П.Лхагважаргал 

 

-Ямар багшийг “сайн багш” гэх вэ? 
-Багш хүн нэгдүгээрт, цаг ямагт мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, тасралтгүй хөгжиж байх ёстой. Заах гэж байгаа сэдвээ өргөн хүрээнд, гүнзгий судлаагүй, дутуу мэдлэгтэй багш бол өөртөө ч, өрөөлд ч зовлон. 
Хоёрдугаарт, өөрийн гэсэн заах аргатай байх хэрэгтэй. Бусдын туршлагыг хуулбарлан хэрэглэх нь сургалтын чанарт үр нөлөөтэй байж чаддаггүй бөгөөд заавал өөрийн болгох хэрэгтэй. 
Гуравдугаарт, шавь нартаа үнэн сэтгэлээр ханддаг, хайрладаг байх. Сайн багш шавийнхаа алдаа дутагдлыг олны дунд хэлдэггүй, ганцаарчлан уулзаж, зөвлөдөг. Сайн багшийг цөөн үгээр тодорхойлох боломжгүй. Гэвч “Шавьдаа хурдан гүйцэгддэг хүнийг сайн багш гэнэ ээ” гэсэн онч үгийг би оновчтой үг гэж боддог. 
Тиймээс шавь нар маань надаас илүү амжилт бүтээл гаргаж байвал баярладаг. Бүтээлчээр маргаж мэтгэлцдэг, асуудлыг олон талаас нь хардаг, өвөрмөц сэтгэлгээтэй шавь багшийг хөгжүүлдэг нэг хүчин зүйл мөн. Иймд асуулт тавьж, мэтгэлцдэг суралцагч бол багш хүний олз хэмээн хүүрнэх эрхэм бол боловсролын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулсан амжилт бүтээлээр дүүрэн олон шавийн багш, аз жаргал, элбэрэл хайр дүүрэн үрсийнхээ ээж, удмынхаа нэгэн бахархал Ж.Оюун билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа түүний баялаг амьдралын түүхээс уншигч та бүхэндээ хүргэж байна. 
Сэтгэл, зүрхнээс уяатай, зүүдэнд хүртэл үзэгдэх Увсын цэнхэр хязгаар түүний төрсөн нутаг.  Энэ л нутгийн бүлээн хөвөө Давст сумын Ишгүүрт хэмээх газар 1946 оны гал нохой жил Аюурзанын Жамбын бага охин манай нийтлэлийн баатар Ж.Оюун гуай мэндэлжээ. 

Аав А.Жамба, ээж Д.Хулганаагийн хамт. 1961 он.

 

“Хүний төрсөн нутаг ус, ээж аавтайгаа өнгөрүүлсэн сэтгэлд дулаахан дурсгалтай он жилүүд хэзээ ч мартагддаггүй юм байна. Би эхээс зургуулаа. Ах эгч нарыгаа амьд сэрүүн байхад аав ээж, нутаг усныхаа тухай хамтдаа хүүрнэж байгаад ирдэг байж. Харин тэднийгээ бурхны оронд морилсноос хойш төрсөн бууц өвөлжөөндөө хоёр ч удаа очиж залбираад ирсэн. Одоо бага эгч бид хоёр л байна даа. Ээж минь намайг дөрвөн настай байхад бурхан болж, аав минь хүүхдүүдээ зөв шударга, боловсролтой хүмүүс болгох гэж их зүтгэсэн дээ” хэмээн дурсан ярих түүний аав бол А.Жамба гуай. Тэрээр таван хошуу малаа тал дүүрэн өсгөхийн сацуу хурдан хүлгийн хөхөл шууж, хусуур зүүсэн уяач байв. Тухайлбал, “Төөлт хүрэн”, “Хилэн хар”, “Цавьдар”, “Хөх бор” зэрэг морьдоо Давст, Сагил, Түргэн, Улаангомын наадмуудад уралдуулж, айраг түрүү хүртэж явсныг нутгийн буурлууд андахгүй. 
Ж.Оюун гуай “Нутаг орны минь өгөөж, аав ээжийн минь буян биднийг өнөө хүртэл амьдрах нас буян заяажээ гэж сэтгэж, ярьж болдог ярилцмаар санагдаж, таны ачийг яаж хариулах билээ гэж хүртэл бодож явдаг” гэнэ. 


-Таны бодол, сэтгэлд үргэлж уяатай байдаг хүүхэд насны дурсамж, буурал дээдсийнх нь малч ухаанаас сонсмоор байна? 
-Манай Давст сум гол горхитой, хангай газар. Төрөл бүрийн ан амьтан өсөж, таван хошуу малаа үржүүлэхэд тохиромжтой тансаг сайхан нутаг. Хөндлөн голын хөвөөнд  хөх түрүү гэхчлэн төрөл бүрийн ургамал ургаж, шумуул зэрэгт мал их ялаархах тул баруун зуслан руугаа 200 орчим километрт хоёр хоног нүүж бууна. Тэнд сар гаруй нутаглаад намар ирэхэд мал сайхан таргалж, газар сайхан сэргэж, шинэ соргог ургамал их ургасан байдаг. Энэ бүхнээс л газрын хөрс, Монгол эх орноо хайрлах жирийн нэгэн малчны ухаан харагдаж байгаа юм. 
Аав маань бидэнд ажилсаг, нямбай бай. Залхуурвал ажил сурахгүй гээд ямааны ноолуураас хялгас түүлгэнэ. Сайн түүжээ гээд урамшуулна. Зэлний баас арилгуулж, түлшээ бэлтгэнэ. Усанд явах сав шанагаа сайтар угааж, саваа газар тавихгүй ирвэл сайн шүү гэж захидаг байлаа. Аргал түүхээр явахдаа тааралдсан малын эм, тамгыг сайтар хараарай дараа нь эрлийн хүнд зөв сураг гаргахад тустай гэнэ. Хүн ирэх бараанаар гэрийн гаднах нохой хуцаж чимээ өгөхөд тосож аваад уяан дээрээ буулгаж, морийг нь уяад гэртээ дагуулж ороод гудас дэвсэж суулгана. Магадгүй тухайн үед сандал ховор байсан байх. Гэхдээ аяны хүнээ хүндэтгэж байгаа хэлбэр тул тусгай гудастай. Мөн тогоогоо тавьж шинэ цай чанаж, гамбир, ааруул байгаа бүгдээрээ дайлна. Тэр хүн ирсэн хэргээ бүтээгээд мордоход зүүн суганаас нь өргөөд мордуулж өгч байгаарай гэж захина. Энэ бол бага балчир хүүхэд байхаасаа хүнийг дээдэлж, хүндлэх хүмүүжил, монгол ёс заншил олгож байжээ хэмээнэ. 


Энэ л ахуй амьдралд өсөн бойжиж, 1954 онд найман насандаа сургуульд орж, эрдмийн их гараагаа эхлүүлэхэд Ц.Тултах багшаасаа үлгэрлэн ирээдүйн мэргэжлээ сэтгэлдээ тээж, мөрөөдлийнхөө даль жигүүрийг ургуулжээ. Ц.Тултах багшийн аядуу намуухан дуу, хүүхдүүдэд ойлгуулах гэсэн чин сэтгэл, гэрээсээ хол байранд суух малчдын хүүхдийн хичээл сурлагад тусгайлан анхаарч, дээл бүсийг нь засаж өгөх дотно сэтгэл бяцхан охинд ихэд хүндэлмээр санагдсан нь лавтай. Тиймдээ ч  багшийнхаа энэ арга барил, чин сэтгэлийг хараад энэ хүн шиг багш болно доо гэх мөрөөдөл хэдхэн жилийн дараа биеллээ олсон юм. 
Түүнийг долоодугаар анги төгсөхөд аав минь Багшийн сургуульд бага ангийн багшаар суралцахыг зөвлөж, тэрээр ч дуртай зөвшөөрчээ. Мөн тэр жил эгч нь аравдугаар ангиа дүүргэж Багшийн их сургуулийн орос хэлний ангид орж, тэд аавынхаа итгэлийг алдалгүй амжилттай сурцгаасан гэдэг. 

