Оросын театр, киноны жүжигчин Глафира Тарханова дэлгэцийн урлагийн өнөөгийн чиг хандлага, хиймэл оюун ухааны хөгжил, гэр бүлийн үнэ цэнэ, жүжигчний мэргэжлийн бодит амьдралын талаар ТАСС агентлагт дэлгэрэнгүй ярилцжээ. Тайз дэлгэцнээ олон бүтээлээрээ үзэгчидтэй “уулздаг” жүжигчин бүсгүй нийгмийн сүлжээнд идэвхтэй хэдий ч хувийн амьдрал, гэр бүлийнхний талаар ховор ярьдгаараа зарим нэг мэргэжил нэгтнүүдээсээ ялгардаг. Хэвлэлд өгсөн түүний дэлгэрэнгүй ярилцлагаас тоймлон уншигчдадаа хүргэж байна. 


Оросын кино урлагт чанартай зохиол ховордсон гэх шүүмжлэлтэй тэр бүр санал нийлдэггүй


Тэрээр шинэ уран бүтээл сонгохдоо зөвхөн зохиолыг бус, найруулагч, хамтран ажиллах баг, зураг авалтын уур амьсгалыг чухалчилдаг гэдгээ онцолсон байна. Ялангуяа найруулагч Владимир Нахабцевтай хамтран ажиллах дуртайгаа дурдаж, зураг авалтын талбай дахь хүндлэл, харилцааны соёл бүтээлийн чанарт шууд нөлөөлдөг гэжээ.
Сүүлийн жилүүдэд Оросын кино урлагт чанартай зохиол ховордсон гэх шүүмжлэлтэй тэр бүр санал нийлдэггүй аж. Харин кино бүтээгчид эрсдэл багатай, үзэгчдийн таашаал  нийцсэн санааг сонгох нь олширсноор шинэ санаа, туршилтын бүтээл цөөрч байгааг тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор өмнө нь гарч байсан, амжилттай болсон киноны зохиол, үйл явдал, дүрүүд дээр суурилан шинээр дахин бүтээсэн ремейк /remake/ кинонууд нэмэгдэж байгаа ч, үзэгчдийн хайрыг урьдчилан тооцоолох ямар ч баталгаатай арга байдаггүй хэмээн тэр үздэг байна. 


“Хамгийн их үгүйлэгдэж буй төрөл бол түүхэн кино”


Г.Тархановагийн хувьд өнөөдөр хамгийн их үгүйлэгдэж буй төрөл бол түүхэн кино. Өөрөө ийм төрлийн цөөнгүй санал хүлээж байсан ч бодит ажил болсон нь цөөн гэдгийг хэлээд, орчин үеийн үзэгчид мэдээллийн хэт ачааллаас түр боловч холдож, өөр цаг үеийн уур амьсгалд автахыг хүсдэг болсон гэж үздэгээ ярьжээ.
Хиймэл оюун ухааны талаар асуухад тэрээр технологийн хөгжлийг зогсоох боломжгүйг онцолж, ирээдүйд хиймэл оюун ухаан компьютер, интернет шиг өдөр тутмын хэрэглээ болох нь гарцаагүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Одоогоор өөрөө төдийлөн ашигладаггүй ч энэ технологийг ажилдаа нэвтрүүлж буй хүмүүсийг бүрэн ойлгодог гэлээ.


“Амьдралын өрнөл төлөвлөгөөгөөр явдаггүй”


Таван хүүхдийн ээжийн хувьд гэр бүл, карьерыг зэрэг авч явах амаргүй гэдгээ нуусангүй. Амьдрал эхлээд санхүүгээ бүрэн шийдээд дараа нь гэр бүл зохиодог төлөвлөгөөгөөр үргэлж өрнөдөггүйг хэлээд, өнөөдөр ч хүүхдүүдийнхээ боловсролын төлөө тасралтгүй хөдөлмөрлөж, "санхүүгийн марафон"-д явж байгаа мэт санагддаг хэмээн ярьсан байна.
Глафира Тарханова бараг 20 жил ажилласан Аркадий Райкины нэрэмжит  "Сатирикон" театрын тухай ярихдаа хамгийн их санаж явдаг зүйл нь сонгодог зохиолууд дээр ажиллах боломж гэдгийг хэлжээ. Цаг үеийн сэдэвт жүжиг үзэгчдэд ойр байдаг ч Шекспир, Островский зэрэг зохиолчдын гүн агуулгатай бүтээлүүдтэй ажиллах нь жүжигчин хүний хамгийн том сургууль байсан гэж үнэлсэн байна.
Олны танил болсон цөөн жүжигчин бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг...
Жүжигчний мэргэжлийн талаар тэрээр сонирхолтой зүйрлэл хэрэглэжээ. Олны танил болсон цөөн жүжигчин бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг бөгөөд усан доор авьяастай хэрнээ боломж олдоогүй, өөр салбар руу шилжсэн олон зуун уран бүтээлч байдаг гэж тэр үздэг. Театрын сургуулиудын төлбөртэй анги олширч, төгсөгчдийн тоо нэмэгдэж байгаа ч ажлын байр тэр хэмжээгээр өсөхгүй байгаад санаа зовниж байгаагаа мөн илэрхийлжээ.


Нийгэм, улс төрийн асуудлаар жүжигчдээс байр суурь шаардах нь түгээмэл болсон талаар асуухад "Алдартай хүн байна гэдэг бүх асуудлын мэргэжилтэн гэсэн үг биш" хэмээн товч хариулсан байна. Өөрийн мэргэжлийн хүрээнээс хэтэрсэн асуудлаар хүмүүс жүжигчдийн үгийг шинжээчийн дүгнэлт мэт хүлээж авдаг нь буруу гэж үздэгээ хэлжээ.
Хүүхдүүдэд ном унших дадал суулгах хамгийн сайн арга нь эцэг эх өөрсдөө уншдаг байх явдал
Харин хүүхдүүдэд ном унших дадал суулгах хамгийн сайн арга нь эцэг эх өөрсдөө уншдаг байх явдал гэж тэр зөвлөсөн байна. Хамтдаа ном уншиж, дараа нь ярилцах нь хүүхэдтэй үнэ цэнтэй харилцаа бий болгодог бөгөөд үүнийг ямар ч сургууль бүрэн орлож чадахгүй гэж үздэг аж.
Их, дээд сургуульд элсэх шалгалтын тогтолцооны талаар тэрээр сонирхолтой байр суурь илэрхийлжээ. Улсын нэгдсэн шалгалт төгс систем биш ч, дор хаяж бүгдэд ижил дүрэм үйлчилдэг. Харин урлагийн сургуулиудын элсэлтийн шалгуур илүү ойлгомжгүй байдаг тул авьяастай хүүхдүүд хүртэл боломжоо алдах тохиолдол гардаг гэдгийг онцолсон байна.


Эх сурвалж: zms.mn