлэг “Алдуул захидлууд” гэх нэртэй бөгөөд нэгэн улс төрийн үйл явдлаар эхэлдэг. 1948 оны 2-р сард Праг хотод цас лавссан хүйтэн өдөр Коммунист намын удирдагч Клемент Готтвалд олон мянган иргэдэд хандан үг хэлж байв. Түүний хажууд намын нөхөр Владимир Клементис зогсох агаад Готтвалдыг даарч буйг анзаарч өөрийн үслэг малгайгаа тайлж толгойд нь өмсгөжээ. Энэ нь Чехословакт Коммунист нам төрийн эрхийг бүрэн гартаа авсан эргэлтийн үе буюу “Ялалтын хоёрдугаар сар” хэмээх түүхэн үйл явдал юм. Кундера үүнийг улс төрийн түүх талаас нь гэхээсээ илүү хүний мартахуй, хуурамч итгэл үнэмшил ба түүнийг хэрхэн устгаж өөрчилдөг тухай бичсэн юм.
1948. 2-р сар. “Хоёрдугаар сарын ялалт”
Эл агшин гэрэл зурагт үлдэж, улс даяар суртал ухуулгын зурагт хуудас болж тархсан байна. Энэ явдлаас дөрвөн жилийн дараа буюу 1952 онд Клементис эх орноосоо урвасан хэргээр цаазлагджээ. Ингээд түүнийг коммунист намын түүхээс төдийгүй гэрэл зургаас арчин хаясан юм. Гэрэл зурагт Готтвалдийг ганцаараа зогсож байгаа мэтээр зургийг засварлажээ. Кундерагийн зохиолд, “Готтвалдын толгой дээрх үслэг малгайнаас өөр түүнийг сануулах юу ч үлдсэнгүй” гэсэн нь дарангуйлагч дэглэм хэрхэн түүхийг дураараа өөрчилж, бүхэл бүтэн “хүн”-ийг мартуулж чаддагийг дүрсэлсэн юм. Тэгвэл та амьдралаасаа нэг хүнийг арчин хаяж, мартаж чадах уу? Хариултыг Мирекийн дүрээс харах боломжтой. Мирек бол тэрслүү үзэлтэй нэгэн. Тэр коммунист дэглэмийг эсэргүүцэх агаад өөрийн байр сууриас болж баривчлагдахад хүрдэг. Ингэснээр Мирек түүхэн баримт, тэмдэглэлүүдээ нууж, үнэнг илчлэхийг хичээнэ. Учир нь тэрбээр “Эрх мэдлийн эсрэг сөрөн тэмцэнэ гэдэг марталгүй санаж явах” гэдгийг хамгаас сайн мэддэг нэгэн. Гэхдээ тэр нэгэнтээ хайртай байсан Здена гэх коммунист үзэлтэй эмэгтэйд бичиж байсан захидлуудаа эргүүлж авахаар явдаг. Энэ үйлдэл нь ердөө л Зденаг амьдралаасаа арчиж хаях хүсэл эрмэлзлийнх нь илэрхийлэл юм. Коммунистууд түүхийг засварлаж, урьд өмнө тийм зүйл тохиож байгаагүй мэтээр хүмүүст итгүүлдэг шиг жирийн хүмүүс ч гэсэн амьдралын таагүй дурсамжуудаа яг л тэдэн шиг устгахыг хичээдэг ажээ. Тэгэхээр улс төр гэдэг биднээс асар хол, хөндий зүйл ч биш бидний өдөр тутмын харилцаатай тун төстэй зүйл гэдгийг Кундера нээн илрүүлсэн юм.
Тиймээс улс төрийн тухай уран зохиолын бүтээлд хэрхэн бичиж болохыг Кундерагийн бичлэгийн арга барилаас харж болох юм. 1948 оны 2-р сард Чехословакт болсон тэрхүү үйл явдлын хэрхэн долоон өөр өнцгөөр “Инээд” болон “Мартахуй”-тай холбон бичсэнийг “Инээд хийгээд мартахуйн тухай ном”-оос үргэлжлүүлэн уншихыг санал болгож байна.
Эх сурвалж: zms.mn