 

Шавиараа бахархах багшийн алдар 

14 дүгээр сургуулийн багш Ж.Оюун. 1965 он.

 

Улаан хацар туяарсан намба дөлгөөн төрхтэй залуухан багш эрдмийн ихийг өвөртлөөд 1963 оны намраас Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний 14-р сургуульд Бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлсэн юм. Залуу багшийн эрч хүч, үргэлж хөгжиж, сурч мэдэхийн дэврүүн хүсэлтэй тэрээр 1966 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 15 дугаар хурал, 1967 онд Монголын пионерын байгууллагын залгамжлагч хоёрдугаар чуулганд төлөөлөгчөөр оролцож, “Идэвхтнүүд манай ажлын гол хүч” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байсан удаатай. Энэ үед Баатар хот Москвагийн нэрэмжит 33-р сургууль байгуулагдаж, 1967-1974 онд бага ангийн багш, пионерын ахлах удирдагч, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ажилтан хийж байв. Тэрээр энэ тухайгаа “И.Ноосгой, н.Даваасамбуу, Л.Бямбажав захирлуудын үед ажиллаж, үе үеийн багш нар маань “Хүүхдэд аливааг сургах ямар арга ухаан байна, түүнийгээ та нар гаргаж байх хэрэгтэй хэмээн ажлын чөлөө зав бүрээрээ зөвлөж, шаардлага тавьж байсны үрээр 33 дугаар сургуулийн сургалт хүмүүжлийн туршлага улс орон даяар нэвтрэх “Заавал нэвтрүүлэх сургалтын заалттай сургууль” болж байлаа” хэмээн ажил мэргэжлийнхээ бахдалтай түүхийг бахархан ярьж суусан юм. Тус сургуулийн багш нарын эвлэлийн үүрийн 17 гишүүнээс Гэгээнжав, Н.Дэжинбээ, Ц.Гүнсээ, Т.Дулмаа нар гавьяат багш болжээ. Харин Д.Аливаа, Л.Даваадалай болон манай нийтлэлийн баатар Ж.Оюун нар улсын тэргүүний пионерын ахлах удирдагч болж байв. “Би 33 дугаар сургууль дээрээ очно гэхээр үнэхээр сайхан баясал төрж, жаргалын оронд очиж байгаа мэт санагддаг” хэмээх нь түүний амьдралын орон зайд энэ сургууль ямар чухал болох нь илхэн харагдана. 


Энэ үед “Заавал нэвтрүүлэх туршлагын заалттай сургууль”-ийн бүх хичээл нээлттэй явагдаж, бусад нь ирж туршлага солилцоно. Энэ үед Төв аймгийн Боловсролын газрын н.Гаваа даргатай сургуулийн хамт олон туршлага хуримтлуулах үеэрээ Ж.Оюун багшийг Төв аймагт ажиллахыг урьж, 1974-2000 онд Баянцогт сумын арван жилийн сургуульд багш, пионерын ахлах удирдагч, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ажилтан хийсэн юм. Ийнхүү “А” үсгийг зааж, алдрай үрсийн анхны багш болсон энэ замналдаа тэрээр есөн анги төгсгөжээ. Тухайлбал, түүний нийт шавь нараас Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат, найман доктор, Д.Одгэрэл, С.Ганхуяг, Д.Мөнхбат нарын гурван Тод манлай уяач төржээ. 
Мөн хоёр анги нь Ж.Гүррагчаагийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит бүлгэм болж, шавь нь салбар бүрд манлайлан, бусдын төлөө сэтгэлтэй зөв хүн болж, энэ нийгмийн нэгээхэн гэрэлтэй хэсгийг бүрдүүлж явна. “Энэ бол шавь нарыг маань эрүүл энх өсгөсөн ээж аавын буян, өөрсдөө хичээл зүтгэлтэй суралцсан шавь нарын минь буян юм. Хэдийгээр би тэдэнд тэр гавьяа шагналыг олгоогүй гэлээ ч ийм сайхан шавь нартай холбогдох хувь заяа надад байсан юм болов уу. Тэр бүгдэд баярлаж, хангай дэлхийдээ дээжээ өргөж он цагуудыг өнгөрөөж байна даа” хэмээсэн юм. 
Харин 2000 оноос Монголын Боловсролыг удирдах ахмад ажилчдын холбоонд одоог хүртэл ажиллаж, орчин үеийн залуу багш нарт өөрсдийн туршлагаас хуваалцахын сацуу тэдний шинэ санаа, арга барилыг бусдад түгээх ажлыг хийж, чөлөөт цагаараа үргэлж өөрийгөө хөгжүүлсээр байна.

 

Олондоо хүндлэгдсэн Ж.Оюун багш

“Залуу байхад шавь нарын шалгалтын дүн хүссэн үр дүнд хүрэхгүй үе бас байна. Яваандаа жигдэрч, учраа олоод амьдралд хөлөө олоод эргэж холбоо бариад нэг насаараа “багш аа” гээд явах нь жаргал юм даа. Хүүхэд бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй ертөнцтэй бөгөөд эцэг эхээс өгч буй хүмүүжил нь ч ялгаатай. Тэд бүгдийг математикч, эрдэмтэн болгох албагүй харин хүн хоорондын харилцаанаас эхлээд амьдралын зөв ёс зүйг төлөвшүүлэх нь чухал. Аав минь “Яагаад энийг сурах ёстой вэ гэдэг ач холбогдлыг ойлгуулж, сэтгэлийг нь татах нь чухал” гэж захидаг байлаа. Баянцогт суманд багшилж байхад сургуулиас завсардсан, улирсан хүүхдүүд байна. Бүх нийтээр сургах ёстой ухуулгаар явахад “Ж.Оюун багшийн ангид орвол орно. Үгүй бол бусад ангид орохгүй” гэх хүүхдүүд тохиолдож байсан. Энэ бол төрөөс надад өгсөн шагналаас илүү шагнал гэж би боддог” гэсэн юм. Тэрээр үнэхээр л олондоо хүндлэгдсэн Ж.Оюун багш ажээ. Мөн үр хүүхдүүддээ. 

Хүүхдүүдийн хамт. Урд эгнээнд зүүн гар талаас Д.Эрдэнэчимэг, Д.Одгэрэл. Хойд эгнээнд зүүн гар талаас Д.Цэндсүрэн, Д.Од-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Р.Одбилэг. 2023 он.


“Би төрсөн, тэлсэн, өсгөж хүмүүжүүлсэн найман хүүхэдтэй хүн. Том хүү Д.Эрдэнэбат автын инженер, хүү Д.Эрдэнэ-Очир автын жолооч, охин Д.Эрдэнэчимэг агрономич, хүү Д.Одгэрэл таван настайгаасаа морь унаж, гуравдугаар ангиасаа морь уясан Тод манлай уяач, охин Р.Одбилэг Японы Хоккайдогийн их сургуульд мэл эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалсан малын эмч, хүү Д.Од-Эрдэнэ Баянцогт сумын иргэдийн хурлын төлөөлөгч, нийслэлийн алдарт уяач, охин Д.Цэндсүрэн Үйлдвэр урлалын дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд хувиараа оёдол эрхэлдэг. Жолооч хүү болон 76 онд төрсөн хоёр хүүхэд минь эндэж, ажлын төлөө  явсаар хүүхдүүддээ анхаарал муу хандуулсандаа туйлын харамсдаг” хэмээсэн юм. 

Андуурч хувь төөрөг 
Өөр хүнээс төрүүлсэн ч 
Аз түшин ижийдээ би ирсэн 
Ижий амьтай хүү 
Таны ариун номонд 
Ижийгээсээ би төрж 
Туулаад өнгөрөх насандаа 
Ижийгээрээ би бахарханаа 
“Мөнхийн бахархал” номонд 
Ижий бидэн өлгийдүүлж 
Мөнхөрч үлдэх биднийгээ 
Эрхэм та минь үзэглэв дээ...

Хүү Д.Эрдэнэ-Очир /Божоо/
(Д.Пүрэвсүрэнгийн 
"Эх орны бахархал" номоос)

 

Зээ охид О.Ариунзул, О.Мөнхзул.
Ж.Оюун: Хүнд сэтгэлээсээ тусалдаг зээ охиддоо эмээ нь баярлаж явдаг шүү

 

“Депутат болох замналаасаа татгалзаж, монгол бичгийн анхны ангийг дааж байв”

1990-ээд онд нийгэм солигдож ард иргэд үнэн шударга, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах хүнийг өөрсдөө сонгож, төр улсдаа үнэнч хандах нэгэн гэх агуу сэтгэлээр түүнийг Ардын их хурлын депутат сонгох 320 дугаар тойрогт сум орон нутгаас нь нэр дэвшүүлжээ. Мөн тэр онд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийг монгол бичгээр сургана гэх зорилт тавьсан жил байв. Хоёр томоохон үйл явдал тохиосон энэ үед хөдөлмөрчдөөсөө уучлал гуйн депутат болох замналаасаа татгалзаж, монгол бичгийн анхны ангийг дааж байв. Энэ тухай тэрээр “Төрийн байгууллагын шаардлага, улс орон даяар өрнүүлж буй бүтээн байгуулалтыг дэмжиж багшаар ажиллаж буй минь төр засгийнхаа төлөө хийж буй зорилго, багш мэргэжлийн үүрэг юм” хэмээсэн юм. 


Энэ сайхан амттай ярианы төгсгөлд тэрээр ахмад багшийн хувьд “Боловсролын байгууллагын боловсон хүчин болохоор багшийн сургуульд орж байгаа хүүхдүүдийн чадвар хоёр, гурван жилийн өмнө хэцүүхэн байсан. Харин сүүлийн үед арга хэмжээ аваад дээшилж байна. Бидний үед хамгийн сурлага сайтай нь Багшийн сургууль, Анагаахад ордог байлаа. Зах зээлийн нийгмээс хойш хүүхдүүдийн мэргэжил сонголт өөрчлөгдөж, өндөр оноотой хүүхдүүд нь хуульч, эдийн засагч болж эхэлсэн. Улс орны хөгжил иргэдийн суурь боловсролоос их хамааралтай тул үүнд их сэтгэл чилээж явдаг” гэдгээ илэрхийлж байсан юм. Мөн “Хүн болж төрнө гэдэг хамгийн том хувь заяа. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн зааж сургасан хүмүүжлийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлж яваарай. Хамгийн гол нь хүнээс үг сонсож, урдаа тавьсан зорилгодоо заавал хүрч, өөрөө өөрийгөө хянаж, зөв сэтгэлтэй явах нь чухал юм шүү. Энэ ядарсан дорой юм даа гэж ялгаварладаггүй, архичин юм даа гэж ад үздэггүй, хүн бүрд адилхан хандаж байх нь хүн ёсны зүйн хэрэг юм. Эргэн тойрноосоо өөрийнхөө оюун бодлоор сайхан бүхнийг шүүж, тусгаж авч байгаарай” гэх үнэтэй сургаалыг уншигч та бүхэн, үр хойчдоо үлдээсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn