М.Намунбайгал 

Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ойлгоход зурагт ном томоохон түлхэц болдог билээ. Зурагт ном бол зураг нь бичвэртэйгээ эн тэнцүү чухал үүрэг гүйцэтгэдэг зураг, бичвэрийн төгс зохицол бүхий бүтээл юм. Тэгвэл “Зууны мэдээ”  сонины энэ удаагийн “Өөр зочин” буландаа зурагт номын зураач, зохиолч Б.Энх-Оюуныг урьж, ярилцлаа. Түүний “Бадди юу хийж яваа бол” ном нь “Үлгэрч Үнэгхэн” арга хэмжээний “Шилдэг зурагт ном”-оор шалгарсан бөгөөд Олон Улсын Залуучуудын Номын Зөвлөлийн 2026 оны зурагт номын хүндэтгэлийн жагсаалтад багтсан юм.

 

-Хүүхдийн зурагт номын уран бүтээлчийн хүүхэд нас их сонирхол татаж байна. Өнөөдрийн яриагаа таны хүүхэд насаар эхлүүлье?
-Би багадаа тийм ч адал явдал илэрхийлэгч хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй. Харин одоо тэр цаг хугацаагаа нөхөөд олон зүйл оролдож үзэж байгаа. Багадаа Орос явж, нагац эгчтэйгээ их ойрхон өссөн. Бид нар түүнийг эмээ гэж дууддаг. Эмээ маань номд их дуртай учраас орос хэлээрх ном уншуулдаг байсан. Одоо бодоход шинээр сурч байсан хэл болохоор уншиж байгаа номоо бүрэн ойлгодоггүй, зургийг нь л үздэг байж.

Бага байхдаа үргэлж бусдаас юу зурахаа асууж, хэлснийг нь зурна. Харин өсвөр насандаа бараг  зураг зураагүй. “My Chemical Romance” нэртэй рок хамтлаг сонсдог болсон юм. Гэтэл дуртай хамтлагийн маань дуучин комик зурдгийг олж мэдээд адилхан зурдаг болохоор шийдсэн.


-Та гадаад дотоодын олон үзэсгэлэнд өөрийнхөө бүтээлийг танилцуулж, мөн тэдгээр орны хүүхдийн зурагт номтой танилцсан. Энэ туршлагаасаа хуваалцаач?
-Бусад орны хүүхдийн зурагт номын хувьд маш өргөн хүрээний сэдвийг хамарсан байдаг. Хэвлэлийн газруудаасаа шалтгаалаад тусгайлсан чиглэлтэй байх нь ч бий. Хамгийн сонирхолтой нь гадаад хүүхдийн зурагт номд ямар ч төрлийн сэдвийг хүүхдээс нуудаггүй. Тухайлбал, гуниг гутрал, ойр дотнын хэн нэгний үхэл, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүхий л сэдвийг хүүхдээс нууж, хаалгүй дүрсэлдэг. Тэдгээрийг уншаад бидний амьдарч буй ертөнцөд энэ бүх зүйлс зэрэгцэн оршдог нь үнэн юм хойно хүүхдэд харуулж болохгүй гээд нуух утгагүй санагдсан. Багаас нь энэ бүх зүйлсийг ойлгуулж амьдралын нэг хэсэг гэдгийг мэдүүлэх хэрэгтэй шүү дээ. 
Монгол хүүхдийн зурагт номд хөндөгддөггүй сэдэв маш их бий. Монголд хүүхдийн зурагт ном одоо л илүү танигдаж, шинэлэг, бүтээлч байдлаар хийгдэж эхэлж байна.

 


-Хүүхдийн зурагт номын өнгөний сонголт, дүрслэл гэх мэт зүйлс тухайн номын утга агуулгатай шууд холбогдож байдаг. Таны хувьд үүнийг хэрхэн төлөвлөж зургаа зурдаг вэ?
-Анх зурж эхлэхдээ энэ тухай их боддог байсан. Мэдээж төлөвлөгөө чухал. Зохиомжоо гаргах, аль дүрийг хаана, яаж зурвал ямар сэтгэгдэл төрүүлэхийг таамаглах гээд бодох зүйл ихтэй. Гэлээ гээд тоо бодож байгаа юм шиг жижиг деталь нэг бүрийг энэ дүр энд байх ёстой, ийм өнгөөр зурах ёстой гэж зурдаггүй. 


