Б.Золбоо

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Монголын Волейболын холбооноос “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Аса Аренад зохион байгуулагдана. 
Энэ удаагийн тэмцээнд Хятад, Япон, Солонгос, Монгол, Тайван, Хонгконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, аваргын төлөө өрсөлдөх юм. Энэ талаар Монголын Волейболын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ууганчимэг, “Уг тэмцээн Монгол Улсад есөн жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, волейболын спортыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой” хэмээв. Мөн тэмцээнийг зохион байгуулахад шаардлагатай заал, танхим, үзэгчид, олон улсын шүүгч, тамирчдын ая тух, аюулгүй байдлыг хангахаар “Уранган палас” компани хамтран ажиллаж байна. Энэ талаар тус компанийн ерөнхий менежер Э.Нямжав мэдээлэл өглөө. Тодруулбал, гадаадаас хүрэлцэн ирж буй 150 гаруй тамирчид, шүүгчдийн бүрэлдэхүүн “Баянгол зочид буудал”-д байрлах бөгөөд шаардлагатай бүх зүйлээр ханган ажиллахаар төлөвлөж байна. Мөн стандартын дагуу волейболын заал танхим, үзэгчдийн суудлыг Аса Аренад бэлдэж, зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн тэмцээний дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэргүүн түнш “CU Mongolia”, алтан түнш “Голомт банк”, мөн “Юнител ХХК” хамтран ажиллаж байна.

 

Гадаадын лигт тоглодог монгол тамирчид шигшээ багийн бэлтгэлдээ нэгджээ 

Олон улсын тэмцээнүүдтэй холбоотойгоор Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 1-нээс эрчимтэй бэлтгэл, сургуулилт хийж эхлээд байна. Мөн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 14 хүртэлх хугацаанд БНХАУ, Вьетнам улсад очиж, нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд энэ нь үр дүнтэй болсон гэдгийг дасгалжуулагчдын баг онцолсон юм. Түүнчлэн шигшээ багийн бүрэлдэхүүний хувьд туршлагатай болон залуу тамирчдаас бүрдэж байна. Тодруулбал, Монголын эрэгтэй шигшээ багийн багийн ахлагч М.Цэрэнбаатар, “Гадаад улсын лигт тоглодог таван тамирчин маань эх орондоо ирж, хамт бэлтгэл хийж байгаа. Тиймээс чадварлаг тамирчидтай, хүчирхэг баг бүрдсэн гэж бодож байна” гэсэн юм. Тамирчдын бэлтгэл, сургуулилтын тухайд Аргентинаас хоёр, Монгол Улсаас гурван дасгалжуулагч ажиллаж байгаа юм. Аргентин улсын дасгалжуулагчид тамирчдад шинэ арга барил, тактик зааж, бэлтгэл сургуулилтыг хангаж байгаа юм. Тухайлбал, тамирчид долоо хоногийн зургаан өдөр биеийн хүчний дасгал хийж, оновчтой давуулалт, довтолгоо хийх тактик боловсруулж байна. Мөн бусад улсын багийн тоглолтын арга барилыг бичлэгээр үзэж, тэдэнтэй өрсөлдөх тактикийг дасгалжуулагчдын баг бэлтгэжээ. Харин тамирчдын хувьд удахгүй дасгалжуулагчдын бэлтгэсэн тактиктай танилцана гэдгээ хэллээ.


Энэхүү тэмцээн нь Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд энэхүү тэмцээнд бусад багуудтай туршлага солилцон, чансаа ахиулж, эх орныхоо нэрийг өндөрт гаргах чухал ач холбогдолтой билээ. Үүнээс гадна тэмцээнд амжилттай оролцсоноор “Азийн наадам” олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм. Иймд шигшээ багийн зүгээс чансаа өндөр багуудтай өрсөлдөж, дэлхийн тавцанд гарч, Монголын волейболын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгыг тавиад байна. 


Энэхүү тэмцээнийг үзэхээр дэлхийн шилдэг волейболын клубүүдийн төлөөлөл, шүүгч нар ирэх учир залуу тамирчид өөрсдийн ур чадвараа таниулах, дэлхийн тавцанд өрсөлдөх боломжтой болж буйгаараа онцлогтой гэдгийг Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчин Б.Баярсайхан онцолсон юм. Мөн тэрээр “2013 онд волейболын спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг алгасалгүй үздэг байлаа. Тэр үед тамирчин ах нараасаа урам зориг, үлгэр дуурайлал авч, улмаар волейболын спортоор тууштай хичээллэхээр сэтгэл шулуудсан” гэж амжилтын гараагаа хуваалцсан юм. Түүнчлэн “Өнөө цагт волейболын спортын хөгжлийг дэмжиж олон байгууллагууд ивээн тэтгэж, хамтран ажилладаг болжээ. Тэр хэрээр өсвөр насныхан волейболын спортоор хичээллэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. Тиймээс шигшээ багийн тамирчдын зүгээс волейболын спортоор хичээллэж буй залуу үе, дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдалгүй энэ удаагийн тэмцээнд өндөр зохион байгуулалттай тоглож, зорилгоо биелүүлэхийн төлөө хичээх болно” гэдгээ илэрхийлсэн юм. 

Эх сурвалж: Zms.mn