Би монохром ганц өнгө ашиглаж зурж чаддаггүй, ихэвчлэн олон өнгө ашиглаж зурдаг. Саяхан хар өнгө ашиглахаас эмээдэг гэдгээ анзаарснаас хойш хар өнгийг хэрэглэж сурахыг хичээж байна. СУИС-ийн дүрслэх урлагийн ангид сурч байсан болохоор зохиомжоо хэрхэн гаргах, өнгийг хэрхэн ашиглах зэрэг анхан шатны зүйлсийг дагаж мөрдөхийг хичээдэг. Гэвч зурсан зураг маань бусдад яаж хүрэхийг тааж мэдэхгүй юм билээ. Хэтэрхий их зүйлс бодоод байвал зурах хүсэлгүй болчихдог учраас өөрт төрсөн мэдрэмжээрээ зурдаг.


Үнэнийг хэлэхэд би зурагт номоо тухайлан хүүхдэд зориулж зурах гэхээс илүүтэй өөрийнхөө доторх хүүхдэд зориулж зурдаг. Тийм болохоор хааяа хүүхдэд зориулж, тэдэнд хүргэх ёстой гэдгээ мартах гээд байдаг талтай. Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтуудад хамрагдаж байхдаа нэг зүйлийг ойлгож авсан. Зурагт ном зурахдаа хүүхдэд хэрхэн хүргэх, хэдээс хэдэн насны хүүхдэд зориулах, хэрхэн дүрслэх гээд бодоод байвал санаагаа зовоох олон зүйл бий. Гэхдээ зургаа сайн зурчихвал дараагийн түвшний ажлуудыг хэвлэлийн газруудтайгаа сайн ярилцаж, хамтран шийдэх зүйлс юм билээ.


-Өөр хүний зохиолын зургийг зурах, өөрөө зохиолоо бичээд зургийг нь зурахын ялгаа нь юу вэ. Мөн дижитал хэлбэрээр болон цаасан дээр ч зурахад аль нь илүү хялбар хийгээд сонирхолтой байдаг вэ?
-Мэдээж хүний зохиол дээр зурахад илүү амар. Зарим зохиолууд гол хэлэх гэсэн зүйлээ тодорхой гаргачихсан, зарим нь их нуршуу ойлгомжгүй гээд янз бүр байна. Тиймээс зохиолынхоо сэдэв, утга агуулгаас хамаарч хэрхэн зурахаа шийддэг. Өөрөө зохиол бичээд, зураг зурах хэцүү ч гэлээ гаргасан хойно “Энэ миний бичсэн ном, би гаргасан шүү дээ” гэж бодоход илүү сэтгэлд өег. 
Арга барилын хувьд гэвэл надад дижитал хэлбэрээр зурах их таалагддаг байсан. Илүү амар, олон сонголттой ч гэсэн удаан зураад ирэхээр өмнөх шигээ таашаал мэдрэхээ больсон учраас ойрын үед цаасан дээр их зурж байгаа. Цаасан дээр гуашаар зураад хатахыг нь хүлээх сайхан санагддаг. Орчин үед хиймэл оюун, дэлгэц, таблет гээд техникийн хөгжил хэтэрхий хурдан явагдаж байгаад жаахан эмзэглэдэг болсон. 2027 онд гадаад паблишингтай хамтарч шинэ зурагт ном гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэ номоо гуашаар зурсан.
Энэ зунаас миний хувьд ажлаасаа гарч, чөлөөт уран бүтээлч болж байна. Чөлөөт уран бүтээлч байна гэдэг бодсон шиг маань зав чөлөө, амралт ихтэй байгаагүй. Тиймдээ ч зуслангийн байшиндаа ажиллах их таалагдсан. Ой модоор зугаалж, тайван зургаа зурахын сайхныг илүү мэдэрсэн гэж бодож байна.

-“Гэрэн” хүүхдийн зурагт номын мухлаг хүүхдийн зурагт номын  уншлага олон зохиодог. Та “Бадди юу хийж яваа бол” номоо хүүхдүүдийн өмнө уншиж өгч байв уу. Хүүхдүүдийн хариу үйлдлээс дурсамжид тань үлдсэн зүйл бий юу?
-Би олон хүний өмнө гарахаас жаахан эмээдэг төрлийн хүн. Хэтрүүлж хэлбэл номоо хажууд нь тавьчхаад зугтчихаж магадгүй хүн л дээ. Тиймээс өөрөө уншиж чадаагүй, “Гэрэн” паблшингийн захирал Э.Мишээл эгч маань “Бадди юу хийж яваа бол” номоо уншлагын өдөрлөгүүдэд танилцуулж, хүмүүст хүргэхэд их тусалсан. 
Хүүхдүүд номыг маань уншихыг дэргэдээс нь бараг харж байгаагүй ч интернэтэд тавигдсан бичлэг үзэж байсан юм. Тэр бичлэг дээрх хүүхдийг одоо хүртэл мартдаггүй. Ном уншиж өгсөн хүн нь “Чи Баддиг эхнэртэй болоод гадуур явж байгаа гэж бодож байна уу” гэж асуухад их гайхсан янзаар хараад “Үгүй ээ, бараг үхчихсэн байх аа” гэхийг сонсоод үнэхээр инээд хүрсэн. Бас Баддиг зурсан зургууд нь үнэхээр хөөрхөн. 


-Таны дуртай зурагт номын зураач, зохиолчийн талаар ярилцъя. Багадаа хүүхдийн зурагт ном сонирхдог байв уу?
-Би Канадын зурагт номын зураач Жон Классен, Изабелл Арсенолтын бүтээлүүдэд их дуртай. Жон Классен бол орчин үеийн хүүхдийн зурагт номын сонгодог уран бүтээлч гэхэд буруудахгүй байх. Хэдэн жилийн өмнө бол хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж бодох байсан байх. Гэхдээ одоо бол үнэхээр хөгжилтэй, хөнгөн сэдэвтэй номуудтай санагддаг. Мөн дээр дурдсан Сидней Смитын ном яг шүлэг шиг. Мөн олон зүйл бодогдуулахаар зураг, бичлэгтэй. 

Хамгийн анх Торбен Кульманны “Линдберг: Нисдэг хулганын үлгэр” номыг их дэлгүүрт уншиж байснаа санаж байна. Сүүлд интернэтээр багадаа уншиж байсан номоо хайж олсон. Хүүхэлдэй хийдэг хүний тухай ном. Зураг нь их энгийн пломастраар зурчихсан ч юм шиг. Тэр номыг одоо хүртэл мартдаггүй.

 

-Хүүхдийн зурагт номыг дан ганц хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хү­мүүс ч их сонирхож, цуглуулдаг. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Хүүхдийн зурагт ном сонирхдог гэхээр ихэнх хүмүүс үл тоох хандлагатай байдаг. Энэ утгаараа хүүхдийн зурагт номд үзүүлэх дэмжлэг тун ховор. Бусад орнуудад улсаас нь жилээр, зарим тохиолдолд 10 жилээр тэтгэлэг олгож, тэр хугацаанд зөвхөн зургаа зурах, зохиолоо бичих нөхцөлийг бүрдүүлж өгдөг хөтөлбөрүүд байдаг. Манай улсад бол номынхоо ашгийн 60 хувийг хэвлэлийн газарт, 30 хувийг дэлгүүрт өгөөд үлдсэн 10 хувийн ашиг нь зохиолчдоо очих эсэх нь ч эргэлзээтэй. 

Гэтэл хүүхдийн зурагт ном бол зохиолтой, зурагтай тусдаа уран бүтээл байдаг. Үг нэг зүйлийг илэрхийлж байхад зураг нь өөр олон зүйлийг илэрхийлэх зэргээр тоглолт хийж, сонирхолтой байдлаар аливаа зүйлийн өмнө нь харагдаж байгаагүй шинэ өнцгийг гаргаж ирдгээрээ сонирхолтой. Жишээлбэл, Сидней Смит гэдэг Канадын хүүхдийн зурагт номын зураач гэрлийг маш чадварлагаар харуулдаг. Бараг л номын хуудаснаас гэрэл цацраад байгаа юм шиг. Түүнчлэн “A New Year's Reunion” нэртэй хятад хүүхдийн зурагт ном байдаг. Хол ажилтай учраас гэртээ жилдээ ганц л удаа ирдэг аавтайгаа Хятадын цагаан сараар уулзаж байгаа тухай гардаг ном. Энэ номын зураг, зохиол гээд бүх зүйл их хөөрхөн. Анх уншиж байхдаа нулимсаа тэвчихийг их хичээсэн ч өөрийн эрхгүй урсчихсан. Үүнтэй ижлээр хүүхдийн зурагт номоос томчууд хүртэл ойлгох зүйл их бий. Тийм учраас хүүхдийн зурагт номыг зурж, унших дуртай болсон байх.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn